Ашиг тустаймэдээллийн хэрэгсэл
Энэ өгүүллийг бичигч АНУ-ын Ютад амьдардаг.
Ашиглаж буй бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл тань та нарт нөлөөлж байдаг. Таны сонгосон хэвлэл мэдээллийн хэрэгсэл сургамж өгөхүйц, чиг зорилготой байж бас сүнслэгээр нөлөөлдөг үү?
Даниел, Шадрах, Мешах, Абед-него нар Небухаднезар хааны өмнө авчрагдахад тэдэнд хааны махнаас нь идэж, дарснаас нь уу хэмээн хэлжээ. Гэвч тэд ногоо идэж (үр тариагаар хийгдсэн хоол) мөн ус уухаар шийджээ. 10 өдрийн дараа “хааны амттан шимттэнээс хүртсэн бүх залуусаас тэд илүү тарган цатгалан, царай зүс нь илүү өнгөлөг байв.… Энэ дөрвөн залууд Бурхан уран зохиол ба мэргэн ухааны бүх салбарт мэдлэг ба оюуны чадварыг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл хийгээд зүүдийг ойлгодог байлаа” (Даниел 1:15, 17).
Хэдийгээр бид энэ түүхийг мэргэн ухааны үг болон бидний шууд иддэг хоол хүнсний талаар чухал зарчмыг заахдаа ашигладаг ч гэсэн энэ нь бидний оюун санаанд нөлөөлдөг зүйлсийн тухай зарчмыг мөн заадаг. Энэ нь бидний үзвэр үйлчилгээнд ашигладаг—урлаг, ном зохиол, бүжиг, хөгжим, цахим ба олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх мэт бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг багтаасан байдаг. Даниел ба түүний найзууд хааны ордон дахь үйлчлэлээс өөрсдийгөө хол байлгах мөн хэрэгтэй шим тэжээлийг нь үл өгөх элбэг дэлбэг, хүнд хоолноос зайлсхийх шийдвэр гаргасны адилаар бид ч бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хамгийн сайныг нь эрэлхийлэх ёстой (С ба Г 25:10-ыг үзнэ үү).
Дараах зөвлөгөө нь энэ сорилтын амьдралд бидний үнэт цагийг дэмий үрэхгүй байх үзвэр үйлчилгээг сонгоход бидэнд тусална.
Хөнгөн хуумгай байдлаас зайлсхий
Бид өдөр тутмын ачааллаасаа амсхийхийн тулд үзвэр үйлчилгээг ашигладаг. Энэ нь амарч, гэр бүлийнхэнтэйгээ болон найзуудтайгаа хөгжилдөж мөн сайхан ярилцах цаг байж болно.1 Эдгээр үйл ажиллагаанаас ирдэг эрч хүч нь Ариун Сүнсний нөлөөнөөс ирдэг бөгөөд түүний үр жимс нь “хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал юм” (Галат 5:22–23). Алжаал тайлах үйл ажиллагааны дараа эрч хүчийг мэдрэхийн тулд бид өөрсдийг маань Ариун Сүнсний нөлөөнд болон эдгээгч хүчинд нээлттэй байлгах үзвэр үйлчилгээг сонгох ёстой.
Ариун Сүнсний нөхөрлөлийг алдахаас мөн өөрсдийнхөө сүнсийг гэмтээхээс зайлсхийж болохын тулд бидэнд “Бүдүүлэг, ёс суртахуунгүй, хүчирхийлэл бүхий болон садар самууныг сурталчилсан аливаа зүйлийг үзэх эсвэл тийм үйл ажиллагаанд оролцох” ёсгүй хэмээн зөвлөсөн байдаг.2 Гэвч ёс бус агуулгагүй мэт санагдах хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ч мөн зарим тохиолдолд амьдралын зорилгоос анхаарлыг маань сарниулах аюултай байж болно.
