Христтэй адил байх дуудлага
2012 оны 9-р сарын 9-нд Ютагийн Сэйнт Жорж дахь Дикси Стэйт Их Сургууль дээр болсон СБС-ийн онцгой цугларалт дээрх “Ай, Израил, Бурхан дуудаж байна” хэмээх хэлсэн үгээс авав. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл lds.org/broadcasts руу орно уу.
Энэ хожмын өдрүүдэд Бурхан Израилыг Христтэй илүү адил байж, сайн мэдээний дагуу амьдрах шийдвэр төгс байхад болон Сионыг байгуулахдаа бидний одоо байгаагаас ч илүү ариун байхад дуудаж байна.
Үеийн үед энэ нь Израилын түүх байсаар ирсэн юм. Гэм нүгэл ихсэн, нийгэм нь шашингүй болох үед эсвэл Бурханы өгсөн зарлигийг болон ёс суртахууны жишгийг харийнхан устгах үед Бурхан гэрээний хүүхдүүдийг аглаг буйд руу явуулж байсан бөгөөд Сионыг дахин байгуулж мөн дахин шинээр эхлэхийг зарлигладаг байсан.
Хуучин Гэрээний үед энэ гэрээний эцэг болох Абрахам нь Халдеигаас—чухамдаа Вавилоноос—зугтан гарах хэрэгтэй болдог бөгөөд бидний одоо Ариун нутаг гэж нэрлэдэг (Aбрахам 2:3–4-ийг үзнэ үү) Канааны нутагт ирж, бүхий л амьдралаа Бурханд зориулдаг. Абрахамын үр удмын үеэс хэдхэн үеийн дараа, израилчууд хэмээн нэрлэгдэж байсан тэд Сионоо алдаж мөн харь холын Египетэд боолчлогдож байсан юм (Eгипетээс гарсан нь 1:7–14-ийг үзнэ үү). Тиймээс амлалтын хүүхдүүдийг аглаг буйд руу дахин удирдан дагуулах Мосег өcгөсөн билээ.
Хэдхэн зууны дараа, тэдгээр израил гэр бүлүүдээс нэгэн гэр бүл Лихайгаар удирдуулан, Вавилоны эзэгнэлээс зугтан, хайрт Иерусалимаа орхин явахаар зарлигдуулдаг. Энэ нь дахиад л тохиолоо! (1 Нифай 2:2-ыг үзнэ үү.) Тэд огт өөр тив рүү шинэ Сионыг байгуулахаар явж байгаагаа мэдээгүй (1 Нифай 18:22–24-ийг үзнэ үү). Мөн тэдний жаредчууд гэж нэрлэгдэх өвөг эцгийн нэг бүлэгт мөн яг тэдний адил зүйл тохиолдсоныг ч тэд мэдээгүй (Eфер 6:5–13-ыг үзнэ үү).
Өөрсдийн хүссэнээр шүтэн бишрэхийн тулд төрсөн нутгаасаа зугтан гарсан хэсэг бүлгээс Америкийн колони бий болсон гэдэг нь сайн мэдээний сэргээлтийг тэмдэглэх бүгдэд сонирхолтой байх болов уу. Америкийн Пюританы бүлгийн нэгэн нэрт эрдэмтэн үүнийг Христийн шашны “аглаг буйд дахь үйлс” болон орчин үеийн израилчуудын өөрсдийгөө Эртний ертөнцөөс (Old World) чөлөөлөх гэсэн мөн шинэ газар нутагт тэнгэрийн замыг дахин хайх гэсэн хичээл зүтгэл хэмээн тайлбарласан юм1
Тэр нэгэн сүүлчийн зугталтын талаар би та нарт сануулахад энэ бол өөрсдийн бошиглогчдоор удирдуулсан, шашны өвөг дээдсийг маань удирдан залсан манай сүм байсан билээ. Иосеф Смитийг Нью Иорк, Пенсилвани, Огайо, Миссури мужуудад мөрдөн мөшгөж, эцэст нь Иллинойс мужид хөнөөснөөс хойш Израилын хүүхдүүд амар амгалангийн газрыг эрж хайх явдал хожмын өдрүүдэд дахин тохиохыг бид хардаг. Бригам Янг (1801–1877) буюу америк Мосе гэж хүндэтгэгдэн нэрлэгдэж байсан тэрбээр гэгээнтнүүдийг уулсын хөндий тийш удирдсан ба хөл нь цуцаж байсан ч тэд:
Бурханы бидэнд бэлтгэсэн газрыг бид олно,
Өрнөдийн алс холд,
Хэн ч ирж гэмтээж, айлгахгүй тийм газарт;
Тэнд л гэгээнтнүүд адислагдах болно хэмээн дуулж байжээ.2
Сион. Амлагдсан газар. Шинэ Иерусалим. Гэрээт түүхийн 4000 гаруй жилийн туршид: Зугт, эрэлхийл; явж, өөр газар оршин тогтно; Вавилоноос зугт; Сионы хамгаалалтын ханыг барь гэсэн хэв маягтай байсаар ирсэн юм.
