2014
Та Мормон уу?
2014 оны зургаадугаар сар


Та Мормон уу?

АНУ, Хойд Каролина, Кэрол А.Боус

Би гэрээсээ хол ажлын шугамаар олон улсын нэгэн чуулганд оролцож байв. Хэдэн зуун хүн оролцсон боловч би муж, бүс нутгаасаа ганцаараа оролцсон юм.

Нэг орой бүх оролцогчид зориулсан оройн хоол боллоо. Бид зоогийн танхимд ороод согтууруулах ундаа үнэгүй захиалах дөрвөн тасалбар хүлээн авав. Гэрээсээ хол байгаа хүний хувьд энэ боломжинд уруу татагдах нь маш амархан бөгөөд нэг ч хүн энэ талаар мэдэхгүй шүү дээ гэсэн бодол надад төрж билээ. Гэвч энэ нь хоромхон зуурын бодол байсан бөгөөд би тасалбаруудыг хаалган дээр зогсож байсан хүнд буцааж өгсөн юм.

Энэ оройн хоолны үеэр би үл таних долоон хүнтэй хамт нэг ширээнд суусан. Бид хоол идэн, инээлдэж мөн ажилд маань тус болох мэдээлэл солилцох үедээ би ус л ууж байлаа.

Маргааш өглөө нь би нэг ширээнд сууж байсан залуутай тааралдаж, мэндэллээ. Түүний нэрийн тэмдгийг хараад түүнийг миний төрсөн хотоос ирсэн болохыг мэдээд миний сэтгэл их хөдлөв. Би төрсөн хотоосоо гараад 35 жил болж байна. Би ахлах сургуулиа төгссөний дараа их сургууль, гэрлэлт гэх мэт зүйлүүдээс болж гэрээсээ өөр тийшээ нүүсэн юм.

Бид хоёр мэддэг газар, болсон үйл явдлуудын талаар ярилцах зуур тэрээр гэр бүлийг маань тэр хотдоо одоо болтол байдаг эсэхийг асуув. Тэнд гэр бүлээс маань хүн байхгүй боловч миний олон сайн найз байдаг ба тэдэнтэйгээ одоо болтол холбоотой байдгаа би түүнд хэлэв. Тэр найзуудын маань нэрийг асууж, би тэдний заримыг нь нэрлэж эхлэв.

Эхний хэдэн хүний нэрийг хэлсний дараа тэр намайг түр зогсоогоод “Байзаарай, та Мормон уу? Таны нэрлэсэн хүмүүс бүгд мормончууд” гэж хэллээ.

Намайг хожмын үеийн гэгээнтэн гэдгээ хэлэхэд тэр миний найзуудыг ямар сайн иргэд болохыг мөн тэд амьдарч буй газартаа үйлчилж, бүх хүнд сайн жишээ үзүүлдэг тухай надад хэлсэн юм. Хэсэг хормын туршид тэрээр сүмийг болон миний найзуудыг үнэлж явдгаа, тэдгээр нь нийгэм дэх сайн сайхан зүйлүүдийн төлөө хэрхэн бат зогсож байсан тухай надад хэлсэн юм.

Бид салцгаах үед хэрэв би согтууруулах ундаа уух тасалбаруудыг хэрэглэхээр шийдсэн байсан бол юу болох байсан бол гэдэг бодол надад төрж байлаа. Миний нэр дурдсан хүмүүс надад зөвийг сонгохыг заасан. Хэрэв би тасалбаруудыг ашигласан байсан бол би өөрийгөө сүмийн гишүүн гэж хэлэхээсээ эвгүйцэж мөн ичих байсан.

Хүүхэд ахуй үеийн минь гэрээс 2 000 бээр (3 220 км) зайд, 35 жилийн дараа зохистой, идэвхтэй, бусдад үйлчилдэг тэдгээр найзуудынхаа жишээнд би хэчнээн их талархалтай байна вэ.