Донтолт
Алхам 9: Залруулга Ба Эвлэрэл


“Алхам 9: Залруулга Ба Эвлэрэл,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), 53–58

“Алхам 9,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, 53–58

Алхам 9

Залруулга Ба Эвлэрэл

Үндсэн Зарчим: Боломжтой бол өөрийн хор хохирол учруулсан бүх хүмүүст хохирлыг шууд нөхөн барагдуул.

Алхам 9 руу шилжих үед, бид уучлал гуйхад бэлэн болсон байлаа. “… Учруулсан тэр бүх хор хөнөөлөө залруулахаар хичээж байв” (Мозая 27:35) Мозаягийн хөвгүүдийн наманчлалын нэгэн адил, бид залруулга хийхийг хүсч байлаа. Хэрэв биднийг Бурхан Өөрийнхөө Сүнсээр адислахгүй юм бол, бид хүслээ биелүүлж чадахгүйг Алхам 9 руу орохдоо мэдэж байлаа. Бидэнд зориг, хэрсүү ухаан, соргог мэдрэмж, анхаарал болгоомж, цаг хугадааг оновчтой сонгох нь чухал байлаа. Тэр үед бидний олонх нь эдгээр шинж чанаруудыг эзэмшээгүй байв. Алхам 9 бидний хувьд өөрсдийгөө даруусгаж, Их Эзэний тусламж нигүүлслийг эрэлхийлэх бидний хүслийн бас нэг сорилт болохыг бид ойлгосон юм.

Энэ сорилтот үйл явцын үе дэх өөрсдийн туршлагаас үүдэн бид та нарт хэдэн зөвлөмжийг өгөхийг хүсч байна. Залруулга хийхээр хичээх үедээ та нар яаруу түргэн буюу хайхрамжгүй байж хэрхэвч болохгүй. Залруулга хийхээ хойш тавихгүй байх нь бас маш чухал. Алхам 9-ийг хэрэгжүүлэхээс айснаас болж олон хүн хуучин зуршилдаа эргэн орсон билээ. Эдгээр бэрхшээлээс зайлсхийх тусламж хүсэн Их Эзэний удирдамжийн төлөө залбирч, итгэмжлэгдсэн зөвлөгчтэйгөө зөвлө.

Зарим үед та жагсаалтан дахь аль нэг хүнтэй уулзахаас зайлсхийхэд уруу татагдаж болно. Гэвч, хэрэв хэн нэгэнтэй уулзахад танд хуулийн хязгаарлалт саад болоогүй л бол, мэдээж хэрэг, та энэ уруу таталтыг эсэргүүцэх хэрэгтэй. Та хүмүүстэй биечлэн уулзах бодит хүч чармайлт гаргасан үед даруу байдлын сүнс, шударга ёсны мэдрэмж тасарсан харилцааг шинээр сэргээж чадна. Хүмүүст өмнөх алдаа дутагдлаа засч залруулахаар хандаж байгаагаа ойлгуул. Хэрэв тэд уг асуудлыг ярилцахыг хүсэхгүйгээ харуулж байвал тэдний хүслийг хүндэтгэ. Хэрэв тэд уучлал гуйх боломжийг танд олговол, эргэн дурсаж буй явдлын талаар товч бөгөөд тодорхой дурд. Нарийн ширийн зүйлүүдийг нэг бүрчлэн тоочих хэрэггүй. Та юмсыг өөрийнхөө зүгээс тайлбарлах буюу дүрслэн өгүүлэх нь зорилго биш. Зорилго нь та өөрийнхөө үйлдсэн буруу зүйлүүдийг хүлээн зөвшөөрч, уучлал гуйн, боломжтой тохиолдолд хохирлыг нөхөн барагдуулах явдал мөн. Бүр тэдний хариу үйлдэл аятай биш юм уу, хүлээн авч болмооргүй байсан ч, хүмүүстэй бүү марга, эсвэл тэднийг бүү шүүмжил. Хүн бүрд даруу байдлын сүнсээр, эвлэрлийг санал болгон, хэзээ ч өөрийгөө зөвтгөлгүй ханд.