Одоо мөн бидний өдрийг хүртэл.
Байгаа газартаа Сионыг байгуул
Манай эрин үеийн олон онцгой шинж чанарын нэг нь бидний дэлхий дээрх Бурханы хаант улсыг байгуулж байгаа байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа нь юм. Энэ үе нь агуу бөгөөд түргэн өөрчлөлтийн үе юм. Өөрчлөгдсөн нэг зүйл бол Бурханы сүм дахин хэзээ ч зугтахгүй. Энэ сүм Наувугаас болон Көртландаас мөн Англи, Иерусалим, Канаан болон Хараанаас явахын тулд тэгээд бас хаашаа явахаа мэдэхгүйгээр ахин хэзээ ч Ураас явахгүй юм.
Үгүй ээ, Бригам Янгийн бид бүгдэд хэлсэнчлэн “Биднийг хайруулын тавгаас гаргаад галд шидсэн ч галаас гаргаад өрөөний голд шалан дээр шидсэн ч бид энд байна, бид эндээ үлдэнэ.”3
Мэдээж, энэ нь дэлхий даяарх сүмийн гишүүдийн хувьд үзэл баримтлал нь болсон юм. Манай үед, энэ эцсийн өдрүүдэд бид төлөвшиж мөн зугтахаа больсон. Бид улс, үндэстэн, хэлтэн, ард түмэн болгонд өөрсдийн хөл, гэр бүл, үндэс суурийг хөдөлшгүй бат тавихаар хөгжиж төлөвшсөн. Сүм хаана байна—тэнд Сион байх болно. Энэхүү өөрчлөлтийн улмаас бид Сионыг өөрсдийн хаана амьдарч байгаагаар бус харин хэрхэн амьдарч байгаагаар боддог болсон.
Энэхүү шинэ үйл хэргийг тайлбарлахын тулд би гурван тохиолдлын талаар дурдмаар байна.
Гурван зүйлийг зааж сургасан гурван үйл явдал
1. Хэдхэн жилийн өмнө номлолоос буцаж ирсэн миний нэгэн найз Юта мужийн коллежийн сагсан бөмбөгийн багт тоглодог байсан. Тэр маш сайн залуу мөн сайн тоглодог байсан хэдий ч өөрийнхөө хүссэн хэмжээнд тоглож чаддаггүй байлаа. Түүний хамгийн сайн чадварлаг тал нь түүний багт тэр үед тийм ч хэрэгтэй байгаагүй бололтой. Тийм болохоор багийнхаа гишүүд, дасгалжуулагчийн дэмжлэгтэйгээр мөн сайныг хүссэн ерөөлтэйгөөр залуу найз маань өөр сургууль руу шилжсэн бөгөөд тэр сургуулийн багт илүү их тус дэм болох байх гэж бодож байсан аж.
Аз болоход шинэ сургуульдаа тэр удалгүй эхлэн тоглогч болсон юм. Тэгтэл юу болсон гээч? Энэ явдал болохоос хэдэн жилийн өмнө гарсан байсан хуваарийн дагуу тэрээр Солт Лэйк хотод тэр үед Дэлта төв гэж нэрлэгддэг байсан төвд өөрийн хуучин багийнхаа эсрэг тоглох болжээ.
Тэр л орой уг залууд—аравны нэгээ төлөгч, саяхан гэрлэсэн, ахлагчдын чуулгад үйлчилж, хотынхоо өсвөр үеийнхэнд энэрлийн үйлчилгээ үзүүлж мөн эхнэртэйгээ хамт шинэ үрээ хүлээж байсан түүнд хандан хэлсэн хорон гашуун үгсийг ямар ч хүмүүний хувьд хэзээ ч, хаана ч, ямар ч спорт тоглодог бай эсвэл аль ч их сургуулийнх бай, ямар ч хувийн шийдвэр гаргасан байх нь хамаагүй, хэн ч амсахгүй байх ёстой юм.
