2014
Итали дахь хожмын үеийн гэгээнтнүүд: Итгэлийн өв
2014 оны зургаадугаар сар


Газар бүрийн анхдагчид

Итали дахь хожмын үеийн гэгээнтнүүд Итгэлийн өв

Энэ өгүүллийг бичигч АНУ-ын Ютад амьдардаг.

Итали дахь сүмийн түүх Шинэ Гэрээний үеэс, Ромын эзэнт гүрний нийслэл нь итгэлтэй хэсэг бүлэг Христийн шашинтнуудын гэр байх тэр үеэс эхэлсэн. Библи дээр Ромд сургаалыг анх хэн авчирсан талаар бичигдээгүй байдаг боловч М.Э 57 онд төлөөлөгч Паул ромчууд руу захидал илгээх үед (Ром 15:23) сүмийн салбар тэнд олон жилийн турш байжээ.

Ром дахь Христэд итгэгчдийг “аливаа сайн сайхнаар дүүрэн” (15:14) гэж Паул дүрсэлжээ. Тэрээр тэдний заримтай нь танил байсан ба түүний захидал нь мэнд хүргэсэн хайрт гэгээнтнүүдийн урт жагсаалтыг агуулдаг (16:1–15-ыг үзнэ үү).

Паул тэдгээр Христэд итгэгчдийн итгэлийг магтаж, тэдний төлөө үргэлж залбирдаг тухайгаа тэдэнд хэлсэн. Тэрээр тэдэнтэй уулзахыг хүсэж, Бурханы хүслээр удахгүй тэдэн дээр очно гэж найддаг байсан юм (1:8–15-ыг үзнэ үү).

Ромд хамгийн сүүлд ирэхдээ Паул шоронд байсан. Гэвч сүмийн гишүүд түүний ирэхийг хүлээж байсан ба түүнтэй Аппиу Форум гэдэг газар уулзахаар ах дүүсийн зарим нь 43 бээр (69 км) газар аялсан байв. Паул тэднийг хараад “Бурханд талархаж зориг оров” (Үйлс 28:15).

Хожим нь Ниро болон бусад хаад Христэд итгэгчдийг ихэд хавчиж байсан Ромд Паул алуулсан билээ. Аажимдаа сүм урвалтад орсон боловч эртний Ромын гэгээнтнүүд итгэлийнхээ өвийг эзэнт гүрнийхээ төвд нь үлдээсэн юм. Тэд Христийн шашныг дэлхий даяар түгээх алхмыг тавьсан.

Их Эзэний нуусан хүмүүс

1849 онд Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Лорэнзо Снөү (1814–1901) Италид номлол байгуулахаар дуудагдсан юм. Тэрээр уг ажлаа хаанаас эхлүүлэхийг эргэцүүлэн байх үедээ Италийн баруун хойд зүгийн нутагт орших Пиедмонт уулсаар нутагладаг валденчүүд гэдэг шашны бүлэг хүмүүсийн талаар мэдэж авчээ.

Валденчууд нь өөрсдийн итгэл бишрэлээс болж үүссэн хэрцгий хавчлага шахалтыг долоон зууны турш тэсвэрлэж иржээ. Протестант шинэчлэлээс хэдэн зууны өмнө тэд Христийн эртний сүм урвалтад орсон хэмээн номлодог байв. Тэд өөрсдийгөө Ромын католик сүмээс тусгаарлан, тэрс үзэлтнүүд хэмээн дуудуулж, хотуудаас хөөгдөн, тамлагдаж мөн устгагдаж байв. Өөрсдийн итгэлийг үгүйсгэхийн оронд тэд уулс руу зугтжээ.1

“Намайг валденчуудын талаар бодох үед асар их гэрэл миний оюунд цацрах шиг болсон” хэмээн ахлагч Снөү тэмдэглэсэн байдаг. Тэрээр гэртээ бичсэн захидалдаа “Их Эзэн Алпийн уулс дунд хэсэг хүмүүсийг нуусан гэдэгт би итгэдэг” хэмээн өгүүлжээ.2

Италийн өөр бүс нутгууд дахь хууль тогтоомж номлогчийн ажилд төдийлөн дэмжлэг болдоггүй байлаа. Гэхдээ л ахлагч Снөүг ирэхээс хоёр жилийн өмнө Пиедмонт бүс дэх валденчууд хэдэн зууны турш үргэлжилсэн хавчлагын эцэст шашны эрх чөлөөтэй болсон байлаа.3 Үүгээр ч зогсохгүй, тэдний дундаас хэд хэдэн хүн гайхалтай зүүд болон үзэгдэл харсан бөгөөд номлогчдын захиасыг хүлээж авахад бэлтгэгдсэн байжээ.4

