2017
Өнөөдөр хэн нэгэнд тусал
October 2017


Биднийг дахин уулзах хүртэл

Өнөөдөр хэн нэгэнд тусал

Томас С.Монсон, “Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96–99.

Бид бол Бурханы мутар. Тэр биднээс хамааралтай байдаг.

Christ healing at Bethesda

КАРЛ ХЭЙНРИХ БЛОХЫН “ХРИСТ БЕТЗАДАД ӨВЧТӨНИЙГ ЭДГЭЭСЭН НЬ” ЗУРГААС БРИГАМ ЯНГИЙН ИХ СУРГУУЛИЙН УРЛАГИЙН МУЗЕЙН ЗӨВШӨӨРЛӨӨР АВАВ

Сүмийн гишүүн бүр тусламж хэрэгтэй хүмүүст үйлчилж, туслах бодолтой байдагт би итгэлтэй байна. Бид баптисмынхаа үеэр “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд” [Мозая 18:8] гэрээ хийсэн билээ. Өөр хэн нэгэнд тусламж хэрэгтэйг мэдсэн үед хэдэн удаа санаа чинь зовж байсан бэ? Хэн нэгэнд туслах бодол танд хэр зэрэг олон удаа төрж байсан бэ? Гэвч туслах хэрэгтэй хэн нэгэн байсан ч өдөр тутмын амьдралдаа түүртсээр юу ч хийлгүй ‘за яахав, өөр хэн нэгэн нь түүнд туслах л байлгүй’ гэж бодоод өнгөрсөн удаа танд хэр олон тохиолдсон бэ?

Бид зав чөлөөгүй байдгаа гайхдаг. Гэвч бид хийдэг зүйлсээ эргэцүүлэн бодоод үзвэл, ач холбогдолгүй юмстай хэтэрхий их зууралдаж байна. … Илүү чухал зорилго тавин, түүнд хүрэхийг хичээхийн оронд аар саархан зүйлст хамаг цаг заваа зориулах нь олонтоо тохиолдож байна. …

Бидний анхаарал халамж, урам дэм, тусламж дэмжлэг, тайтгаруулал, нинжин сэтгэл хэрэгтэй байгаа хамаатан садан, найз нөхөд, таньдаг, таньдаггүй хүмүүс эргэн тойронд чинь хаа сайгүй байгаа. Бид дэлхий дээрх Түүний хүүхдүүдэд үйлчилж, тэднийг өргөх үүрэгтэй Бурханы гар болсон хүмүүс. Тэрээр бидний хүн нэг бүрд найдлага тавьдаг. …

Бидний сайн мэдэх нэгэн дууллын үгс бидний сэтгэлд хоногших болтугай. …

Өнөөдөр би дэлхийд ямар нэгэн сайн юм хийв үү?

Өөрийн чадлаар хэн нэгэнд туслав уу?

Гунигласан нэгний сэтгэлийг сэргээж, баярлуулав уу?

Үгүй бол, үүргээ биелүүлсэнгүй, би.

Хуваалцах хүсэл надад байсны ачаар

Хэн нэгний ачаа дарамтыг би хөнгөлж өгсөн үү, өнөөдөр?

Өвчтэй болон зовж зүдэрсэн нэгэнд

Өөрөө би сайхан сэтгэл гарган туслав уу?

[“Have I Done Any Good?” Hymns, д. 223].

… Бид өөрсдөөсөө … “Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?” гэж асуух болтугай. Би дэлхий даяарх гишүүдэд хандан хүнд хэцүү байдалд байгаа эсвэл өвчтэй, ганцаардсан хэн нэгнийг олоод, өнөөдөр тэдний төлөө ямар нэгэн зүйл хийхийг зөвлөж байна.