Мэргэжлийн хувьд амьд домог болсон нэгэн сонирхол татсан тоглолтын дараа энэ багийн дасгалжуулагч нь хүртэл түүнд “Юу болоод байна аа? Чи чинь энэ нутгийн, сайн явж байгаа хүү нь шүү дээ. Эд нар чинь танай хүмүүс. Тэд чиний найзууд биз дээ“ гэж хэлжээ. Гэхдээ хамгийн муухай нь гэвэл тэр бүр зориуд гайхшаа баран “Энэ хүмүүсийн ихэнх нь танай сүмийн гишүүд биш гэж үү?” хэмээн асуусан байна.
2. Би нэг гадасны 18-аас дээш насны ганц бие залуучуудын цуглаанд үг хэлэхээр уригдсан байв. Би гадасны төвийн арын хаалгаар орох үед 30 гаруй насны нэг эмэгтэй надтай зэрэг шахуу орж ирсэн юм. Цуглааны өрөө рүү шахцалдан орж байгаа хүмүүсийн дундаас түүнийг анзаарахгүй байхын аргагүй байсан. Миний санаж байгаагаар, тэр ганц хоёр шивээстэй, чих ба хамартаа цагираг зүүсэн, мөсөн чихэрт л байж болох олон өнгийн үстэй, богинохон банзал, ил задгай энгэртэй цамц өмссөн байсан.
Толгойд минь энэ эмэгтэй манай сүмийнх биш, зовж буй нэгэн байх, уригдан ирсэн юм болов уу эсвэл хэн нэгэнтэй хамт энэ цуглаанд Их Эзэний удирдамжаар ирж, түүний амьдралд сайн мэдээний өгөх амар амгаланг болон зөв удирдамжийг олох гэж хичээн ирсэн юм болов уу? Эсвэл сүмийн гишүүдийнхээ дагаасай хэмээн урамшуулдаг жишиг ба найдвараас төөрөн холдсон гишүүн ч байж магадгүй, тэгээд өнөө орой сүмийн энэ үйл ажиллагаанд ирэхээр шийдсэн юм болов уу? гэсэн бодлууд орж ирэв.
3. Хэдэн сарын өмнө Канзас хотын ариун сүмийн онцгой адислалд оролцож байх үед Либэрти Миссури гадасны дээд санваартан, цагдаагийн мэргэжилтэй Фристөүн хэмээх гайхалтай нэгэн ах Холланд эгч бид хоёрыг урьсан юм. Бидэнтэй ярьж байх хоорондоо тэрээр нэг орой уг хотын нэгэн хэцүүхэн хэсэгт гомдол гарсныг барагдуулахаар очсон тухайгаа ярьсан юм. Ор, гудас, дэр ч үгүй хоосон нэг өрөөнд 2-8 насны бололтой таван жаахан хүүхэд бөөгнөрөн, хиртэй шалан дээр унтахыг хичээж байгааг нь тоох хүн ч байхгүй, чанга дуу чимээ бүхий хөгжим хангинаж, хар тамхи үнэртсэн газар нэгэн эмэгтэй хэдэн эрэгтэйтэй хамт архидан, хараалын үгс хэлж байжээ.
Фристөүн ах гал тогооны шүүгээнүүдэд мөн хөргөгчинд ямар нэг лаазтай, савтай хоол байгаа эсэхийг үзэхэд юу ч байгаагүйгээр үл барам байрны ард хуцаж байсан нохой тэдгээр хүүхдүүдээс илүү хоолтой байсан тухай ярьсан юм.
Ээжийнх нь унтлагын өрөөнд тэр нэг зөөлөн гудас олжээ. Тэр нь уг гэрт байгаа ганц л гудас байсан аж. Тэр уг гэрээс эрж хайсаар орны даавуурхуу юм олоод гудсан дээр тавин, мөнөөх таван хүүхдийг хэвтүүлжээ. Нүдэндээ нулимстайгаар тэр өвдөг сөхрөн суугаад Тэнгэрлэг Эцэгт хандан, тэдний аюулгүй байдлын төлөө залбирч, тэдэнд сайхан нойрсоорой гэж хэлсэн байна.
