Явахаасаа өмнө мэдэх зүйл: Ариун сүмийн баптисм
Хүлээх шаардлагагүй. Өсвөр үеийнхэн, шинэ гишүүд гээд бүх зохистой гишүүн яг одоо ариун сүмд үйлчилж чадна.
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1907–1995) “Ариун сүмд ордог, ариун сүмийг хайрладаг хүмүүс болцгооё” гэж хэлсэн билээ. “Бид боломжийнхоо хэрээр аль болох ойр ойрхон ариун сүм рүү явахаар яардаг байх хэрэгтэй. Бид нас барсан гэр бүлийнхээ гишүүдийн төлөө төдийгүй ариун сүмийн шүтлэг бишрэлээс ирдэг хувийн адислалууд мөн тэрхүү ариун нандин хананууд дундах ариусгал, аюулгүй байдлын төлөө ариун сүмд орох ёстой” (“A Temple-Motivated People,” Ensign, 1995 оны 2-р сар, 5).
Энэ зөвлөгөө нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх гишүүнд, бүр саяхан баптисм хүртсэн гишүүдэд ч хамаатай. Хэрэв та зохистой л бол ариун сүмд орох гэж хүлээх шаардлагагүй. Та баптисм хүртэж, гишүүнээр батлагдсан л бол хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгийг хүлээн авч болно.
Энэ эрхийн бичиг нь танд нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс төлөөлөн хийх баптисм, гишүүний баталгааг гүйцэтгэх боломжийг олгоно. Та ариун сүмд үйлчилж, шүтэн биширснээр сайн мэдээний тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлж чадна.
Аргентины Наталиа Лорэна Фигуэроа ариун сүмд анх удаа орсон туршлагынхаа талаар “Ариун сүмийн баптисмын өрөөнд нэгэн ах өвөө, авга ах нарын маань төлөө баптисм хүртэж байгааг би харсан. Би эмээ, авга эгч нарынхаа төлөө баптисм хүртсэн. Би үгээр илэрхийлшгүй их баяр баяслыг мэдэрсэн. Нулимс минь урсаж, урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүйгээр чээжин бие минь шатах мэт болж байсан” гэж хэллээ. Хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгийг эзэмшдэг зохистой хүмүүст ч үүнтэй адил адислал ирдэг.