2017
Гэрлэлтэндээ тулгарч байгаа зөрчилдөөнийг шийдвэрлэх нь
October 2017


Гэрлэлтэндээ тулгарч байгаа зөрчилдөөнийг шийдвэрлэх нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Хайр бүхий уур амьсгал бүрдсэн орчинд зөрчилдөөнөө шийдэх нь гайхамшигтай адислалууд авчирдаг.

couple holding hands

Зургийг Салли Вэрн Компорт

Мэтт, Маргарэт хоёр (нэрсийг өөрчлөв) Ерөнхий чуулганы төгсгөлийн хуралдааныг үзсэнийхээ дараа телевизээ унтраав. Чуулганаар хэлсэн үгс сүнслэг өдөөлт өгсөн байсан учраас тэд тэр долоо хоногтоо гэрийг нь дүүргэсэн эерэг уур амьсгалд ихэд таатай байлаа.

Түүнээс хойш хорин дөрвөн цаг ч өнгөрөөгүй байхад Мэттийн ажлаасаа гэнэт хүлээн авсан урамшууллын мөнгийг хадгалах уу эсвэл том хүүхдүүдийнхээ сургуулийн хувцсанд зарцуулах уу гэдгээс болж тэд ноцтой маргалдсан тул аль аль нь тун их урам хугарсан байлаа. Маргаан ч шийдвэрлэгдсэнгүй. Мэтт, Маргарэт хоёр хоёулаа буруу ойлголцож мөн өөр бусад асуудал руу ч орж байв.

Урт удаан үргэлжлэх аз жаргалтай гэрлэлтийг бий болгохын тулд гэр бүлийн хосын аль аль нь ойлголцон, хүлээн зөвшөөрч болох эвлэрлийн аргаар шийдвэрээ гаргасан байхаар асуудал зөрчилдөөнөө хэрхэн шийдвэрлэхэд суралцах ёстой.

Сүнслэг сэрэмжлүүлэг ба удирдамж

Судар болон бошиглогч, төлөөлөгчдийн үгсэд маргаан зөрчилдөөний талаар хангалттай олон сэрэмжлүүлэг өгдөг. 3 Нифайгаас бид “Зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус, харин зөрчилдөөний эцэг болох чөтгөрөөс болой” (3 Нифай 11:29) хэмээн уншдаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард, Сатан “эцэг эхийн хооронд сөргөлдөөний ан цав суулгахаар ажилладаг. Тэрээр хүүхдүүдийг эцэг эхдээ дуулгаваргүй байхад уруу татдаг. Сатаны Их Эзэний ажлыг саатуулах хамгийн баталгаатай бөгөөд үр дүнтэй арга зам бол гэр бүлийн ашиг тус, гэр орны цэвэр ариун байдлыг бууруулах явдал гэдгийг мэддэг”1 хэмээн заасан.

Хэдий санал бодол, хэвшил дадал эсвэл гарал угсаа өөр байх нь зайлшгүй ч хэрхэн зохицуулахыг мэдэхэд туслах маш олон эх сурвалж бидэнд бий. Үүнд ням гарагт заадаг сургаал, заавар, Сүмээс хэвлэн гаргасан бүтээлүүд тусалж чадах бөгөөд хэрэгтэй бол эдгээрийг мэргэжлийн чансаатай мэдээлэлтэй хамтатгах боломжтой. Гэр бүлийн хосууд зөрчилдөөн маргааныг хэрхэн зохицуулах талаар арга барилд суралцах боломжтой. Сүнслэг удирдамж нь эхнэр/нөхрийг дотроос нь зөөлрүүлдэг зүрх сэтгэлийн өөрчлөлтөд аваачдаг.

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Хайраа үзүүлэх хамгийн агуу боломжууд бидний гэр оронд байдаг юм шүү. Хайр нь гэр бүлийн амьдралын амин зүрх нь байх ёстой ч заримдаа тийм байдаггүй. Гэр бүлийн амьдралд тэвчээргүй зан, хэрүүл маргаан, гашуун нулимс дэндүү их байна”2 хэмээн сэрэмжлүүлсэн.

Хүндрэл бэрхшээл үргэлжилж, гэр бүлийн амьдралыг сүйрүүлэх аюултай болох үед гэнэн томоогүй зан, аминч үзэл, давж гарах гэсэн хүсэл эрмэлзэл, бардамналын илүү ноцтой шалтгаанууд байж болно. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910-2008) “Аз жаргалтай гэрлэлтэд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол нэг нэгнийхээ тав тух, сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавих явдал юм. Ихэнх тохиолдолд амиа бодох нь маргаан, хагацал, салалтад хүргэдэг ба зүрх сэтгэлийг шархлуулдаг”3 хэмээн заажээ.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Марвин Ж.Аштон (1915–1994) мөн “Хэн нэгэнд маргаанаас болж муухай таагүй мэдрэмж төрөх үед ‘Би үүнд яагаад оролцоод байна вэ?’ … гэж асуух нь зүйтэй.

