Хэрэв би цээжин дотроо шатах мэт мэдрэмжийг мэдрэхгүй бол яах вэ?
Та нар юуг анзаарах ёстойгоо мэдэж байвал Ариун Сүнсийг илүү амархан таньж чадна.
Зарлалыг сонссон даруйд “Ноён Вүдийг* семинарт урь” гэсэн бодол толгойд маань орж ирсэн бөгөөд би үүнийг тэр даруй галзуу зүйл гэж бодлоо. Би яах гэж хөгжмийн багшаа өглөө 5:30-аас семинарт ирэхийг урих юм бэ?
Семинарын багш ангийнханд маань бид багшдаа талархах өдөр зохион байгуулна гэдгийг хэллээ. Бидэнд сургуулийнхаа зарим багшийг өглөөний семинарт урьж мөн тэдний үйлчлэлд талархах даалгавар өглөө. Энэ зарыг сонссоноос хойш бүтэн долоо хоногийн турш би ноён Вүдийг урих талаар бодож байлаа. Намайг семинарт байхад эсвэл түүний хөгжмийн ангид суух болгонд “Ноён Вүдийг семинарт урь” гэсэн бодол бодогдсоор байлаа. Энэ байдал хэдэн өдөр үргэлжилсний дараа би уг бодлыг тоохгүй байж чадсангүй.
Нэгэн өглөө хөгжмийн ангид байсан бүх сурагч хөгжмийн зэмсгээ гаргаж байхад би тромбон хөгжмөө орхиод ноён Вүд рүү очлоо. Миний зүрх хүчтэй цохилж, гар минь салгалж байсан боловч ам нээж, түүнийг урих үедээ би тайвшралыг мэдэрсэн.
Ноён Вүдийг очно гэж хэлэхэд нь би их гайхсан! Тэр намайг яагаад өглөө бүр сургуулийн өмнө семинарт явдгийг сонирхож мөн илүү ихийг мэдэхийг хүссэн юм. Түүнд бүгдийг хэлсний дараа би дүүрэн баяртай алхаж явлаа.
Энэ явдлын үеэр би цээжин дотроо шатах мэт мэдрэмжийг мэдрээгүй (С ба Г 9:8-ыг үзнэ үү). Гэхдээ би Ариун Сүнсийг мэдэрсэн. Ноён Вүдийг урь гэсэн дахин давтагдсан бодлууд (С ба Г 128:1-ийг үзнэ үү), түүнийг урих үед мэдэрсэн тайвшрал (Иохан 14:26-г үзнэ үү), мөн түүнийг урьсны дараа мэдэрсэн баяр баясал (Галат 5:22-ыг үзнэ үү) бүгдээрээ Сүнснээс ирсэн. Хэрэв би цээжин дотор шатах мэт мэдрэмжийг л зөвхөн хайж байсан бол Ариун Сүнс намайг өдөөх үед үүнийг анзааралгүй өнгөрөөж болох байсан.
Ариун Сүнс олон арга замаар ярьдаг бөгөөд Тэр хэрхэн харилцдагийг судалснаар Тэр та нартай хамт байж мөн та нарт зааж эсвэл та нарыг удирдах үед Түүний нөлөөг таних гэж хичээх үедээ юуг анзаарах ёстойгоо та нар мэдэх болно.
Жижиг болоод энгийн зүйлүүдийг эрж хай
Ариун Сүнсний бидэнд хандан ярьдаг олон арга замаас суралцахаас өмнө илчлэлт нь ихэнхдээ намуун, зөөлөн байдгийг бид санах хэрэгтэй. Хэрэв бид залуу Алмад тохиолдсонтой адил тэнгэр элчийг болон газар хөдлөлт болсон тохиолдлыг хайж байвал Ариун Сүнсний илүү ойр давтамжтай мөн илүү нам гүм өдөөлтүүдийг анзаарахгүй байж магадгүй. Хэрэв бид “гайхалтай ба гэнэтийн сүнслэг илэрхийллийг онцлох юм бол” илүү нийтлэг байдаг “жижиг болон өсөн нэмэгдэх сүнслэг өдөөлтүүдийг” анзаарахгүй өнгөрч болдгийг Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А. Бэднар сануулсан юм.1 Ариун Сүнсийг таньж сурахыг хичээх үедээ жижиг болоод энгийн өдөөлтүүдийг эрж хайгаарай.
Ариун Сүнсний харилцдаг арга замуудыг эрж хай
Хэрэв та нар цээжин дотор шатах мэт мэдрэмжийг хэзээ ч мэдэрч байгаагүй бол санаа зовох хэрэггүй. Ариун Сүнсний нөлөөг энэ арга замаар таньдаг хүмүүс олон байдаг боловч Тэр өөр олон арга замаар ярьдаг бөгөөд та нар Түүний оршихуйг мэдрэхийн тулд цээжин дотор шатах мэт мэдрэмжийг мэдрэх шаардлагагүй. Түүгээр ч барахгүй, та нар Ариун Сүнс өөрт чинь нөлөөлдөг арга замуудыг ойлгож мөн тэднийг амьдралдаа хайх үедээ Тэр бодсоноос чинь ч илүү ихээр та нартай харилцаж байгааг мэдэж болох юм.
Энэ жагсаалт нь Ариун Сүнсний харилцдаг цөөн хэдэн арга замыг багтаасан байгаа. Ариун Сүнс та нарт хандан ярьдаг өөр олон арга замыг олж мэдэхийн тулд судрууд ба орчин цагийн бошиглогчдын үгс болон Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлийн удирдамж (2004) номын 96–97-р хуудсыг судал.
