2012
Семинарын адислалууд
2012 оны дөрөвдүгээр сар


Семинарын адислалууд

Дэлхий даяар семинар өөртэй чинь адил залуусыг Есүс Христэд улам ойртуулж байна.

Семинарт явах тухай шийдвэр гаргахад чи ганцаараа биш шүү. Дэлхий даяар хэдэн зуун мянган залуус семинарыг амьдралынхаа хэсэг болгон, автобус, далбаат завь, дугуйгаар, бүр интернэтээр хүртэл хичээлдээ явж байна. Зарим залуус семинартаа очихын тулд эрт босч, хол зам туулдаг бол зарим нь орой бүр явна, бас зарим нь долоо хоногт хэдэн цаг гэрээр хичээлээ үздэг.

Семинарт явах нь золиослол шаарддаг ч, ашиг тусаа өгдгийг дэлхий даяарх залуус нотолж байна. Семинарт явдаг хүмүүст адил нийтлэг нэг зүйл байдаг нь юу вэ гэвэл семинарын туршлага тэднийг Аврагч болон Тэнгэрлэг Эцэгт улам ойртуулдаг явдал юм.

Амлагдсан адислалууыг авах нь

Яагаад семинар та нарт маш чухал вэ? Нэг шалтгаан нь гэвэл хожмын үеийн бошиглогчид, төлөөлөгчдийн дараах амлалтууд юм:

  • Семинар нь дэлхийн түүхэн дэх хамгийн хүнд хэцүү үед орчин үеийн Израилыг аврахын төлөө Бурханаас илгээсэн адислал мөн.”1

  • Сэргээгдсэн сайн мэдээний захиасыг таньдаг хүмүүстээ танилцуулахад семинар та нарыг бэлтгэх болно.2

  • Семинар “үнэний тухай нэн чухал ойлголттой” болоход тань тусална.3

  • Та нарыг аз жаргалтай болгох сургаалуудыг ойлгож мэдэх гайхамшигтай боломжийг семинар олгоно. Семинар өөртэй чинь адил итгэл бишрэлтэй хүмүүстэй танилцах сайхан боломжийг олгоно.”4

  • “Сайн мэдээний мэдлэг тань өсөн нэмэгдэнэ. Итгэл чинь улам бат бөх болно. Гайхамшигтай сайхан найз нөхөд, танилуудтай болно.”5

  • “Семинар … бид бүгдэд тохиолддог нүгэл хилэнцийг эсэргүүцэх болон сайн мэдээний мэдлэгээ үлэмж өсгөн нэмэгдүүлэх сүнслэг байдал, ёс суртахууны хүч чадлыг төлөвшүүлдэг.6

  • Энэ бол “номлолд үйлчлэх хамгийн сайн бэлтгэлийн нэг мөн.”7

Семинарт явах арга замаа олох нь

Та семинарт явах цагтай байхын тулд сонирхдог өөр ямар нэг зүйлээ орхих хэрэгтэй болж мэднэ. Харин ийм золиослол хийхэд алдах юм байхгүй. Филиппиний Элайжа Бугаёнг ахлах сургууль төгсөх жилээ ийм шийдвэр гаргахаар сонгосон ажээ. Тэр ахлах сургуульд сурсан бүх үеийнхээ турш сурлагаараа сургуулийнхаа хоёр дахь сурагч байсан гэнэ. Тэр сүүлчийн жилдээ сурлагаараа тэргүүн сурагч болох зорилго тавьж, үүндээ хүрэхийн тулд гурван жил явсан семинартаа явахгүй байхаар шийдээд байтал

нэг өдөр бодол нь өөрчлөгдсөн ажээ. “Хичээл хийдэг ширээ уруугаа хартал судрууд, семинарын тэмдэглэл, гарын авлага гээд бөөн ном ширээний ойролцоо хөглөрч байлаа. ‘Аль нь хамгийн чухал бол?’ хэмээн сэтгэл санааныхаа гүнд өөрөөсөө асуув.

