“Алхам 4: Үнэн,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), 21–28
“Алхам 4,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, 21–28
Алхам 4
Үнэн
Үндсэн Зарчим: Зөв буруугийн дэнсэн дээр цэгнэн, өөрсдийнхөө зан төлөвт тодорхой үнэлэлт дүгнэлтийг айж эмээлгүйгээр өг
Бид Алхам 3-ыг хэрэгжүүлэхдээ, Их Эзэнд итгэхээр шийдсэн билээ. Та хүсэл бодол, амьдралаа Түүний анхаарал халамжинд даатгасан. Алхам 4-т, та Бурханд итгэх хүслээ харуулах болно. Та зан төлөвтөө өгсөн үнэлэлт, дүгнэлтийг судалж, айлгүйгээр бичиж, бодол санаа, үйл явддууд, сэтгэл хөдлөл, амьдралынхаа үйл хэргүүдэд ажиглалт хийж, нэгтгэн дүгнэж, эрхэмлэвэл зохих зүйлүүдээ аль болохоор бүрэн дүүрэн болго.
Зан төлөвтөө өгөх үнэлэлт дүгнэлтийг айж эмээлгүйгээр гаргаж, мөрдөнө гэдэг амаргүй байх болно. Айж эмээлгүй гэж бид хэлэхдээ, айдсын мэдрэмж бидэнд байх учиргүй гэж байгаа юм биш. Амьдралаа суддах явцад, тухайлбал, ичиж зовох, айж эмээх зэрэг сэтгэл хөдлөлийн олон хэлбэрийг та биеэрээ үзэх болно. Айж эмээлгүй гэдэг нь зан төлөвтөө өгөх үнэлэлт дүгнэлтэнд бүх талаас нь анхааралтай хандахад айдас тань таныг зогсоох учиргүй гэсэн үг юм. Алхам 4-т, та амьдралынхаа үйл явдлууд, түүний дотор өөр хэн нэгний сул талууд дээр биш, харин өөрийнхөө сул талууд дээр анхаарал төвлөрүүлэхдээ шударга хандахад зоригтой бай.
Өнгөрсөн үед магадгүй та муу зан төлвийг зөвтгөж, өөрийнхөө бий болгосон асуудлуудын төлөө бусад хүмүүс, бусад газар, эсвэл бусад юмсыг буруутгаж байсан байж мэднэ.Харин эдүгээ та өнгөрсөн болон одоогийн үйл хэргүүдийн төлөө хариуцлага хүлээж, тэр ч байтугай, сэтгэл эмзэглэм, ичмээр эсвэл хүнд хэцүү үйл явдал, бодол санаа, сэтгэл хөдлөл, эсвэл тийм үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөх нь танаас шаардагдах болно.
Эрхэмлэж явах ёстой зүйлүүдээ айж эмээлгүйгээр суддах нь дааж давшгүй мэт санагдах юм бол, та ганцаараа биш гэдгийг сана. Бидний зүрх сэтгэл танд чиглэх болно. Бидний тэмцэл бол энэ Алхмыг бүрэн хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлийг олж мэдэх явдал гэдгийг бид мэддэг. Алхам 4-ийг бүхэлд нь алгаслаа ч гэсэн, бид донтолтоо даван туулах л болно гэж биднээс олон хүн боддог байж мэднэ. Бидний өмнө энэ замаар замнасан хүмүүсийн үгсэд бид эцсийн эцэст итгэх хэрэгтэй байлаа: “Ёс суртахууны хувьд эрхэмлэж явах ёстой зүйлүүдийг айж, эмээлгүйгээр суддахгүйгээр, … өдөр тутмын амьдралд үнэхээр нөлөөлдөг итгэлд хүрэх аргагүй байдаг” (Twelve Steps and Twelve Traditions [1981], 43).
