“Оршил,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), v–vi
“Оршил,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, v–vi
Оршил
Та өөрөө болон таны мэддэг хэн нэгэн донтолтоос салж чадахгүй шаналж байгаа бол энэ удирдамж та бүгдийн амьдралд адислал болж чадна. Alcoholics Anonymous “Арванхоёр Алхам” нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал, зарчим мөн итгэл бишрэлийн хүрээнд тохируулан хийгдсэн билээ. Тэдгээр нь энэхүү удирдамжийн бүлэг бүрийн эхэнд үндсэн түлхүүр зарчим болон танилцуулагдсан байгаа. Энэ удирдамж танд эдгээр зарчмуудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг суралцахад туслах бөгөөд таны амьдралыг өөрчилж чадна.
Энэхүү удирдамж нь ХҮГ-ийн Гэр Бүлд Зориулсан Үйлчлэлийн зохион явуулдаг донтолтоос ангижрахад дэмжлэг үзүүлэх бүлгүүдэд оролцдог хүмүүст зориулсан дасгал ажлын ном, болгох зорилготой. Энэ сургаал болон зарчим нь дэмжлэг үзүүлэх бүлэгт хамрагдах боломжгүй хүмүүст ч мөн хэрэгтэй байж болно. Амьдралаа өөрчлөхийг эрэлхийлж байгаа хүмүүс, ялангуяа бишоп эсвэл мэргэжлийн зөвлөгчтэй ганцаарчлан ажиллах хүсэлтэй хүмүүс энэ удирдамжийг ашиглаж болно.
Олон төрлийн донтолтын хор уршигтай үр дагаврын улмаас зовон шаналж байсан ч үүнээсээ эдгэрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийг эдгээр зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлсэн туршлагыг нь хуваалцуулахаар ХҮГ-ийн Гэр Бүлд Зориулсан Үйлчлэл тэднийг урьсан билээ. Донтолтын гай зовлон хийгээд үүнээс ангижрахын баяр баясгаланг дүрслэхийн тулд тэдний бодол санааг (энэ удирдамж дахь “бид”) ашигласан болно. Тэдний бодол санаанаас тайтгарал, дэмжлэг, бас тэдэнтэй адил зовлонтойгоо мэдэх болно.
Сүмийн удирдагчид, мэргэжлийн зөвлөгч нар энэ удирдамжийг бичихэд оролцсон болно. Эдгээр олон зохиогчдын нэгдсэн мэргэн ухаан, нэгдмэл туршлага нь Есүс Христийн Цагаатгал үнэн бодитой гэдгийг, түүнчлэн донтолтоос ангижрах нь боломжтойг гэрчилсэн бас нэгэн гэрчлэл болж байна.
Бид уй гашууг мэднэ, гэвч бидний хамгаас илүү хор хөнөөлтэй ялагдлыг сүнсний ялалт болгон хувиргасан Аврагчийн хүчийг мэдэрсэн билээ. Бид нэгэн цагт өдөр бүрийг уйтгар гуниг, айдас, бухимдлаар угтаж, үүнээсээ ангижрахын тулд юу ч хийж чадахгүй байгаадаа улам шаналж явлаа. Харин одоо баяр хөөртэй, амар тайван аж төрж байна. Бид өөрсдийн болоод донтолтонд урхидуулсан бусад олон хүний амьдралд тохиолдсон гайхамшгуудыг нүдээрээ үзсэн билээ.
Бид өөрсдийн муу зуршил, донтолтоосоо болж зовон шаналж явлаа. Гэвч “алхам” бүрийн дараа бид донтолтоос ангижирч байгаагаа мэдэрч, улам бүр адислагдаж байв. Бидэнд сүнсний сэрэлт бий болсон учраас, бид Тэнгэрлиг Эцэг, Түүний Хүү Есүс Христтэй тогтоосон харилцаагаа сайжруулахыг өдөр бүр хичээдэг байлаа. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжин донтолтоос ангижирсан юм.
Бид та бүгдийг Гэтэлгэгч Есүс Христийн мутарт тэврүүлэн, эрх чөлөөтэй, аюулгүй гайхамшигт сайхан амьдралд бидэнтэй нэгдэхийг чин сэтгэлээсээ урьж байна. Донтолтын гинжнээс та бүгдийг ангижирч чадна гэдгийг бид туршлагаасаа мэдэж байна. Та өөрийгөө хэнд ч хэрэггүй, “үнсэнд хаягдсан шалз” мэт бодож байж болох ч, та бол хайраар дүүрэн Тэнгэрлиг Эцэгийн хүүхэд шүү дээ. Та энэ мөчийг хүртэл энэ үнэнийг мэдээгүй байсан бол,удирдамж дахь зарчмууд нь энэхүү үнэнийг шинээр нээж, зүрх сэтгэлийнхээ гүнд төлөвшүүлэхэд тань туслах болно. Христэд ирж, өөрийгөө өөрчлөх боломжийг Түүнд олгоход эдгээр зарчмууд танд тусалж чадна. Та эдгээр зарчмуудыг хэрэгжүүлснээр, Цагаатгалын хүч таныг эзэмдэн, Их Эзэн таныг боолчлолоос чөлөөлөх болно.