Элайжа хариугаа Матай 3:33-аас олжээ: “Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.” Тэрээр семинарт дуулгавартай явахаар шийдэж, хичээл сурлагандаа зориулах цагаа зохицуулах арга замыг олсон ажээ. Элайжа жилийн эцэс гэхэд сургуулийнхаа шилдэг сурагчаар шалгарч, их сургуулийн тэтгэлэг хүлээн авчээ.

АНУ-ын Алабамын Спенсер Доуглас семинарт суралцахын тулд олон нийтийн зарим үйл ажиллагаанд оролцохоо больсон гэнэ. Тэр семинарт явахын тулд эхний хоёр жил өглөөний 4:00-д, сүүлийн хоёр жил 5:00-д босдог байсан гэнэ. “Би орой эрт унтах хэрэгтэй учраас үдшийн цагаар болдог олон үйл ажиллагаанд найз нартайгаа оролцож чадахаа больсон. Хэрэв тэгэхгүй бол, маргааш өглөө нь семинарт явж, хичээлдээ идэвхтэй оролцож чадахгүй шүү дээ” гэж тэр ярилаа. Спенсер зөвхөн семинарт явдаг төдийгүй, цагтаа сэрж, хичээлдээ бэлтгэдэг байжээ.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс сургасан нь: “Ямар нэгэн зүйл сайн байна гэдэг нь үүнийг хийх хангалттай шалтгаан биш. Бидний хийж болох сайн зүйлсийн тоо тэдгээрийг хийх цагийн боломжоос хавьгүй их байдаг. Иймээс бид зарим онцгой сайн зүйлд тэргүүн зэргийн анхаарал тавих шаардлагатай болдог.8 Энэ бол семинарыг амьдралдаа эн тэргүүнд тавих шийдвэр гаргахад тань чухал зөвлөгөө юм.

Номлолд бэлтгэх нь

Хэрэв чи ирээдүйд бүрэн цагийн номлогчоор үйлчлэх хүсэлтэй бол, семинар нь өнөөдөр гишүүн номлогч байгаа үедээ номлолын ажилд бэлтгэх маш сайн бэлтгэл болж чадна. Перугийн Франко Хюман Куриникю, семинарт судар судлах нь номлолд бэлтгэхэд тусалдгийг мэддэг ажээ.

Семинарт явахын тулд өглөө 4:00-д босч, үерийн саруудад далбаат завиар явж, дараа нь ангидаа хүрч очихын тулд лаг шавар дундуур туулдаг байсан нь чухамдаа номлолын бэлтгэл байлаа. Би номлолд бэлтгэхийн тулд семинараа төгсөөд институтэд явж, Сүмд өсөх болно” гэж тэр ярив. Судруудын тухай мэдэж, чухал шүлгүүдийг цээжилдэг нь сайн номлогч болоход нь тусалдаг учраас семинар түүнд маш чухал ажээ.

Амьдралынхаа бүх талд адислалыг хүлээн авах нь

Дэлхий даяарх залуучууд семинарт идэвхтэй явснаар судар судалснаас олдгоос бүр илүү бат бөх итгэлтэй болж байна. Английн Камерон Лисни амьдралынхаа бүх талд адислагдсан гэж үздэг ажээ. “Семинар зөвхөн сүнслэг байдалд төдийгүй бас хичээл сурлагад тусалдаг.

Өглөө эрт боссоноор тэр өдөр тархи сэргэг байдаг. Зарим найз нар маань семинарт явах цаг алга гэдэг. Гэтэл энэ чинь өглөө 6:00-д босч математикийн хичээлээ давтахтай л адил шүү дээ, тийм үү?” хэмээн тэр асуулаа. Шамдан суралцвал, “Их Эзэн шалгалтанд чинь тусална, семинарт явбал Тэр чамд бүр илүү тусална” гэж Камерон хэлэв.

Семинар мэдээж хэрэг, гэрчлэлээ бэхжүүлэхэд нь Камеронд тусалжээ. “Миний гэрчлэл семинарын хөтөлбөрөөс эхлэлтэй. Би 14-тэйдөө сайн мэдээний мэдлэгтэй болох гэж зовж байлаа. Би Сүмд явах дургүй бүр хийх ёсгүй зүйлсийг хийдэг байсан гээд бод л доо. Ганц хоёрхон сарын дотор л би бүхнийг хаясан.” Гэвч нэг найз нь Камероныг семинарт яваач гэж урихад нь түүнтэй хамт явахаар шийдсэн гэнэ. Тэгэхэд нь түүнд адислал үнэхээр иржээ.

