2014
Бошиглогч миний залбиралд хариулсан
2014 оны зургаадугаар сар


Бошиглогч миний залбиралд хариулсан

АНУ, Миссури, Дэррик Фийлдс

Хоёрдугаар курс төгсөх жилээ би их сургуулийнхаа график дизайны хөтөлбөрт бүртгүүлсэн юм. Би тэнцээгүй боловч дараа жил дахин бүртгүүлэх боломжтой байлаа. Би сургууль төгсөхийн тулд дахин нэг жил хүлээнэ гэхэд тийм ч баяртай байсангүй.

Миний сонгосон мэргэжилтэй хамгийн ойр зүйл нь гэрэл зураг байлаа. Би мэргэжлээ солих талаар залбирсан ба надад сайхан мэдрэмж төрсөн юм. Би зүгээр л эрдмийн зэргээ авахыг л хүсэж байлаа!

Хичээлийн жилийн намрын улирлын эхэнд би кино ба гэрэл зургийн нийгмийн түүхийн хичээлүүдийг сонгосон. Би эдгээр хичээлд суух болсондоо баяртай байлаа. Би киноны ангийн хичээлийн хөтөлбөрийг хараад энэ хичээл дээр оюутнууд олон зохисгүй кино үзэх шаардлагатай байдгийг анзаарав. Гэрэл зургийн хичээлийн багш маань бид гэмт хэргийн болон харгис хэрцгий мөн эротик зургуудыг судлах болно, өнөө үеийн гэрэл зураг гэж эдгээрийг л хэлнэ гэлээ.

Юу хийх талаараа бодох үед зүрх маань хөндүүрлэж байв. Сайн мэдээ ийм зүйлүүдийн эсрэг зүйл заадгийг би мэдэж байсан ч эдгээр хичээлд зайлшгүй суух шаардлагатай байлаа. Би дэлхийд байвч дэлхийнх бус байх тухай заадаг судрын талаар бодлоо (Иохан 15:19-ийг үзнэ үү). Би эдгээр хичээлд суусан ч тэдгээрт автахгүй байж чадах болов уу?

Би юу хийхээ болон зөв зүйлийг хийх итгэлийг олж авахын төлөө залбирав. Би бас эхнэртэйгээ болон эцэг эх, ахтайгаа зөвлөсөн. Ахтайгаа ярих үед тэрээр надад “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх билээ?” (Maтай 16:26) гэсэн шүлгийг сануулсан юм.

Боловсрол чухал гэдгийг би мэдэж байсан ч би буруу мэргэжил сонгосон юм болов уу? Төгсөлт ойртоод хонгилын үзүүрт гэрэл ойрхон харагдаж байхад би яаж сургуулиасаа завсардаж чадах билээ?

Нэгэн орой өвчтэй нялх хүүхдээ асарч байхад минь надад интернэтээр ерөнхийлөгч Томас С.Монсоны тухай уншъя гэсэн бодол төрлөө. Удалгүй би ерөнхийлөгч Томас С.Монсоны 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг сонсов. Нийгмийн ёс суртахууны луужин доройтож, зохистой бус болон ёс бус зан авирыг олон хүн хүлээн зөвшөөрч байна хэмээн түүнийг хэлэх үед би анхааралтай сонсож байлаа.

Тэгээд тэрээр: “Бид сүнслэг зүйлээс дэндүү холдсон дэлхийд сонор сэрэмжтэй байх ёстой. Бидний жишигт нийцэхгүй аливаа зүйлсээс татгалзах нь маш чухал. Учир нь тэдгээр нь бидний хамгийн их хүсдэг Бурханы хаант улс дахь мөнх амьдралыг хүлээн авахад саад болдог” гэсэн миний сонсох хэрэгтэй байсан зүйлийг хэлсэн юм.1

Эдгээр үгс миний дотор агуу хүчээр нэвтрэн орлоо. Нулимс хацрыг минь даган урсах үед би амьд бошиглогч миний залбиралд хариулсныг мэдсэн юм.

Хэдийгээр би төгсөлтөө хойшлуулсан ч гэсэн бид бошиглогчийг дагаж, дэлхийн үзэл бодлыг эсэргүүцэн, зарлигуудыг дуулгавартай сахиж мөн сайн мэдээний жишгүүдийг дэмжих үед Их Эзэн гэр бүлийг маань болон намайг адисална гэдгийг би мэднэ.

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон “Ариун газруудад зогсогтун” Лиахона, 2011 оны 11-р сар, 83.