2012
Залбираад үзвэл яасан юм бэ?
2012 оны дөрөвдүгээр сар


Залбираад үзвэл яасан юм бэ?

Скотт Эдгар, Юта, АНУ

1975 оны хавар би гэр бүлийнхээ хамт Баруун Германы Рейнланд-Пфалз нутагт, үзэсгэлэнт ногоон ферм дээр амьдарч байлаа. Бид бороотой нэг ням гарагт сүмээс гэртээ ирэх замдаа ойн захад замын нойтон ховилд онхолдсон машиныг харахаар зогсов. Моддын орой бараг дээвэр шиг шигүүгээс гадна үдшийн бүрий болж байсан болохоор ой дотор харанхуй байлаа.

Бид эвдэрсэн машиныг хараад, машин уруугаа эргэж иртэл, манай машин шаварт шигдчихсэн байв. Ухарч болсонгүй, харин ой уруу урагшаа хөдлөв. Бид өмнө нь ой дундуур явдаг байлаа. Ой дотор олон зам байдаг болохоор эцэстээ буцаж болох байх гэж бодоод харанхуй ой уруу урагш хөдөллөө.

Буруу шийдвэр гаргаснаа тэр дорхноо ойлгов. Олон машины дугуйны хээ гарсан нарийхан, нойтон шавартай зам харанхуй ой уруу улам цаашаа хөтөлнө. Зогсвол шаварт суучихна гэж айгаад хурдаа хассангүй. Машины дугуй шигдчихээргүй хэсэгхэн хатуу, өндөрлөг газар өмнөө байхыг олж харлаа. Машинаа шавраас гаргаад, яахаа бодъё гэж шийдэв. Машин ухасхийж, шавраас гарахад

машинаа унтраагаад гадагшаа гарлаа. Холын гэрлээ тавихгүй бол юу ч харагдахгүй байв. Холын гэрлээ асаагаад, гар чийдэн авч, урдах замаа сайн харлаа. Эргээд ой уруу орж, ирсэн замаараа хурдхан буцах нь л өлзийтэй болохыг ойлгов.

Ой уруу нэлээд лавхан орох үед, мотор жигд хүнгэнэн, ирсэн замдаа орж давхитал, шаварт гүнзгий суучихав. Бид ингээд яах ч аргагүй болох нь тэр. Гадаа тас харанхуй, нам гүм байв. Эхнэр бид хоёр айж сандарсан гурван хүүхэдтэйгээ машиндаа сууж байлаа.

Одоо яах вэ гэж эхнэрээсээ асуув. Тэр хоромхон зуур бодсоноо, “Залбираад үзвэл яасан юм бэ?” гэв. Хүүхдүүд тэр дороо тайвшрав. Би тусламж хүсч даруухнаар, чин сэтгэлээсээ залбирлаа. Залбирч байх үед: “Дугуйгаа гинжээр орооё” гэсэн бодол толгойд орж ирлээ.

Намайг хойд талын дугуйгаа улаан нүцгэн гараараа цэвэрлэн, гинжээр орооход хайрт хань минь 25 см зузаан шавар дотор ням гарагийн хувцастайгаа гар чийдэн барин зогсож байлаа. Бид итгэлтэйгээр дахин залбирч, машинаа асаагаад, шавар дундуур зөөлхөн явсаар явган хүний зам дээр гарч ирлээ.

Би шавар, харанхуй хоёроос чөлөөлөгдсөндөө баярлаад, харанхуй ойгоос гарахад хэн бидэнд тусалсныг бараг мартчихсан байлаа. Манай таван настай охин, “Аав аа, Тэнгэрлэг Эцэг үнэхээр залбиралд хариулдаг, тийм биз дээ?” гэж надад сануулж билээ.