Түүнийг босон, хаалга руу алхах зуур хүүхдүүдийн нэг нь болох зургаа орчим настай хүүхэд орноосоо суга үсрэн босоод түүн рүү гүйж ирэн, “Та намайг өргөөд авчих тэгэх үү?” гэж гуйжээ. Нүд дүүрэн нулимстай тэрээр уг хүүхдийг оронд нь хэвтүүлж, хар тамхи хэрэглэчихсэн байсан ээжийг нь олоод (эрэгтэйчүүд нь аль хэдийн зугтчихсан байсан) түүнд хандан, “Би маргааш буцаад ирнэ. Намайг тэр хаалгаар орж ирэх үед энэ гэрт илт өөрчлөлт хийсэн байгаарай. Тэгвэл цаашид улам их өөрчлөлт гарах болно. Би чамд амлая” гэж хэлжээ.4
Энэ гурван тохиолдол юугаараа адил вэ? Тэд Вавилоны гурван өөр жижигхэн амьдралын бодит жишээ—нэг нь сагсан бөмбөгийн тэмцээн дээрх жигшим хувийн зан чанар, нөгөө нь биднээс өөрөөр амьдардаг хүмүүстэй нүүр тулахад хувь хүнд тулгардаг соёлын бэрхшээл, гуравдахь нь маш том, илүү ноцтой асуудал байлаа.
Сургамж 1: Чи хэзээ ч шашнаа хаалганы гадна бүү орхи
Эхлээд сагсны тэмцээн дээр болсон явдлын талаарх түүхээ төгсгөе. Тэр тэмцээний маргааш нь хүмүүс дургүйцэж, уг болсон явдлаас болж уучлалт гуйхыг хүсэхэд нэг залуу үүний хариуд нь “Сонсож бай даа, бид сагсан бөмбөгийн тоглолтын талаар ярьж байна шүү. Ням гаргийн хичээлийн талаар биш. Хэрвээ чи хүмүүсийн хашгичихыг хүлээж авч чадахгүй бол битгий тогло. Бид уг тэмцээнүүдийг үзэх гэж их мөнгө төлдөг. Тэгэхээр бид хүссэнээрээ л байж болно. Бид шашнаа хаалганы гадна орхичихоод ороод ирдэг шүү дээ” гэж хариулсан байна.
“ Бид шашнаа хаалганы гадна орхичихоод ороод ирдэг шүү дээ” гэнэ үү? 21-р зуунд Сионыг байгуулах нэгдүгээр сургамж нь: Чи хэзээ ч шашнаа хаалганы гадна орхих ёсгүй.
Залуу найз нар минь, иймэрхүү шавьт ёс байж болохгүй—энэ нь шавьт ёс огтхон ч биш. Бошиглогч Алмагийн зааснаар бид “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж” (Moзая 18:9) зогсох ёстой. Заримдаа юм уу, цөөн хэдэн газарт эсвэл зөвхөн манай баг олон оноогоор хожиж байх үед гэж хэлээгүй юм шүү.
Нөхцөл байдал юм уу өдөөн хатгалга эсвэл асуудал ямар ч байсан бай Христийн жинхэнэ дагалдагч шашнаа хаалганы гадна хэзээ ч орхидоггүй юм.
Сургамж 2: Нинжин сэтгэл гарга, гэхдээ зарлигуудад үнэнч бай
Харин одоо би яриагаа цугларалт дээр харсан эмэгтэй рүү хандуулж байна. Тэр эмэгтэйд хүмүүсийн хандах хандлага ямар ч байсан гэсэн, мөнхийн хууль нь юу вэ гэвэл энэ нь бидний шашны итгэлийг болон сайн мэдээний маань амлалтыг харуулах ёстой. Тийм болохоор ямар ч нөхцөлд бидний хариулт уг нөхцөлийг дордуулах биш, дээрдүүлэх учиртай юм. Бид тэр хүнийг илүү буруутгах байдлаар үйлдэх юм уу хариу үзүүлэх ёсгүй.
Энэ нь бид өөрсдийн гэсэн бодол санаагүй мөн өөрсдийн жишиггүй байна гэсэн үг ч биш, бас амьдралын “тэгэх ёстой” эсвэл “тэгэх ёсгүй” гэдгийг бүр тоохгүй орхиж байна гэсэн үг ч биш юм. Гэхдээ энэ нь бид чадахынхаа хэрээр Аврагчийн амьдарч мөн хамгаалсны адилаар тэдгээр зарлигуудыг шударга арга замаар хамгаалан, жишгүүдийн дагуу амьдрах ёстой гэсэн үг юм. Аврагч маань нөхцөл байдлыг сайжруулахад хэрэгтэй зүйлийг хийж, үнэнийг заан, нүгэлтнүүдийг өршөөж, бүр ариун сүмийг ч ариусгаж байсан.
