Донтолт
Алхам 6: Зүрх Сэтгэлийн Өөрчлөлт


“Алхам 6: Зүрх Сэтгэлийн Өөрчлөлт,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), 35–40

“Алхам 6,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, 35–40

Алхам 6

Зүрх Сэтгэлийн Өөрчлөлт

Үндсэн Зарчим: Өөрийн зан төлвийнхөө сул талуудыг Бурханаар арилгуулахад бүх талаар бэлэн бай.

Алхам 4, 5-ыг хэрэгжүүлэн сэтгэл хөдлөл, сүнслэг байдлын хувьд бүрэн цэвэршсэний дараа, бидний олонх нь өөрсдөдөө гарсан өөрчлөлтийг хараад гайхсан. Бид илүү их үнэн хүсэлтэйгээр залбирч, судруудыг улам бүр тогтмол тунгаан боддог болж, тэмдэглэлээ илүү үнэн зөв хөтөлдөг болсон байлаа. Бид ариун ёслолын цуглаануудад оролцсоноор ариун гэрээнүүд хийж, сахихад бэлтгэгдсэн байв.

Бид Алхам 5-ыг хэрэгжүүлэх явцад бидний олонхи нь бишопуудтайгаа уулзаж, наманчлахдаа тусламж хүсдэг байлаа. Биднийг уруу татах донтолтын хүч улам суларч, давтагдах нь улам цөөрснийг олж мэдсэн. Зарим нь донтолтоос бүрмөсөн ангижирсан байв. Бидний зан авир болон амьдралд маань ийм хүчтэй өөрчлөлтүүд гарсныг хараад, цаашид бусад Алхмуудыг хэрэгжүүлэх нь ямар их хэрэгтэйг мэдэрцгээж байв.

Цаг хугацаа өнгөрөх тусам донтолтоос татгалзах нь бидний зан төлвийн сул талыг улам ил тод болгож байх шиг санагдаж байлаа. Бид сөрөг бодол санаа, мэдрэмжүүдээ хянахыг оролдож байсан ч, эдгээр нь донтолтоос татгалзаж, Сүмийн үйл ажиллагаанд оролцдог болсон шинэ амьдралыг маань тасалдуулахаар заналхийлж, сэтгэл санааны мухарт хоргодон, дахин дахин цухалзсаар байлаа. Бидний амьдралд мэдэгдхүйц гарч буй өөрчлөлт нь гайхамшиг бөгөөд Их Эзэн биднийг бүр үүнээс ч илүү ихээр адислахыг хүсч байгаа гэдгийг ойлгоход Сүнсний нөлөө хэрэгтэйг ухуулдаг байв. Бид донтолтоосоо зайлсхийхийг хүсэх төдийгүй, үүнд дахин автах хүслийг бүрмөсөн хаяж, зүрх сэтгэлийн өөрчлөлтийг биеэрээ амсахад найз нар маань тусалсан юм. Зүрх сэтгэлийн энэхүү өөрчлөлт буюу хүсэл бол Алхам 6-гийн зорилго юм.

“Яаж тэр вэ? Ийм өөрчлөлт хийхийн тулд би хэрхэн эхлэх вэ?” хэмээн та гайхан асууж болно. Ийм бодол мэдрэмжинд бүү урам хугар. Өмнөх Алхмуудын нэгэн адил Алхам 6 нь дааж давшгүй сорилт мэт санагдаж магадгүй. Алхам 4, 5-д та зан төлвийнхөө сул талуудыг ойлгож, нүглээ хүлээсэн нь эдгээрийг орхиход яг бэлэн болсон гэсэн хэрэг биш гэдгийг бидний нэгэн адил та ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Амьдрал дахь бухимдалд та дадсан зангаараа хариу үйлдэл үзүүлж, үүнийг давтан, тэр ч байтугай донтолтоо орхих шаардлагатай энэ үед үргэлжлүүлэн үйлдсээр байгаагаа мэдэж байж болно.

Магадгүй та өөрийгөө даруусгаж, чадахгүй байгаа нь Бурханы туслалцаагүйгээр зан авираа өөрчилж чадна гэсэн бардам сэхүүн зангаасаа болж байгаа явдал мөн. Алхам 6 нь бардамнал болоод өөрийгөө дөвийлгөх их зангийн бүх үлдэгдлийг Бурханд даатгах хэрэгтэй гэсэн үг. Алхам 1, 2-ын нэгэн адил Алхам 6 өөрийгөө даруусгаж, гэтэлгэх, өөрчлөн хувиргахад Христийн хүч танд хэрэгтэйг хүлээн зөвшөөрөх явдал. Энэ бүхний эцэст, Түүний цагаатгагч золиослол нь Алхам бүрийг хэрэгжүүлж энэ шатанд хүрэх боломжийг олгосон билээ. Алхам 6 ч үүнтэй адил юм.