Зарим буруутай үйлдлийн төлөө уучлал гуйх нь хэцүү байж болно. Жишээ нь, шударга бус явдал, бэлгийн харилцааны ноцтой нүгэл зэрэг хуулийн шийтгэл хүлээх учиртай асуудлуудаар уучлал гуйх шаардлага танд гарч болно. Та гөжүүрхэх эсвэл аль нэг шалтаг зааж өөрийгөө зөвтгөх гэх, засч залруулга хийхээс зайлсхийх зэргээр уруу татагдаж мэднэ. Эдгээр онцгой тохиолдолд аливаа нэгэн үйлдэл хийхийн өмнө та залбиралтайгаар санваартан зэрэгтний буюу мэргэжлийн хүний зөвлөгөөг эрэлхийлбэл зохино.

Зарим тохиодолд танд залруулгыг шууд хийх арга байхгүй байж болно. Уучлал гуйх ёстой хүн нас барсан байж болно, эсвэл тэр хүн хаана амьдарч байгааг мэдэх боломжгүй байж болно. Энэ тохиолдолд та залруулгыг шууд бусаар хийж болно. Та харамслаа илэрхийлж, эвлэрэхийг хүссэн захидлыг тэр хүнд бичиж болно. Хэдий захидал түүнд хүрэхгүй байж болох ч. Та тэр хүнд дуртай юмыг нь бэлэглэж болно. Тэр хүний тухай, мөн түүнд туслахын тулд ямар нэг зүйл хийхийг өөрт тань сануулж чадах хэн нэгнийг та сураглан олж болно. Эсвэл та тэр хүний гэр бүлийн аль нэг гишүүнд нэрээ мэдэгдэлгүйгээр туслах ямар нэг зүйлийг хийж болно.

Өөр хүнд хандах, эсвэл залруулга хийх нь уг хүний хувьд сэтгэл эмзэглүүлэм, тэр ч байтугай хор уршигтай байх тохиолдол ч гарч болно. Хэрэв та тийм болох байх гэж бодвол, залруулгыг эхлэхээсээ өмнө нөхцөл байдлын тухай итгэмжлэгдсэн зөвлөгчтэйгөө ярилц. Донтолтоос ангижрахын энэ хэсэг нь хэзээ ч бусдад хор хохирол учруулах явдал уруу хөтлөх ёсгүй. Мөн, зарим үед залруулах нь хүний хэр чадлаас хэтэрсэн хор хохиролтой холбоотой байж болно. Ахлагч Нийл А.Максвелл уг бодит үнэний тухай: “Зарим үед … хүний итгэл бишрэлийг эсвэл ариун журмыг алдагдуулахад нөлөөлсөн зэргийг бодит утгаар нь нөхөн сэргээх нь боломжгүй байдаг. Харин, үүнээс хойшхи зөв шударга байдлын үлгэр жишээ нь уг хэрэг явдльш залруулга болдог” хэмээн хэлжээ (Conference Report, 1991 оны 10-р cap, 41; Ensign, 1991 оны 11-р cap, 31). Та амьдралынхаа шинэ хэв маягт эдгээр зарчмуудыг авч хэрэглэхээр шийдсэн мөчөөсөө эхлэн, залруулгыг хийж эхэлдэг билээ.

Өнгөрсөн үеийнхээ үйлдлүүдийн ихэнхэд нь залруулга хийж дууссаны дараа нэг хоёр хүнтэй нүүр тулан уулзаж чадахгүй юм шиг танд санагдаж мэднэ. Бүү зүрхшээ. Биднээс олон хүн ийм бодит үнэнтэй тулгарсан юм. Бодол санаагаа чин сэтгэлийн залбирлаар Их Эзэнд хүргэхийг бид танд зөвлөж байна. Аль нэг хүний талаар их айдас, уур уцаар танд байгаа бол, та түүнтэй уулзахаа хойшлуулж болно. Сөрөг бодол санааг даван туулахын тулд та энэрлийн төлөө, бас Их Эзэн тэр хүнийг ямар байдлаар хардаг шиг түүнийг тийм байдлаар харахын төлөө залбир. Залруулга болон эвлэрэл хийх учиртай эерэг шалтгаануудыг та эрж хайж болно. Хэрэв та эдгээр зүйлүүдийг хийж, тэвчээртэй байх аваас, жагсаалтан дахь хүн болгонтой эвлэрэх чадварыг, гайхамшигт боломжийг Их Эзэн Өөрийнхөө арга замаар, Өөрийнхөө цагт танд өгч чадна, бас өгөх ч болно.