“Илчлэлтийн сүнс нь гол төлөв Ариун Сүнсний хүчээр бидний оюун болон зүрхэнд бодол ба мэдрэмж хэлбэрээр ирж, ажилладаг. (С ба Г 8:1–2; 100:5–8-ыг үзнэ үү.)”2 Ариун Сүнс дараах арга замуудаар чамд хандан ярьж чадна:
-
Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, сайхан сэтгэл, итгэлтэй байдал болон дөлгөөн зангийн мэдрэмжүүд (Галат 5:22–23-ыг үзнэ үү).
-
Бидний оюуныг эзэмдэх эсвэл мэдрэмжүүдэд нөлөөлөх бодлууд (С ба Г 128:1-ийг үзнэ үү).
-
Сайныг үйлдэж мөн зарлигуудыг дуулгавартай дагах хүсэл (Moзая 5:2-ыг үзнэ үү).
-
Ямар нэг зүйлийг зөв гэсэн мэдрэмж (С ба Г 9:8-ыг үзнэ үү).
-
Тайтгарлын мэдрэмж (Иохан 14:26-г үзнэ үү).
-
“[Та нарын] бодгалийг тэлдэг” мэдрэмжүүд (Aлма 32:28).
-
“Ойлголтыг [чинь] гэгээрүүлэх” бодлууд (Aлма 32:28).
-
Илүү үнэнийг мэдэхийг хүсэх (Aлма 32:28-ыг үзнэ үү).
-
Үйлдэл хийхээр албадуулах (дэмжих) эсвэл ямар нэг зүйл хийхийг зогсоох (хойш нь чангаах) (1 Нифай 7:15; 2 Нифай 32:7-г үзнэ үү).
Эдгээр бодол ба мэдрэмж хэрхэн ирэх вэ?
Ариун Сүнснээс ирэх бодол ба мэдрэмжүүд нь:
-
“Тэр дороо болон хүчтэйгээр.”
-
“Аажмаар болон алгуураар.”
-
“Чамд анзаарагдахааргүй тийм сулавтар байдлаар” гэх зэргээр ирж болно.3
lds.org/go/revelationL6 дээрх видео бичлэгийг үзэж, энэ талаар илүү ихийг мэдэж ав.
Ариун Сүнснээс ирэх бодол ба мэдрэмжүүд нь дараах шалтгаануудаар ирж болно:
-
Бүх зүйлийг бидэнд сануулахаар (Иохан 14:26-г үзнэ үү).
-
Биднийг мэхлэлтээс хамгаалахаар (С ба Г 45:57-г үзнэ үү).
-
Tэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар гэрчлэхээр (2 Нифай 31:18-ыг үзнэ үү).
-
Заахад маань туслахаар (С ба Г 84:85-ыг үзнэ үү).
-
Сүнсний бэлгүүдийг өгөхөөр (С ба Г 46:11-ийг үзнэ үү).
-
Нүглүүдийн ангижралыг авчрахаар (2 Нифай 31:17-г үзнэ үү).
Сайныг эрэлхийл
Ариун Сүнсийг таних гэж хичээх үедээ ирж буй мэдрэмжүүдийн үр дүнг бодож үз: Энэ бодол эсвэл мэдрэмж нь чамайг сайн зүйл хийхэд хөтөлж байна уу? Moронай 7:16 дээр “Иймийн тул, би та нарт дүгнэх аргыг үзүүлье; учир нь Христэд итгүүлэхээр ятгахыг, мөн сайныг хийхийг урьдаг юм болгон нь, Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг; иймийн тул та нар энэ нь Бурханаас гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно” хэмээн заадаг.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) “Бид Сүнсний өдөөлтийг яаж таньдаг вэ? Энэ нь тийм ч хэцүү гэж би бодохгүй байна. … Энэ нь хүнийг сайныг хийж, дээшээ тэмүүлэн, өндөрт зогсоход; зөв зүйлийг хийж, нинжин сэтгэлтэй, өглөгч байхад ятгаж байна уу? Тэгвэл энэ нь Бурханы Сүнс мөн. Хэрэв энэ нь харанхуй, муухай, бохир, сайн биш байвал энэ нь чөтгөрөөс ирсэн гэдгийг та нар мэдэж болно.”4
Хэрэв та нар Сүнсийг мэдэрч байгаа эсэх дээр гайхаж байгаа бол бодол эсвэл мэдрэмж чинь сайныг хийхэд урьж байгаа эсэхийг өөрөөсөө асуугаад үз. Хэрэв тийм байвал та нар энэ нь Бурханаас ирсэн гэдэгт итгэлтэй байж болно.
Сонгох эрхээ ашиглах боломжуудыг хай
Хэрэв та нар зөв зохистой боловч Ариун Сүнсийг танихад хэцүү байгаа бол үйлдэл хий. Тэнгэрлэг Эцэг та нарыг сонгох эрхээр адисалсан бөгөөд заримдаа Түүний удирдамжгүйгээр үйлдэл хийхийг та нараас шаарддаг. Тэр та нараас харанхуй руу ганц нэг алхах замаар итгэлээ ашиглахыг хүсэх болно. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр “Сүнслэг мэдлэгийг олж авах эрлийн чинь хаа нэгтээ тэр ‘итгэлийн алхам’ байдаг. … Энэ бол та гэрлийн ирмэгт хүрч очоод ганц хоёрхон алхмын цаадах зам тань гэрэлтэй байхад харанхуй руу алхан орох агшин юм” хэмээн хэлсэн.5 Хэрэв та нар Ариун Сүнсний өдөөлтүүдийг танилгүйгээр өөрсдийн мэдлэгт тулгуурлан, итгэлтэйгээр үйлдвэл Тэнгэрлэг Эцэг та нарыг буруу зам руу оруулахгүй байх болно.
Энэ өгүүллийг бичигч АНУ-ын Ютад амьдардаг.