Та энэ Алхмын талаар тусламж хүсэн Есүс Христэд ирэх юм бол, та сэтгэл гонсгор үлдэхгүй. Хэрэв та Түүнд итгэж, үйл явцад тэвчээртэй байх юм бол бардамнал нь даруу байдлаар алгуурхан солигдохыг харах болно. Тусламжгүйгээр өөрчлөлт хийх гэсэн таны чармайлтыг Тэр тэвчээртэйгээр хүлээх бөгөөд аль болох хурдан Түүнд хандмагц, Түүний хайр хийгээд хүчийг та биеэрээ дахин нэгэнтээ гэрчлэх болно. Аж төрөх илүү дээр арга замыг Сүнс ялдамхнаар санал болгох үед, зан авирынхаа хуучин зуршлуудтай зууралдсаар байх таны эсэргүүцэл нээлттэй оюун ухаанаар солигдоно. Өөрчлөлт хийх нь хүндрэлтэй, маш их шаргуу хөдөлмөр шаардлагатайг Их Эзэн мэддэг гэдгийг та ухамсарлан ойлгох үед өөрчлөлтөөс айх айдас тань багасах болно.

Христэд ирэх үйл явц зүрх сэтгэлд тань хоногших үед сөрөг бодол санаа болон мэдрэмжүүдийг өөгшүүлдэг хуурамч итгэл бишрэл алгуурхан үнэнээр солигдохыг та мэдрэх болно. Бурханы үгийг судалж, тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлснээр та улам хүчирхэгжих болно. Бусдын гэрчлэлээр дамжуулан Түүний эдгээгч хүч та ч бас нөлөөлөх болно гэдгийг ойлгоход Их Эзэн туслах болно. Өөрийнхөө байдалд бусдыг буруутгах эсвээс зүрх сэтгэлээ өөрчлөхийн оронд өөрийгөө зөвтгөх гэсэн хүсэл тань Түүний өмнө хариуцлага хүлээж, Түүний таалалд захирагдах хүслээр солигдох болно. “Би та нарт … шинэ зүрх өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна: би та нарын махан биеэс чулуун зүрхийг зайлуулна” (Езекиел 36:26) хэмээн Их Эзэн бошиглогч Езекиелээр дамжуулан мэдэгджээ.

Есүс Христ Эцэгтэй нэгдмэл нэг байдаг шиг, Тэрээр таныг оюун ухаан, зүрх сэтгэлээрээ Түүнтэй нэгдмэл нэг болох өөрчлөлтөөр адислахы1г хүсдэг. Бурхан Эцэгээс тусгаарлагдсан байдал, үүнээс үүсэх айдас таныг донтолт руу хөтөлдөг. Тэрээр таныг энэ бүхнээс ангижрах амралтыг өгөхийг хүсч байна. Тэрбээр Цагаатгалыг таны амьдралд үр дүнтэй болгохыг, бүр үүнийг яг одоо хийхийг хүсч байна.

Зөвхөн донтолтоос ангижрах төдийгүй мөн сул талуудаасаа салахын төлөө та Сүнсний өдөөлтүүдэд мэдрэмтгий байж, Аврагчид найдлага тавьж шинэ зан төлөв өсөн хөгжих болно гэдэгт бат итгэлтэй бай. Таны Бурханаар ариусгагдах их хүсэл тань жинхэнэ мөн чанарт өөрчлөлт гаргахад тусална. Энэ үйл явцын хамгийн яруу тод дүрслэлүүдийн нэгийг Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсоны дараах үгсээс харж болно.

