2017
“Бие дааж амьдрах чадвартай, бусдаас хараат бус байцгаая”
October 2017


Бие дааж амьдрах чадвартай, бусдаас хараат бус байцгаая”

Дэлхий даяар хожмын үеийн гэгээнтнүүд Сүмийн бие даах чадвар хөгжүүлэх санаачилгын зарчим, сургаалыг ойлгож, дагаснаар “илүү их итгэл найдвар, амар амгалан, хөгжил дэвшлээр” адислагдаж байна.

violin maker in workshop

Петр Сүмийн гишүүн болохоосоо өмнө санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэж залуу насныхаа ихэнх хугацааг зориулжээ. Түүнийг гаднаас нь харвал санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн мэт харагддаг байсан бөгөөд тэрээр хэд хэдэн бизнес эрхэлдэг байжээ.

Английн Вэст Мидландс дахь Сүмийн удирдагч Петрээс Сүмийн бие даах чадвар хөгжүүлэх санаачилгаар дамжуулан санал болгодог хувийн санхүүгийн бүлэгт нэгдэхийг хүсэхэд тэр юу л заах бол доо гэж эргэлзсэн байна. Петр бүлэгт хамрагдаж эхлэнгүүтээ л сурах зүйл ямар их байгааг ойлгожээ.

“Тэр ангид зөвхөн санхүүгийн талаар заагаагүй бөгөөд бараг талд нь өөр зүйлийн тухай заасан.” “Хамгийн чухал нь би Тэнгэрлэг Эцэгт итгэж сурсан бас Түүний сүнслэг удирдамжийг дагавал Тэрээр биднийг бүхий л материаллаг талаар адисалж, жинхэнэ бие даах чадвартай болох үүд хаалгыг нээдэг гэдгийг ойлгосон” гэж тэр хэллээ.

Петр хувийн санхүүгийн бүлгийн гишүүний хувьд өрхийн орлого, зарлагаа тооцож, төсөв хийн хөтөлж мөн үүний дагуу амьдрах, өр зээлээ багасгах, ирээдүйдээ зориулж хадгаламж нээх зэрэг тусгай чадварт суралцжээ. Петр эхнэрийн хамт эдгээр чадварыг ашиглахын хажуугаар Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, шаргуу хөдөлмөрлөснөөр нэлээд их хэмжээний зээлээ төлж чадсан байна.

“Би өр зээл, санхүүгийн эмх цэгцгүй байдлаас үүдэлтэй айдсаасаа салж, ачаагаа хөнгөлж, илүү эрх чөлөөтэй болсон мэт санагдаж байна. Би урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй ихээр Тэнгэрлэг Эцэгийн адислалуудыг мэдэрч байна. Материаллаг хэрэгцээний тусламж хэрэгтэй үедээ би хэрхэн Түүнээс гуйж, хэрхэн хариултыг нь хүлээж авахаа мэдэж авсан” гэж тэр хэллээ.

Бие даах чадвар хөгжүүлэх санаачилга

Бие даах чадвартай байх нь зүгээр л нэг сайн ажилтай байж, хүнсний нөөцөө бэлдэн, банкинд мөнгө хадгалахаас илүү утга учиртай зүйл юм. Харин энэ нь “өөрийнхөө төдийгүй гэр бүлийнхээ сүнслэг болон материаллаг хэрэгцээг хангах чадвар, төгс шийдвэр, хүчин чармайлт юм. [Сүмийн] гишүүд ажил хөдөлмөрийг амьдралынхаа удирдах зарчим болгон дээдэлж, бие даах чадвартай болсноор бусдад илүү сайн үйлчлэх, анхаарал халамж тавих чадвартай болдог.”1

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бие даах чадвар бол бидний хөдөлмөрийн үр дүн бөгөөд бусад халамжийн ажлын үндэс суурь юм. Энэ бол бидний сүнсний болон материаллаг сайн сайхан байдлын үндсэн элемент мөн. … ‘Хэрэгтэй зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөцгөөе. Бие дааж амьдрах чадвартай, бусдаас хамааралгүй байцгаая. Өөр ямар ч зарчмаар авралыг олж чадахгүй. Аврал бол хувь хүний хийх ёстой ажил. Иймээс бид материаллаг болон сүнсний зүйлсийн аль алинд нь өөрсдийнхөө авралыг өөрсдөө биелүүлэх ёстой’”2 гэж хэлсэн.

