2014
Булшны чулуун дээр үлдээсэн миний зурвас
2014 оны зургаадугаар сар


Булшны чулуун дээр үлдээсэн миний зурвас

АНУ, Калифорни, Мариан Чаплин Стовалл

2003 оны зун би АНУ-ын Мичиганд элэнц нагац Робэрт Холлын талаар судалгаа хийж байсан юм. Аялалынхаа төгсгөлд би 20 жилийн өмнө очиж байсан оршуулгын газартаа дахин очлоо.

Өмнө нь энд ирэхдээ би Холл гэсэн нэртэй нэгэн булшны чулуун дээр цэцэг байхыг анзаарч билээ. Энэ удаад би зурвас бичиж, түүн дээрээ он, сар, өдрөө бичээд зурвасаа ус борооноос хамгаалахын тулд гялгар хавтсанд хийв. Тэгээд би Робэрт Холлын талаар илүү ихийг мэдэж авахад минь тусалж чадах хэн нэгэн хүн зурвасыг олох байх гэж найдан залбирч, зурвасаа булшны чулуун дээр орхиж билээ. Калифорни дахь гэртээ буцаж ирэх үед надад найдлага байсан ч зурвасны талаар ямар нэг сураг ирнэ гэдэгт эргэлзэж байв.

Долоо хоногийн дараа би холын үеэл Дэкэ Бэнтлигээс нэг захидал хүлээн авсан юм.

Тэрээр “өчигдөр надад нэг хачин зүйл тохиолдлоо” гээд “15:00 цагт би гүзээлзгэнэ худалдаж авахаар явж байснаа гэнэт Плэйнс Рөүд оршуулгын газарт очиж, өвөг дээдсийнхээ булшийг үзэхээр шийдсэн. Би хэдэн жилийн турш тэнд очоогүй. Булшнуудын хажууд чиний ил захидал байсан” гэж бичжээ.

Намайг зурвас үлдээсэн тэр өдөр Дэкэ оршуулгын газарт очсон юм. Би тэр даруй түүн рүү утасдсан. Ярилцаж байх үедээ би түүнийг оршуулгын газраас 50 бээр (80 км) зайд орших Хиллсдэйл гэдэг газар амьдардаг болохыг нь олж мэдэв.

Хэдэн сарын дараа би Дэкэтэй уулзахаар Мичиган руу яаран явсан. Түүний байшингийн эсрэг талд хамаатнуудынх нь оршуулга байдаг гэж тэр хэлсэн ба намайг тийшээ явах хүсэлтэй байгаа эсэхийг асуув. Тэр оршуулгын газарт Холл гэсэн нэртэй дөрвөн булшны чулуу байгаа бөгөөд тэдний хоёрынх нь талаар юу ч мэдэхгүй гэдгээ тэрээр хэллээ.

Оршуулгын газарт Дэкэ надад булшны чулуунуудыг үзүүлэхэд түүний мэдэхгүй хоёр нэр байсан нь Мартин ба Анна Холл гэсэн хүмүүс байлаа. Би удмын бичгээ авчраагүй байсан ч Мартин Холл гэдэг хүний талаар мэдээлэл хайж байснаа тод санаж байв.

Бид Мартины нас барсан тухай баримтаас эцэг эхийнх нь нэрийг олох байх гэж найдан, тэр газрын шүүх байгууллагын ажил тарахаас өмнө яаран очлоо. Энэ нь олдсон юм! Робэрт Холл бол Мартины аав байсан байна! Удаан үргэлжилсэн эрэл хайгуул маань дууссан гэдгийг Ариун Сүнс надад баталж өглөө.

Робэрт Холлын мэдээллийг олсон нь “бараг сүнслэг” зүйл боллоо гэж сүмийн гишүүн бус Дэкэ хэлсэн. Сүнс намайг удирдсан гэдгийг би мэдэж байсан учраас инээмсэглэв.

“Чи зурвасаа 20 жилийн өмнө энд үлдээгээгүйдээ сэтгэл дундуур байсан байж болох юм, гэхдээ би гуравхан жилийн өмнө л Хиллсдэйл рүү нүүж очсон шүү дээ” гэж Дэкэ хэлэв.

Энэ туршлага нь миний хувьд сургамжтай үйл явдал байсан ба гэр бүлийн түүх бол үнэхээр Бурханы ажлын нэг хэсэг, Тэрээр биднийг зөв шударга хичээл чармайлтаар маань дамжуулан удирддаг гэдгийг ойлгуулсан.