Сүйрэлд бүү хүр
Жижиг асуудлуудыг одоо шийдвэрлэж, хожмын том асуудлуудаас урьдчилан сэргийл.
Андрей бүр багаасаа нисэх онгоцонд дуртай байжээ. Нисэхийг мөрөөддөг олон хүн байдаг ч, Андрей онгоцоор нисэх тухай боддоггүй, харин нисэх онгоцны бүтцийг сонирхдог ажээ. Румыны 16 настай энэ залуу нисэх онгоцны механикч болохоор суралцаж байгаа гэнэ.
Румынд өсвөр насны хүүхдүүд коллеж буюу мэргэжлийн сургуульд суралцахын тулд ахлах сургуульд явах хэрэгтэй. Андрей нисэх онгоцонд дуртай болохоор нисэхийн мэргэжлийн сургуульд суралцах шийдвэрийг тэр дороо гаргасан ажээ.
Нисэх онгоцны механикчид зөвхөн эвдэрсэн онгоцыг засдаг төдийгүй, тэдний хийдэг хамгийн чухал ажлуудын нэг нь нисэх онгоц эвдрэхээс урьдчилан сэргийлдэг үзлэг шалгалт, засвар үйлчилгээ юм. Тэд нисэх онгоцны юм бүхнийг, сэнснээс эхлээд газардах төхөөрөмж, түүнчлэн энэ хоёрын хоорондох бүх эд ангид тогтмол үзлэг хийдэг.
“Нисэх онгоцыг эвдрэхэд хүргэж болох жижиг асуудлыг олох нь хэцүү. Гэвч асуудлыг олох нь нисэх онгоцыг эргээд бүрнээр нь эвлүүлэх гэж оролдохоос илүү амархан зүйл” гэж Андрей хэллээ.
Засвар үйлчилгээний хуваарийг чанд мөрдөж, бүх эд ангийн засвар үйлчилгээг алгасахгүй хийх нь нисэх онгоцонд туйлын чухал. Үүн лүгээ адил Сүмийн гишүүд сүнслэг байдалд нь заналхийлж болох аливаа асуудлыг урьдаас мэдэж, залруулах нь мөн л амин чухал юм.
Сүнслэг байдалдаа онцгой анхаарал тавь
Андрей бараг хоёр сая хүнтэй Бухарест хотод амьдардаг. Румын дахь Сүм харьцангуй шинэ бөгөөд Бухарестад ердөө хоёр салбарт явахад хангалттай тооны гишүүд байдаг ажээ. Андрей болон түүний гэр бүл салбарынхаа бусад гишүүдээс хол амьдардаг. Андрей сургууль дээрээ бас найз нөхдийнхөө дунд дэлхийн нөлөөг байнга мэдэрдэг гэнэ. Хэрэв сүнсний амьдралдаа байнга анхаарал тавихгүй бол сүнслэг байдал хэчнээн амархан доройтдогийг тэр мэднэ.
Амьдрал амсхийх завгүй байж болно. Андрей хичээлээ хийж, хөл бөмбөг тоглон, компьютерийн ард сууж цагаа өнгөрүүлнэ. Бас залбирах, мацаг барих, судар судлах, санваартны үүргээ биелүүлэх цаг гаргана. Тэр бас семинарт “явна.” Гэхдээ хол амьдардаг учраас онлайнаар хичээлээ хийдэг ажээ.
Эдгээр зүйлсийг хийснээр та сүнслэг байдлын доройтол амьдралд чинь заналхийлэхээс өмнө үүнийг мэдэж, сул талаа засч залруулахын тулд сүнслэг байдалдаа анхаарал тавьж байгаа хэрэг юм.
“Хэвшил болтол нь байнга хийх ёстой зарим зүйл бидэнд байдаг. Амьдралыг чинь бусниулах боломжийг та хэзээ ч бүү олго” гэж тэр хэллээ.
