Асуулт, хариултууд
“Би ариун ёслолын үед юуны тухай бодож байх хэрэгтэй вэ?”
Хэдийгээр бид ямар ч цагт мөн бүх зүйлд, мөн өөрийн байж болох хаана ч гэсэн (Мозая 18:9) Есүс Христийн гэрчлэгч болж зогсдог ч гэсэн заримдаа бидний эргэн тойронд байдаг дэлхийн нөлөөнүүд бидний анхаарлыг татдаг. Ариун ёслол нь бидэнд ямар ч саад болох зүйлгүйгээр бодол санаагаа Аврагч дээр төвлөрүүлэх боломжийг олгодог.
Ариун ёслолын турш та ёслолын утга учир болон сайхан зүйлийнх нь тухай бодож болно. Аврагчийн бие болон цусыг төлөөлсөн бэлэгдлийг хүртэх нь түүний хязгааргүй ба цагаатгагч золиослолыг тунгаан бодоход тань тусалж чадна. Та ариун ёслолоос хүртсэнээрээ баптисмын гэрээгээ шинэчилж байдаг. Тэгснээрээ та Түүнийг үргэлж дурсан санаж, Түүний зарлигуудыг дагана гэдгээ өөртөө дахин амладаг.
Та өөрийгөө сүнслэгээр бэлдсэнээр ариун ёслолд оролцох оролцоогоо сайжруулж чадна. Аврагчийн золиослолд болон өөрийнхөө шавийн байдалд анхаарал төвлөрүүлэхэд тань тусалж чадах Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс эсвэл судрын хэсгүүдээс долоо хоногийн турш судалж үзэх талаар бодоорой. Ариун ёслолын дуулал болон залбирлуудын туршид дууны үгсэд болон сонсож байгаа үгсдээ анхаарлаа төвлөрүүлж, тэдгээрийн утгын талаар тунгаан бод.
Ариун ёслолын дундуур Есүс Христтэй илүү адил болохын тулд өөрийнхөө хувийн амьдралд хийж байгаа өөрчлөлтүүдийн тухай бодох цаг гарга. Ариун ёслолоос зөв зохистой хүртсэний дараа та баптисм хүртэх үедээ мэдэрсэн шиг тийм цэвэр ариун байдлыг мэдрэх болно.
Бодол санаагаа Цагаатгал руу чиглүүл
Ариун ёслолын туршид миний бодол санаа Есүс Христ болон түүний Цагаатгал руу чиглэдэг. Есүс Христийн Цагаатгалын тухай бодох үедээ ариун ёслолын турш мэдэрдэг мэдрэмжээ илэрхийлэх нь надад амаргүй байдаг. Есүс Христ бидний Гэтэлгэгч болохоор сонгогдсон гэдгийг би мэднэ. Тэр амьд гэдгийг би мэднэ.
Бүгд Найрамдах Конго Улс, Браззавилль, Нифай Б., нас 20
Есүс Христийн тухай бод
Ариун ёслолын турш хийсэн алдаануудаа наманчилж болохын тулд Аврагч юуг туулсан тухай би боддог. Мөн түүнчлэн надад өгсөн Түүний бүх адислалын тухай, Түүний хийсэн ба хийх гайхалтай гайхамшгуудын тухай боддог. Бид ариун ёслолыг хүртэх боломжоор адислагдсан. Тэгснээрээ бид нүглүүдээ наманчилж, илүү сайныг хийхээр болдог.
АНУ, Юта, Анди Б., нас 13
Ариун ёслолын дууллуудын үгсийг тунгаан бод
Ариун ёслолын дууллууд нь бидэнд ариун ёслолын турш юу бодох ёстой талаар заадаг. Жишээлбэл, Миний дуртай ариун ёслолын дуу болох “Аврагчаа, даруу төлөвөөр” (Сүмийн дуулал, хуудас 26) дуун дээр “Амиа өргөн, цусаа урсган, Калварт загалмай дээр Та эгэл миний өмнөөс зовсныг эгнэгт санаж явъя би” гэсэн байдаг. Ариун ёслолын турш ариун ёслолын дууллуудын үгсийг санах нь надад амар тайвныг мэдрэхэд тусалдаг ба Есүс Христийн Цагаатгалд талархах талархлыг минь нэмэгдүүлдэг.
