Намуухан өдөөлтүүдийг дага
Ариун Сүнснээс ирэх шивнээ бүр нь чагнууштай.
Хэрэв хар салхи шөнө дунд аварга том ургаа модыг эргэлдүүлэн, чиний орон дээр авчрах гэж байвал чи урьдчилан мэдэхийг хүсэх байсан.
Вилфорд Вүдрафф (1807–1898), хожим нь сүмийн дөрөв дэх ерөнхийлөгч болсон түүнийг нэг удаа гадаа сүйх тэргэн дотроо эхнэр, хүүхдүүдтэйгээ унтаж байхад нь Сүнс “Босч, морин тэргээ холдуул” гэж шивнэжээ.1 Тэр үүнийг хачин санаа вэ гээд тоохгүй байж болох байсан ч үүний оронд тэр дуулгавартай дагажээ. Хагас цагийн дараа хуй салхи аварга том модыг тасдаж, агаарт эргэлдүүлэв. Тэрхүү мод морин тэрэг байсан газарт унасан байна.
Өдөөлтүүдийг дагасны үр дүнд тохиолдсон ийм гайхамшгуудын жишээ олон байдаг.
Гэтэл найз руугаа утасдаж, мэндийг нь асуу гэсэн өдөөлт хэр чухал вэ? Эсвэл явган аялалаар явахаасаа өмнө үүргэвчиндээ илүү оймс хий гэсэн өдөөлт нь мөн хэр чухал бол? Ийм өдөөлтүүдийг дагах нь томоохон зүйлийг авчрахгүй боловч тэдгээр нь мөн л чухал юм.
Утсаар ярих найз чинь хүнд өдрийг өнгөрүүлж байж болно. Ганц дуудлага түүний урмыг сэргээж ч болох шүү дээ. Мөн явган аялалын үеэр илүү оймстой байх нь тав тухтай зугаалах эсвэл хөл гэнэт норсноос цэврүүтэж, зовиурлан явах хоёрын ялгааг сануулж болох юм.
Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Бид ажигладаг. Бид хүлээдэг. Бид тэр намуун, зөөлөн дуу хоолойг чагнадаг. Энэ дуу хоолойг ярихад мэргэн ухаант эрэгтэй, эмэгтэйчүүд дуулгавартай дагадаг. Бид Сүнсний өдөөлтийг дагахаа хойшлуулдаггүй” хэмээн заасан.2
Зарим үед сүнслэг өдөөлтүүд нь анзаарагдахуйц тод байдаг. Гэвч тэдгээр нь ихэнхдээ намуухан байдаг. Тэнгэрлэг Эцэг биднийг “шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг” өгч зааварлах болно хэмээн амласан (2 Нифай 28:30).
Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид A.Бэднар: “Илчлэлт нь ихэвчлэн, цаг өнгөрөх тусам бага багаар нэмэгдэн ирдэг бөгөөд энэ нь бидний хүсэл, зохистой байдал болон бэлтгэлээс шалтгаалан ирдэг” хэмээн заажээ.3
Бидний хэнд нь ч хар салхины шидсэн ургаа модноос бултах хэрэг гарахгүй байх. Гэсэн хэдий ч Ариун Сүнсэнд анхаарал хандуулснаар бид үргэлж жижиг болон энгийн сайн зүйлүүдийг хийх болно гэдэгтээ итгэлтэй байж болно.