Сонгох эрх ба хариултууд: Илчлэлтийг таних нь
Зарим үед харилцаа холбооны шугам хаагдсан мэт санагдах үед асар том итгэлийн алхам хийх хэрэгтэй байдаг.
Нэгэн эмэгтэй миний өөдөөс харж суугаад уйлав. Нүдэндээ нулимстай тэрээр надад “Би юунд итгээд байгаагаа ч мэдэхгүй байна” гэж хэллээ. Тэр хүнд байдалд орж мөн амьдралдаа нэг асар чухал шийдвэрийг хэрхэн гаргах талаар олж мэдэх гэж олон хоног залбирсан тухайгаа хэлсэн. Тэр цөхөрсөн янзтай “Би юу хийхээ мэдэхгүй байна. Хэрэв та надад юу хийхийг хэлбэл би түүнийг хийх болно” гэж хэлэв. Тэр гараа судрууд дээр тавиад “Бурхан бидэнд тусална гэж хэлсэн. Тэр бусад бүх хүний залбиралд хариулдаг. Тэр миний залбиралд яагаад хариулахгүй байна вэ?” гэв.
Сэтгэл хөдлөлийн эргүүлэг дотор орох үед ганцаараа гарах замаа олох нь хэцүү байдаг. Миний залбирал бол үүнтэй төстэй мэдрэмжтэй хүмүүст туслах явдал юм.
Яаралтай чухал залбирлын хариу ирэхгүй байх нь бид залбирлын тухай зарим үнэнүүдийг ойлгохгүй эсвэл бид хариултуудыг ирэх үед нь таниагүй байхын аль нэг нь байж болно.
Залбирлын зарчмууд
Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах нь жирийн зүйл биш. Энэ бол ариун нандин боломж. Энэ нь өөрчлөгдөшгүй зарчмууд дээр үндэслэгдсэн байдаг. Бид Тэнгэрлэг Эцэгээсээ тусламж хүлээн авахад энэ нь итгэл, дуулгавартай байдал болон сонгох эрхээ зөв ашигласнаас үүдэн ирдэг.
Бидний хэлсэн залбирал бүрийн хариулт тэр дороо ирнэ гэж бодох нь эндүүрэл юм. Зарим залбирал нь бидний зүгээс нэлээд хүчин чармайлтыг шаарддаг. Зарим үед биднийг эрэлхийлээгүй байхад урам илчлэлт ирдэг нь үнэн. Тэдгээр нь бидний мэдэх хэрэгтэй буюу өөр арга замаар мэдэх боломжгүй зүйлүүдтэй холбоотой байдаг.
Бид өөр арга замаар олж авч чадахгүй туршлагыг хуримтлуулахаар энэ дэлхий дээр байгаа билээ. Бидэнд өсөх, хөгжих мөн сүнслэг төлөвшил олж авах боломж өгөгдсөн юм. Үүнийг хийхийн тулд бид үнэнийг ашиглаж сурах ёстой. Бид бэрхшээлүүдтэй хэрхэн нүүр тулж мөн хүнд асуудлуудыг шийдвэрлэж байгаа нь бидний аз жаргалд асар чухал нөлөө үзүүлдэг.
Би залбирлыг илүү сайн ойлгохын тулд бусдын зөвлөгөөг сонсон, судруудыг тунгаан бодож мөн бошиглогчдын болон бусдын амьдралыг судалсан. Гэсэн хэдий ч хамгийн их тус болсон зүйл бол хайраар дүүрэн, нинжин сэтгэлтэй, биднийг ойлгодог мөн амжилтад хүрээсэй гэж хүсдэг Эцэгт хандан итгэлтэй залбирч буй хүүхдийг оюун санаандаа төсөөлөн харах явдал байсан юм.
Мэдэрч байгаа зүйлээ эв хавгүй, болхидуу илэрхийлсэн бол бүү санаа зов. Зүгээр л Эцэгтэйгээ ярилц. Тэр залбирал бүрийг сонсдог бөгөөд үүнийг Өөрийн арга замаар хариулдаг.
Бид ямар нэг асуудал болон санал болгох шийдлийг тайлбарлах үед Тэрээр зарим тохиолдолд тийм, зарим тохиолдолд үгүй гэж хариулдаг. Тэрээр олонтоо хариулт өгөхөөс азнадаг бөгөөд энэ нь бидэнд санаа тавьдаггүй учраас бус харин Тэр биднийг төгс хайрладаг учраас юм. Тэр биднийг Түүний бидэнд өгсөн үнэнүүдийг ашиглаасай хэмээн хүсдэг. Бид өсөж хөгжихийн тулд зөв шийдвэр гаргах өөрсдийн чадварт итгэн найдах ёстой. Бид зөв гэж мэдэрч буй зүйлээ хийх хэрэгтэй. Цаг нь ирэхээр Тэр хариулах болно. Тэр биднийг орхихгүй.