Канад, Алберта, Остин Б., нас 15
Дурсан сана бас тань
Ариун ёслолын зорилго нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ хийсэн гэрээгээ шинэчлэхэд болон бид наманчилснаар нүглүүдээсээ ангижрахад оршдог. Ариун ёслолын турш бид Христийн бидний төлөөх золиослолыг дурсан санадаг ба түүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар тунгаан боддог. Өнгөрсөн долоо хоногийн туршид хийсэн зүйлийнхээ талаар болон Эцэгтэйгээ хийсэн гэрээгээ хэр сайн дагасан талаар би бодохыг хичээдэг. Би хийсэн нүглүүдээ ухаардаг ба тэдгээрийг наманчлахын тулд Цагаатгалыг хэрхэн ашиглах талаар боддог. Ингэснээр ариун ёслол нь миний хувьд урам өгсөн, сүнслэгээр хүчирхэгжүүлсэн туршлага болдог.
АНУ, Аризона, Абагэйл П., нас 14
Бодол санаагаа дэмий зүйлээр бүү сарниул
Ням гараг бүр ариун ёслолын дундуур гаргаж ирдэг жижигхэн карт миний судрын завсар байдаг. Энэ нь Алма баптисмын гэрээг тайлбарладаг Мозая 18-р бүлгийн номын хавчуурга юм. Энэ карт дээр “Цагаатгалд талархалтай бай” гэх мэт ариун ёслолын зорилгыг болон ариун байдлыг сануулахад тусалдаг жижигхэн зурвас үгс бичигдсэн байдаг. Эдгээр зурвас үгсийг уншсанаар бодол санаагаа ариун ёслолын зорилгод болон түүнийг ариун байлгахад төвлөрүүлэхэд минь тусалдаг.
АНУ, Техас, Алиша М., нас 19
Сүүлчийн зоогийг дурсан сана
Бид Есүс Христийн цагаатгагч золиослол, Түүний бие болон цусыг төлөөлсөн бэлгэдлийг зохистойгоор хүртэх нь чухал болох тухай бодох ёстой. Түүнчлэн бид Түүнийг арванхоёр дагалдагчтайгаа хамт талх ба дарсыг адисалсан үеийн тухай бодож болно.
Мексик, Морэлос, Ионас А., нас 18
Гэрээнүүдээ тунгаан бод
Бага байхдаа ариун ёслолын турш би хэрхэн чимээ гаргахгүй байх вэ гэдэг ганц л зүйл боддог байсан. Одоо би санваартан бөгөөд ариун ёслол нь утга учиртай, намайг сүнслэгээр өсгөдөг учраас би ариун ёслолын туршид тунгаан бодох хэрэгтэй гэдгийг ойлгодог. Аврагчийн Цагаатгалыг болон бидэнд хэрхэн хайраа үзүүлсэн тухай би боддог. Мөн түүнчлэн би ариун ёслолоос хүртсэнээр итгэл минь хэрхэн хүчирхэгждэг тухай болон баптисмын гэрээгээ биелүүлэх хүслээ хэрхэн нэмэгдүүлэх талаар боддог.
Нигери улс, Абужа, Ливай Ф., нас 19
Адислалуудынхаа төлөө талархлаа илэрхийл
Ариун ёслолын турш бид бидний төлөө хийсэн Аврагчийн золиослол ямар агуу байсан талаар бодох ёстой ба зүрх сэтгэлдээ талархлаар дүүрэн байх ёстой. Би ариун ёслолоос хүртэхдээ Тэнгэрлэг Эцэг, Түүний хайрт хүү Есүс Христийн төлөө болон хүлээн авсан адислалуудынхаа төлөө талархдаг.
Бразил, Парайба, Элэн С., нас 16