“Их Эзэн дотроос гадагш ажилладаг. Дэлхий гаднаас дотогш ажилладаг. Дэлхий хүмүүсийг ядуу тарчиг байдлаас нь гаргахыг, харин Христ ядуу тарчиг байдлыг хүмүүсийн дотроос гаргахад, дараа нь тэд энэхүү ядуу тарчиг байдлаас өөрсдийгөө гаргадаг. Дэлхий хүмүүсийн орчныг өөрчлөх замаар төлөвшүүлэхийг хичээдэг бол Христ эхлээд хүмүүсийг өөрчлөхөд дараа нь тэд орчноо өөрчилдөг бөгөөд дэлхий хүний зан чанарыг төлөвшүүлэхийг хичээдэг бол Христ хүний мөн чанарыг өөрчилж чадна. …

“Есүс бол Христ мөн гэдэгт итгэлтэй байцгаая, Түүнийг дагахаар сонгож, Түүний төлөө өөрчлөгдөж, түүгээр удирдуулан, Түүний дотор шингэж, тэгээд дахин төрөхөд итгэлтэй байцгаая” (Conference Report, 1985 оны 10-р сар, 5–6; Ensign, 1985 оны 11-р сар, 6–7).

Хэрэгжүүлэх алхмууд

Аврагчид зүрх сэтгэлийг тань өөрчлөх боломжийг олго. Ням гарагийн хичээл. Нийгмийн Халамжийн Бүлэг эсвэл санваартны цуглаанд оролцох замаар Христийн нөхөрлөлд оролц

Биднээс цөөхөн нь Баптисм (усан баталгаа) хүртсэнээс хойш, жинхэнэ хөрвүүлгийн үйл явц насан туршид үргэлжилдгийг ойлгосон юм. Үүнийг Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Марион Г.Ромни тодорхой тайлбарлажээ: “Жинхэнэ ёсоор бүхэлдээ хөрвөгдсөн хүний дотор Есүс Христийн сайн мэдээнд харш зүйлсийг хүсэхээ больдог. Иймээс эдгээрийг Бурханы хайр, түүний зарлигуудыг сахих, бат бөх төлөвшсөн, хяналттай шийдвэр төгс байдал оролдог” (Conference Report, Гватемалын Бүсийн Чуулган, 1977, 8).

Та хамгийн түрүүнд донтолтонд автагдах сүйрүүлэгч зан авираасаа дараа нь зан төлвийн сул дорой талуудаасаа ангижрах гайхамшгуудыг биеэрээ үзсэн тохиолдолд, жинхэнэ хөрвүүлэг танд биеллээ олох болно. Та сэрж үрэлгэн хүү (Лук 15:17-г үз) өөртөө эргэж ирсэн шиг та өөртөө эргэж ирнэ. Тэнгэрлиг Эцэгийн хаант улсад эргэж очихын тулд та зөвхөн сэрэх төдийгүй, бүр босч, Есүс Христийг Гэтэлгэгчээ болгохыг зөвшөөрөх ёстойг ухаарах болно.

Та зүрх сэтгэлээ Бурханд зориулж, даруу байдал тань хүчтэй болохын хэрээр, өнгөрсөн үеийнхээ зан авирыг давтахгүй байх хатуу чанд шийдвэр тань улам бат бөх болно. Өнгөрсөн үеийн боолчлолоос чөлөөлөгдсөнөөр та Сүмийн ах эгч нарынхаа дунд улам илүү ая тухтай, улам тайван байх болно. Эргэж очин, Бурханы хүүхдийн хувьд цуглуулагдах, бас Түүний сүргийн дундах бүрэн нөхөрлөлд оролцох хүсэлтэй байгаагаа та мэдэх болно (1 Нифай 22:24–26; Мозая 27:25–26; Мозая 29:20; Хиламан 3:35-ыг үз).

Бурханы хүчээр өөрчлөгдөх хүсэлтэй бай

Таны донтолт архиных, мансууруулах бодисынх, мөрийтэй тоглоомынх, порнографийнх, эрүүл мэнддээ хортойгоор ховдоглон идэх зуршлынх, хэт үрэлгэн зарцуулалтынх эсвэл бухимдал буюу амьдралд тань учирдаг сорилтуудаас зайлсхийх буюу нуугдах хэрэгцээг тань харуулдаг өөр бусад зан авир эсвэл бодис байна уу, ялгаагүй, энэ бүхэн таны оюун ухаан, зүрх сэтгэлд нөлөөлсөн байдгийг та ойлгох болно. Эдгэрэлт ч бас таны оюун ухаан, зүрх сэтгэлээс эхэлдэг. Есүс Христэд ирснээр өөрчлөгдөх хүсэл танд байгаа тохиолдолд, Түүний эдгээх хүчийг та харах болно.

