2017
‘Байдаг л нэг өсвөр үеийн хүүхэд’ гэсэн хэв загварыг эвдэцгээе
October 2017


‘Байдаг л нэг өсвөр үеийн хүүхэд’ гэсэн хэв загварыг эвдэцгээе

Дэлхий юу гэж хэлэхийг бүү тоо. Тэнгэрлэг Эцэгийн мэлмийд та нар ямархуу харагддаг вэ? Түүний та нараас харахыг хүсдэг чадавхад та нар хүрч чадна.

breaking the mold

Дэлхий өнөө үеийн өсвөр үеийнхний талаар олон зүйл ярьж байна. Та нар нэгэн хэвийн хэв загварын талаар эсвэл хэн нэгэн нь “одооны хүүхдүүд” гэж гомдоллож байгаа тухай сонссон байх. Мөн та нарын олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах зуршил, худалдаж авдаг зүйл, бүр анхаарал төвлөрүүлэх чадвар хэр муу болохыг харуулсан олон судалгаа, статистик байдаг.

Гэхдээ Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон судлаачдын залуу хүмүүс дээр хийсэн судалгааны дүнг сонсоод, “таагүй сэтгэгдэлтэй” байдгаа хэлсэн байна. “Үнэндээ шинжээчид та нарын талаар юу гэж хэлж байгааг би сонирхдоггүй, харин Их Эзэн та нарын талаар надад юу гэж хэлснийг илүүтэй сонирхдог” гэж тэр хэлжээ.1

Их Эзэнд та нарыг мэдэхийн тулд судалгааны дүн, нэгэн хэвийн хэв загвар хэрэггүй. Тэрээр та нарыг статистик судалгаа эсвэл “дэлхийн” тодорхойлолтоор дутуу үнэлүүлсэн нэгэн гэж хардаггүй.

“Тэр өнөөдөр таныг хэн гэдгээр тань төдийгүй таны хүрч чадах чадвар, хүсэл эрмэлзлийн алдар суу, гэрлээр хайрладаг” гэж Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Дийтр Ф.Угдорф хэлсэн.2

Бурхан та нарыг зөвхөн хараад зогсохгүй, хайрладаг.

Дэлхийн хэв загварыг эвдмээр байна уу? Өөрсдийгөө Тэнгэрлэг Эцэгийн мөн Түүний сонгосон үйлчлэгчдийн мэлмийгээр харснаар эхэл. Хэвийн хэв загварыг өөрчилмөөр байна уу? Босож зогсоод, үйлдэл хийх цаг нь яг одоо юм. 12 настай Христ “Эцэгийнхээ гэрт байх ёстой” (Лук 2:49) гэдгээ дэлхийн эцэг эхдээ сануулсан билээ.

Тэр тийм ч бага байгаагүй. Та ч бас адил. Та нар хэрхэн Тэнгэрлэг Эцэгийнхээ ажил хэрэгт оролцож чадах вэ? гэдэг дараагийн асуултыг тавья.

Түүний “ажил” бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) явдал учраас та нар чадавхдаа хүрэхийн тулд чадах бүхнээ хийж, бусдад чадавхдаа хүрэхэд нь тусалснаар Эцэгийнхээ ажил хэрэгт оролцож чадна.

Ирээдүйнхээ төлөө хариуцлагатай байх цаг нь яг одоо юм. Та нар зөвхөн мөнх амьдралд биш, энэ амьдралд ч гэсэн Тэнгэрлэг Эцэгийн хүсэн хүлээдэг хүн болж чадаж байгаа эсэхээ мэдэхийн тулд яг одоо юу хийж болох вэ?

Та нар ариун сүмд гэрлэхийг хүсэж байна уу? Яг одоо бодол, үг, үйлдлээрээ цэвэр ариун байх шийдвэр гарга. Та нар их сургуульд суралцах төлөвлөгөөтэй байна уу? Тэгвэл яг одоо суралцах сайн чадваруудыг эзэмш. Та нар номлолд үйлчлэхийг хүсэж байна уу? Сайн мэдээг судлахдаа Миний сайн мэдээг номло-ыг (ялангуяа 3-р бүлгийг) судал. Та нар гэр бүлээ асарч хамгаалахыг хүсэж байна уу? Яг одоо төсөвтэй болж, төсвийнхөө дагуу амьдрахад суралц.

Та нар мөн яг одоо та нарыг аз жаргалтай болгож байгаа зүйлсийг олж харж чадна. Та нар математикт дуртай юу? Төгөлдөр хуур тоглох дуртай юу? Түүх бичих дуртай юу? Хэрэв тийм бол үргэлжлүүлэн хийсээр бай. Анги танхим, онлайн хичээл, тэмцээн, сургалтан дээр өөрийгөө сайжруулах арга зам байгаа эсэхийг мэд.

Байдаг л нэг хэвийн хэв загварыг эвд. Ирээдүй чинь чиний гарт байна. Та нар өөрсдийн хамгийн сайнд хүрэхийн тулд юу хийж байна вэ? liahona@ldschurch.org руу э-мэйл бичин эсвэл LDS Youth Facebook эсвэл Instagram хуудсан дээр захидал үлдээн, бидэнд хариултаа өгөөрэй.

Эшлэлүүд

  1. Рассэлл М.Нэлсон, “Жинхэнэ мянган жилийнхэн мэт байх нь,” Лиахона, 2016 оны 10-р сар, 46.

  2. Дийтр Ф.Угдорф, “Сайнмэдээний дагуу аз жаргалтай амьдрах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 144