За тэгэхээр, ер бусаар хувцаслаж, өөрийгөө өөрөөр авч яваа тэр эмэгтэйн талаар хэлэхэд, тэр бол Бурханы охин мөн тэрээр мөнхийн үнэ цэнэтэй гэдгийг бид юун түрүүнд санах хэрэгтэй. Тэр энэ дэлхий дээр хэн нэгний охин гэдгийг бид бас эхлээд санах хэрэгтэй. Тэр сүмийн үйл ажиллагаанаас зайлсхийлгүй ирчихсэн байгаад нь бид талархаж болно. Товчоор хэлбэл, бид түүнийг байж чадах хамгийн сайн хүн болоход нь туслах чадвартай байх үүднээс өөрсдийн чадах хамгийн сайнаараа байх хэрэгтэй.
Бид: Миний хэлж мөн хийж болох хамгийн зөв зүйл юу вэ? Энэ нөхцөлийг мөн тэр эмэгтэйг эцсийн дүндээ юу дээшлүүлж болох бол? хэмээн чимээгүйхэн дотроо залбирч болно. Миний бодлоор эдгээр асуултыг асууж, Аврагчийн хийх байсан зүйлийг хийхээр хичээх юм бол Түүний “Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү” (Иохан 7:24) гэж хэлсний жинхэнэ учир утга нь гарч ирнэ.
Энэ сүм нийгмийн сайн сайхан, улс төрийн зорилго эсвэл өөр бусад шалтгаанаар хэзээ ч сургаалаа амархан болгож, бууруулахгүй. Илчлэгдсэн үнэний дээд өндөрлөг л бидэнд зовсон ядарсан нэгнийг өргөх боломж олгодог. Манай Христийн шашны үндсэн чанар, шаардлага болох бидний нинжин сэтгэл ба хайраас болж бид хэзээ ч зарлигуудыг зөрчиж болохгүй.
Бид ардчилсан нийгэмд нийгмийн нарийн ширийн асуудалтай тулгарахад энэ нь маш бэрхшээлтэй, зарим хүмүүст бүр ойлгохын аргагүй мэт санагдаж болно. Залуучууд “Бид ийм байдлаар амьдарч мөн ингэж биеэ авч явах ёстой гэдэгт итгэдэггүй, гэхдээ бид яагаад бусдыг өөрсөдтэйгөө адил байлгах ёстой юм бэ? Тэд өөрсдийн гэсэн сонгох эрх чөлөөтэй биз дээ? Бид бусдад өөрсдийн сүсэг бишрэлийг тулгаж, тэднийг тодорхой байдлаар, яг ингэж биеэ авч явах хэрэгтэй гэж шаардаж байна гэдэг чинь өөрсдийнхөө зөв гэдэгт л итгэж, шүүж байгаа хэрэг биш үү?” гэж асууж болох юм.
Иймэрхүү нөхцөл байдалд та нар зарим зарчмуудыг яагаад хамгаалдаг мөн зарим нүглийг хаана ч байсан гэсэн яагаад эсэргүүцдэг талаар эелдгээр тайлбарлах хэрэгтэй. Учир нь холбогдох хууль, нөхцөлүүд нь зөвхөн улс төр, нийгмийн асуудал биш харин мөнхийн үр дагавартай байдаг. Биднээс өөр сүсэг бишрэлтэй хүмүүсийг гомдоохыг хүсэхгүй байгаа ч Бурханыг гомдоохгүй байхыг л бид илүү ихээр хүсч байна.