Сүнслэг байдлын сүйрэл
Хэрэв бид сүнслэг байдалдаа байнга анхаарал тавьж байхгүй бол бухимдал, үе тэнгийнхний шахалт зэрэг хүчин зүйлс уруу таталтыг эсэргүүцэх бидний хүчийг давамгайлж мэднэ. Ийм явдал тохиолдоход бид их удалгүй амьдралд зүг чигээ алдан, өөртөө хяналт тавих чадваргүй болж, эцэстээ сүнсний хүч чадлаа бүрмөсөн алдах боно.
Мотор нь унтарсан онгоц гарцаагүй өндрөө алддаг шиг хэрэв бид нүгэл үйлдвэл сүнсний хүч чадал болон өндөр жишгүүдээсээ хагацаж, тэнгэрээс холдон, эрт орой хэзээ нэгэн цагт сүнслэг байдлын сүйрэлд хүрнэ.
Сүнслэг байдал алдагдсаны дараа Аврагчийн Цагаатгал биднийг урьдын байдалд буцаан оруулах боломжтой ч, жижиг асуудал даамжирч сүнслэг байдлын сүйрэлд хүргэхээс өмнө уг асуудлыг залруулахын тулд Түүний хүчинд найдвар тавих нь хамаагүй дээр юм.
Хайхрахгүй өнгөрөхийн аюул
Нисэх онгоцонд тогтмол хийх ёстой засвар үйлчилгээг хийхгүй өнгөрнө гэсэн ойлголт Андрейн санаанд багтдаггүй ажээ. Засвар үйлчилгээг хийхгүй байж огт болохгүй. “Энэ талаар хууль байдаг. Онгоцонд ердөө ганцхан удаа засвар үйлчилгээ хийхгүй байхад “юу л болно гэж дээ” хэмээн бодох хүн байж магадгүй.
Заавал хийх ёстой засвар үйлчилгээг нэг удаа хийхгүй өнгөрөхөд онгоц тэр дороо эвдрэхгүй л дээ. Гэвч ингэж болохгүй. “Өнөөдөр засвар үйлчилгээ хийгээгүй байхад юу ч болоогүй юм чинь, маргааш өнжихөд юу ч болохгүй шүүдээ гэсэн уруу таталтад бүр амархан автагдана” гэж тэр хэллээ.
Засвар үйлчилгээг олон удаа хийхгүй өнгөрүүлэхэд нисэх онгоцны хүч суларч, эд ангиуд нь гэмтэх эрсдэл ихсэн, эрт орой хэзээ нэгэн цагт эвдрэлд хүргэнэ. Үүн лүгээ адил, бид сүнслэг байдалдаа байнга анхаарал тавихгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт сүнслэг байдлын хувьд доройтож, “эцэстээ сүйрэлд хүрнэ” хэмээн тэр ярив.
Чухам иймээс сүнслэг байдалдаа байнга анхаарал тавих хуулиудыг Бурхан бидэнд өгсөн юм. “[Сүм дээр] ойр ойрхон цуглан уулзацгаа” (3 Нифай 18:22; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). Байнга залбирч бай (3 Нифай 18:19-ийг үз). Судруудыг хичээнгүйлэн судал (3 Нифай 23:1–5-ыг үз). “Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг” (С ба Г 121:45; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). Ариун сүмд тогтмол ор.1
Эдгээр хуулиудыг сахьж, сүнслэг байдалдаа байнга анхаарал тавих нь биднийг зөв чиглэлд удирдах болно.
“Онгоц газраас тасарч, дэлхийг орхихын тулд зохион бүтээгдсэн юм. Энэ бол Тэнгэрлэг Эцэг биднээс хүсэн хүлээдэг зүйл. Бид сүнслэг байдалдаа байнга анхаарал тавьснаар очих ёстой газартаа буюу тэнгэрт аюулгүйгээр эргэн очих болно” хэмээн Андрей ярилаа.