2014
Их Эзэн хүүг маань эдгээх болов уу?
2014 оны зургаадугаар сар


Их Эзэн хүүг маань эдгээх болов уу?

Чили, Сантиаго, Ана Кремаши Занарту

Хүү маань дөрвөн настай байхдаа надаас байнга “Master, the Tempest Is Raging (Эзэн, уруу таталт ширүүсч байна)” (Hymns, х. 105) дууг дуулж өгөөч гэж гуйдаг байсан. Тэр дууллын Их Эзэн салхи болон давалгаанд тушааж, номхруулж байгаа дахилтын хэсэгт түүний бяцхан нүд гэрэлтдэг байлаа. Тэр надаас Есүсийн хүч чадлын талаар асуудаг байсан. Есүс Христ бүх хүч чадлыг эзэмшдэг учраас тэр зөв шударга байдалд ямар ч зүйлийг хийж чадна хэмээн би түүнд хариулдаг байж билээ. Аврагч хүүгийн маань баатар байв.

Гэвч хүү маань 13 настай байхдаа сэтгэцийн гүн хямралд орсон юм. Түүнд ярих эсвэл хоол идэх хүсэл ч байхгүй болсон байлаа. Тэр өмнө нь хийдэг байсан үйл ажиллагаануудаа сонирхохоо больж, тэр ч байтугай гэр бүлээрээ залбирахыг ч эсвэл гэр бүлийн үдэшт оролцохыг ч хүсдэггүй байлаа. Тэр сүмд эсвэл сайн мэдээнд ямар ч сонирхолгүй болсон юм шиг байсан.

Гэр бүлийнхэн маань ойр ойрхон түүний төлөө залбирч мөн мацаг барьдаг байсан бөгөөд тойрог болон гадасны ах эгч, найз нөхөд, хамаатнууд маань ч бидэнтэй адил үйлддэг байлаа. Бидний хүчин чармайлт хүүгийнхээ төлөө залбирч байгаа ахмад Алмагийнхтай төстэй санагдаж байв (Moзая 27:14, 22–23-ыг үзнэ үү).

Бид сайн мэдээг хүүдээ тулгахыг хүсээгүй бөгөөд тэрээр гэр бүлийн залбиралд юм уу гэр бүлийн үдэшт оролцох албагүй, гэхдээ түүнийг бидэнтэй хамт оролцоосой гэж хүсдэг болохоо бид түүнд хэлсэн юм. Бид “… хүүхдүүд чинь адислагдаж болохын тулд, гэр бүлдээ Эцэгт хандан миний нэрээр үргэлж залбир” (3 Нифай 18:21) гэсэн Аврагчийн үгсийг дагах үед гэр бүлийн залбирал болон гэр бүлийн үдэш маань илүү хүчирхэг болдог байсан юм. Бид гэртээ Сүнс мэдэрдэг байв. Хэдийгээр хүү маань чимээгүй суудаг боловч бидэнтэй хамт байдаг байлаа.

Үүнээс хойш хоёр жилийн хугацаанд бидний залбирлууд болон гэр бүлийн үдшүүд хүүд маань бага багаар нөлөөлж байгааг бид мэдсэн. Нэг гэр бүлийн үдшийн үеэр хүү маань Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцаж мөн дараагийн гэр бүлийн үдшийг бэлтгэж болох уу гэж асуув. Тэрээр гэр бүлээрээ залбирахад оролцож мөн сүмд дуртайяа явдаг болов. Тэр Аврагчийн гэтэлгэгч хайрыг мэдрэхийн хэрээр зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг амссан юм (Aлма 5:26-г үзнэ үү). Их Эзэн Өөрийнхөө эдгээх хүчээр хүүг маань үнэхээр аварсан билээ.

Хүү маань дахин баяр хөөртэй, эрч хүчтэй болж, бусдад тусалж мөн хайраа үзүүлэх хүсэлтэй болж эхлэв. Аврагч өөрийг нь эдгээсэн гэдгийг мэддэг гэдгээ тэр надад хэлсэн юм. Хүүгийн маань бэрхшээл түүнд Аврагчийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэн, Түүнийг хайрлах хайраа мөн Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд нь тусалсан юм. Тэр номлогч болж, Аргентиний Буэнос Айрес өмнөд номлолд Их Эзэнд үйлчилсэн билээ. Номлолоос эргэж ирснийхээ дараа тэрээр эхнэртэйгээ ариун сүмд гэрлэсэн бөгөөд тэд нэг гайхалтай охинтой болсон.

Аврагчид эдгээх, гайхамшиг бүтээх мөн биднийг энэ амьдралд болон ирэх амьдралд аз жаргалтай болгох хүч байдгийг би мэднэ.