… Бид өөрсдөө ямар зан авир гаргахаа сонгодог гэдгийг ухаарах нь чухал байдаг. Энэ асуудлын үндэс нь эрт үеэс оршсоор ирсэн бардамнал юм”4 гэж заасан.

Ямар ч шалтгаантай байсан бай бид асуудал гарахад шинэ ур чадварт суралцан, зүрх сэтгэлээ зөөлрүүлэх хэрэгтэй.

Маргаан зөрчилдөөний учир шалтгаан

silhouette of couple arguing

Маргаан зөрчилдөөн гарах олон шалтгаан байдгийн дотор хувь хүний өөрийгөө бодсон өнгөцхөн үзлээс эхлээд харилцааны гүн гүнзгий суусан хэв загвар хүртэл олон янз байна. Аминч үзэл, гэнэн томоогүй зангаа даван туулах асуудлаас гадна гэр бүлийн хосууд дараах хүчин зүйлээс шалтгаалсан зөрчилдөөн маргааны нийтлэг шалтгаануудтай нүүр тулах болно. Үүнд:

  • Дөнгөж гэрлэсэн хосууд нэг нэгнийхээ амьдралын хэв маягт дасан зохицоход суралцах

  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн төрөлхийн ялгаатай байдал

  • Ядарснаас болж уцаарлах

  • Хүүхэд хүмүүжүүлэх, санхүүгээ зохицуулах асуудлаар ялгаатай үзэл бодолтой байх

  • Хүүхдүүд сонгох эрх чөлөөгөө ашиглахад суралцах

  • Сонирхол өөр байх

  • Стрессийг хэт хүндээр хүлээж авах

  • Зөрчилдөөн маргаанаа шийдвэрлэх ойлголт эсвэл чадвар дутах

Уур уцаарын талаар өгөх сэрэмжлүүлэг

Гэрлэлт, гэр бүлийн маргаан, санал зөрөлдөөн ихэнхдээ уур уцаараа барьж чадаагүйгээс болж үүсдэг. Хэрэв бид болгоомжтой байхгүй бол уур бухимдал төрүүлсэн явдлын дараа өөрсдийгөө хохирогч болсон мэтээр байнга бодох болно. Цэгнэн үзэх тусам бид өөрсдийн үзэл бодол, өнцгийг зөвтгөх илүү олон шалтгаан гаргаж ирдэг. Ингэж өөрийгөө шаналгах нь биднийг тайвшруулдаггүй бөгөөд эхний асуудлыг шийдээгүй байхад дахин уурлаж уцаарлах тохиолдол гарснаар дааврын хариу үйлдлээр дахин дүрсхийн уурлахад хүргэдэг.

Жишээлбэл: Зөвлөлдөх хурлаар Мэрилин нөхөртэйгөө хоёул бие биен рүүгээ хашгичин орилсныхоо дараа нэг оронд орохдоо бухимдаж байсан тухайгаа хэлжээ. “Би өөрийнхөө зөв гэдгийг мэдэж байсан. Би түүнийг гэрлээ асаагаад л, уучлал гуйна гэж бодож байтал тэр хэзээ ч уучлал гуйгаагүй. Бодох тусам миний уур улам хүрч байлаа. Түүний хурхирахыг сонсоод л би тэвчихгүй, орноосоо үсэрч босон, түүн рүү илүү их орилчихоод, доод давхар руу явсан юм. Түүнийг уучлал гуйгаагүй гэдэгт та нар лав итгэхгүй дээ” гэж тэрээр хэлэв. Мэрилиний жишээ бол ууртай байх үедээ хийх ёсгүй зүйлийн тодорхой жишээ юм.

Дадаж хэвшсэн зүйлийг, тэр байтугай хэвшээд удаагүй байсан ч гэсэн эвдэхэд хэцүү санагддаг. Гэхдээ эхнэр нөхрүүд үүнд тус болох арга барилд суралцах боломжтой. Энд хэд хэдэн арга өгсөн байна. Үүнд:

7 Тайтгарах аргууд

Бодол санаагаа маш хурдан нягталж үз. Бидний харсан жишээнд Мэрилин “Миний л зөв юм шиг байна. Гэхдээ би арай хэтрүүлээд байх шиг. Нөхөртэйгөө харьцах харилцаа маань бидний маргаж байгаа зүйлээс илүү чухал” гэж өөртөө хэлж болох байсан.