Би Тэнгэрлэг Эцэг болон бидний хоорондын харилцааны туйлын үнэнийг дүрсэллээ. Түүнд бидний тухай мэдэхгүй зүйл гэж огт байхгүй. Тэр бидэнд хэрэгтэй байгаа зүйл бүрийг мэддэг бөгөөд бүх хариултаар хангаж чадна. Гэсэн хэдий ч Түүний зорилго нь бидний мөнхийн аз жаргал учраас Тэр биднийг зөв сонголт хийхэд урамшуулан дэмждэг.
Хариулт олох гурван арга
1. Тэр та нарт аль хэдийн хариулт өгсөн гэсэн нотолгоог эрж хай
Бидний олонхтой адилаар Оливер Каудери Их Эзэний аль хэдийн өгсөн залбирлын хариултын нотолгоог анзаараагүй юм. Түүний болон бидний нүдийг нээхийн тулд энэ илчлэлт нь Иосеф Смитээр дамжуулан өгөгджээ:
“Чи хийсэн тэр зүйлийнхээ төлөө адислагдсан болой; учир нь чи надаас асуусан билээ, мөн болгоогтун, чи асуух тоолондоо, чи миний Сүнснээс заавар хүлээж авсан бөлгөө. Хэрэв энэ нь ийм байгаагүй аваас, чи энэ цагт өөрийнхөө байгаа тэр газарт хүрч ирэхгүй байх байсан.
Болгоогтун, чи надаас асууснаа мэдэж байгаа мөн бибээр чиний оюуныг гэгээрүүлсэн билээ; мөн үнэний Сүнсээр гэгээрсэн гэдгээ чамайг мэдээсэй гэсэндээ би эдгээр зүйлүүдийг чамд хэлж байна” (С ба Г 6:14–15; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).
Хэрэв Бурхан залбирлуудад чинь хариулаагүй гэсэн мэдрэмж та нарт байвал эдгээр судруудыг тунгаан бодож тэгээд өөрийн тань амьдралд Түүний аль хэдийн өгсөн хариултын нотолгоог анхааралтай эрж хай.
2. Мэдрэмжүүдэд анхаарал тавь
Өгөгдсөн хариултуудыг танихад бидний хүн нэг бүрд туслахын тулд Их Эзэн ийн хэлжээ:
“Хэрэв чи дахин нэмэлт гэрчийг хүсэх аваас, чи зүрх сэтгэлдээ эдгээр зүйлүүдийн үнэний талаар чи мэдэхийн тулд надад хандан залбирсан тэр шөнийг оюундаа санагтун.
“Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй билүү?” (С ба Г 6:22–23; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).
Их Эзэн бидэнд аливаа асуудлыг оюундаа тунгаан бодоод энэ нь зөв аваас асуух, зөвлөгөө өгөх замаар бидэнд илүү ойлголтыг өгдөг:
“Мөн энэ нь зөв аваас цээжин биеийг чинь чиний дотор шатахаар болгоно би; тиймийн тул, энэ нь зөв юм байна гэдгийг чи мэдрэх болно.
“Гэвч энэ нь зөв биш аваас чамд ийм мэдрэмж байхгүй байх болно, харин дүйнгэ бодол санаа чамд байх болно” (С ба Г 9:8–9; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).
3. Түүнийг хариулахгүй байгаа үед өөрөө үйлд
Биднийг залбирах үед Их Эзэн хариуг нь шууд өгөлгүйгээр гуравдагч замаар хариулдгийг мэдэх нь маш чухал юм. Тэр яагаад ингэдэг вэ?
Тэр бол бидний төгс Эцэг юм. Тэр бидний ойлгож чадахаас ч илүү биднийг хайрладаг. Тэрээр бидэнд юу хамгийн сайн болохыг мэднэ. Тэр эхлэлээс төгсгөлийг хүртэл харж чаддаг. Тэр биднийг хөдөлмөрлөж, хэрэгцээтэй туршлагаа олж аваасай гэж хүсдэг:
Түүний тийм гэдэг хариулт бидэнд итгэл найдвар өгдөг.