Алхам 9-ийг чадварынхаа дээд хэмжээгээр хэрэгжүүлсэн бол, та өөрийгөө Их Эзэний зарлигуудад нийцүүлэхийн төлөө чадах бүхнээ хийсэн нь тэр. Та итгэл найдварын шинэ амьдралаа зөвхөн өөртөө төдийгүй бас Бурханы хайраар мэдэрч эхэллээ. Та даруу байдлын гүнд орж, таныг баяртайгаар хүлээн авахаар хүлээж байсан Их Эзэнийг олж авлаа. Харилцаагаа хэвийн болгож, бусадтай эвлэрэхийн тулд та чадах бүхнээ хийлээ. Наанадаж л та Түүний амралтад зарим талаар орлоо, тэндээ байх нь хамгийн агуу хүсэл тань боллоо. Бурханы эрт, эдүгээгийн бошиглогчдын сургаалуудад нийцүүлэн амьдрахад таныг хөтөлдөг хувийн илчлэлтийг та таньж, илүү сайн дагаж сурч байна. Бүр хамгийн хүнд хэцүү үед ч гэсэн та шинэ маягийн амар амгаланг мэдэрч байгаа. “Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх болоод бодлыг тань хамгаална” (Филиппой 4:7) хэмээн Паулын дүрслэн бичсэн адислалыг та хүлээн авч сурлаа.

Хэрэгжүүлэх алхмууд

Бусдыг хайрла, бусдыг шүүхээс татгалз, Сүмийн дуудлагыг хүлээн авах хүсэлтэй байж, аравны нэг болон өргөлүүдийг өргө

Хэрэв та өнгөрсөн үед идэвхтэй шашин шүтэгч байсан бол, Бурханы шүүлтээс болон бусад хүмүүс юу гэж бодох бол гэсэн айдас танд хүчтэйгээр нөлөөлсөн байх учиртай. Магадгүй та хариуцлагаа ухамсарлах мэдрэмжээс гадуур үйлдэж байсан байх. Одоо та үйлчлэл нь Христэд ирэх зам мөн гэдгийг ойлгосон. Энэ бол Бурханд хайраа илэрхийлэх арга зам мөн. Бурханы хүчний байнгын хэрэгцээг, Түүний бурханлиг тусламжийн төлөөх талархлыг үйлчлэл илэрхийлдэг. Таны дахин сэргэсэн Христэд итгэх итгэлийн бодит өсөлт үү эсвэл айдас буюу үүрэг хариуцлага тань таныг Сүмд идэвхтэй байлгах хөшүүрэг болж байна уу гэдгийг авч үз.

Хаа ч байсан үйлчлэх арга замуудыг ол. Зохистой байж, Сүмийн дуудлагуудад болон өөр бусад замаар бусдад үйлчлэхэд бэлэн бай. Та ах эгч нартаа үйлчилж, үг хэл, үлгэр жишээгээр тэдэнд заах юм бол, амьдралд тань Тэр [Бурхан] бодитойгоор оролцдогийг тэдэнтэй хуваалцах болно (Матай 25:40; Иохан 13:34–35; Иохан 15:15; Мозая 2:17-г үз).

Засч залруулах шаардлагатай зүйлсийг хийх хүсэлтэй бай

Алхам 9-ийг хэрэгжүүлэх үед бусад хүмүүс таны уучлал гуйлтыг зөвөөр хүлээн авахгүй, эсвэл таныг үнэхээр өөрчлөгдсөнд итгэхгүй байвал санаагаар бүү уна. Залруулга хийхэд цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардагдах болно. Хүмүүст таны өөрчлөлтийг ухаарч ойлгох цаг олго. Энэ удаа таны хувьд хоосон амлах цаг биш; та донтолт болон зан төлвийнхөө сул талуудаас бүрмөсөн ангижрахаар амьдарч байгаа үе юм. Цаашид таны эрүүлжилт, зан авирын өөрчлөлт тань таныг үнэхээр өөрчлөгджээ гэдгийг хүмүүст харуулах болно.

Судалж, ойлго

Танд Сүмийн удирдагчдын хэлсэн үгс болон судрууд Алхам 9-ийг хэрэгжүүлэхэд тусална. Тунгаан бодох, судлах, бичихэд эдгээр судрууд болон асуултуудыг ашигла. Тэмдэглэл хөтлөхдөө үнэн зөв, шударга, товч, тодорхой бич.