2014 оноос хойш 100 гаруй үндэстэн ястны 500 000 гаруй хожмын үеийн гэгээнтэн орон нутгийн санваарын удирдагчдын удирдамжин доор бие даах чадвар хөгжүүлэх санаачилгад хамрагдсан билээ. Одоо Сүм уг санаачилгыг Хойд Америкт нэвтрүүлж байна.

Энэхүү санаачилга “Сүмийн гишүүдэд итгэл, боловсрол, шаргуу хөдөлмөрийн зарчмуудад болон Их Эзэнд итгэх итгэлд суралцан, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах” ангиуд болон эх сурвалжуудаас бүрддэг. Эдгээр зарчмыг хүлээн зөвшөөрч, амьдралдаа хэрэгжүүлэх нь “Их Эзэний амласан материаллаг адислалуудыг хүлээн авах боломжийг танд олгох болно”3 хэмээн Тэргүүн Зөвлөл хэлжээ.

fisherman

Аз жаргалтай, итгэл найдвартай байх нь

Мариа Эдилин Ромао итгэл найдвараа алдаад байлаа. Тэр олон хүүхдээ тэжээдэг өрх толгойлсон эмэгтэй байсан бөгөөд түүнд ажил олдохгүй байв.

Чухам тэр үед Бразилийн Санта Катарина дахь тойргийн хоёр гишүүн нь түүнийг бие даах чадвар хөгжүүлэх төвийн зохион байгуулсан онцгой цугларалтад урьжээ. Онцгой цугларалтын дараа Мариа нэгэн бүлэгт нэгдсэн нь түүнд ажил олоход тусалсан байна.

“Надад анх удаа гэр бүлээ асарч хамгаалж чадах юм байна гэсэн итгэл найдвар төрсөн. Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг амьдралаа өөрчлөхөд минь тусална гэдэгт би итгэсэн” гэж тэр дурслаа.

Үнэхээр ч тус болжээ.

Мариа 12 долоо хоногийн турш уг бүлэгт мөн сурлага хөдөлмөр, өгсөн амлалтандаа бие сэтгэлээ зориулж, зорилгууддаа хүрэх шинэ эрч хүчийг олж авсан юм. Тэр ажлын ярилцлаганд орох дадлага хийж, хоёр долоо хоногийн дотор ажлын ярилцлаганд амжилттай орж чаджээ. Уг ярилцлагаас үүдэн тэр ажилтай болсон байна.

Гэр бүлээ хэрхэн тэжээх билээ гэж цаашид санаа зовох шаардлагагүй болсон Мариа “Амьдрал минь бүрмөсөн өөрчлөгдсөн. Би одоо аз жаргал, баяр баясгалан, тэсвэр тэвчээр, итгэл найдвараар дүүрэн байна. Тэнгэрлэг Эцэг амьд бөгөөд намайг хайрладаг гэдэгт би итгэдэг. Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн үедээ би адислагддаг гэдгээ мэднэ” гэж хэллээ.

“Хамгийн гайхамшигтай арга хэрэгсэл”

seamstresses

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс “Бие даах чадвар бол илүү агуу ач холбогдолтой зүйлсийг олж авах арга зам бөгөөд Аврагчтай адил болох нь бидний хамгийн эрхэм дээд зорилго мөн. Бид бусдад амин хувиа үл хичээн үйлчлэх үедээ энэ зорилгодоо дөхдөг. Бидний бие даах чадварын түвшингээс хамаарч үйлчлэх чадвар нэмэгдэж эсвэл буурдаг” гэж хэлжээ.

“Бид гагцхүү бие даах чадвартай болсон үед л бусдад үйлчилж, тэднийг адислахдаа Аврагчийг даган дуурайж чадна”4 гэж ахлагч Хэйлс нэмж хэлэв.

Сэрхио Галбучи гадасны ерөнхийлөгчийн зөвлөл өөрийг нь гадасны бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнээр дуудсаны дараахан өөрийн бизнесийг эхлүүлэхдээ энэ үнэнийг олж мэдсэн байна. Хорооны гишүүний хувьд олж авсан итгэл, ур чадвар, мэдлэгээ ашиглан Сэрхио эхнэр Силвиагийн хамт Буэнос-Айрест өөрийн гэсэн онцлогтой, Аргентины гар урлал, үнэртний дэлгүүр нээжээ.

“Бие даах чадвартай болох нь итгэл найдвараа харуулах арга зам мөн” гэж Сэрхио хэллээ. Силвиа тэр хоёр хүсэн хүлээсэн амжилтандаа өмнө нь хүрч чадаагүй байсан ч итгэл найдвар хичээл зүтгэлийнх нь үндэс суурь болон үлджээ. Тэд хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэхээр хүлээж байхдаа шаргуу хөдөлмөрлөн, өөрсдийн бүтээгдэхүүн болон номлолын ажлаар худалдан авагчдаа адисалсан байна.