Зарим хүмүүс донтолтыг зөвхөн сэтгэлийнхээ тэнхээгээр даван туулж болох муу зуршил гэж үздэг байхад, олон хүмүүс тухайн муу зуршлаасаа илүү их хамааралтай болж, үүнээс ангижрах буюу татгалзах ямар ч чадваргүй болсон байдаг. Тэд амьдралынхаа зорилго тэмүүлэл, нэн тэргүүнд тавих зүйлүүдээ алдсан байдаг. Цөхрөнгөө барсан хэрэгцээгээ хангахаас өөр илүү чухал зүйл гэж тэдэнд үгүй. Тэд муу зуршлаасаа салахыг хичээсэн ч тухайн донтуулагчийг хэрэглэх бие махбодийн, сэтгэцийн, сэтгэл хөдлөлийн хүчтэй хүсэлд автдаг. Тэд дассанаараа буруу сонголт хийх бүрдээ зөв сонголт хийх чадвар нь буурч, хязгаарлагдмал болсныг мэдэрдэг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер сургахдаа: “Донтолт нь хүний хүсэл эрмэлзлийг унтрааж, ёс суртахууны сонгох эрхийг нь үгүй болгох хүчтэй байдаг. Донтолт шийдвэр гаргах хүчийг нь хүнээс дээрэмдэж чадна” гэжээ (Conference Report, 1989 оны 10-р сар, 16; Ensign, 1989 оны 11-р сар, 14).
Донтолтонд тамхи, архи, кофе, цай, мансууруулах бодисууд (жороор олгодог эм болон хууль бус аль аль нь), түүнчлэн мөрийтэй тоглоом, донтолттой хүмүүсийн нөлөөнд автах, лорнографи үзэх, бэлгийн харилцааны гаж буруу үйлдлүүд, идэвхтэй холбоотой буруу зуршлууд зэрэг орж болно. Дээрх донтолт болон гаж зуршлууд нь хүний Сүнсийг мэдрэх чадварыг бууруулдаг. Тэдгээр нь мөн бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэнд, нийтэч, сэтгэл хөдлөлийн болон сүнслэг сайн сайхан байдал бүхэнд хор хохирол учруулдаг. Арванхоёрын Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс сургахдаа: “Донтуулагч аливаа нэгэн гаж зуршлаас бид зайлсхийх ёстой. Аливаа донтолт нь бидний хүсэл зоригийг мохоодог. Донтолтын аль ч хэлбэрийн дарангуйллын эрхшээлд өөрийн хүсэл зоригоо оруулах нь Сатаны зорилгуудад үйлчилж, бидний Тэнгэрлиг Эцэгийн зорилгуудыг сулруулдаг. Энэ нь мансууруулах бодист (хар тамхи, архи, никотин, кафейн зэрэг) донтох, мөрийтэй тоглоом, мөн донтогч аливаа бусад гаж зуршлуудтай холбоотой.
Бурханы зарлигуудыг сахин мөрдсөнөөр бид донтолтоос зайлсхийж чадна” (“Free Agency and Freedom,” Brigham Young University 1987–88 Devotional and Fireside Speeches [1988], 45-ыг үз).
Даруу төлөв, үнэнч шударга байж, Бурханаас болон бусад хүмүүсээс тусламж гуйснаар та Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан донтолтоо даван туулж чадна. Бид эдгэрсний нэгэн адилаар, та ч бас эдгэрч, Есүс Христийн сайн мэдээний бүх адислалуудыг авч чадна.
Хэрэв та өөрийгөө донтсон гэж бодож байгаа бол, хэрэв донтолтоо даван туулах бага ч гэсэн хүслийг мэдэрч байвал, энэ удирдамжид заагдсан Есүс Христийн сайн мэдээний зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд бидэнтэй нэгдэхийг танаас хүсч байна. Та чин сэтгэлээсээ энэ замыг дагаж мөрдөх юм бол, донтолтоос ангижрахад хэрэгтэй тэр хүчийг олох болно гэдгийг бид батлан хэлж байна. Эдгээр арванхоёр зарчмыг та нэг бүрчлэн итгэлтэйгээр хэрэгжүүлэх юм бол, Аврагч таныг хүчирхэгжүүлж, ингээд та “үнэнийг ойлгох болно, үнэн та нарыг чөлөөлөх болно” (Иохан 8:32).