Амьдралынхаа тухай шударгаар эргэцүүлэн бодох бидний чадварыг донтолт өрөөл татуу болгосон байлаа. Бүхий л харилцаанд донтолтын учруулсан хор хохирол нь бидний үүрэг хариуцлагыг ойлгох чадварыг хязгаарладаг. Аврагчид хамаг найдвараа итгэлтэйгээр бүрэн тавихын өмнө Тэр бидний өнгөрсөн үеийн бодит үнэний буюу шударга байдлын үндэс суурийг тунгаан ялгах хэрэгтэй байв. Алхам 4 энэ үндэс сууриар хангасан юм. Энэ бол эдгээр үүрэг хариуцлагууд хүн бүрд байсаар ирснийг, бас одоо байгааг илрүүлж олох, “идэвхтэй, уйгагүй шаргуу хүч чармайлт байлаа” (Twelve Steps and Twelve Traditions, 42).
Зан төлөвтөө өгөх үнэлэлт дүгнэлт нь мөн амьдралаа Бурханы таалалд нийцүүлэхэд бидэнд тусалсан нэг алхам байлаа. Бид зан төлөвтөө өгсөн энэхүү үнэлэлт дүгнэлтээр амьдралыг маань жолооддог байсан сөрөг санаа бодлууд, сөрөг сэтгэл хөдлөл хийгээд үйлдлүүдийг танин мэддэг байсан юм. Бид өөрсдийнхөө амьдрал дахь эдгээр хор уршиг таригч элементүүдийг илрүүлснээр, эдгээрийг залруулахаар эхний алхмыг хийсэн билээ. Зан төлөвтөө үнэлэлт дүгнэлт өгөх нь хэцүү байсан ч, эдгэрэлтээ үргэлжлүүлэх, донтолтыг даван туулахад бидэнд хэрэгтэй байсан илүү их итгэл, найдварыг хүлээн авахыг энэ Алхам бидэнд боломжтой болгосон юм.
Зан төлөвтөө хэрхэн үнэлэлт дүгнэлт өгөх вэ?
Алхам 4 хэрэгтэйг бид нэгэнт хүлээн зөвшөөрсөн болохоор, дараагийн асуултууд нь, “Гэвч би зан төлөвтөө хэрхэн үнэлэлт дүгнэлт өгөх вэ? Ямар арга хэрэгслүүд надад хэрэг болох вэ?” гэсэн асуултууд байлаа. Зан төлөвтөө өгөх үнэлэлт дүгнэлт гэдэг бол нэн хувийн шинжтэй асуудал бөгөөд үүнийг тогтоох ганцхан зөв арга зам гэж байдаггүй. Зан төлөвтөө үнэлэлт дүгнэлтийг өмнө нь өгсөн бусад хүмүүстэй та зөвлөж, өөрийнхөө зан төлөвт үнэлэлт дүгнэлт өгөхөд Их Эзэний удирдамжийг эрэлхийлж болно. Дурсамж, бодол санаагаа ангилан ялгахдаа үнэнч шударгаар, хайрын үндсэн дээр хандахад Тэрээр танд туслах болно.
Зан төлөвтөө үнэлэлт дүгнэлт өгөх нэг арга зам бол, эерэг, сөрөг мэдрэмжүүдэд (түүний дотор уйтгар гуниг, харуусал, уур уцаар, дургүйцэл, айдас, гомдол) нөлөөлөх хүчин зүйлүүд болдог хүмүүс, байгууллагууд, зарчмууд, санаанууд эсвэл итгэл бишрэл, үйл явдал, нөхцөл байдал зэргийн тухай дурсамжийг жагсаан бичих явдал мөн. Энэ жагсаалтанд зарим юмс олон удаа давтагдаж болно. Тэр зүгээр. Энэ шатанд ялган салгах, үнэлэлт дүгнэлт өгөх буюу дүн шинжилгээ хийх гэж бүү оролд. Одоо хамгийн чухал нь аль болох бүгдийг хамруулах явдал юм.