“Бид олон хүнтэй танилцдаг. Мөн бид Мормоны Номыг тараах боломжтой байсан” гэж Сэрхио хэллээ.

Гадасны бие даах чадвар хөгжүүлэх хороо анхандаа бие даах чадвартай болоход тусламж хэрэгтэй байгаа 10 гишүүнийг Сэрхиогийн гадаснаас тодорхойлжээ. Мөн үүнд бишопууд ч тусалсан байна.

“Одоо бид тусламж хэрэгтэй байгаа 35 хүнийг олж тогтоогоод байна. Бишопууд хувь хүн бүрийг бүлгүүдэд нэгдэхийг урьсан” гэж Сэрхио хэлэв.

Тэдний итгэл өсөж, шаардлагатай өөрчлөлт гарган, шинэ ур чадваруудыг эзэмшсэн.

“Би санваарын удирдагчидтай ярилцах бүрдээ энэ бол Тэргүүн Зөвлөлөөс хүлээн авсан хамгийн гайхамшигтай арга хэрэгсэл гэдгийг чадах чинээгээрээ илэрхийлэхийг хичээдэг” гэж Сэрхио хэлээд, “Энэ бол хэн нэгэнд тусламж болгон өгөх мөнгөнөөс ч илүү үр дүнтэй бөгөөд үүний сургаал нь их сургуулийн оюутан байхдаа судалж байсан ямар ч номноос маань илүү тодорхой ойлгомжтой байдаг” гэв.

Хамгийн чухал нь, 12 долоо хоногийн бие даах чадвар хөгжүүлэх ангийг төгссөн хүмүүс Есүс Христийн илүү сайн шавь нар болж, авьяас чадвараа Бурханы хаант улсыг байгуулахад хэрхэн ашиглаж болохоо сурдаг.

“Энэ [бие даах чадвар хөгжүүлэх] бүлэг зөвхөн бизнес дээр төвлөрдөггүй бөгөөд Бурхантай болон бусадтай харилцах харилцаан дээр төвлөрдөг. Бид энэ бүлэгт өнгөрүүлсэн 3 сарын хугацаанд Есүс Христийн илүү сайн шавь нар болдог. Бизнес бидэнд илүү бие даах чадвартай болоход тусалж болох ч бидний хамгийн эрхэм зорилго бол бусдад үйлчлэх явдал юм” гэж Сэрхио хэллээ.

Хөгжил дэвшил ба ажил үйлс

mother with sons

“Аливаа шашин хүмүүсийг материаллаг байдлын хувьд аварч, энэ амьдралд аз жаргалтай, элбэг хангалуун байлгах хүчгүй л бол тэднийг сүнслэг байдлын хувьд аварч, ирэх амьдралд өргөмжлөлд хүргэнэ гэдэг юу л бол. Энэ нь үргэлж хожмын үеийн гэгээнтнүүдийн баримталж ирсэн үндсэн зарчим байсан”5 гэж ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918) хэлжээ.

Тиймээс бид хүмүүсийг материаллаг байдлын хувьд хүчирхэгжүүлснээр сүнслэг байдлын хувьд ч мөн хүчирхэгжүүлж байдаг гэдэгт гайхах шаардлагагүй. Соломон арал дээр бие даах чадвар хөгжүүлэх номлогчоор үйлчилж байсан ахлагч Дэвид, Тереза Ниш эгч хоёр Сүмийн гишүүдээс энэ хоёр зарчмын уялдаа холбоог олж харжээ.

Тэд уг санаачилгын товхимлуудын талаар “Сүнслэгээр өсөж хөгжин, ариун сүмд орох нь Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил-д заадаг зарчим, ур чадвар, дадал хэвшилтэй мөн Миний бие даах чадвартай болох арга зам-д байдаг бүрэн бүтэн тайлбартай нягт холбоотой” гэж хэллээ. “Тэдгээр нь сүнслэг болон материаллаг бие даасан байдал руу хөтлөх өсөлт хөгжлийг бий болгоход хүмүүст тусалдаг.”