1850 оны 9-р сарын 19-нд ахлагч Снөү хоёр номлогч хамтрагчтайгаа сайн мэдээг номлохын төлөө Италийг онцгойлон адисалжээ. Ахлагч Снөү “Тэр өдрөөс хойш бидэнд захиасаа хуваалцах боломжууд гарч эхэлсэн” хэмээн тэмдэглэсэн байна.5

Дараагийн дөрвөн жилд номлогчдын хүчин чармайлт амжилт болон эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тэд номлогчийн хоёр гарын авлагыг болон Мормоны Номын итали орчуулгыг хэвлэн гаргасан байв. Тэд тодорхой тооны хөрвөгчдөд баптисм хүртээжээ. Гэвч 1854 онд ажил үйлс доройтож, номлогчид өөр газрууд руу дуудагдан, үнэнч тууштай хөрвөгчид нь Юта руу цагаачилж, хавчлага улам бүр өсөн нэмэгдсээр байв. 1862 онд гадуур номлох номлолын бүхий л ажил зогссон бөгөөд 1867 онд номлол хаагдсан юм.

Италийн номлол зөвхөн 12 жилийн турш идэвхтэй байсан бөгөөд энэ хугацаанд 12 гэр бүл, 7 хүн хөрвөгдөж, Юта руу цагаачилсан байна. Сайн мэдээг хүлээн авсан валденчууд Юта дахь сүмийг хүч чадлаар сэлбэсэн бөгөөд өнөөдөр мянга мянган гишүүдийн үр удам Роки Маунтинс (Rocky Mountains) хэмээх газрын хожмын үеийн гэгээнтнүүдтэй нэгдэхийн төлөө өвөг дээдсийнхээ нутгийг орхисон итгэлтэй 72 валдентай холбогддог.6

Ажлыг яаравчлуулах нь

Италийн номлол хаагдсаны дараа Италид зуу орчим жилийн турш албан ёсны номлогчийн ажил хийгдээгүй юм. Дэлхийн II дайны дундуур сайн мэдээний гэрэл Италид дахин гэрэлтэж эхэлсэн бөгөөд Нэгдсэн Улсаас ирсэн хожмын үеийн гэгээнтэн цэргийн албан хаагчид Италийн хотуудад байрлах үеэс энэ нь эхэлжээ. Эдгээр гишүүд ням гаргийн цуглаанд оролцох бүлгүүдийг үүсгэсэн ба эдгээр бүлгүүд нь дайны дараа тухайн гишүүд Итали дахь цэргийн баазуудад хуваарилагдах үед идэвхтэй хэвээр байсан байна.

Дараагийн 20 жилд Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулсан юм. Уугуул италичууд зэргэлдээх орнуудад номлогчидтой уулзсаныхаа дараа сүмд нэгдэж эхлэв. Нэйпэлс ба Верона дахь цэргийн албан хаагч гишүүдийн бүлгүүд нь Швейцари номлолын удирдлага дор салбарууд болон зохион байгуулагдсан байна. Уг номлол Мормоны Номыг итали хэлнээ дахин орчуулж мөн хэвлэн гаргажээ. Итали руу номлогчдыг илгээх хугацаа ойртсоор байлаа.

1964 онд Итали улс Швейцари номлолын нэгэн дүүрэг болон зохион байгуулагдсан бөгөөд удалгүй итали хэлтэй номлогчид хэд хэдэн хот руу илгээгдсэн байна. 1966 онд, анхны номлол хаагдсанаас хойш 99 жилийн дараа Италийн номлол зохион байгуулагджээ. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Эзра Тафт Бэнсон (1899–1994) сайн мэдээг номлоход зориулан Италийг онцгойлон адислах залбирлыг хэлжээ.

Номлол нээгдсэнээс арван жилийн дараа Итали дахь гишүүдийн тоо 300-аас 5 000 болон өссөн байна. 1982 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгджээ. Ойрын жилүүдэд маш хурдацтай өсөж байна. 2005-2010 оны хооронд дөрвөн шинэ гадас байгуулагдаж, нийтдээ долоон гадастай болжээ. Өнөөдөр Италид 25 000 орчим хожмын үеийн гэгээнтэн байна.

Сүмийг зохион байгуулах нь

Далын ахлагч Крэйг А. Кардон бол 1854 онд Юта руу цагаачилсан валден хөрвөгч Филипэ Кардоны үр удам болох мянга мянган итали хожмын үеийн гэгээнтний нэг юм. Ахлагч Кардон 1960-аад онд шинэхэн нээгдсэн Итали номлолд залуу номлогч байж мөн дараа нь 1980-аад оны үед Италийн Ром номлолын ерөнхийлөгч байхдаа Их Эзэний ажил өвөг дээдсийнх нь нутагт урагшлахыг нүдээрээ үзжээ.