Та өөрийнхөө зан төлөвтөө үнэлэлт дүгнэлт өгөхдөө өнгөрсөн үеийнхээ зан авирыг эргэн харж, энэ зан авир руу хөтөлдөг байсан бодол санаа, мэдрэмж, итгэл бишрэлийг шинж. Таны бодол санаа, мэдрэмж, итгэл бишрэл бол донтогч зан авирын тань яах аргагүй эх сурвалж нь байгаа. Хэрэв та айдас, бардамнал, дургүйцэл, уур уцаар, хувиа хичээсэн аминч үзлийн талаарх өөрийн бүх хандлагыг шалган шинжихгүй бол, донтолтоос татгалзах хүсэл тань сулхан байх болно. Та анхныхаа донтолтыг үргэлжлүүлэх буюу өөр нэг донтолт руу хөтлөгдөх болно. Таны донтолт өөр “учир шалтгаан, нөхцөлүүдийн” (Alcoholics Anonymous [2001], 64) хам шинж болдог.
Зарим хүмүүс өөрсдийн амьдралаа нас, сурлагын амжилт, амьдарч байсан газар, эсвэл ямар хүмүүстэй холбоо харилцаатай байсны дагуу ангилдаг. Бусад нь бүх бодол санаа, мэдрэмж, сэтгэл хөдлөлийг жагсаан бичихээс эхэлдэг. Бүхнийг нэг зэрэг санах нь танд боломжгүй л дээ. Залбирахаа үргэлжлүүлж, юмсыг ой дурдатгалдаа эргүүлэн авчрах боломжийг Их Эзэнд олгогтун. Энэ үйл явцыг нээлттэй үлдээж, ой дурдатгалд тань юмс орж ирсэн үед тэдгээрийг зан төлвийнхөө үнэлэлт дүгнэлт дээрээ нэмж бич.
Та жагсаалтаа дуусгасан бол, дурдатгал бүрээсээ суралцахад Их Эзэний тусламжийг эрэлхийл. Зарим хүмүүс зан төлвийнхөө үнэлэлт дүгнэлтийн энэ хэсгийг доор дурдсан таван гарчиг бүхий хүснэгт буюу схем болгон зохион байгуулдаг. Тэд тэмдэглэлээ тодорхой нотолгоонуудаар хязгаарладаг. Бусад хүмүүс жагсаалтынхаа тэмдэглэл бүрд нэг хуудас нээж, таван гарчиг бүрийн дотор хариултуудыг бичдэг.
Үйл явдал. Юу болсон билээ? Тухайн үйл явдлын талаарх дурсамжаа ердөө хэдхэн үгээр дүрслэн бич. Урт нуршуу түүх биш, харин товчоор дүгнэн бичихийг илүүтэй хичээ.
Үр нөлөө. Танд эсвэл бусдад ямар нөлөө үзүүлсэн бэ?
Мэдрэмжүүд. Хэрэг явдал болох үед танд ямар мэдрэмжүүд төрсөн бэ? Тэр тухай одоо танд ямар мэдрэмжүүд байдаг вэ? Таны айдас үүнд ямар нэмэр оруулсныг авч үзнэ үү.
Өөрийгөө шинжих нь. Тухайн нөхцөл байдалд таны зан төлвийн сул талууд, эсвэл хүч чадал хэрхэн нөлөөлсөн бэ? Өөрийнхөө зан харьцаа, үйлдлүүдэд бардамнал, аминч үзэл, өөрийгөө хууран мэхлэхийн аливаа илрэлийг та харсан уу? Бас та зөв юм хийж байсан үеийнхээ тухай бичихийг анхаарна уу.
Өөрийгөө даруусгаж, үнэнтэй нүүр тулгарахад тань, тэр ч байтугай уг үнэн сэтгэл эмзэглэм гашуун байлаа ч гэсэн, Ариун Сүнс танд тусалж чадна. Их Эзэний туслалцаатайгаар та хүч чадал, сул талуудаа танин мэдэж чадна (Ифер 12:27-г үз). Доорхтой адил асуултууд танд тусалж болно:
-
Энэ нөхцөл байдалд би ямар үр дүнг, яагаад хүссэн юм бэ?
