Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг
Ажлыг яаравчлуулах нь
Сэргээгдсэн сүм 100 гадастай болох үедээ 98 настай байсан гэдгийг та нар мэдэх үү? Гэхдээ гуч хүрэхгүй жилийн дараа гэхэд сүм хоёр дахь 100 гадсыг зохион байгуулсан байсан. Үүнээс ердөө наймхан жилийн дараа сүм 300 гаруй гадастай болсон байна. Өнөөдөр бид 3000 гаруй гадастай болж, илүү хүчирхэгжээд байна.
Яагаад ийм хурдацтай өсөж байна вэ? Энэ нь бид илүү сайн танигдсан учраас уу? Аль эсвэл бид хараа булаам сайхан сүмийн барилгуудтай учраас тэр үү?
Эдгээр нь чухал зүйл боловч сүм өнөөдөр өсөн тэлж байгаагийн шалтгаан нь Их Эзэн Сургаал ба Гэрээнд “Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно” хэмээн хэлсэн учраас тэр юм.1
Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдийн хувьд бид энэ агуу ажлыг яаравчлуулахад оролцохоор энэ цаг үед дэлхий рүү илгээгдсэн юм.
Түүний ажил мөнх бус байдлаар хязгаарлагддаг хэмээн Их Эзэн хэлж байсныг би санахгүй байна. Харин Түүний ажил мөнх оршихуйг бүрхдэг. Тэрээр сүнсний дэлхийд Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа гэдэгт би итгэдэг. Мөн Их Эзэн тэнд буй үйлчлэгчдээрээ дамжуулан сайн мэдээг хүлээн авахад олон сүнсийг бэлтгэж байгаа гэдэгт би итгэдэг. Бидний ажил бол нас барагсдаа эрж хайн, ариун сүмд очиж, хөшигний цаана байгаа хүмүүст бидэнд байгаатай адил тэгш боломжийг авчрах ариун нандин ёслолуудыг гүйцэтгэх явдал юм.
Сүнсний дэлхийд байгаа сайн хожмын үеийн гэгээнтэн бүр завгүй байгаа гэж ерөнхийлөгч Бригам Янг хэлжээ (1801–1877). “Тэд тэнд юу хийж байгаа вэ? Тэд номлож байгаа, цаг үргэлж номлож мөн ариун сүмүүдийг энд болон газар сайгүй барих ажлыг яаравчлуулахад бидэнд туслах арга замыг бэлтгэж байгаа.”2
Гэр бүлийн түүхийн ажил нь амархан биш юм. Скандинаваас ирсэн хүмүүсийнхтэй адил бухимдал надад ч байдаг. Жишээлбэл, швед гаралтай өвөөгийн маань нэр Нэлс Монсон байсан ба харин түүний аавын нэр Монсон биш харин Монс Окесон байсан. Монсын аавын нэр Окэ Пэдэрсон, түүний аавын нэр Петр Монсон гээд буцаад Монсон болж эхэлж байна.
Их Эзэн та нарыг болон намайг гэр бүлийн түүхийн ажлаа сайн хийгээсэй хэмээн хүсэн хүлээдэг. Өөрсдийнхөө ажлыг сайн хийхийн тулд бидний хамгийн эхэлж хийх ёстой зүйл бол Тэнгэрлэг Эцэгийн Сүнстэй хамт байх явдал гэж би бодож байна. Бид хэрхэн амьдрахаа мэддэг шигээ зөв шударга амьдрах юм бол Тэрээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ бидний эрэлхийлдэг адислалуудыг хүлээн авах арга замыг нээж өгөх болно.
Бид алдаа гаргах болно, гэхдээ бидний хэн нь ч алдаа гаргахгүйгээр гэр бүлийн түүхийн мэргэжилтнүүд болж чадахгүй. Тиймээс бид нэлээн өгсүүр авиралтад бэлтгэж, энэ ажилд ханцуй шамлан орох ёстой. Энэ нь амар ажил биш ч гэсэн Их Эзэн үүнийг та нарт ч, надад ч мөн даалгасан билээ.
Гэр бүлийн түүхийн ажилд шаргуу оролцох үед та нарт арга мухардах үе ирэх бөгөөд тэр үед та нар өөрсдөдөө “Миний хийж чадах зүйл дууслаа” хэмээн хэлэх болно. Та нар ийм үе ирэхэд өвдөг сөгдөж, Их Эзэнээс арга зам нээж өгөхийг хүсвэл Тэрээр та нарын төлөө үүнийг нээж өгөх болно. Энэ нь үнэн гэдгийг би гэрчилж байна.
Тэнгэрлэг Эцэг таныг мөн намайг хайрладаг шигээ сүнсний дэлхий дэх Өөрийн хүүхдүүдийг ч бас хайрладаг. Нас барагсдаа аврах ажлын талаар бошиглогч Иосеф Смит “Одоо Бурханы агуу зорилгууд биелэлт рүүгээ яаравчилж, бошиглогчдоор яригдсан зүйлүүд гүйцэлдэж мөн Бурханы хаант улс газар дэлхий дээр байгуулагдан, зүйлүүдийн эртний дэг жаяг сэргэж буй энэ үед Их Эзэн бидэнд энэ үүрэг ба онцгой эрхийг үзүүллээ” хэмээн хэлжээ.3
Сайн мэдээний мэдлэггүйгээр нас барсан бидний өвөг дээдсийн талаар ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918) “Тэдний төлөөх бидний хүчин чармайлтаар тэдний боолчлолын гинж мултран унаж, тэднийг хүрээлсэн харанхуй арилан, гэрэл тэдний дээр гийж мөн сүнсний дэлхийд хүүхдүүдийнх нь тэдний төлөө хийсэн ажлын тухай тэд сонсож, эдгээр үүргүүдээ биелүүлэхэд тань та нартай хамт баясах болно” хэмээн хэлжээ.4
Нас барж, сүнсний дэлхий рүү явахаасаа өмнө Христийн нэрийг хэзээ ч сонсож байгаагүй Тэнгэрлэг Эцэгийн сая сая сүнсэн хүүхэд бий. Харин тэд одоо сайн мэдээг заалгасан ба та биднийг эрэл хайгуул хийн, Их Эзэний өргөөнд очиж; биднийг өөрсдийнх нь төлөө, хийж чадахгүй ажлыг нь хийхийг хүлээж байгаа билээ.
Ах, эгч нар аа, бид энэхүү ажлыг хүлээн авч мөн хариу үйлдэл хийх үед Их Эзэн биднийг адислах болно гэдгийг би гэрчилж байна.