Сайн мэдээг интернэтээр хуваалцах нь
Энэ өгүүллийг бичигч Филиппиний Метро Манилад амьдардаг.
Би итгэдэг зүйлээ мэддэг байсан ч сүмийн талаар мэтгэлцээний багийн асуудаг бүх асуултад хариулахдаа сандардаг байлаа.
Би сайн мэдээг найзуудтайгаа хуваалцахдаа үргэлж зоригтой байдаг байгаагүй. Тэдний олонх нь манай шашны талаар мэддэг байсан ч би гэрчлэлээ хуваалцахын тулд хэзээ ч илүү зүйлийг хийж байгаагүй. Гэсэн хэдий ч хэн нэгэн нь сүмийн тухай буруу ойлголттой байвал би үүнийг засахын тулд чадах бүхнээ хийдэг байсан.
Би их сургуульд ороод мэтгэлцээний клубт нэгдсэн юм. Мэтгэлцээний дараа “мормончууд”-ын талаар тэдний ярьсан нэг зүйлийг залруулах үед бусад гишүүд намайг хожмын үеийн гэгээнтэн гэдгийг олж мэдсэн юм. Би өмнө нь шашныхаа талаар хэзээ ч ярьж байгаагүй бөгөөд тэр өдөр тэд надаас маш олон асуулт асуусан. Би айсан байсан бөгөөд асуултад хариулахаас бараг л зайлсхийж байлаа. Би итгэдэг зүйлээ мэддэг байсан ч үүнийгээ яаж хуваалцахыг мэдэхгүй байсан юм. Би залбирсан боловч хариулт ирэх шинжгүй байлаа.
Хэдэн өдрийн дараа би фэйсбүк үзэж байгаад сүмийн удирдагч маань LDS.org дээр нэг өгүүлэл тавьсан байхыг харсан юм. Үүнийг хараад би бас сүмийн зүйлүүдийг хуудас дээрээ тавьж болох юм гэдгийг анзаарсан. Би мэтгэлцээний багийн асуусан сэдвүүдийг хайж олоод өөрийнхөө хуудас дээр холбоосуудыг тавин мөн хамт байсан бүх хүнтэй хуваалцав. Тэд хариултад сэтгэл хангалуун байх болно гэсэн мэдрэмж надад байлаа.
Би өмнө нь итгэл бишрэлийнхээ талаар интернэтээр хуваалцаж байгаагүй бөгөөд энэ явдлаас болж сонирхсон илүү олон хүн миний итгэл бишрэлийн талаар асуусан юм. Тэд асуулт асуух үед би ерөнхий хариулттай нь хамт сүмийн материал унших холбоосыг явуулж байлаа. Ингэснээр хүмүүс зөвхөн миний хариултад найдах биш харин ерөнхий эрх мэдэлтнүүдийн өгсөн хариултад найдаж болох байв. Яриа маань илүү хувийн шинжтэй болох үед би тухайн хүнд ганцаарчлан мессежээр хариулт өгч байв.
Сүм цахим материалууд гаргаж байдагт би их талархдаг. Хэн нэгэн хүн сүмийн тухай асуулт асуух бүрд одоо ч гэсэн надад эвгүй санагддаг. Гэхдээ би тэднээс асуулт ирэхийг хүлээдэггүй; харин би санаачлагаараа сүмийн материалуудыг интернэтээр хуваалцдаг. Эдгээр материал нь гишүүн болон гишүүн бус найзуудад маань аль алинд нь тусалж чадна гэдгийг би мэднэ.