2017
Бат зогс
October 2017


Бат зогс

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Жишгүүдийнхээ дагуу амьдрах нь хэр хэцүү эсвэл амархан байх эсэхэд найзууд маш том нөлөө үзүүлдэг.

surrounded by a circle of friends

Би Сүмийн гишүүн найзуудтай тоглож өссөн бөгөөд баптисм хүртэж, гишүүн болох хүсэлтэй болж эхэлсэн юм. Би коллежид сурахаар өөр газар руу нүүж, тэндээ номлогчдоос хичээл авч эхлэв. Харамсалтай нь, үе тэнгийнхний дарамт шахалт сайн мэдээний жишгүүдийг дагахад хүндрэлтэй болгож байлаа. Шинэ оюутнууд үдэшлэгт явж, согтууруулах ундаа уухад их цаг зарцуулдаг байв. Би урьд өмнө нь согтууруулах ундаа ууж үзээгүй ч шинэ найзууд маань намайг уу гэж шахсаар байлаа.

Би сайн мэдээ үнэн гэдгийг мэдэж байсан ч үе тэнгийнхний дарамт шахалтыг эсэргүүцэхэд хэцүү байв.

Би зөв шийдвэр гаргах хүч чадлын төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч эхэлсэн юм. Би жишгээ бууруулаагүй ч дараагийн удаа миний ээлж ирэхэд согтууруулах ундааг уухгүй байх хүч чадалгүй болох вий гэдгээс айж байв. Надтай адил итгэл үнэмшилтэй найзуудыгаа би маш их санасан.

Би нэгэн бямба гаргийн орой сургуулийн дотуур байрны хүмүүстэй хамт үдэшлэгт явлаа. Очсон даруйд л бүх найз маань согтууруулах ундаа ууж эхэлсэн бөгөөд намайг анх удаагаа оролдоод үзэхийг ятгаж байв.

Би уруу татагдаж байлаа. Би өгсөн аягатай шар айргийг нь авав. Хэдийгээр таагүй санагдсан ч найзуудынхаа анхаарлыг татаж байгаадаа баярлан би аягаа ам руугаа ойртууллаа. Тэгтэл Ник хэмээх уудгаараа алдартай нэгэн хүү бидний тойрогт орж ирээд,

“Чи уугаагүй биз дээ?” гэж асуув.

“Хараахан үгүй” гэж би хариуллаа.

“Хэрэв уух юм бол чи насан туршдаа өдөр бүр харамсах болно шүү” гэж Ник хэлэв.

Би цочирдсон ч түүний зөв гэдгийг мэдэж байсан. Би уухыг хүсээгүй. Би Сүмд нэгдэхийг хүсэж байсан. Би аягыг буцааж өгөөд, үдэшлэгийг орхисон бөгөөд буруу шийдвэр гаргаагүйдээ баяртай байв.

Би маргааш өглөө нь сүм рүү яваад, номлогчидтой уулзан, баптисмын өдрөө товлосон. Тэр цагаас хойш би согтууруулах ундаатай үдэшлэгээс татгалзах болсон юм. Би сүм дээр өөртэйгөө адил сүсэг бишрэл, жишигтэй найзуудтай болсон. Би сургуулийн дотуур байрныхаа хүмүүстэй найз хэвээрээ байгаа ч жишгээ тодорхой болгосон юм. Тэд миний итгэл бишрэл ямар чухал болохыг ойлгоод, намайг хүндлэн, дахиж шахаж дарамтлахаа больсон. Тэднийг зохисгүй кино үзэж, зохисгүй дуу сонсоход өрөөнөөс гарах үед маань тэд анзаарч, намайг хүндэлсэн.

Энэ туршлага гэрчлэлийг минь хүчирхэгжүүлсэн. Би үе тэнгийнхнийхээ дарамт шахалтаас болж хэзээ ч жишгээ бууруулахгүй байхыг хичээх болно. Хүнд шийдвэрүүдтэй тулгарах хамгийн шилдэг арга бол жишгүүдээ мэдээд, эхнээсээ л тэдгээртээ бат зогсох явдал гэдгийг би мэднэ.

Уруу таталтыг эсэргүүцэх хүч чадал гуйсан залбиралд минь Тэнгэрлэг Эцэг хариулсныг би мэднэ. Ариун Сүнс намайг зөв шийдвэр гаргахад урамшуулсанд би талархдаг. Сүмийн жишгүүд биднийг хамгаалахын төлөө байдаг гэдгийг би мэднэ. Жишгүүдээ дагахыг сонгох нь Сүмд нэгдэх сонголтыг хийхэд тусалсанд би талархдаг. ◼