-
Нөхцөл байдлыг хянахыг 6и хэрхэн хичээсэн билээ?
-
Энэ нь миний оролцох ёстой зүйл байсан уу?
-
Хүссэн зүйлээ олж авахын тулд 6и ямар үйлдлүүдийг хэрэгжүүлсэн буюу орхисон билээ?
-
Бодит үнэнийг 6и үл тоомсорлосон уу?
-
Миний хүсэн хүлээсэн зүйлүүд өөрт минь болон бусад хүмүүсийн хувьд үндэслэлтэй байсан уу?
-
Би өөртөө эсвэл бусдад худал хэлсэн бил үү?
-
Би бусдын санаа бодлыг үл тоомсорлож, зөвхөн өөрийнхийгээ илүүтэй бодсон бил үү?
-
Бусдыг хянах, бусдын анхаарал, талархал хүлээхийн тулд, онцгой содон харагдах зэрэг золиосыг би хэрхэн хийсэн билээ?
-
Бурханы болон бусдын тусламжийг 6и эсэргүүцсэн бил үү?
-
Миний зөв гэж 6и зүтгзсэн бил үү?
-
Нэрд гарч, хүлээн зөвшөөрөгдсөн байдал дутмагийн улмаас миний сэтгэл гонсгор байсан бил үү?
Сүнсээр нөлөөлөгдсөн зөвлөгөө. Энэ хэрэг явдлын талаар Их Эзэн танд ямар зөвлөгөө өгдөг вэ? Аврагчид захирагдсан үед айх юм байхгүй гэдгийг сана. Сайныг муугаас ялгаж сурахын тулд та энд байгаа билээ, мөн өөрийгөө болон өрөөл бусдыг уучлахад тань Аврагч танд тусалж чадна. Судрууд болон Сүмийн удирдагчдын сүнсээр нөлөөлөгдсөн зөвлөгөөг анхаарч хэрэгжүүлэх үед өөртөө төрсөн бодол санаа, сэтгэгдлээ тэмдэглэ.
Чухал дөрвөн бүрдүулбэр
Бичих, шударга байх, дэмжлэг, залбирал бол ёс суртахууны сайн жишгийн шийдвэрлэгч чухал дөрвөн бүрдүүлбэр юм. Ёс суртахууны жишгийн эдгээр бүрдүүлбэрүүд нь нүгэл, дутагдал доголдлуудыг танин мэдэж, даван туулахад тань туслах болно.
Бичих нь. Өөрийн амьдралд баримтлах зан төлвийнхөө үнэлэлт дүгнэлтийг бичих нь хамгийн үр ашигтай. Бичсэн жагсаалтаа гарын дор байлгаж, дахин хянаж, шаардлага гарсан үед харж болно. Бичиж тэмдэглээгүй санаанууд амархан мартагддаг ба анхаарал сарниулдаг зүйлүүд танд саад болж мэднэ. Та ёс суртахууны жишгээ бичих юм бол, амьдралдаа тохиолдсон үйл явдлуудын талаар илүү тодоор бодох мөн тэдгээрт анхаарал сарнилгүй төвлөрөх боломжтой байх болно.