Та Алхам 6-г хэрэгжүүлснээр Аврагч Есүс Христ, Түүнийг илгээсэн Эцэгтэй харилцах гүнзгий харилцаагаараа дамжуулан, донтолтоос татгалзах баталгаагаа нэмэгдүүлнэ. Та залуу бошиглогч Мормоны (Мормон 1:15-ыг үз) адил эрүүл саруул ухаантай болохоор шийднэ. Бодол санаа, үг хэл, үйл ажиллагааны сул дорой байдлаас өөрийг тань аврахын тулд Бурхан өөрийн тань хувьд бүх зүйл болох ёстойг та хүлээн зөвшөөрөх болно.

Судалж, ойлго

Танд Сүмийн удирдагчдын хэлсэн үгс судрууд Алхам 6-г хэрэгжүүлэхэд туслах болно. Тунгаан бодох, судлах, бичихэд эдгээр судрууд болон асуултуудыг ашигла.

Бүх нүглээ орхи

“… Хаан хэлэв: … энэ ёс бусын сүнсийг цээжнээсээ үндсээр нь сугалуулан … Бурханаар төрж болохын тулд, мөн түүний Сүнсийг хүлээн авч, баяслаар дүүргэгдэж болохын тулд … би энэхүү агуу баяслыг хүлээн авч болохын тулд би өөрийн эзэмшдэг бүгдийг өгөх болно …

“… хаан Их Эзэний өмнө доош бөхийн өвдөг дээрээ сөхрөв; тийм ээ, бүр тэрээр газар дээр сунан хэвтэж, мөн хүчтэйгээр хашгирч, хэлсэн нь:

“Ай Бурхан … би нас барагсдаас босгогдож, мөн эцсийн өдөр аврагдаж болохын тулд би бүх нүглүүдээ орхих болно …” (Алма 22:15, 17–18).

  • Алма 22:15, 17–18-ыг анхааралтайгаар дахин унш. Танд зан байдал, бодол санаанаас гадна, “бүх нүглээ” орхиж, Их Эзэний Сүнсийг илүү бүрэн дүүрэн хүлээн авахад юу саад болж байна вэ?

Даруу байдалд суралцах нь

“Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27).

  • Бид мөнх бус, төгс төгөлдөр биш учраас олон сул дорой зүйлсийн эрхшээлд байдаг. Мөнх бус байдлыг биеэрээ туршин үзэх боломжийг бидэнд олгож, ийм сул дорой зүйлүүдтэй тулгарсан үед даруу байхад бидэнд туслах Өөрийн зорилгыг Их Эзэн энэ шүлэгт тайлбарлажээ. Гэвч, бид өөрсдийгөө даруусгахаар сонгосон билээ. Алхам 6-гийн өөрийгөө даруусгах хэсэгт хэрхэн бэлэн болох вэ?

  • Зан төлвийнхөө зарим сул талуудыг бичиж, та Христэд ирсэн үед бий болох хүч чадлуудыг дэргэд нь жагсаан бичнэ үү.

Сүмийн нөхөрлөлд оролцох нь

“Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж,

“тэнгэр болон газар дахь бүх гэр бүлийг нэрлэдэг Түүнд залбирч байна.

“Тэр өөрийн алдрын баялгийн дагуу Өөрийн Сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай;

“Ингэж итгэлээр Христ та нарын зүрхэнд нутаглаж, та нар хайр дотор үндэслэж суурилаад,

“бүх ариун хүмүүсийн хамт тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгох болтугай;

“Мэдлэгийг авдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрэнд хүртэл бялхсан байх болтугай” (Эфес 3:14–19).

  • Та Христийн нэрийг өөр дээрээ авч, Түүний Сүнсээр бэхэжсэн үед, Баптисм хүртэж, өөрийгөө дэлхий дээрх Гэгээнтнүүдтэй адилаар бодож эхэлдэг (Мозая 5:7-г үз). Та өөрийн нөхөд Гэгээнтнүүдийг илүү сайн мэдсэнээр, санваартнууд, Нийгмийн Халамжийн Бүлэг, Ням гарагийн хичээл дэх нөхөрлөлд хэрхэн илүү их, илүү бүрэн дүүрэн оролцох хүсэлтэй болсон бэ?

Гэтэлгэл

“Учир нь эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, мөн тэрээр Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэн түүнд ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн бус аваас үүрд мөн үргэлж тийм байх болно” (Мозая 3:19).