Тэрээр үгүй гэж хариулбал энэ нь алдаанаас сэрэмжлүүлж байна гэсэн үг.
“Хэрэв тэр хариулахгүй байвал бид Түүнд итгэх итгэлээрээ дамжуулан өсч хөгжин, Түүний зарлигуудад дуулгавартай байх, үнэн дээр үйлдэх хүсэлтэй байхыг сануулж байна гэсэн үг. Ямарваа урьдчилсан баталгаагүйгээр Түүний сургаалуудтай нийцсэн шийдвэрийн дагуу үйлдсэнээр хариуцлагыг өөртөө авахыг Тэр биднээс хүсэн хүлээдэг. Бид Их Эзэнийг хариулахгүй байна хэмээн гомдоллон дургүйцэлгүй мөн идэвхгүй хүлээж сууж болохгүй. Бид үйлдэх хэрэгтэй.
Бидний хийдэг сонголтууд ихэнхдээ зөв байдаг. Харин үүнийг Их Эзэн Өөрийн арга замаар баталгаажуулдаг юм. Тэрхүү баталгаа нь ерөнхийдөө тусламж болж, бидэнд ирдэг. Бид сүнслэг мэдрэмжтэй байснаар л үүнийг олж авна. Энэ нь хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг бидний сонголтуудыг баталсны тэмдэг болж бидэнд ирдэг. Хэрэв бид итгэлдээ тулгуурлан зөв бус зүйлийг хийж эхэлбэл Тэрээр хэт оройтохоос өмнө бидэнд үүнийг мэдүүлэх болно. Бид түгшүүртэй эсвэл тайван бус мэдрэмжүүдийг таньснаар энэ тусламжийг анзаардаг.
Гуулин ялтсуудыг олж авах гэсэн Нифайн хичээл зүтгэл энэ зарчим хэрхэн ажилладгийг харуулдаг (1 Нифай 3:6–7-г үзнэ үү). Нифай хоёр удаа амжилтгүй оролдлого хийсний дараа итгэлтэй хэвээр үлдсэн юм. Тэрээр бүх хариултыг авалгүйгээр Лебений гэрийг чиглэн хот руу орсон юм. Тэрээр “Би хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир Сүнсэнд хөтлөгдөн байлаа” хэмээн хэлсэн ба “гэсэн хэдий ч би урагшлан явлаа” хэмээн өгүүлжээ. (1 Нифай 4:6–7; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).
“Нифай чадах бүхнээ хийж, олон удаа шаргуу оролдсон юм. Тэрээр өөртөө туслуулах шаргуу итгэлийг харуулсаар байв. Тэр санаагаар унахыг хүсээгүй. Харин тэр үйлдэж, Их Эзэнд итгэх итгэлтэй, дуулгавартай байж, сонгох эрхээ зөвөөр ашиглан, удирдамж хүлээн авсан юм. Тэрээр алхам алхмаар амжилт олоход Сүнсээр нөлөөлөгдсөн бөгөөд “зарлигласан зүйлийг гүйцэлдүүлж чадах хүчийг тэдэнд өгснийг би баттай мэдэв” хэмээн эх нь хэлсэн юм. (1 Нифай 5:8; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).
Нифай алхам алхмаар тусламж хүлээн авахын тулд Бурханд итгэн, итгэлээ ашиглаж мөн үйлдэл хийх нь түүнээс шаардагдаж байсныг мэдсэн юм. Тэр бувтнаж эсвэл бүтэн тайлбар хүсээгүй. Гэвч анхааралтай ажиглаарай, тэр тусламж ирэхийг идэвхгүй хүлээгээгүй. Тэр үйлдсэн! Сүнслэг хуулийг дагаснаар түүнд илчлэлт болон үйлдэх хүч өгөгдсөн юм.
Бурханы хүсэл болон арга замд найдах нь
Заримдаа бидний залбирлын хариултууд анзаарагдахгүй өнгөрдөг, учир нь бид өөрсдийн хүсэлтэй нийцэх баталгааг хэт их хүсдэг. Их Эзэн биднээр өөр зүйл хийлгэхийг хүсэж байгааг бид харж чаддаггүй. Анхааралтай байж, Түүний хүслийг эрэлхийл.