1983 онд ахлагч Кардоныг номлолын ерөнхийлөгчөөр дуудагдах үед Ром дахь сүмийн байруудын нэгээс бусад нь түрээсийн байр байжээ. Тэр үед сүмийн байр барих зардлын зарим хэсэг нь тухайн газар нутгийн гишүүдийн хандиваас бүрддэг байсан байна. Хэд хэдэн байр барих хөрөнгө хэрэгтэй байсан учраас гишүүдийн хувьд тийм ихийг хандивлах нь цаасан дээр боломжгүй мэт харагдаж байв. Энэ асуудлыг залбирч авч үзсэний дараа Итали дахь гишүүдийг тухайн жилийнхээ зул сарын баярт зарцуулах мөнгийг сүмийн барилгын санд хандивлахад урьсан байна. Гэр бүлүүд өөрсдийн золиослолыг төлөөлүүлэхийн тулд зул сарын гацуур модны дор бэлэг тавихын оронд тоосго тавьж байв.

“Тэр үед тохиолдсон зүйл тун гайхамшигтай” хэмээн ахлагч Кардон хэлжээ. “Хандив нь хэрэгцээтэй байгаагаас нь ч илүү давж гарсан юм. Ийм учраас гэгээнтнүүд үргэлжлүүлэн аравны нэгийг итгэлтэйгээр төлж, сүмийг байгуулахын төлөө чадах бүхнээ хийх үед Их Эзэн номлол болон гэгээнтнүүд дээр элбэг дэлбэг сүнслэг адислалыг цутгаж байлаа. Тэдний итгэлтэй байдал нь сүмийг үргэлжлүүлэн өсгөж, гадас зохион байгуулагдаж мөн өнөөдөр Ромд ариун сүм баригдах хүртэлх боломжоор хангасан гэдэгт би бүрэн итгэдэг.”7

Ахлагч Кардон ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа өмнө 2005 онд Италийн Ром гадас байгуулагдах үйл явдалд оролцохоор Италид буцаж очсон байна. Энэ нь гайхалтай үйл явдал байлаа. Тэрээр “Энд санваарын хүч, санваарын түлхүүрүүд, судрын хэллэгээр толгой хоргодох газар болох гадас Ромд зохион байгуулагдав” гэж хэлжээ.

Ром дахь ариун сүм

2008 оны 10-р сарын Ерөнхий чуулганы үеэр ерөнхийлөгч Томас С.Монсонг Ромд ариун сүм баригдах тухай зарлахад Чуулганы төвд дуу алдах болон сэтгэл хөдлөлөөр дүүрэх нь сонсогдсон билээ. Хиймэл дагуулаар чуулган үзэхээр Италид цугласан гэгээнтнүүд баярласандаа чанга хашгирчээ. Нэгэн эгч энэ үйл явдлын талаар “Бид зүрх сэтгэлдээ тун баяртайгаар мөн далавчтай юм шиг л гэртээ харьж билээ” хэмээн дурссан байдаг.

Ромд ариун сүм баригдана гэсэн нь яагаад тийм утга учиртай зүйл байна вэ? Гишүүд ариун сүмийн гүнзгий сүнслэг ач холбогдлыг ойлгохын сацуу ахлагч Кардоны хэлснээр энэ нь “уг хотын засаглал болон хүч чадал; үүнээс төрөн гарч, дэлхийн түүхэнд хувь нэмэр оруулсан аялагч, уран бүтээлч, эрдэмтэд ба зохион бүтээгчид; дэлхий дахинд Христийн шашныг таниулахад Ромын шашны үзүүлсэн нөлөөний адислал зэрэг түүхэн ач холбогдлын талаарх гүн мэдрэмжтэй холбоотой тэдгээр нь Ромын түүхийн нэг хэсэг бөгөөд одоо тэд Их Эзэний ариун сүмээр адислагдаж байна” гэсэн юм. 2010 онд болсон шав тавих ёслолын үеэр ерөнхийлөгч Монсон “Энэ газар дээр баригдах ариун сүм нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд утга учиртай бүх зүйл нь юм” хэмээн хэлжээ.8

40 гаруй жилийн турш Италийн гишүүд Швейцарийн Бернийн ариун сүм рүү аялж байсан ба зарим нь тэнд очихын тулд хоёр өдөр аялдаг байжээ. Ром гадасны ерөнхийлөгч асан, өдгөө бүсийн Далын гишүүн Массимо Дэ Фэо Ром дахь ариун сүм бол Их Эзэн хожмын үеийн гэгээнтнүүдийн олон жилийн үйлчлэл болон золиослолыг харсны мөн ариун сүм бол тэдний чин хүсэл байсныг ойлгож байгаагийн илрэл гэдэгт итгэдэг.