Ач тустай үзвэр үйлчилгээ нь бидний зүрх сэтгэлийг хөнгөн болгодог бол бусад төрлийн үзвэр үйлчилгээ нь биднийг хөнгөн хуумгай болгодог. Сургаал ба Гэрээнд Их Эзэн: “Өөрсдийнхөө бүхий л хөнгөмсөг үг ярианаас, бүх чанга инээдээс, бүхий л тачаангуй хүслүүдээс, бүхий л бардамнал хийгээд хөнгөмсөг зангаасаа … болигтун” (С ба Г 88:21) хэмээн бидэнд зарлигладаг. Зарим үзвэр үйлчилгээ нь Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дүрслэн хэлснээр залхуу бодлууд хийгээд дэмий зүйлүүдээр бидний оюун санааг дүүргэж, биднийг авралын төлөвлөгөөний зорилгоос холдуулдаг.3 Иймэрхүү бодлогогүй үзвэр үйлчилгээ нь биднийг урхинд түргэн оруулж, “ариун нандин зүйлүүдийг бохир болгож мөн цаашлаад Бурханыг доромжлоход хүргэдэг зохиомол хүндэтгэл бишрэлгүй байдал” болж хувирдаг.4
Идэвхтэй сонгогч бай
Хэдийгээр идэвхгүй байснаасаа болоод сонсож, үзэж мөн уншиж буй зүйлээ нягтлахгүйгээр зүрх сэтгэл, оюун санаандаа оруулах нь амархан боловч өөрсдийнхөө төлөө сонгогчид байж, “өөрсөд дээрээ үйлдүүлэх бус харин [өөрсдийн] төлөө үйлдэх”-эд суралцах явдал бол амьдралын амин чухал нэг хэсэг нь юм (2 Нифай 2:26). Жинхэнэ сонгогч болохын нэгээхэн хэсэг нь ашигладаг үзвэр үйлчилгээгээ хянуур сонгох явдал мөн.
Үзвэр үйлчилгээндээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ямар ч бодлогогүйгээр оруулахын оронд бид үүнд хэр их цаг зарцуулж байгаагаа болон энэ нь ил эсвэл далд байдлаар ямар захиас өгч байгааг мэддэг байх ёстой. Бид “технологийг зорилготой ашиглаж” мөн “үүний бүх үр дагаврыг” сайтар бодож үзэх ёстой гэж Бригам Янгийн Их Сургуулийн цахим мэдээллийн хэрэгслийн группийн захирал Райн Холмэс тайлбарлажээ.5 Бригам Янгийн Их Сургуулийн театр, дэлгэцийн урлагийн тэнхимийн эрхлэгч Эми Питэрсэн Жэнсэн “идэвхтэй мэдээллийн хэрэгслийн харилцан ярианд оролцохыг сонгож мөн идэвхгүй мэдээллийн хэрэгсэл ашиглахаас зайлсхийх” нь маш чухал гэж хэлсэн юм.6
Цагийг ухаалаг ашигла
Илүү идэвхтэй сонгогч болохын нэг хэсэг нь үзвэр үйлчилгээнд хэр их цаг зарцуулж байгаагаа мэддэг байх явдал мөн. Сонгож болох маш олон зүйл байдаг учраас “мессеж, э-мэйл, мэдээлэл, бичлэг болон зар зэрэг олон хэлбэрээр ирдэг зүйлүүдэд”7 цаг зарцуулах нь маш амархан байдаг. Гэвч бид үүнийг хийх үедээ бидэнд илүү хүчтэй, илүү мэргэн мөн Есүс Христийн илүү энэрэнгүй төлөөлөгч болоход тусалдаггүй, цаг гарзадсан үйл ажиллагаануудаар “сорилтын өдрүүдээ” (2 Нифай 9:27) дэмий өнгөрөөж байдаг.
Сүүлийн үед хит болж буй бичлэг, шинэ шоу эсвэл хүмүүсийн тавьсан мэдээлэл зэргийг үзэж, цагаа дэмий үрэхийн оронд бид өөрсдийг маань сэргээж, урам өгөх утга учиртай үзвэр үйлчилгээг үзэж сонирхох цагийг өөрсдөдөө зориулан гаргаж болно. Холмэс ах, “Ухаалаг сонголт хий. Та нар цахим зүйл дээр юуг, хэзээ, хэрхэн ашиглахаа өөрсдөө шийд” гэж хэлжээ.8
Урам зориг өгдөг мэдээллийн хэрэгслийг сонго
Үзвэр үйлчилгээгээ анхааралтай хянуур сонгохын бас нэг хэсэг бол илгээж буй захиасуудыг нь мэддэг байх явдал юм.
