2017
Анги доторх заан
October 2017


Аврагчийн арга барилаар заах нь

Анги доторх заан

Багш нарын зөвлөлийн хурал нь зөвхөн бидний заах арга барилыг өөрчлөөд зогсохгүй суралцах арга барилыг өөрчилж байна.

elephant

Мисвакэ Ситолэд бэрхшээл тулгараад байлаа. Тэрээр тойргийн Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн хувьд тойргийн гишүүдэд сайн мэдээг илүү сайн суралцаж, заахад туслах Бурханаас өгсөн үүрэг хариуцлагатай.1

Өмнөд Африкийн Иоханнесбург дэх тойргийн гишүүд өөр өөр амьдралын нөхцөл бүхий газраас ирсэн, өөр өөр хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байдаг. Зарим нь өндөр боловсролтой, зарим нь боловсролгүй. Тэдний олон нь суралцагчдын үүрэг бол ярих биш сонсох гэж заалгасаар ирсэн. Бусдынх нь хувьд эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа сүм дээр ч тэр, гэртээ ч тэр эрх тэгш заах хэрэгтэй гэдгийг ойлгоход ёс заншил нь саад болдог.

“Мөн өөр өөр хэлээр ярьдаг ч хүмүүс бий” гэж Ситолэ ах хэллээ. “Гэхдээ Сүнс хүн бүрд өдөөлт сэдэл өгөхийг хүсдэг.”Багш нарын

зөвлөлийн хурал болон Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг өнгөрсөн жил танилцуулахад тойрог, салбарууд Сүм даяар Аврагчийн арга барилаар заах гэдэг нь ямар утга учиртай болохыг ярилцаж, судлан, амьдралд хэрэгжүүлэхээр багш нарын зөвлөлийн хурлыг хийж эхэлсэн.

Тэр үед л Ситолэ ах багш нарын зөвлөлийн хурал хэрхэн тойргийг нь адисалж болохыг харжээ. Соёлын ялгааг шийдвэрлэж, ангийн ирцийг сайжруулан, гишүүдийн өөр өөр харах өнцгийг адислал болгож болохоор байв.

Дэлхий дээрх бусад олон хүний адил Ситолэ ах Их Эзэн багш нарын зөвлөлийн хурлыг зүгээр нэг бидний заах арга барилыг өөрчлөх гэж биш, харин бидний суралцах арга барилыг давхар өөрчлөх гэж ашигладаг гэдгийг ухаарчээ.

Зааныг өөр өөр өнцгөөс харах нь

Багш нар суралцагчдадаа өөрсдийн суралцахуйд оролцох боломж олгосноор өөр өөр харах өнцгөөс ирдэг өргөн цар хүрээтэй ойлголтын ашиг тусыг хүн бүр хүртэж чаддаг гэдэг нь Ситолэ ахын хамгийн сонирхолтой ололтуудын нэг юм.Багш нарын

зөвлөлийн хурлаар нэгэн тойргийн гишүүнийг сохор эрчүүд ба зааны тухай сургаалт зүйрлэлийг хуваалцах үед Ситолэ ах үүнийг өөр өнцгөөс харж чадсанаар энэ ойлголтыг олж авчээ. Сургаалт зүйрлэлд зургаан сохор эр зааны зургаан өөр хэсэгт хүрч үзсэн учраас зааныг (хөл нь багана шиг, сүүл нь олс шиг, хошуу нь усны цорго шиг гэх мэт) хэрхэн өөр өөрөөр тайлбарлаж байгааг харуулдаг.2

parts of an elephant

“Заан сайн мэдээ заахыг төлөөлж байгаа гээд бодоод үзээрэй” гэж Ситолэ ах хэллээ. “Бид ангийн гишүүн бүрд өөрсдийн үзэл бодлыг хуваалцах боломж олгох хэрэгтэй. Тэгснээр бид хамтдаа сайн мэдээ хэрхэн бид бүгдийг адисалдаг болох талаар нийтлэг ойлголттой болно.”