Асуудлыг давж гарах гэж оролдохоосоо өмнө сэтгэл хөдлөлөө дарах боломж олго. Сэтгэл хөдлөлийн улмаас гарч болох хариу үйлдлээ хүлээ.

Сатаарах арга ол. Ямар нэгэн өөр зүйлийн тухай бод эсвэл явган алх.

Бодож байгаа зүйлээ бич. Зарим нэгний хувьд ингэж бичих нь өөрөө өөрийгөө мэдэхэд хэрэгтэй.

Үр бүтээлтэй зүйл хийснээр уур уцаараа гарга. Өөрийнхөө мэдрэмжийг хашгирч харуулах нь “мэдрэмжээ гаргах”-д тус болохгүй. Уур уцаараар сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тусам сэтгэл хөдлөл тань улам хүчтэй болно.

Тайвшруулах хөгжим сонс. Эсвэл сэтгэл сэргээх уран зохиолын ном унш.

Дахин эхэл. Аливаа санал үл нийлэх явдал гарч эхэлмэгц өөрийгөө зогсоо. Харилцан ярианы эхний гурваас таван минут яриа цааш ямархуу байдлаар үргэлжлэхийн үндсийг тавьдаг гэж судалгаа харуулжээ. “Энэ буруу тийшээ явж байна. Дахиад эхэлье” гэж хэл.

Маргаан зөрчилдөөнийг шийдвэрлэх алхмууд

couple sitting together at table

Strengthening Marriage гэсэн нэртэй ХҮГ Гэр бүлийн үйлчлэлийн гарын авлага маргаан зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд (1) үзэл бодлоо илэрхийлэх, (2) санаа зовоосон зүйлээ олж мэдэх, (3) харилцан сэтгэл хангалуун байх шийдвэрлэх аргуудыг сонгох гэсэн гурван алхмыг санал болгодог.5 Энэ гурван алхам нь харилцаан дээр суурилсан бөгөөд хамтдаа хийх загвар юм. Мөн маргаан зөрчилдөөнд оролцогч бүх талын асуудлыг хамруулдаг.

1. Үзэл бодлоо илэрхийлэх

Хувь хүн болгон үзэл бодлоо үнэн зөв бөгөөд бие бие рүүгээ дайрч давшлахгүйгээр илэрхийлдэг. Заримдаа бодож тунгаах нь асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд санал зөрөлдөөн нь зүгээр л буруу ойлголт байсан гэдэг нь тодорхой болдог. Жишээлбэл: Нөхөр нь оройн хоолонд орж, болзоонд явахын оронд ахлах сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнд хамт явахыг ятган, амиа бодож байна гэж бодож байгаа эхнэр хүн нөхрийгөө сагсан бөмбөгийн тэмцээнээс илүү Ням гаргийн ангидаа очихоо больсон нэг тоглогчид анхаарлаа хандуулж байгаа гэдгийг ойлгож болох юм.

2. Санаа зовоосон зүйлээ олж мэдэх

Гэр бүлийн хосууд санаа зовоосон асуудал нь илүү ноцтой түвшинд байгааг олж мэддэг. Гол анхаарлаа төвлөрүүлэх зүйл нь нэг нь нөгөөгийнхөө санаа зовоож буй асуудлыг ойлгон хүлээж авах явдал юм. Дээрх сагсан бөмбөгтэй холбоотой жишээнд суралцагчдадаа санаа зовсон нөхрийнхөө сэтгэлийг эхнэр нь ойлгохын зэрэгцээ бусдын хэрэгцээг гэрлэлтээсээ илүү чухалчилдаг байдлаа хөгжүүлж байна гэдэгт итгэж эхэлж магад. Ийм тохиолдолд хосын аль аль нь өөрсдөдөө төрсөн мэдрэмжийг болгоомжтой байдлаар илэрхийлсэн, санал бодлын зөрүүтэй байгаа үед тэднийг хамтдаа ажиллах боломж олгосон тийм нөхцөлд илүү бодож тунгаан ярилцах ёстой.

