2014
Эцэг эх байх нь мөн бүх зүйлээ салгах нь
2014 оны зургаадугаар сар


Эцэг эх байх нь мөн бүх зүйлээ салгах нь

Аврагч: “Бяцхан үрсээ болгоогтун” гэсэн гурван энгийн үг хэлсэн байдаг. Нифайчууд хүүхдүүд рүүгээ харцаа чиглүүлэв. Үүний дараа болсон явдал нь бүх сударт гардаг хамгийн ариун нандин үйл явдлуудын нэг юм. (3 Нифай 17:23–24-ийг үзнэ үү.)

Би ууган охиноо төрүүлсний дараа “болгоох” гэдэг зүйлийг анх удаа биеэрээ үзсэн юм. Түүний туниа муутай, тасралтгүй уйлах дуу намайг шөнө дундын үед сэрээсэн бөгөөд түүнийг хооллохоор намайг зэхэж байх үед энэ явдал болсон юм. Охин минь нүдээ том гэгч нь нээгээд хэсэг хугацаанд миний нүд рүү эгцлэн ширтэв. Охин бид хоёр анх удаа нэг нэгнээ үнэхээр “болгоох” тэр мөчид би бидний хооронд мөнхөд үргэлжлэх харилцааны талаар ямар нэг зүйлийг мэдэрсэн юм.

Нейробиологийн судалгаагаар эцэг эх ба хүүхдийн хоорондоо бие биенээ ширтэлцэж, “болгоохын” чухал ач холбогдлыг баталсан юм. Доктор Аллан Н.Шорын хэлснээр, үггүй харилцааны хэлбэр болох “харилцан ширтэлцэх” нь нялх хүүхдийн уураг тархины зөв хөгжилд зайлшгүй чухал байдаг байна.1 Хойшид ч энэ харилцаа өсөж буй хүүхдийн оюун ухаан, зүрх сэтгэлд болон сүнсний хөгжилд амин чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.

“Болгоох” гэдэг нь хайнга, хальтхан, зэрвэс харах явдал биш юм. Энэ нь хэн нэгэн хүнтэй зүрх сэтгэл болон оюун санаагаараа хамт байх явдал мөн. Энэ нь “Би чамайгаа харж байна. Чи бол миний хувьд хамгаас чухал” гэх төвлөрсөн анхаарал юм.

Өнөөгийн эцэг эхчүүдийн хувьд энэ төрлийн болгоох үйлдэл нь тэднийг зурагтныхаа дэлгэцээс холдож мөн бусад электрон хэрэгслүүдээ зориудаар салгахыг олонтоо шаарддаг. Үүний тулд бид утасныхаа мессэжийг эсвэл фэйсбүкийнхээ постуудыг харах гэсэн уруу таталтыг эсэргүүцэх хэрэгтэй болж магадгүй. Энэ нь мэдээллийн хэрэгсэл ашиглах сайтар бодож боловсруулсан хувийн болон гэр бүлийн дүрмийг бий болгох, өдөр бүр гэр бүлдээ мөн бие биедээ зориулдаг ариун нандин цагийг хамгаалах хил хязгааруудыг тогтоох зэрэг үйлдлүүдийг шаардаж болно.

Бид бяцхан үрсээ илүү бүрэн дүүрнээр мөн илүү ойр ойрхон болгоохыг хичээснээрээ хүүхдүүдийнхээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг сайжруулж, бие биетэйгээ харьцах харилцаа холбоогоо баяжуулан, хүүхдүүдийнхээ зүрх сэтгэл рүү өнгийж харах тэдгээр ариун нандин мөчүүдтэй илүү ихээр учрах болно.

Эшлэлүүд

  1. “Relational trauma and the developing right brain: The neurobiology of broken attachment bonds (Баруун тархийг хөгжүүлэх нь ба хамаарал бүхий гэмтэл: Салангид хэлхээ холбооны нейробиолог),” in Tessa Baradon, ed., Relational Trauma in Infancy (2010), 19–47-г үзнэ үү.

Гэрэл зураг чимэглэлийг Дэвид Стокэр