Ариун сүм баригдах тухай зарлагдахад гишүүдийн мэдэрсэн сэтгэл хөдлөл нь сүүлчийн хоромд дэмжиж буй баг нь ялалт байгуулахад цэнгэлдэх хүрээлэнд мэдрэгддэгтэй адил байсан ба энэ баяр баясгалан нь мөнх бус байдлын өмнөх амьдралд авралын төлөвлөгөө зарлагдах үед бидний мэдэрсэн хэмээн түүний төсөөлсөн баяр баясалтай мөн адил юм гэж ахлагч Дэ Фэо хэлжээ. Гэгээнтнүүд бие биенээ тэвэрч, инээж мөн уйлж байв. Энэ бол жинхэнэ аз жаргал байлаа.

“Эдгээр өдрүүдэд Их Эзэнд үйлчлэх нь гайхалтай бөгөөд энэ нь Итали болон Ромын хувьд онцгой юм” хэмээн ахлагч Дэ Фэо хэлжээ. Тэрээр “Их Эзэн Өөрийн хаант улсын энэ хэсгийг агуу ихээр адисалж байгааг би мэднэ” хэмээн гэрчилсэн юм.9

Итали дахь сүмийн гишүүд

1854

66

1965

287

1975

3 929

1985

12 000

1995

17 000

2005

21 791

2013

25 453

Эшлэлүүд

  1. Роналд A.Maлан, “Waldensian History: A Brief Sketch (Валденчуудын түүх: Товч тэмдэглэл),” Валденчуудын гэр бүлүүдийн судалгаа, www.waldensian.info/History.htm.

  2. Лорэнзо Снөү, The Italian Mission (Италийн номлол) (1851), 10–11.

  3. Лорэнзо Снөү, The Italian Mission (Италийн номлол), 10–11.

  4. Дианэ Стокөү, “Мормон валденчууд” (магистрын зэрэг горилсон бүтээл, Бригам Янгийн Их Сургууль, 1985), 26–27. Ийм зүүдний тухай жишээг Элизабэт Маки “‘Suddenly the Thought Came to Me’: Child’s Vision Prepares Her Family for the Gospel (Надад гэнэт бодол төрөв: Хүүхдийн үзэгдэл гэр бүлийг нь сайн мэдээнд бэлтгэв),” 2013 он, 6-р сарын 3, history.lds.org/article/marie-cardon-italy-conversion-ээс үзнэ үү.

  5. Лорэнзо Снөү, The Italian Mission (Италийн номлол), 15, 17.

  6. Стокөү, “The Mormon Waldensians (Мормон валденчууд),” 1–5, 71–84.

  7. Крэйг A.Кардон, 2013 оны 6-р сард зохиогчтой хийсэн ярилцлагаас.

  8. Tомас С.Moнсон, Жэсон Свэнсон, “Rome Italy Temple Groundbreaking (Италийн Ром дахь ариун сүмийн шав тавих ёслол),” Сүмийн мэдээ, 2010 оны 10-р сарын 23, ldschurchnews.com.

  9. “Ерөнхийлөгч Массимо Дэ Фэотой хийсэн ярилцлага—Итали—1-р хэсэг,” Бүх дэлхийд (архивлагдсан радио хөтөлбөр); mormonchannel.org.

Италийн Ром зүүн гадасны өсвөр үеийнхэн орон гэргүй хүмүүст зориулсан асрамжийн байр засаж мөн будахад туслав

Ахлагч Эзра Тафт Бэнсон (голд нь) шинэхэн байгуулагдсан Италийн номлолын номлогчидтой уулзав

Сицилийн эрэг дээр байрлах Катаниа тойргийн цуглааны байр. Катаниа салбар нь Италийн номлол байгуулагдсанаас хойш нэг жилийн дараа 1967 онд байгуулагджээ

Гэрэл зургийг Массимо Крискионэ; Синкуэ Тэррэгийн гэрэл зургийг Даниел Жон Андэрсон; уулсын гэрэл зургийг © Corbis

Константины хөшөөний гэрэл зургийг Tetra images/Thinkstock

Зүүн талаас: гэрэл зургийг Массимо Крискионэ ба Кимбэрли Рэид; баруун талаас: Ромын баганууд hamai/iStockphoto/Thinkstock