Ийм учраас Ситолэ ахын тойргийн багш нар ярилцлага өрнүүлэхийн тулд багш нарын зөвлөлийн хурлын ширээг тойрон суудаг юм. “Энэ нь бидэнд хүн бүрийн дуу хоолой чухал гэдгийг сануулдаг” гэж тэр хэллээ.

Тэдний хэрэгцээ шаардлагын дагуу

Японы Токио дахь Нацуко Сойжима сайн зааж чадна гэдэгтээ эргэлзэж байлаа. Тэр “Би өсвөр насныхны Ням гаргийн ангийн багшаар дуудагдахдаа бишоптоо айж байгаагаа хэлсэн. Гэвч тэр энэ дуудлага Бурханаас ирсэн гэж хэлсэн учраас би зөвшөөрсөн” гэв.

Ангийнхныхаа хувийн сорилт бэрхшээлүүдийг хараад тэр зүрхшээжээ. Хоёр өсвөр үеийн суралцагч сонсголын бэрхшээлтэй. Өөр орноос Япон руу нүүж ирсэн зарим өсвөр үеийнхэн зөвхөн англиар ярьдаг. Тэр мөн ангийн гишүүдээс хамаагүй эгч болохоор насны зөрүүгээсээ айж байсан ч багш нарын

зөвлөлийн хурлаар хариултаа авчээ. “Бид ангийн гишүүн бүрийг хайрлах, тэдний нэрийг чээжлэх, тэдний төлөө нэг бүрчлэн залбирах, тэдний хэрэгцээнийх нь дагуу Сүнсний өдөөлтөөр заах тухай ярьсан. Би бүгдийг нь хийж эхэлсэн” гэж тэр тайлбарлалаа. Тэр зөвлөлөөс сурсан өөр нэг зүйлээ хэрэгжүүлжээ. “Би тэднийг хайрладгаа харуулах үг хэллэг ашигладаг болсон.”

Үр дүнд нь юу болсон гээч? “Миний зүрх сэтгэл өөрчлөгдсөн. Би суралцагчдаа хайрлаж эхэлсэн. Би ангидаа ирээгүй суралцагчдад санаа тавьж, тэдний төлөө залбирдаг болсон бөгөөд юу заах тухайгаа бодох цаг гаргахын тулд хичээлээ зааж дуусмагц дараагийн хичээлдээ бэлдэж эхэлдэг болсон. Би баяр баяслаар бялхаж байна.”

Тодорхой хариулт

АНУ-ын Миннесота дахь Ням гаргийн ангийн ерөнхийлөгч Брад Вилсон багш нарын зөвлөлийн хуралд суудаг багш нарыг сурсан зүйлээсээ үүдэн ямар өөрчлөлт гаргахаа ярилцаж шийдэх хүртлээ гарч явахгүй байхад анхаардаг гэдэгт эргэлздэггүй.

“Бид Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага дээрх зааврыг дагадаг” гэж Вилсон ах хэллээ. Бид багш нарын туршлагын талаар, дараа нь санал болгосон сэдвийн талаар ярилцдаг. “Би зохицуулагчийн хувьд асуулт тавьж, тэдний бодол санааг нэгтгэн дүгнэдэг. Дараа нь бид хэрэгжүүлэх дадлага хийдэг. Бид жижиг бүлгүүдэд хуваагдан, ‘Өнөөдөр бид хурлаа хийсэн учраас юуг өөрчлөх вэ?’ гэж ярилцдаг.”

Вилсон ахыг зөвлөлийг хэрхэн “сургаж, заан зөвлөж” байгааг хараад сэтгэл ихэд хөдөлсөн гэж тойргийнх нь диконы чуулгын зааварлагч Рон Гүүдсон хэллээ. “Аврагч хэрхэн заах байсан тухай бид ярилцдаг” гэж тэр хэлэв. “Та Сүнсийг мэдэрмэгцээ ‘Үүнийг анги дээрээ туршиж үзэх хэрэгтэй юм байна’ гэж боддог. Аврагчийн тухай бодох нь заах арга барилыг өөрчилдөг. ‘Би хичээлээ бэлдэх ёстой’ гэдэгт биш ‘Эдгээр диконд юу хэрэгтэй байна вэ? Мөн бид тэдэнд хэрхэн туслах вэ?’ гэдэгт илүү анхаардаг болно.”