Зарим хүмүүс бичих чадвараасаа ичих, эсвэл бичсэн зүйлийг нь хэн нэгэн өөр хүн уншихаас эмээж, ёс суртахууны жишгээ бичихээс зайлсхийхийг оролддог. Ийм айдас таныг зогсооход бүү хүргэг. Таны зөв бичгийн дүрэм, хэлзүйн мэдлэг, бичгийн хэв эсвэл бичгийн машинаар буюу компьютер дээр бичих чадвар ерөөсөө хамаагүй. Та маш энгийнээр бичиж болно, хэрэв шаардлагатай гэж үзвэл та зан төлвийн жишгээ цаасан дээр бичиж болно. Та зан төлвийнхөө үнэлэлтийг тов тодорхой бодит болгох хүртэл дөрөв дэх алхмаа хараахан хэрэгжүүлээгүй байдаг. Дөрөв дэх алхмыг хэрэгжүүлэн дуусгах үедээ, зан төлвийнхөө үнэлэлтийг төгс хэрэгжүүлэх, бусдыг баярлуулахын тулд, төгс байх гэж хичээх хэрэггүйг ойлгогтун.
Бичсэн зүйлийг тань хүн уншихвий гэсэн айдас зүй ёсны юм. Гэвч та үүнийг даван туулж чадна. Зан төлөвтөө үнэлэлт өгсөн хүмүүс ийм айдастай тулгарч байлаа. Зан төлвийнхөө үнэлэлтийг нууц байлгаж, улмаар үр дүнг нь Бурханд итгэн даатгахын тулд бид чадах бүхнээ хийх шаардлагатай байлаа. Бид амин хувиийнхаа буюу нэр хүндийнхээ талаар биш, харин эдгэрэлтэд илүү их санаа тавих хэрэгтэй байв. Зан төлөвтөө үнэлэлт дүгнэлт өгөх нь Бурханы тусламжийг үргэлж дуудаж, үүнийг хэрэгжүүлэх явцад биднийг хамгаалж, удирдахыг Түүнээс гуйхыг биднээс шаарддаг байлаа. Алхам 4 бол ичгүүртэй зан авирын нуувчнаас ил гарч, наманчлах хэрэгтэйгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэдгийг та санах ёстой. Зан төлөвтөө өгсөн үнэлэлт дүгнэлтийн хуудсуудыг хэрхэн, хаана нууц байлгах талаар та залбирах юм бол, хамгийн сайн зүйлийг хийхэд, Их Эзэн таныг удирдах болно.
Шударга зан чанар. Амьдралынхаа нүгэлт үйл хэргүүдийн талаар өөртөө шударга байх нь айдас төрмөөр байж болно. Өнгөрсөн үеэ толинд харах лугаа адил өөрийгөө ихэд нарийн шинжихээс хүмүүс зайлсхийх нь олонтаа тохиолддог. Ингэснээр тэдний амьдрал ямар байдалтай болсон тэр үнэн илрэхээс айдаг ажээ. Эдүгээ та дөрөв дэх алхмыг хэрэгжүүлэх явцад амьдралынхаа тухай, айдсынхаа тухай үнэнтэй шууд тулгарах болно.
Зан төлөвтөө үнэлэлт дүгнэлт хийх үед та зөвхөн сул талуудаа нээгээд зогсохгүй бас хүч чадлаа илүү сайн ойлгож, үнэлдэг болно. Зан төлвийнхөө үнэлэлтэнд өөрийн сайн талууд болон хийсэн сайн зүйлсээ оруул. Үнэн хэрэгтээ сул талууд болоод хүч чадал танд хосолсон байдаг. Өнгөрсөн үеийнхээ тухай үнэнийг, сайн мууг бүхэлд нь харах хүсэлтэй болсноор, үнэнийг илчилж, өнгөрсөн үеэ зохих хэтийн төлөвт нь оруулах боломжийг та тэнгэрийн хүчнүүдэд олгодог. Амьдралын замналаа өөрчилж, бурханлиг чадавхиа хэрэгжүүлэхэд Их Эзэн танд туслах болно. Бусад бүх хүмүүсийн нэгэн адил танд сул талууд бас хүч чадал хосолсон байдгийг та мэдэх болно. Та бусад хүмүүстэй олон талаар адил болохоо мэдэх болно.