Энэ нь нэг өсвөр насны хүүхэд “Би одоо автомашин жолоодож чадаж байгаа, улаан гэрэл дээр зогсох ёстой гэдгээ ч мэднэ, гэхдээ бид үнэхээр бусдыг шүүн, бусад бүх хүнийг улаан гэрэл дээр зогсоохыг хичээх ёстой юу? Хүн болгон бидний хийдэг зүйлийг хийх ёстой юу? Бусад хүмүүст ч гэсэн сонголт байдаг юм биш үү? Тэд бидэнтэй адил биеэ авч явах ёстой юу?” гэж хэлж байгаатай ойролцоо юм. Тэгээд түүнийхээ учрыг тайлбарлах хэрэгтэй бөгөөд бүх хүнийг улаан гэрэл дээр зогсоосой гэж бид найддаг. Тийм ээ, тэд өөрсдийн гэсэн ёс суртахууны сонгох эрх чөлөөтэй болохоор гэмтэй тэдгээр хүмүүсийг эсвэл биднээс өөр итгэл бодолтой тэднийг бид буруушаалгүйгээр үүнийг хийх хэрэгтэй.
Энэ дэлхий дээр янз бүрийн сүсэг бишрэл байгаа мөн хүн бүр ёс суртахууны хувьд сонгох эрх чөлөөтэй, гэхдээ бидний хэн нь ч Бурхан энэ тухайд үл дуугардаг мэтээр эсвэл нийтээрээ санал нийлж байгаа үед л зарлигуудыг дагах ёстой мэтээр хандаж болохгүй. Энэ 21-р зуунд бид энэ дэлхийгээс зугтаж чадахгүйгээс хойш, шашнаа чөлөөтэй шүтэх эрх чөлөөг олгодог хууль, нөхцөл байдал, орчин тойрны төлөө бид тэмцэх ёстой. Энэ нь Вавилонд байгаа ч гэсэн, тэндхийнх биш мэт байх нэг арга юм.
Зугтах ч аргагүй энэ дэлхий дээр бид дэлхийд харуулахын тулд Бурханы зарлигласнаар, түүний өгсөн хуулийн дагуу ёс суртахууны жишгээ хадгалж, тэрхүү болгоомжтой замаар алхахдаа нинжин сэтгэл, хайр энэрэл, харилцан ойлголцлоор хийхээс илүү чухал, илүү шударга зарчимч байдлыг би мэдэхгүй.
Сургамж 3: Нийгэм, улс эх орныхоо сайн сайхны төлөө сайн мэдээний үнэ цэнийг ашигла
Бидний олон нь цагдаа юм уу нийгмийн ажилтан эсвэл шүүхийн ширээнд суух шүүгч болохгүй ч бид бүгдээрээ бусдын сайн сайхны төлөө мөн нийгмийнхээ ёс суртахууны аюулгүй байдлын талаар санаа тавьж байх хэрэгтэй. Хоёр жилийн өмнө Ерөнхий чуулган дээр Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк энэ талаар:
“Бид гэр бүлээ хамгаалахаас гадна өөрсдийн нийгмийг хамгаалах гэрлийн эх үүсвэр нь байх хэрэгтэй. Аврагч “Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” хэмээн хэлсэн гэж хэлжээ. …
“Шударга бус байдал өсөн нэмэгдэж байгаа энэ дэлхийд шашны итгэл дээр үндэслэсэн үнэ цэнэ бүхий зүйлс ард түмний талбай дээр [ил тод] байх нь их чухал юм. …
“Шашны итгэл бол гэрэл, мэдлэг, мэргэн ухааны эх үүсвэр бөгөөд нийгэмд маш чухал ашиг тус үзүүлдэг.”5
Хэрвээ бид сайн мэдээний адислалуудыг нийгэмдээ мөн орон нутагтаа авчрахгүй юм бол, үнэндээ бидэнд ёс суртахуунт зан байдлыг албадаж чадах хангалттай олон цагдаа—хангалттай олон Исаак Фристөүнтэй байхгүй байхсан. Энэ нь ч тийм биш. Тэр гэрт байсан хоол хүнс, хувцас хунаргүй хүүхдүүд бол Бурханы охид, хөвгүүд юм. Тэр ээж тэднээс ахмад болохоор илүү буруутай, илүү хариуцлагатай байх ёстой боловч тэр ээж ч гэсэн Бурханы охин юм. Тиймэрхүү нөхцөл байдал нь хуулийн дагуу хатуу байхыг зүй ёсоор шаардаж болох хэдий ч бид чадах үедээ, чадах газраа тэдэнд туслахыг хичээж байх хэрэгтэй. Учир нь зарим хаалга хэчнээн найдваргүй, онцгүй байсан ч бид өөрсдийн шашныг хаалганы гадна орхидоггүй юм.