АНУ-ын Юта муж дахь бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн зохицуулагч Чэрил Рэдд уг санаачилгын сүнслэг зарчмууд материаллаг байдлын хувьд хөгжиж дэгжихэд түүнд хэрхэн тусалсан тухай “Эдгээр зарчим, үндэс суурь нь амьдралын бүхий л талбарт хамаатай. Эдгээр сургалт надад эхнэр, эх хүний үүрэг хариуцлагаа илүү сайн ухамсарлахад тусалсан. Одоо би гэр бүлийн санхүүгээ илүү сайн ойлгоход туслах арга хэрэгсэлтэй боллоо. Ханьтайгаа хамтран санхүүгээ зохицуулах нь зарим талаараа бас бизнес гэдгийг би мэддэг болсон. Гэр бүлээ амжилттай байлгахад эдгээр хэрэгсэл бидэнд хэрэгтэй” гэж тайлбарлав.

Сүм даяар өсөн нэмэгдэж буй бие даах чадварын талаарх энэхүү илүү гүн гүнзгий ойлголт илүү их итгэл, сүнслэг хүч чадлыг авчирч байна. Үүний үр дүнд гишүүд сүмд явах, аравны нэгээ төлөх, ариун сүмд орох зохистой байх итгэл үнэмшлээ нэмэгдүүлж байна.

“Энэ миний сонирхлыг татаж чадсан шүү” гэж бие даах чадвар хөгжүүлэх санаачилгын шинэ гишүүн Жорж Эчивариа хэллээ. Перуд таксины жолоочоор ажилладаг Жорж уг санаачилга түүнийг өөрийгөө сайжруулах хүслээр дүүргээд зогсохгүй сайн мэдээний тухай гэрчлэлтэй болоход тусалсан гэж хэлэв. Тэр одоо цахилгаанчин болж, өөрийнхөө олон жил барьсан гурван дугуйт таксигаа засаж сурдаг болохыг хүсэж байна.

“Бид юу ч хийлгүй суугаад, ямар нэгэн зүйл тохиолдохыг хүлээж болохгүй. Бид идэвх санаачилгатай байх хэрэгтэй” гэж тэр хэллээ.

“Та нарын амьдрал адислагдах болно”

woman kneeling in prayer

Дэлхий даяар хожмын үеийн гэгээнтнүүд сүнслэг болон материаллаг бие даах чадварын зарчмуудыг хичээнгүйлэн сурч, амьдралдаа хэрэгжүүлснээр Их Эзэний амласан адислалуудыг хураан авч байна. Уг санаачилга хүн бүрд ашиг тусаа өгдөг ч нэн ялангуяа материаллаг, сүнслэг бие даасан байдлаар дутмаг мөн материаллаг, сүнслэг бие даасан байдлаа хүчирхэгжүүлэх шаардлагатай хүмүүсийг адисалдаг билээ. Шаардлагатай эх сурвалжуудаар хангахын тулд боловсролын сургалтад суухаар төлөвлөж буй хүмүүст тусалснаар Тасралтгүй Боловсролын Сан нь бие даах чадвар хөгжүүлэх үйлчилгээг дэмждэг.

Бие даах чадвартай болохоор хөдөлмөрлөх үед Их Эзэн бидэнд тусална хэмээн судрууд амладаг. Тэрээр “Өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой” (С ба Г 104:15) хэмээн хэлжээ.

Тэргүүн Зөвлөл энэ зорилгын талаар “Энэхүү илчлэлт бидэнд өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн амьдралын хэрэгцээг хангах боломж олгохын тулд биднийг материаллаг адислалуудаар хангаж, бие даах чадвартай болох үүд хаалгыг нээж өгөх Их Эзэний амлалт юм” хэмээн тунхаглажээ.

Тэргүүн Зөвлөл эдгээр зарчмыг судалж, амьдралдаа хэрэгжүүлэн, гэр бүлийнхэндээ зааснаар ‘амьдрал тань адислагдах болно. Та бие даах илүү их чадвартай болохын тулд чухам юу хийх ёстойгоо мэдэж авах болно. Та илүү их найдвар, амар амгалан, өсөлт хөгжлөөр адислагдана”6 гэж амласан.

Эшлэлүүд

  1. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 6.1.1.

  2. Томас С.Монсон, “Guiding Principles of Personal and Family Welfare,” Ensign, 1986 оны 9-р сар, 3; мөн Марион Д.Ромни, in Welfare Services Meeting Report, 1976 оны 10-р сарын 2, 13-ыг үзнэ үү.

  3. Тэргүүн Зөвлөл, Миний суурь: Зарчим, ур чадвар, дадал хэвшил (2015 оны товхимол), 2.

  4. Робэрт Д.Хэйлс, “A Gospel Vision of Welfare: Faith in Action,” in Basic Principles of Welfare and Self-Reliance (booklet, 2009), 2.

  5. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 164.

  6. Тэргүүн Зөвлөл, Миний суурь, 2.