2014
Аравны нэг ба өргөлүүд
2014 оны зургаадугаар сар


Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос заах нь

Аравны нэг ба өргөлүүд

Хүүхдүүд аравны нэг болон өргөлүүдийг төлснөөрөө Их Эзэн Өөрийн амлалтуудыг биелүүлдэг гэдгийг мэдэж авч чадна.

Энэ дугаарын 60–61-р хуудас дээрх өгүүлэлд Далын гишүүн, ахлагч Антони Д.Пэркинс өсвөр насны хүүхэд байхдаа олсон орлогоо үрэхээсээ өмнө аравны нэгээ төлөх нь хэрхэн хүсэл ба хэрэгцээгээ ялгаж сурахад нь тусалсан тухай өгүүлдэг.

Энэхүү зарлигийг сахиснаар “миний итгэл илүү хүчтэй болж мөн [Их Эзэний] бусад зарлигуудыг сахих хүсэл минь ч бас хүчирхэг болсон” гэж ахлагч Пэркинс хэлжээ. Тэр Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд заагддаг “Аравны нэгээ төлөхөд та нарын хандах хандлага чухал байдаг. … Талархалтайгаар мөн хүсэлтэйгээр төл” ([2011], 38) хэмээх зарчмыг хэрэгжүүлсэн байна.

Өсвөр үеийнхэнд заах зөвлөмжүүд

  • Өсвөр үеийнхэн ихэнх тохиолдолд бусдын үлгэр жишээнээс суралцаж чадна. “Аравны нэгийн адислалууд” (Лиахона, 2013 оны 3-р сар, 26) өгүүллээс аравны нэгээ төлснөөр адислагдсан таван хүний талаар уншина уу. Аравны нэг танай гэр бүлийг хэрхэн адисалсан талаар ярилцана уу. Та мөн аравны нэг ба өргөлүүд нь сүмийн бүх гишүүдийг хэрхэн адисалдаг талаар ярилцахыг хүсэж болно.

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын (38–39-р хуудас) аравны нэг ба өргөлүүдийн тухай хэсгийг хамтдаа унших талаар бодож үзээрэй. Та мацаг барих ба мацгийн өргөлүүд нь хоорондоо хэрхэн холбоотойг мөн танай гэр бүл мацгийн өргөлийг хэрхэн төлдөг талаар ярилцаж болно.

Хүүхдүүдэд заах зөвлөмж

  • Дараах үзүүлэн хичээлийг ашиглах талаар бодож үзээрэй: Ширээн дээр 10 зоосон мөнгө тавь. Хэрэв та гэр бүлийн гишүүддээ есөн зоосыг өгөөд үлдсэн нэг зоосыг нь Их Эзэний хаант улсыг байгуулахад зориулан хадгална гэж хэлбэл ямар санагдах байсныг тэднээс асуу. Тэд энэ саналыг хүлээж авахад бэлэн байх болов уу? Та тэгээд энэ нөхцөл байдал ба аравны нэгийн хуулийн хоорондох адил төстэй талуудыг тайлбарлаж болно.

  • Та 2011 оны 8-р сарын Лиахона (70–72-р хуудас) дахь “Бага насны хүүхдэд зориулав” хэсэгт өгүүлдэг, өгч буй хандив нь ганцхан зоос байсан ч гэсэн аравны нэг төлөх нь сайн сонголт гэдгийг ойлгосон нэгэн хөвгүүний бодит туршлагыг ашиглаж болно. Мөн та үүнтэй холбоотой үйл ажиллагаануудыг хүүхдүүдтэйгээ хамт хийснээр дуусгаж болно.

Зураг чимэглэлийг Тайя Морли