Бусдад сайнталаар нөлөөлөх нь

“Мөн эдүгээ Их Эзэний Сүнс надад хэлж байна: Хүүхдүүддээ сайныг хийхийг зарлигд, эс тэгвээс тэд олон хүмүүний зүрх сэтгэлийг устгал уруу удирдахвий; тиймийн тул, хүү минь, Бурханаас эмээх айдаст, чи алдсуудаасаа түдгэлзэх ёстойг би чамд зарлигдана;

Чи өөрийн бүх оюун, хүч мөн чадлаараа Их Эзэнд хандахыг; чи өөр хэний ч зүрх сэтгэлийг ёс бусыг үйлдэхэд дагуулахгүй байхыг; харин үүний оронд тэдэнд эргэн очиж, мөн алдаанууд хийгээд болон үйлдсэн буруугаа хүлээхийг буюу” (Алма 39:12–13).

  • Бидний бусдад учруулсан хамгийн ноцтой хор уршиг бол тэдний донтолтыг сэм хөхүүлэн дэмжих замаар тэдэнд үзүүлсэн буруу нөлөө юм. Ийм байдлаар амьдралд нь нөлөөлсөн хүмүүсийнхээ тухай бичнэ үү.

  • Дээрх шүлгүүд дэх Алмагийн сургаалуудын дагуу эдгээр хүмүүстэй уулзаж учрах зоригийг та хаанаас олж болох вэ?

Итгүүлэн үнэмшүүлэх үү, албадах уу

“Ирэх хэн боловч ирж мөн амьдралын уснаас чөлөөтэйгөөр хүртэж болно; мөн ирэхгүй хэн боловч мөнхүү тэр нь ирэхээр үл албадуулагддаг; гэвч эцсийн өдөр хийснийх нь дагуу түүнд сэргээгдэх болно” (Алма 42:27).

  • Алхам 9-ийг хэрэгжүүлэх бат бөх үндэслэлтэй олон шалтгаан байгаа болохоор та өөрийгөө зөвтгөх буюу өөрт тань сонголт байхгүй болсон гэж худал хэлэх замаар хэзээ ч урхи занганд орох ёсгүй. Донтолтоос ангижрах хөтөлбөр бол албадлагын бус, итгүүлэн үнэмшүүлэх хөтөлбөр. Алхам 9-ийг хэрэгжүүлэхээр таныг итгүүлэн үнэмшүүлсэн үү эс-вэл албадсан уу гэдгийг бичнэ үү. Энэ шүлэгт итгүүлэн үнэмшүүлэх ямар шалтгаануудыг жагсаасан байна вэ?

Бурхантай уулзахаар бэлтгэх нь

“Тийм ээ, та нар ирж мөн зүрх сэтгэлээ цаашид бүү хатууруулаасай хэмээнэ би; учир нь болгоогтун, та нарын авралын өдөр мөн үе нь эдүгээ билээ; мөн тиймийн тул, хэрэв та нар наманчилж зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас, гэтэлгэлийн агуу төлөвлөгөө тэр даруй та нарт үйлчлэх болно.

Учир нь болгоогтун, энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе; тийм ээ, болгоогтун энэ амьдралын үе бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх үе юм” (Алма 34:31–32).

  • Та зүрх сэтгэлээ зөөлрүүлж, залруулга хийхдэ юуг хэрэгжүүлдэг вэ?

  • Та өөрөө ч бас Бурхантай уулзахаар бэлтгэж байгаагаа ухаарсан үед залруулга хийх хүсэл тань хэрхэн өсөн нэмэгддэг вэ?

Сүм дэх үйл ажиллагаа

“Мөн тэд [Мозаягийн хөвгүүд] … бүх нутгаар аялж … бүх нүглүүдээ хүлээж, … өөрсдийг нь сонсохыг хүссэн бүхэнд бошиглолууд хийгээд судруудыг тайлбарлаж, сүмд учруулсан тэр бүх хор хөнөөлөө залруулахаар хичээж байв” (Мозая 27:35).