Тэр тэмдэглэлийн дэвтэртээ “Би өнөөдөр багш нарын зөвлөлийн хуралд суусан. Би үүнийг хийх хэрэгтэй” гэж бичиж байснаа дурсав. Үнэндээ түүний дэвтэр иймэрхүү тэмдэглэлээр дүүрэн байдаг. Тэр “Эртхэн эхэлчихвэл долоо хоногийн турш сүнслэг өдөөлт хүлээн авч болно” гээд одоо хичээлээ урьдчилж бэлддэг болжээ. Тэр диконуудаас амьдрал нь хэр байгааг асуудаг. “Би тэднийг илүү сайн ойлгож мэдсэн үедээ тэдэнд илүү үр дүнтэй тусалдаг.” Тэр мөн диконуудаас хичээл заахад туслахыг хүсдэг. “Тэд заахад тусалснаараа илүү сайн сурдаг.”3

Би дуулсаар байв

“Бид зөвлөл дээр дуу хөгжим хэрхэн Сүнсийг урьж авчирдаг тухай ярилцсан” гэж Миннесота тойргийн Хүүхдийн хэсгийн багш Жосэлин Хэррингтон хэллээ. “Би нэг өдөр “Нарны цацраг” ангид зааж байлаа. ‘Тэднийг зураг будаж байх хооронд дуулбал мөн ч сайхан даа’ гэж би бодсон. Намайг дуулж эхлэхэд тэд будахаа болиод, сонсов. Тиймээс би дуулсаар байсан бөгөөд Сүнс ч ангид ирсэн. Намайг дуулж дуусахад тэд хүндэтгэл бишрэлтэй суугаад, ярихыг минь хүлээж байв. Боломж гармагц гэрчлэлээ хуваалцах талаар бид [зөвлөл] дээр ярилцаж байсан учраас би тэдэнд ойлгогдохоор гэрчлэлээ хуваалцлаа.”

Зөвлөлийн хуралд Хүүхдийн хэсгийн багш нарыг хамруулдагт талархаж байгаагаа Хэррингтон эгч илэрхийлсэн юм. “Бид насанд хүрэгчдэд хэрхэн заах тухай ярилцсан. Харин Вилсон ах ‘Өсвөр үеийнхэнд хэрхэн заах вэ? Хүүхдүүдэд хэрхэн заах вэ?’ гэж асуусан. Тэр бүх насны хүмүүс байгаа гэдгийг бидэнд сануулсан юм” гэж тэр хэллээ.

Нэг зөвлөлөөс нөгөө зөвлөл рүү

Канадын Альбертагийн Калгари дахь тойргийн Ням гаргийн ангийн ерөнхийлөгч Адам Мартин тойргийн зөвлөлөөс зөвлөгөө өгдөгт талархаж байгаагаа илэрхийллээ. “Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч эсвэл ахлагчдын чуулгын ерөнхийлөгч ‘Бид багш нарыг үүн дээр төвлөрөөсэй гэж хүсэж байна’ гэж хэлэхэд бид тэдгээрийг багш нарын зөвлөлийн [хурлаар] авч хэлэлцдэг” гэж тэр хэллээ.

Багш нарын зөвлөлийн хурал явагдаж эхлэхэд багш нар юу хүсэн хүлээхээ мэдэхгүй байсан учраас тэр хувь хүн бүрийг урьж, teaching.lds.org дээрх сургалтын материалуудаас зааж байв. “Одоо зөвлөлийн хурал тогтмол явагддаг болсон” гэж тэр хэллээ. “Тэд энэ нь юу болж байгааг ярилцах газар гэдгийг мэддэг.”