“Би Сүнсийг дахин мэдэрч эхэлсэн. Сүмд илүү их анхаарал тавьж, ням гарагийн болон санваартны хичээлүүдэд суудаг болов. Сэтгэл санаа хөнгөрч, аз жаргалтай байгаагаа мэдэрдэг болов. Би эцэстээ сайн мэдээний гэрчлэлтэй болсон” гэж Камерон ярилаа. Камерон семинарт яваад хоёр сар болсны дараа бишоптойгоо уулзаж, Аароны санваартан, багшаар томилогджээ.

Семинар дэлхийн уруу таталтуудыг эсэргүүцэхэд өөрт нь тусалдгийг Камерон мэднэ. “Семинарт явж байсан цагт, дэлхийгээс ирдэг сорилтуудыг шийдвэрлэхэд надад амар байдаг. Бидний амьдарч байгаа дэлхийд нүгэл хилэнц биднийг бүх талаас хүрээлэн бүсэлсэн учраас залуу хүнд тун амаргүй байдаг. Хэрэв та нар семинарт явбал уруу таталтаас өөрийгөө хамгаалах хүч чадлыг олох болно гэдгийг би гэрчилж байна. Семинар та нарын сүнслэг байдлыг хамгаалах бамбай болно. Олон хүнд сорилт, уруу таталт миний амьдралд тохиолдсон үед нарийн бөгөөд давчуу зам дээр үлдэхэд семинар чухам тийм бамбай болж тусалсан билээ.”

Бие биеэ хүчирхэгжүүлэх нь

Семинар нь бас итгэл нэгтэй өсвөр үеийнхэнтэй уулзаж, танилцах боломжийг өөрт чинь олгоно. “Ёс суртахууны адил жишгүүд, адил санаа бодолтой бөгөөд Бурханд итгэдэг над шиг хүмүүсээс би сүнслэг нөлөө авдаг.” Хэрэв асуудал гарвал би семинарын багштайгаа эсвэл бусад суралцагчидтай зөвлөж болно. Би өөрийнхөө болон өрөөл бусдын гэрчлэлийг бэхжүүлэхийн тулд бодол санаа, гэрчлэлээ бусадтай хуваалцаж болно. Бид судруудыг хамт уншиж, сүнслэг агуулгыг нь тунгаан бодсоноор Бурханд болон бие биедээ улам ойртдог” хэмээн Оросын Вика Челишкова ярьж байна.

Украйны Ксения Гончарова мөн ийм бодолтой ажээ. “Бид туршлагаа бие биетэйгээ хуваалцсанаар илүү бат бөх итгэлтэй болж, судруудыг илүү сайн ойлгоно. Хичээлийн үеэр амьдралынхаа тухай ярилцах үед миний болон бусад хүмүүсийн амьдралд сайн мэдээ хэрхэн нөлөөлдөг арга замыг мэдэж авдаг” хэмээн тэр ярьж байна.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг мэдэх нь

Семинар тэднийг хэрхэн адисалсан тухай хэсэг залуусаас саяхан асуусан юм. Семинар тэднийг Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрт илүү ойр дотно болоход нь тусалсныг тэдний хариулт харуулж байна. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар сургасан нь: “Семинарт та нарын судалдаг бүх сэдэв чухал юм. Жил бүр судраас судлахад гол сэдэв нь Их Эзэн Есүс Христ байдаг.9

Семинар тэднийг Есүс Христэд хэрхэн ойртуулсан тухай өсвөр насны зарим суралцагчид юу гэж хэлснийг сонирхъё.

  • “Олон бошиглогчийн бичсэн шастируудыг уншиж, би Түүнд хэчнээн чухал болохыг ойлгосноор Аврагч миний төлөө юу хийснийг мэдсэн юм. Тэрбээр надад хайртай учраас миний нүгэл хилэнцийн төлөө зовон шаналж, нас барсныг би ойлгосон.