Бүх төрлийн үзвэр үйлчилгээ нь санаатай эсвэл санамсаргүй байхаас үл хамааран ямар нэг зүйлийг илэрхийлсэн захиас бүхий байдаг. Кино үзэж эсвэл ном уншиж байх үедээ, тухайлбал энэ нь өөрийн бэлэг тэмдэг, дүр, үг, зургуудаар дамжуулан чамд ямар захиас өгч байгааг өөрөөсөө асуугаарай. Үүний эрхэмлэдэг зүйл нь юу юм бол? Энэ ямар зан чанарыг дэмжиж байна вэ? Хамгийн чухал нь, энэ нь та нарт Есүс Христийн тухай бодож мөн Түүнийг хүндэтгэхэд тусалж байна уу? Энэ нь Түүний бурханлаг байдлыг ойлгоход та нарт тусалдаг уу? Мөн энэ нь та нарт золиослолын тухай ямар нэг зүйлийг зааж байна уу? Аль эсвэл хайрын тухай юу? Амин хувиа үл хичээх үзлийн тухай юм бол уу? Энэ нь гэр бүлийн ач холбогдол эсвэл гэрлэлтийн ариун байдлын тухай ямар нэг юм өгүүлдэг үү? Хэрэв та нар үзвэр үйлчилгээнийхээ захиаснаас сайн мэдээтэй холбоотой үнэнүүдийг олж харахгүй байгаа бол энэ нь үнэ цэнэтэй биш бөгөөд та нарын цагийг дэмий үрж байгаа хэрэг юм.
Зарим хүмүүс “Энэ чинь зүгээр л үзвэр үйлчилгээ болохоос биш сургууль эсвэл сүм биш шүү дээ. Би үүнээс ямар нэг юм сурах хэрэггүй” гэж хэлж магадгүй. Гэхдээ та нар мэдсэн ч, мэдээгүй ч “та нарын уншдаг, сонсдог, хардаг зүйлс та нарт нөлөөлдөг.”9
Бид үзэж буй мэдээллийн хэрэгслээ оюун бодол, зүрх сэтгэлдээ үнэлж цэгнэх үед бидэнд эргэцүүлэн бодох мөч олддог. Профессор Жэнсэн эдгээр мөчүүдийг “харилцан яриа” хэмээн нэрлэдэг. “Энэ үеэр бид хийдэг зүйлсээ эргэцүүлж, өөрсөдтэйгөө харилцан ярилцдаг. Бидний хийдэг хамгийн сайн харилцан яриа нь ихэвчлэн хувийн наманчлалын мөч болдог. Учир нь ийм харилцан ярианы үеэр бид бодлоо өөрчлөн, шинэ арга зам олж эсвэл илүү сайн байх шийдвэр гаргадаг. Эдгээр мөчүүдэд бидний бодгаль дотроо хийдэг өөрчлөлтүүд нь ихэвчлэн жижиг, энгийн мөртлөө өсөлттэй, тайвшруулсан мөн бүтээлч үр нөлөө бүхий байдаг.”10
Бид чөлөөт цагаараа ч гэсэн “ариун журамтай, сайхан эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйлийг” эрэлхийлдэг (Итгэлийн Тунхаг 1:13). Есүс Христийн төлөөлөгчдийн хувьд бид “уншиж эсвэл үздэг бүх зүйлүүд маань … ямар нэг сайн зүйлийг зааж, [бидэнд] эсвэл [гэр бүлд] маань ямар нэг сайн зүйлийг бий болгодог байхад анхаарах хэрэгтэй.” Бид үздэг үзвэр үйлчилгээгээ “Тэнгэрлэг Эцэгийн алсын харааг ойлгож мөн хуваалцахад [бидэнд туслах] зорилготой, бүхнээ зориулсан үйлдэл болгох ёстой.”11
Ийм ариун журамтай, сайшаалтай үзвэр үйлчилгээ буюу ашиг тустай мэдээллийн хэрэгсэл нь бидэнд урам зориг өгч, биднийг амьдралын бэрхшээлүүдэд бэлтгэж мөн бидний дагалдагч байх чадварыг хүчирхэгжүүлдэг гэдгийг бид мэднэ.