Сүүлийн нэг хурал Сүнсийг дагах талаар байсан. “Бид сайн бэлдэх хэрэгтэй ч бүх зүйлийг заах гэж зовох хэрэггүй тухай ярилцсан” гэж тэр хэлэв. “Нэг эгч хичээлийн төлөвлөгөөн дээрээ байгаа бүх зүйлийг ярих хэрэгтэй гэж боддог байснаа хэлсэн. Ярилцлага өрнүүлэхдээ сүнслэг өдөөлтийг дагах тухай биднийг ярих үед тэр эгч бүх зүйлийг заах гэж оролдох хэрэггүйг ойлгосон нь илт байсан.”

Хамтдаа шийдэл олох нь

elephant on a table

Заах нөхцөл байдал бүр өөр өөрийн гэсэн боломж, бэрхшээл, адислалтай байдаг. Зөвлөл нь багш нарт Сүнсний тусламжтай тодорхой бэрхшээлүүддээ шийдэл эрэлхийлж олох боломжийг олгодог учраас үр дүнтэй байдаг.

АНУ-ын Аризона дахь нэгэн гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгч Жэффри Рэйд багш нар өөрсдийн гол үүргийг зөвлөлдөх явдал гэж ойлгосон үед багш нарын зөвлөлийн хурал хамгийн үр дүнтэй явагддаг гэж хэллээ. “Тэд тэр үед л нэг нэгэндээ тусалж чадна гэдгээ мэддэг.”

Гадас “Би сайн зааж байна уу?” гэж бодохын оронд “Захиасыг яаж хүлээж авч байгаа бол?” гэж бодоход нь багш нарт туслахад анхаарч байна.

Уг гадасны Хүүхдийн хэсгийн багш Мариса Конова багш нарын зөвлөлийн хурлаар мэдэрсэн өдөөлтийнхөө дагуу “Баатрууд 8” ангийнхаа хүүхдүүдийг нэг нэгнийхээ төлөө залбирахад урамшуулан дэмжсэн гэж хэллээ. Энэ нь үр дүнгээ өгсөн. Гэхдээ энэ арга насанд хүрэгчдийн ангид ийм үр дүн өгөхгүй байж магадгүй. “Сайн мэдээний сургаалын том ангиудад хүн бүрийн төлөө залбирах нь хүндрэлтэй байж болно” гэж тэр хэллээ. “Аз болж, багш нар ‘Бид энэ аргыг хэрхэн ангидаа тохируулж өөрчилж болох вэ?’ гэж асуудаг. Бид хамтдаа шийдэл олдог.

Багш нарын зөвлөлийн хурал нь бидэнд хэр сайн байгаа мөн юу хийж байгаагаа тунгаан бодох цаг өгдөгт би талархдаг. Тусламж дэмжлэг, санал зөвлөгөө авч, бүгд нэг зорилгын төлөө хөдөлмөрлөж байгаа гэдгээ мэдрэх нь тустай байдаг. Хүмүүсийн зөвлөлийн хуралд хувь нэмэр болж буй өөр өөр үзэл бодолд би дуртай. Энэ нь надад хэзээ ч ганцаараа бодоод олохгүй байсан зүйлсийг бодож олоход тусалдаг.”

Бид багш нарын зөвлөлийн хуралд оролцож, санал бодлоо хуваалцсанаар “сайн мэдээг заах” гэж нэрлэсэн зааны тухай ойлголт маань илүү тодорхой болж эхэлдэг. Африк дахь Ситолэ ахтай адил Сүмийн олон гишүүн Аврагчийн арга барилаар заах чадвар сайжирснаар зөвхөн заах арга барил төдийгүй суралцах арга барил өөрчлөгддөг гэдгийг сурч байна.

Эшлэлүүд

  1. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 12.2.2-ыг үзнэ үү.

  2. Сургаалт зүйрлэл Дийтр Ф.Угдорфын хэлсэн “What Is Truth?” үгэнд байгаа болно. (Залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2013 оны 1-р сарын 13), broadcasts.lds.org; мөн Дийтр Ф.Угдорф, “What Is the Truth?” Friend, 2017 оны 3-р сар, 2.

  3. Илүү дэлгэрэнгүй зөвлөмжийг Брайн К.Аштон, “Helping Youth Teach,” Liahona, 2016 оны 8-р сар, 24–25-аас үзнэ үү.