3. Харилцан сэтгэл хангалуун байх шийдвэрлэх аргуудыг сонгох

Гэр бүлийн хосууд санал бодлоо чөлөөтэй солилцон, харилцан сэтгэл хангалуун үлдэх шийдвэрлэх аргуудыг сонгосон шийд гаргадаг. Хувь хүн болгон эхнэр/нөхрийнхөө хийж чадах зүйлээс илүүтэй асуудлыг шийдэхэд өөрийн хийж чадах зүйл дээр төвлөрдөг. Ийн эвлэрэхэд төлөвших, тэвчих хэрэгтэй болох ч цагийн аясад хүн мэдрэмжээ хуваалцах нь аюулгүй гэсэн итгэл үнэмшил болон хүн бүрийн хүсэл сонирхлыг авч хэлэлцэнэ гэсэн итгэлцэлд хүргэж болно. Гэр бүлийн хос маань нэг баасан гарагт хамт сагсан бөмбөгийн тэмцээн үзэж, өөр нэг баасан гаргийн орой нөхөр нь ганцаараа тэмцээн үзэж, үлдсэн хоёр баасан гарагт нь хамтдаа хийх үйл ажиллагааг сонгохоор санал нийлж болох юм. Баасан гаргийн оройг хосууд хэрхэн өнгөрөөхөө шийдэхээс илүү хоёуланг нь сэтгэл хангалуун байлгах шийдвэр гаргах явц өөрөө чухал байдаг.

Маргаан зөрчилдөөнийг шийдсэний үр дүн

couple praying together

Хайр бүхий уур амьсгал бүрдсэн орчинд зөрчилдөөнөө шийдэх нь гайхамшигтай адислал авчирдаг. Үүнд аюулгүй байдал, дотоод сэтгэлийн амар амгаланд хүргэдэг хувь хүний өсөлт хөгжил, өсөн нэмэгдсэн итгэл, сайн тал руу өөрчлөгдсөн зан авир, хувь хүний зөв шударга байдал зэрэг нь багтана.

Маргаан зөрчилдөөнийг шийдвэрлэхэд шинэ маягийн загвар гарч ирдэг. Тэр үед гэр бүлийн хосуудад үзэл бодлоо илэрхийлэх, дэмжиж байгаагаа харуулах үүд хаалга нээгддэг. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам эгч “Үгэнд сэтгэлийн дэм өгөх, сэтгэл санаагаар унагаах гэсэн гайхмаар хоёр хүч аль аль нь байдаг. Бид бүгд сэтгэлээр унагах сөрөг үгс, сэтгэл сэргээх хайрын үгсийн аль алиныг мартдаггүй болов уу. Эргэн тойрныхондоо ч, тэдний талаар ярихдаа ч зөвхөн эерэг үг хэлдэг байх нь тэднийг дэмжин, хүчирхэгжүүлж, Аврагчийн замаар даган явахад нь тусалдаг”6 хэмээн хэлсэн.

Зөрчилдөөнөө шийдвэрлэхэд урт удаан хугацааны өөрчлөлт гаргадаг гэр бүлийн хосууд хүсүүштэй шагнал хүлээж авдаг. Харилцааны хувьд өмнө нь асуудалтай байсан нөхөр “Урьд өмнө ямар харилцаатай байснаа эргэж бодохоор хэцүү байдаг. Тийм харилцаа бодит байсан гэхэд итгэхэд хэцүү. Би эхнэртээ яаж тэгж хандаж чадаж байсан юм бол оо? Анхаарлыг минь татсан Ариун Сүнсэнд болон эхнэрийнхээ тэсвэр тэвчээрт би талархдаг” гэж ярьжээ.

Дүгнэлт

Маргаан зөрчилдөөнийг даван гарахын тулд ухамсартайгаар хичээж чармайх, асуудлыг бүрмөсөн шийдвэрлэж, эцсийг нь үзэх хэрэгтэй болдог. Таны дараагийн хэлэх, хийх зүйл гэрлэлтэндээ илүү эерэг харилцааны загварыг эхлүүлэх болно. Та мөн “Хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир, уг нутагт зөрчилдөөн огт байсангүй.

Мөн атаа жөтөө, бас хэрүүл маргаан, бас үймээн … байсангүй; мөн … илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм” (4 Нифай 1:15–16) хэмээн нифайчуудын мэдэрч байсны адил Ариун Сүнсний үр жимсийг хүртэх боломжтой.

Эшлэлүүд

  1. M.Рассэлл Баллард, “The Sacred Responsibilities of Parenthood” (Brigham Young University devotional, Aug. 19, 2003), 3, speeches.byu.edu.

  2. Томас С.Монсон, “Хайр бол сайн мэдээний үндсэн зарчим,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109.

  3. Гордон Б.Хинкли, “Loyalty,” Liahona, 2003 оны 5-р сар, 59.

  4. Марвин Ж.Аштон, “A Time of Urgency,” Ensign, 1978 оны 5-р сар, 9.

  5. Strengthening Marriage: Resource Guide for Couples (2006), 19–20-ийг үзнэ үү.

  6. Жийн Б.Бингам, “Би гэр орондоо сайн мэдээний гэрлийг авчирна,”2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 125–129.