Зөв шударга байдал болон Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэл байхгүй тохиолдолд хэрхэн зөв шийдвэр гаргахаа мэдэхгүй гэдгээ би хүлээн зөвшөөрч байна. Сонгох эрх нь санаатайгаар Бурханы хүслээс өөрөөр ашиглагдвал энэ зарчим ердөө ч ажиллахгүй. Хэрэв наманчлаагүй нүгэл байвал бид өөрсдийн эгэл байдалдаа үлдэж, өөрсдөө зовох болно. Бид хувийн наманчлалаар дамжуулан аврагдаж чадна.
Биднийг шийдвэр гаргахад туслах илчлэлт эрэлхийлэх үед Их Эзэн намуухан өдөөлтүүдийг өгдөг. Эдгээр нь биднээс бодох, итгэлээ ашиглах, ажиллах, зарим үед зовох мөн үйлдэхийг шаарддаг. Шийдвэрлэх чухал зүйл эсвэл ярвигтай асуудлын хариултууд нэг дор бүрэн ирэх нь ховор байдаг. Харин энэ нь олонтоо нэг нэг хэсгээр, төгсгөл нь харагдахааргүйгээр ирдэг.
IБи эцсээ хүртэл залбирлынхаа хамгийн чухал хэсгийг авч үлдсэн юм. Энэ бол талархал. Хайрт Тэнгэрлэг Эцэгтээ талархалтай байх бидний чин сэтгэлийн хичээл зүтгэл нь амар амгалан, өөрийгөө үнэлэх үнэлэмж болон хайрын гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг. Яагаад хамгийн ядуу зүдүү хүмүүс нь Их Эзэнд хэрхэн талархахаа хамгийн сайн мэддэг юм шиг санагддаг вэ? Гватемалын уулархаг газруудад гишүүд арай гэж амь зуудаг. Ариун сүм рүү явахад маш их золиослол шаарддаг. Энэ аялалд нэг жилийн турш бэлдэх хэрэгтэй. Үүний тулд шаргуу хөдөлмөрлөж, мөнгө болон хоол хүнсээ нөөцлөн, золиослол гаргаж, утас ээрч, будан, шинэ хувцас нэхдэг. Тэд уулнаас хөл нүцгэн бууж, хол газар алхан, Изабел нуурыг гатлах хэрэгтэй болох ба автобусанд багахан хүнстэй явах болно. Тэгээд ядарч сульдсан байдалтай ариун сүмд ирдэг. Тэд өөрсдийгөө гялалзтал зүлгэн угаагаад
Их Эзэний өргөөнд ордог.Цагаан хувцас өмссөн тэд Сүнсээр заалган ёслолуудыг хүлээн авч, үйлддэг. Нэгэн уулархаг нутгийн эмэгтэй сүнсийг болон хувийн хишгийн утга учрыг хүчтэй мэдэрчээ. Селестиел өрөөнд орохдоо тэрээр толгойгоо хүндэтгэл бишрэлтэй бөхийлгөн сууж буй хүмүүсийг харав. Тэр сөгдөж суугаад тонгойн, бусдыг ч анзааралгүй мэгшин уйлж, хориод минутын турш Тэнгэр дэх Эцэгтээ зүрх сэтгэлээ уудлан ярив. Эцэст нь нулимсаараа хувцсаа норгосон тэрээр толгойгоо өндийлгөв. Ариун сүмийн сайхан сэтгэлтэй ажилтныг “Би танд тусалж болох уу?” хэмээн асуухад тэрээр хариуд нь “Тэгж болох юм уу? Би тэнгэр дэх Эцэгтээ бүхий л адислалуудынхаа төлөө талархлаа илэрхийлэхийг хичээлээ. Гэвч хангалттай илэрхийлсэн гэж би бодохгүй байна. Түүнд ямар их талархаж байгаагаа хэлэхэд минь та надад тусалж чадах уу?” гэжээ.
Залбирлын тухай энэ зөвлөгөө нь үнэн юм. Би үүнийг хувийн амьдралынхаа лабораторит бүхэлд нь туршиж үзсэн. Зарим үед харилцаа холбооны шугам хаагдсан мэт санагдах үед асар том итгэлийн алхам хийх хэрэгтэй гэдгийг би олж мэдсэн юм.
Хэрэв та нар Түүний тусламжийг эрэлхийлбэл амьдралаа цэвэр, хүслүүдээ зохистой байлгаж мөн Түүний хүссэн зүйлийг хийхэд бэлэн бай, учир нь Тэр та нарын залбиралд хариулна. Тэр бол та нарын хайрт Эцэг; та нар бол Түүний хайртай хүүхдүүд. Тэр та нарыг төгс хайрладаг бөгөөд та нарт туслахыг хүсдэг.