  • “Семинар бол миний өдрийн баясгалант эхлэл мөн. Би хэчнээн ядарсан ч, хүнд сорилтууд амьдралд минь тохиолдсон үед Аврагч минь надад хайртай учраас би зөв зүйлийн төлөө улам итгэлтэй зогсох болно гэдгээ өчүүхэн ч эргэлзээгүйгээр мэддэг билээ.”

  • “Би Бол Сүмийн хөрвөгч. Бүр баптисм хүртэхээсээ өмнө семинарт явж эхэлсэн. Семинарт яваагүй бол би ер нь баптисм хүртэх байсан болов уу гэдгээ ч мэдэхгүй байна. Семинарт яваагүй бол эдүгээ миний амьдралд Аврагч байхгүй байсан болов уу. Эсвээс би нүглээсээ уучлагдаж болно гэдгийг мэдэхгүй байх биз ээ. Миний амьдралд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр ерөөсөө байхгүй байж ч болох байсан. Семинар Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг олж Тэднийг өөрийнхөө болон ирээдүйн үр удмынхаа үүрдийн амьдралын хэсэг болгоход надад тусалсан юм.

  • “Семинарт өдөр бүр явах нь Түүний сургаалуудыг болон намайг хайрладаг Түүний агуу хайрыг мөн Түүнтэй хамт амьдрахаар хэрхэн эргэж очихыг мэдэж, Их Эзэн, Аврагч Есүс Христтэй улам ойр дотно болоход надад тусалдаг” хэмээн тэр ярилаа.

  • “Би семинарт судруудын утгыг гүнзгий ойлгосон. Өдөр тутмынхаа ажил үйлсэд Христтэй адилхан байх ёстойг өглөө бүр санахад семинар надад тусалдаг.”

  • “Семинар судар хэрхэн уншихыг, сударт зөвхөн дуртай байх төдийгүй үзэл санааг нь хэрхэн хэрэгжүүлэхийг надад заасан юм. Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай гэрчлэлээ бэхжүүлэхэд надад тусалсан сургаал, зарчмуудыг би амьдралынхаа үлдсэн хугацаанд зүрх сэтгэлдээ тээж явах болно.

Дэлхий даяарх залуучууд семинарыг эн тэргүүнд анхаарах зүйлээ болгосноор үүнээс ирдэг үй олон адислалыг авдаг билээ.

Эшлэл

  1. Боид K.Пакер, Teach the Scriptures (Сүмийн Боловсролын Системийн ажилтнуудад хандан хэлсэн үг, 1977 оны 10-р сарын 14), 3.

  2. Л. Toм Перри, “Raising the Bar,” Лиахона, 2007 оны 11-р сар, 48.

  3. Ричард Г.Скотт, “Realize Your Full Potential,” Лиахона, 2003 оны 11-р сар, 42.

  4. Гoрдoн Б.Хинкли, “Stand True and Faithful,” Ensign, 1996 оны 5-р сар, 93.

  5. Гoрдон Б.Хинкли, “The Miracle Made Possible by Faith,” Ensign, 1984 оны 5-р сар, 47.

  6. Гордон Б.Хинкли, “The State of the Church,” Ensign, 1991 оны 5-р, 52.

  7. Эзра Taфт Бенсон, “Our Responsibility to Share the Gospel,” Ensign, 1985 оны 5-р сар, 7.

  8. Даллин Х.Өүкс, “Good, Better, Best,” Лиахона, 2007 оны 11-р сар, 104.

  9. Давид A.Беднар, “Conclusion and Testimony,” Welcome to Seminary 2010–2011, seminary.lds.org/welcome.

Гэрэл зургуудыг Сүмийн Боловсролын Системийн зөвшөөрлөөр нийтлэв; чимэглэлийг Скотт Грийр

Гэрэл зураг чимэглэлийг Кристина Смит

Баруун талд: Ютагийн Провогийн гэрэл зураг, семинарын төгсөгчдийн гэрэл зургийг ХҮГ Сүмийн Архивын зөвшөөрлөөр нийтлэв