  • Донтолтын улмаас олон хүмүүс Сүмд явахаа больсон байдаг. Зарим хүмүүс хязгаарлагдмал донтолтоо зөвтгөхөд бусад хүмүүсийн алдаа дутагдлыг ашигладаг байлаа. Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх идэвхтэй байдлын талаарх туршлагаа бичнэ үү.

  • Донтолтоос ангижрахаар дамжуулан Аврагчид илүү ойр дотно болсон нь Түүний Сүмтэй дахин нэгдэх хэрэгтэйг мэдрэхэд тань хэрхэн тусалсан бэ?

  • Сүмд идэвхтэй байх нь илүү бүрэн дүүрнээр залруулга хийхэд тань хэрхэн туслах вэ?

Нөхөн төлөх хүсэл

“Хулгайлсан, эвдсэн буюу бузарласан бүхнийг та аль болох боломжоороо бүгдийг нөхөн төлөх ёстой. Нөхөн төлөх хүсэл бол наманчилж болох бүх зүйлийг сэргээснийг Их Эзэнд харуулах баттай нотолгоо юм” (Ричард Г.Скотт, Conference Report, 1995 оны 4-р сар, 102; Ensign, 1995 оны 5-р сар, 76).

  • Алхам 9-ийг хэрэгжүүлэх нь даруу байдал, үнэнч шударга амьдралаар амьдрах шийдвэр төгс байгааг та зөвхөн Их Эзэнд төдийгүй өөртөө бас өрөөл бусдад нотолсон нотолгоо болсон тухайгаа бичнэ үү.

Зүрх сэтгэлийн тань бодол

“Гэсэн хэдий ч, наманчилж мөн Их Эзэний зарлигуудыг биелүүлэх тэр нь өршөөгдөх болно” (С ба Г 1:32).

  • Залруулга хийхэд өөрийг тань уучлахгүй хүмүүстэй та учирч болно. Тэдний зүрх сэтгэл танд гомдолтой хэвээр байж болно, эсвэл тэд таны үнэн хүсэлд итгэхгүй байж болно. Зүрх сэтгэлийн тань үнэн бодлыг бусад хүмүүс ойлгохгүй байлаа ч гэсэн, Их Эзэн ойлгодгийг мөн өөрийн тань наманчлах, нөхөн төлөх хүслийг Тэрээр хүлээн авах болно гэдгийг мэдэх нь танд хэрхэн туслах вэ?

Аврагч таны төлөө юу хийж чадах вэ?

“Хүмүүс өөрсдийн нүглийг уучилж чадахгүй, тэд нүглийнхээ үр дагавруудаас өөрсдийгөө цэвэршүүлж чадахгүй. Хүмүүс нүгэл үйлдэхээ больж, ирээдүйд зөвийг хийж чадна. Ингэснээр тэдний үйлдлүүд Их Эзэний өмнө хүлээн авагдахуйц зохистой болдог. Гэвч өөрсдөдөө болон өрөөл бусдад үйлдсэн буруутай үйлдлүүдийг засч залруулах нь өөрсдийнх нь хувьд боломжгүй юм бол тэдгээрийг хэн засч залруулах хэрэг вэ? Наманчилсан хүмүүсийн нүглүүд Есүс Христийн Цагаатгалаар угаагдаж цэвэршдэг; эдгээр нүглүүд хүрэн улаан байснаа ноос шиг цагаан болно. Энэ бол та нарт өгсөн амлалт юм” (Жозеф Ф.Смит, Gospel Doctrine, 5 дахь хэвлэл, [1939], 98–99).

  • Та залруулга хийхээр гадагш гарахдаа, “Энэ чинь боломжгүй хэрэг! Энэ хүнд үйлдсэн буруугаа би бүрэн засч залруулах арга байхгүй!” гэсэн бодлоор санаагаа бүү зовоо бүү гутар. Хэдийгээр энэ нь үнэн байж болох ч, та өөрөө засч залруулж чадахгүй зүйлсийг Есүс Христийн хүч засч залруулдгийг анхааралдаа ав. Өөрийн чинь хийж чадахгүй юмыг Есүс Христ хийх болно гэдэгт итгэх итгэл нэн чухал болох тухай бичнэ үү.

  • Ямар арга замуудаар та Их Эзэнд итгэдгээ Түүнд харуулж болох вэ? Энэ итгэлийг та хэрхэн нэмэгдүүлж болох вэ?

Хэвлэх