2012
Гайхамшигтай ач ивээл
2012 оны дөрөвдүгээр сар


Бид Христийн тухай ярьж байна

Гайхамшигтай ач ивээл

Би Христийн ач ивээлээс өдөр бүр хамааралтай байдаг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бид Сүмийн цуглаанууд дээрээ ач ивээлийн тухай төдийлөн ярьдаггүй хэрнээ ач ивээлд итгэдэг” хэмээн Бригам Янгийн Их Сургуульд надад хичээл заадаг байсан шашны нэг багш хэлж билээ.

Үнэндээ, ач ивээлийн тухай заасан Залуу Эмэгтэйчүүдийн эсвэл Ням гарагийн хичээлийг би санасангүй, харин миний сурч байсан ахлах сургуулийн найрал дуу “Гайхамшигтай ач ивээл” гэдэг дуу дуулдаг байсныг эргэн саналаа.

Гайхамшигтай ач ивээл! (хэчнээн сайхан сонсогдож байна вэ!)

Над шиг муу хүнийг тэр аварсан юм!

Нэгэн үе би алдагдсан байлаа. Харин одоо олдоод байна.

Нэгэн үе би сохор байлаа. Харин одоо хардаг боллоо.1

“Ач ивээл бол Есүс Христийн Цагаатгалаас ирдэг Бурханы хүч юм. Би ач ивээлийг амилуулалт, гэтэлгэл, эдгээлт, хүч чадалтай болгох гэсэн дөрвөн хүч болгон хуваадаг” гэж багш минь тайлбарлаж билээ. Тэгээд дараа нь тэрээр хүч тус бүрийг тайлбарласан ч, миний бодол өөрийн ой дурсамж уруу дахин эргэв.

Ахлах сургуулийн тэдгээр найрал дуучид нэг удаа хөгжмийн тэмцээнд оролцохоор АНУ-ын Калифорни руу явж билээ. Найрал дуучдыг тийшээ явахын өмнөхөн миний хоолой өвдсөн нь хөгжмийн тэмцээнд найрал дуундаа дуулах боломжгүй болж мэдэхээс гадна явлаа гэхэд өвчний улмаас муу дуулах байв. Би ааваасаа санваарын адислал өгөхийг гуйж, маргааш нь эдгэрэхийн төлөө өдөржингөө залбирав.

Тэгээд би тэмцээнд “Гайхамшигтай ач ивээл” дууг дуулахаар явахаасаа ганцхан өдрийн өмнө бүрмөсөн эдгэрч, хоолойныхоо дээд хүч чадлаар дуулснаа яагаад ч ойлгоогүй юм. Тэр өдөр Аврагчийн Цагаатгал намайг адисалж, ач ивээл нь миний эдгэрэлтийн эх сурвалж болсон юм.

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө” (Aлма 7:11).

Би ахлах сургуулиа төгсөөд нэгдүгээр курсийн олон оюутны адил коллежийн хичээлүүдэд дарагдаж, гэрээсээ удаан хугацаагаар хол амьдрахын зовлонд барьц алдан тэвдэж байлаа.

Христийн ач ивээлийн хүч чадал, туслагч хүчийг миний бие ойлгох хүртэл ийм байлаа. Би өдрийг ажиллаж, суралцан өнгөрүүлэхдээ, шаардлагатай ажлуудаа дуусгахын тулд Тэнгэрлэг Эцэгт хандан гуйж өдөр бүр залбирдаг байв. Би Христийн Цагаатгалын хүч чадал өгөгч, туслан дэмжигч хүчээр зөвхөн сайн төдийгүй, бас аливаа хүндрэлгүйгээр ажиллаж чадах юм байна гэдгээ хичээлийн жилийн явцад мэдээд баярлаж билээ.

“Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Филиппой 4:13).

Би хэдийгээр Түүний ач ивээлийн нөгөө хоёр хүч--амилуулалт болон гэтэлгэлийн бүрэн байдлыг хараахан биеэрээ мэдрээгүй ч, Есүс Христийн Цагаатгалаас өдөр бүр хамааралтай хэвээр байлаа. Есүс Христийн Цагаатгалаас ирдэг хүч болох ач ивээл намайг эдгээж, хүч чадал өгсөн юм. Би Бурханы зарлигуудад дуулгавартай байхыг хичээж, Түүний хүслийг дагаснаар чадвараасаа илүү их тэнгэрлэг тусламж хүлээн авдаг билээ.

“Ач ивээлээр л бид аврагдана, бидний хийж чадах бүхний дараа буюу” (2 Нифай 25:23).

Эшлэл

  1. Жон Ньютон, “Amazing Grace,” Olney Hymns (1779), no. 41.

Гэрэл зураг чимэглэлийг Аш Рам