Христийн зан чанар
2003 оны 1-р сарын 25-нд Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль дээр болсон шашны хуралд хэлсэн үгээс.
Хамгийн их зовж шаналсан Есүс Өөрийг нь бодвол хавьгүй бага зовлон амсдаг бид бүгдийг хамгийн ихээр энэрч, өрөвдсөн юм.
Ахлагч Нийл А.Максвэллын заасан нэгэн зарчим надад гүн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд судалж, тунгаан бодон, эргэцүүлэн бясалгах үед санаанаас гардаггүй байв. “Христэд тийм зан чанар байгаагүй бол Цагаатгал гэж байхгүй байсан!”1 гэж тэр хэлсэн. Энэ шулуухан, хүчтэй мэдэгдлийг сонссон цагаасаа хойш би “зан чанар” гэдэг үгийг илүү сайн судалж, ойлгохыг хичээсэн билээ. Мөн би Христийн зан чанар, Цагаатгал хоёрын хоорондох уялдаа холбооны талаар мөн энэ уялдаа холбоо нь шавийн хувьд бидэнд ямар нөлөө үзүүлдэг болохыг эргэцүүлсэн юм.
Их Эзэн Есүс Христийн зан чанар
Бидэнд өөрсдөд маань хамгийн хурдан, хамгийн хүнд тусдаг зовлон бэрхшээл, сорилтыг туулж буй хүмүүсийг таньж мэдэн, тохиромжтой арга замаар хариу үйлдэл үзүүлэх чадвар нь зан чанарын хамгийн агуу үзүүлэлт байж болох юм. Өөрсдөө зовж байхдаа бусад хүний зовлон шаналлыг олж харах хүч, өлсөж байхдаа бусдын өлсөж байгааг мэдрэх чадвар, өөрсдөө сүнслэг харанхуйд байхдаа бусдын сүнслэг зовлонд тусалж, өрөвч энэрэнгүй байх хүч чадал нь бидний зан чанарыг харуулдаг. Бид эгэл чанараараа өөрсдийнхөө асуудал, бэрхшээлд санаа тавьдаг бол харин бусдыг халамжилж, туслах үед бидний жинхэнэ зан чанар харагддаг. Хэрэв энэ чадвар нь ёс суртахууны жишгийн эцсийн хэмжүүр юм бол дэлхийн Аврагч иймэрхүү тууштай, энэрэнгүй зан чанарын төгс үлгэр жишээ мөн.
Христийн зан чанарын жишээнүүд
Түүгээр бүтээгдсэн бүх дэлхий дээр урьд хожид тохиож байгаагүй хамгийн хүнд зовлонг туулах тэр шөнө буюу Сүүлчийн зоогийн шөнө дээд давхрын өрөөнд Христ Тайтгаруулагч, амар амгалангийн талаар ярьсан юм.
“Би та нартай хамт байхдаа энэ бүгдийг хэллээ.
Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно.
Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” (Иохан 14:25–27).
Амар амгалан, тайтгарлыг огт мэдрэхгүй байх нь ямар байдгийг өөрийн биеэр үзнэ гэдгээ мэдэж байсан тэр мөчид зүрх түгшин, айж байсан ч Эзэн бусдад гараа сунган, өөрт нь хэрэгтэй байсан тэдгээр адислалыг санал болгосон юм.
Есүс Кидроны гууг гатлан, Гетсеманийн цэцэрлэг рүү шавь нартайгаа хамт явахынхаа өмнөхөн бусдын төлөө хийсэн нэгэн агуу залбиралдаа шавь нарынхаа төлөө мөн “тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө гуйж байна.
Энэ нь Эцэг Та Миний дотор … байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд
…Ингэснээр тэд төгс нэгдэн, Таны Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно. …
Би Таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Таны Намайг хайрласан тэр хайр тэдний дотор байж, Би ч гэсэн тэдний дотор байх юм” (Иохан 17:20, 21, 23, 26) гэсэн билээ.
Би энэ үйл явдлыг мөн урвалт болоод уг цэцэрлэгт амссан Түүний зовлон шаналлын өмнөх бусад үйл явдлыг тунгаан бодохдоо дараах асуултуудыг өөртөө ахин дахин тавьдаг. Тэр өөрөө зовж шаналах гэж байж хэрхэн бусдын сайн сайхан, эв нэгдлийн төлөө залбирч чадсан юм бол? Чухам юу Түүнд Өөрийг нь бодвол амар амгалан, тайтгарлын хэрэгцээ хавьгүй бага бид бүгдэд энэ бүгдийг хүсэн залбирахад хүргэсэн юм бол? Өөрийнх нь бүтээсэн дэлхий дээрх хилэнцэт байдал нуруун дээр нь ирж байхад Тэр хэрхэн бусдын нөхцөл байдалд тийм бүрэн дүүрэн санаа тавьж чадсан юм бол? Өөр хэн нэгэн байсан бол амин хувиа бодож болох атал Эзэн хэрхэн бусдыг бодож чадсан юм бол? Ахлагч Максвэллын нэгэн мэдэгдэл эдгээр хүчирхэг асуулт бүрд хариу өгч чаддаг.