  • Биднээс олон хүн зөвхөн Баптисмаар Гэгээнтнүүд гэж нэрлэгдэн, амьдралынхаа үлдсэн хугацааг “эгэл хүнээ орхих,” -ын төлөө мөн энэ шүлэгт дурдсан зан төлвийн чанаруудыг хөгжүүлэхийн төлөө тэмцдэг. Христийн Цагаатгалаар дамжуулан Есүс Христ болон Эцэгтэй нэг болсноор гэтэлгэл танд боломжтой болсныг хүлээн зөвшөөрөхөд энэ тэмцэл таныг хэрхэн бэлтгэсэн бэ?

Христэд ирэх нь

“Хүндрэл бэрхшээлийн эх сурвалж юу болох нь хамаагүй, та тусламжийг эмчилгээнд мэргэшсэн засалч, эмч, санваартны удирдагч, найз нөхөр, халамжтай эцэг эх эсвэл хайртай нэгнээрээ дамжуулан эхэлж олж авсан байна уу, ялгаагүй, та яаж эхэлсэн нь хамаагүй, шийдэл нь хэзээ ч бүрэн гүйцэд хариу өгдөггүй. Эцсийн эдгэрэлт нь Есүс Христэд итгэх итгэл, Түүний сургаалуудаар дамжин харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр бас Түүний зарлигуудад дуулгавартай байснаар ирдэг билээ” (Ричард Г.Скотт, Conference Report, 1994 оны 4-р сар, 9; Ensign, 1994 оны 5-р сар, 9).

  • Бүр донтолтоос ангижрах бүлгүүд буюу Сүмийн цугларалтуудын дэмжлэг, нөхөрлөлийн тоо хэмжээ ч танд авралыг авчрахгүй хэмээн Арванхоёрын Чуулгын Ахлагч Ричард Г.Скотт заажээ. Донтолтоос ангижрах аянд тань бусад хүмүүс таныг дэмжиж, адисалж болно, гэвч эцсийн эцэст та Христэд Өөрт нь ирэх ёстой. Донтолтоос ангижрах хөтөлбөр тань хэрхэн эхэлсэн тухай бичнэ үү.

  • Наманчлал болоод донтолтоос ангижрах зам дээр гарахад тань хэн тусалсан бэ? Тэдний үлгэр жишээ Аврагч уруу таныг хэрхэн чиглүүлсэн бэ?

  • Та Аврагчаас зан чанараа өөрчлөх хүсэл буюу чадварт тань тусалсан эсвэл нөлөөлсөн ямар зүйлийг мэдэж суралцсан бэ?

Үйл явцад тэвчээртэй байх

“Болгоогтун, та нар бяцхан хүүхдүүд, мөн эдүгээ та нар бүх зүйлийг даах нь үгүй болой; та нар ач ивээл хийгээд үнэний мэдлэгт өсөх ёстой.

“Бяцхан хүүхдүүд бүү эмээ, учир нь та нар минийх болой, мөн бибээр дэлхийг ялсан,

“… Эцэгийн надад өгсөн тэднээс хэн нь ч алдагдах нь үгүй” (С ба Г 50:40–42).

  • Донтолтоос ангижрах нь удаан үргэлжилдэг үйл явц учраас бид заримдаа тэвчээр алдах буюу шантардаг. “Бяцхан хүүхдүүд” болох бидний талаар Аврагчийн болон бидний Тэнгэрлиг Эцэгийн тэвчээрийг дээрх шүлгүүд харуулж байна. Эдгээр шүлгүүдийг тухайлан өөртөө хандсан болгож сийрүүлэн бичих замаар өөртэйгөө холбогдуулан бод.

  • Шантарч зориг мохсон үед тань энэ судар дахь амлалтууд таныг хэрхэн бэхжүүлж чадах вэ?

Их Эзэний тусламж

“Мөн эдүгээ хайрт ах дүү нар минь, та нарыг энэ давчуу бөгөөд нарийн замд орсны дараа, бүгд хийгдсэн эсэхийг би асууя? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; учир нь аврах чадал бүхий түүний гавьяанд та нар бүрэн дүүрнээр даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэлтэйгээр Христийн үгсээр бус аваас өдий зэрэгт хүрээгүй болой.

“Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2  Нифай 31:19–20).

  • Шулуун бөгөөд нарийн зам дээр Их Эзэн танд хэрхэн тусалдаг тухай тунгаан бод. Бурханыг болон бусдыг хайрлах өсөн нэмэгдэж буй хайр тань таныг донтолтоос ангижрах, үүнээс татгалзахаа үргэлжлүүлэхэд хэрхэн тусалж мөн мөнх амьдралын найдварыг хэрхэн сэргээдэг вэ?

Хэвлэх