Үгүй ээ, бид бүгдийг хийж чадахгүй, гэхдээ л бидэнд хийж чадах зүйл бий. Бурханы дуудлагад хариулан, Израилын хүүхдүүд энэ удаад Вавилоноос зугтахгүй, харин дайрч гаран, үүнийг хийх хүмүүс нь юм. Бид хэт гэнэн байлгүйгээр, бусдыг болон өсөж буй үеийнхнээ хамгаалж, хөршүүдээ адислан мөн гэр бүлүүдэд туслах янз бүрийн боломжийг эрж олон, шашнаа өргөн хүрээнд тууштайгаар даган амьдарч чадна.
Есүс Христэд хайраа харуул
Хожмын үеийн гэгээнтнүүд нь талхны хөрөнгө, амтаа алдаагүй давс байж, торхны доор нуух бус харин толгод дээр тавих ёстой гэрэл байхаар дуудагдсан. Тийм болохоор, танилцуулаад байгаарай!
Бид зөв зүйлийг ярьж, зөв зүйл хийж, үйлс үгээрээ өгөөмөр хандах юм бол Аврагч Өөрийн ажлыг зөв шударгаар яаравчлах үед мөн төгсгөл ирлээ гээд Өөрийн алдар суунд ирэх үед Тэрээр биднийг – таныг, намайг, бид бүгдийг чадах бүхнээ хийн, сайн мэдээний дагуу амьдрах гэж мөн өөрсдийн амьдрал, сүм, нийгмээ чадахын хэрээр дээшлүүлэх гэж хичээж байгааг маань олж харах болно.
Түүнийг ирэх үед би аль болох сайн мэдээний дагуу амьдарч байхыг хүсч байна. Итгэлээ түгээж, ямар нэгэн сайн зүйлийг хийж байхад маань гайхшируулан ирээсэй гэж би хүсч байна. Аврагч маань надад хандан, “Жэффри, би чамайг албан тушаалаар чинь биш, харин амьдралаар чинь, хэрхэн амьдрахыг хичээж байгаагаар чинь, хадгалан хамгаалахыг хичээж байгаа жишгээр чинь таньж байна. Би зүрх сэтгэлийн чинь үнэнч байдлыг харж байна. Чи хамгийн эхлээд, юуны түрүүнд өөрийгөө сайжруулахыг хичээсэн, тэгээд өөрийнхөө хэмжээнд хамгийн хүнлэг байдлаар бусдад миний үгсийг тунхаглаж мөн миний сайн мэдээг хамгаалсан” гэж хэлээсэй гэж би хүсч байна.
Тэрээр “Чамайг өөрийнхөө хийсэн гэм нүглийн хувьд эсвэл бусдын нөхцөл байдлын тухайд дандаа амжилттай байгаагүй гэдгийг чинь мэднэ. Гэхдээ чамайг чин сэтгэлээсээ хичээсэн гэдэгт би итгэж байна. Чи зүрх сэтгэлдээ намайг үнэхээр хайрладаг байсанд чинь би итгэж байна” хэмээн хэлэх болно.
Би энэ мөнх бус амьдралд юунаас ч илүү тийм л нэг явдал тохиогоосой. Надад ч, та нарт ч бид бүгдэд тийм зүйл тохиолдоосой гэж хүсч байна. Жижиг, том аль ч зүйл дээр хувь хүнийхээ хувьд Есүс Христийн сайн мэдээг дагаж амьдар хэмээн; тэгээд бас та нартай яг адил харагдаж, хувцаслаж, биеэ авч явдаггүй тэдэнд гар сунган, болж өгвөл өөрийн чадах нөхцөл байдлаар үйлчлээрэй хэмээн—“Ай Израил, Бурхан дуудаж байна.”6
Би Их Эзэн, Есүс Христэд хайртай бөгөөд Түүний үйлчлэгч болохоор хичээж байгаа. Хүүгээ бидэнд өгөх хэмжээнд биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгт би хайртай. Энэхүү бэлгийн хувьд, Бурхан энэхүү хожмын өдрүүдэд Израилыг дуудаж байгаа бөгөөд Тэрээр биднийг Сионыг байгуулж, сайн мэдээний дагуу амьдрах шийдэмгий байдалдаа Христтэй илүү адил болж, одоо байгаагаасаа илүү ариун байгаасай хэмээн хүсэн хүлээдэг. Биднийг гуйвал Тэрээр бидэнд үнэн шавь нар нь байх хүч чадал болон ариун байдлыг өгнө гэдгийг би бас мэднэ.