“Есүсийн зан чанар гарцаагүй Түүний гайхамшигт цагаатгалын хөдөлгөгч хүч болж өгсөн юм. Есүст ийм эрхэм дээд зан чанар байхгүй байсан бол гайхамшигт цагаатгал хийгдэхгүй байсан! ‘Бүх төрлийн уруу таталтуудыг [тэвчсэн]’ (Алма 7:11) ч уруу таталтад ‘анхаарал тавьсан нь үгүй’ (С ба Г 20:22)”2 гэдгээс Түүний зан чанарыг харж болно.
Хамгийн их зовж шаналсан Есүс Өөрийг нь бодвол хавьгүй бага зовлон амсдаг бид бүгдийг хамгийн ихээр энэрч, өрөвдсөн юм. Үнэндээ Түүний ямар их зовж шаналж, биднийг ямар их өрөвдөж энэрсэн нь биднийг хэчнээн их хайрласантай нь салшгүй холбоотой.
Энэрлийг идэвх зүтгэл гарган хайх нь
Бид энэ мөнх бус байдалдаа Христийн зан чанаруудын чухал чухал хэсгээр адислагдаж, тэдгээрийг хөгжүүлэхээр хичээж чадна. Үнэнийг хэлэхэд, бид мөнх бус хүмүүний хувьд өөрсдөд маань хамгийн хурдан, хамгийн хүнд тусдаг зовлон бэрхшээл, сорилтыг туулж буй тэдгээр хүн рүү гараа сунган, тохиромжтой арга замаар хариу үйлдэл үзүүлэх чадвартай холбоотой сүнслэг бэлгүүдийг хүлээн авахын тулд зөв шударга байдалд хичээн зүтгэх боломжтой. Бид зөвхөн өөрсдийн хүч эсвэл шийдэмгий байдлаар ийм чадварыг хүлээн авч чадахгүй. Харин бидэнд “Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээл” (2 Нифай 2:8) хэрэгтэй бөгөөд бид эдгээрээс хамааралтай байдаг. Бидний эгэл байдал амин хувиа бодох чиг аястай байдаг ч “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30), “цаг хугацааны явцад” (Мосе 7:21) бид бусдад гараа сунган туслах боломжтой болдог.
Хэрэв энэрлийн сүнслэг бэлэг буюу Христийн цэвэр хайрыг хүлээн авахыг хүсэж байвал та бид бүгдээрээ Христийн зан чанарыг хөгжүүлэхийн төлөө залбирч, хүсэн тэмүүлж, хичээн чармайж, хөдөлмөрлөх ёстой гэдгийг би зөвлөмөөр байна. Энэрэл бол дан ганц хичээнгүй, шийдэмгий байдлаар дамжуулан бүрэн дүүрэн хүлээн авчихдаг зан араншин эсвэл шинж чанар биш. Бид энэхүү бэлгийг хүлээн авахын тулд гэрээнүүдээ дээдлэн, зохистой амьдарч, чадах бүхнээ хийх хэрэгтэй ч эцсийн эцэст бид энэрлийг хөгжүүлдэггүй харин энэрэл биднийг хөгжүүлдэг (Moронай 7:47-г үзнэ үү). Их Эзэн биднийг эдгээр бүх сүнслэг бэлгийг хүлээн авах эсэхийг мөн хэзээ хүлээн авахыг шийддэг ч бид эдгээр бэлгийг хүсэн хүлээж, урьж мөн эдгээрийг хүлээн авах зохистой байхын тулд чадах бүхнээ хийх ёстой. Бид үйлдэлдээ Христийн зан чанарыг илүү их тусгаснаар энэрлийн гайхамшигт сүнслэг бэлгийг хүлээн авахыг хүсэж байгаагаа хамгийн хүчирхэг арга замаар харуулдаг. Бидний дотор буй эгэл эрэгтэй, эмэгтэй амин хувиа хичээх хандлагатай байдаг бол бид илүү их бусдад гараа сунган тусалснаар энэхүү гайхамшигт бэлгээр адислагдаж байдаг гэдэг нь тодорхой юм.
Есүс бол Христ, Мөнхийн Эцэгийн Төрсөн Ганц Хүү билээ. Тэр амьдыг би мэднэ. Түүний зан чанар бол үхэшгүй байдал, мөнх амьдралыг хоёуланг авах боломжоор биднийг хангасан гэдгийг би гэрчилж байна. Бид эгэл байдлаараа амин хувиа хичээдэг ч бусдад гараа сунган туслах болтугай.