2014
Хэзээ гэдэг үгээс ирдэг хүч чадал
2014 оны зургаадугаар сар


Биднийг дахин уулзтал

Хэзээ гэдэг үгээс ирдэг хүч чадал

Өгүүллийг зохиогч нь Канадын Бритиш Колумбид амьдардаг.

Бид амьдралдаа Их Эзэний гарыг анхааран харахыг мэддэг байлаа. Түүний нөлөө ирэх болов уу гэдэг нь биш харин хэзээ ирэх вэ гэдэг нь асуудлын гол байдаг байв.

Миний нөхрийн өвчин эмгэг гэнэт илэрсэн. Нэг өглөө тэр зүлэг тайрч байгаад гэнэт бие нь өвдөж эхэлсэн юм. Маргааш нь тэрээр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байв. Сэхээнээс мэс заслын өрөөнд шилжүүлэх үед эмч нарын нэг нь миний нөхрийг аварч чадах эсэхэд эргэлзэж байгаагаа хэлсэн юм.

Түүний туссан өвчин нь ховор тохиолддог өвчний нэг байсан учраас түүнд амьд үлдэх боломж тун бага байв. Бүх зүйл ингэж эргэсэнд би итгэж чадахгүй байлаа. Би цөхөрч эхлэв.

Аз болоход Пиэр маань эхний мэс заслаа давж, эрчимт эмчилгээний тасагт шилжлээ. Хэдийгээр хугацаа орох хэдий ч түүний амьд үлдэх боломж нь цаг өнгөрөх тусам нэмэгдэж байлаа. Эхний мэс заслын маргааш өглөө нь нэг сувилагч надтай ярив. Тэрээр Пиэрийг дараагийн шатны эмчилгээндээ чухам хэзээ орсон тухай ярилаа. Би тэрхүү хэзээ гэдэг үгийн нөлөөний талаар бодолд автав. Хэзээ гэдэг үгэнд яах бол гэсэн үгнээс хавьгүй илүү найдвар оршиж, энэ үг нь итгэлтэй байдал, хүлээлтийг бий болгож байсан. Би тэр сувилагчид энэ үгийг сонгосонд нь талархахад тэрээр инээмсэглэж билээ.

Пиэр санваарын олон адислал хүлээн авсан бөгөөд тэдгээр нь түүнд агуу дэмжлэг өгсөн. Бид амьдралдаа Их Эзэний гарыг анхааран харахыг мэддэг байлаа. Түүний нөлөө ирэх болов уу гэдэг нь биш харин хэзээ ирэх бол гэдэг нь асуудлын гол байдаг байв. Пиэрийн бие муудах бүрд би түүнд адислалуудын талаар мөн бид Их Эзэнд итгэх итгэлээ үзүүлэх ёстойг сануулдаг байв. Энэ явдал нь ариун нандин аян зам байсан ба өдөр бүр нь бэлэг байсан юм.

Хэзээ гэдэг үгнээс ирэх найдвар нь биднийг эерэг хандлагатай байхад тусалсан. Гэсэн хэдий ч, энэ аян замын 18 дахь өдөр бүх зүйл буруу тийш эргэлээ. Долоо дахь мэс заслын үеэр эмч нар түүний өвчин нь хэт их тархсан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Эмч нарын баг Пиэр тэр шөнийг тэсэн гарч чадахгүй гэдгийг нулимс дуслуулан байж хэлэв.

Мөнхийн хань минь хөшигний цаана одох үед би дэргэд нь байх боломжтой байлаа. Өмнөх эхнэрээс нь төрсөн цорын ганц хүү нь аавтайгаа утсаар ярьж, хайртай гэдгээ хэлсэн нь бидний хувьд адислал байв. Пиэр амар тайван амьсгал хураасан юм.

Хэдэн долоо хоногийн дараа намайг түүний булшны дэргэд зогсож байтал Мозая 2:41 дээрх: “Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай. Учир нь болгоогтун, … хэрэв тэд төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвчвээс, тэгвэл тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно” гэсэн тайтгарлын үгс санаанд орж ирэв (онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Пиэр бид хоёр энэ судар дээр гарсан хэрэв гэдэг үг нь хэзээ гэсэн утгатай гэдэг дээр санал нийлсэн юм. Гэрээнүүддээ үнэнч үлдсэнээр дахин нэгдэх болно гэдгээ бид мэддэг байсан ба энэ нь хэзээ вэ гэдэг нь л бидний асуух асуулт байсан. Бид Их Эзэний мөнхийн гэр бүлийн болон мөнх амьдралын төлөвлөгөөнд итгэж найддаг. Хэзээ гэдэг үгээс ирдэг хүч чадал бидэнд үргэлжлүүлэн урагш тэмүүлэхэд тусалдаг.

Тэр амилсан, Дэл Парсон