Дэмжлэг. Донтолтоос ангижрахыг дэмждэг бусад хүмүүсийн зүгээс урам, дэм өгөх нь хүч чармайлтуудад тань тус нэмэр болдог. Ийнхүү урам дэм өгөх нь өнгөрсөн үеэ нэгтгэн дүгнэхэд нэн чухал арга барил, бүтэц мөн арга замыг нээхэд таныг удирдах болно. Урам хугарч, сэтгэл гонсойсон үед тань хүмүүс танд урам хайрлах болно.
Залбирал. Алхам 4-ийн ач холбогдол болон үүнээс үүдэлтэй сорилтыг авч үзэхдээ, өмнөх Алхам болгонд Их Эзэн танд хэрхэн тусалж байсныг бод. Тайтгарал, зориг, удирдамжийн төлөө Бурханд хандсанаар, зан төлөвтөө үнэлэлт дүгнэлт өгөхийг үргэлжлүүлсэн үед тань ямагт байх тэрхүү тусламжийг та олох болно. Бурхан бол “Бүх тайвшралын Бурхан мөн; Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм” (2 Коринт 1:3–4) хэмээн Паул сургасан байдаг. Хэрэв та зан төлвийнхөө үнэлэлтийг бичихээр суух бүрдээ залбирах юм бол, Бурхан танд туслах болно. Боломжгүй мэт санагдах энэ Алхмыг хэрэгжүүлэх үед, хэрэв та гуйх юм бол Бурхан танд тусалж чадна бас танд туслахад үргэлж бэлэн байх болно гэдэг энэхүү бодит үнэнийг та мэдэх болно.
Өнгөрсөн үеэс өөрийгөө чөлөөлөх нь
Тодорхой бус эсвэл дэврүүн сэтгэлээс үүдэлтэй, санамсаргүйгээр бий болсон хуурмаг дурсамжуудаас зарим хүмүүс айж, өнгөрсөн үе рүүгээ гүнзгий орохоос болгоомжилдог. Зан төлөвтөө үнэлэлт өгөхдөө зөвхөн тодорхой санаж байгаа, ангилж ялгахад амар хялбар дурсамжуудыг л авч үз. Энд дахин хэлэхэд, Бурханд итгэх нь хариулт нь юм. Хэрэв та Христэд итгэлтэй байж, үнэн хүслээр, зан төлөвтөө үнэлэлт дүгнэлт өгөх юм бол, донтолтоосоо ангижрахад туслах эдгээр зүйлсийг ой дурдатгалдаа сэргээн санах тухайд та Түүнд итгэж болно.
Алхам 4-ийг бүрэн хэрэгжүүлсний үр дүн нь өнгөрсөн үеийг тань тодорхойлж байсан зан авираасаа салахад асар том алхам хийсэн явдал байдаг. Энэ алхмыг бүрэн хэрэгжүүлэх нь, хэрэв та энэ Алхамд биелэгдэх боломж олгох юм бол, энэ нь амьдралынхаа чиглэлийг өөрчлөхөд тань сүнслэгээр нөлөөлж чадах юм байна гэдгийг та харах болно. Аврагчийн хайр, ач ивээлийн улмаас, та хуучнаараа байх аргагүй болдог. Та амьдралаа шинжин үзээд Их Эзэний удирдамжийг гуйснаар, туршлага тань суралцах боломж юм байна гэдгийг ухааран ойлгох болно. Урт удаан хугацаанд зовлон болж байсан засаршгүй сул талууд тань шинэ амьдрал өөд тэмүүлэх боломжийг өөрт тань олгож байгааг та мэдэх болно.
Хэрэгжүүлэх алхмууд
Хувийн тэмдэглэлдээ бич, Ариун Сүнснээс удирдамж эрэлхийл
Бидний олонхийн маань хувьд, зан төлөвтөө өгөх үнэлэлт дүгнэлт нь амьдралынхаа тухай бичих бидний анхны хүч чармайлт байлаа. Хувийн тэмдэглэл нь донтолтоос ангижрах нэн хүчтэй арга хэрэгсэл болж чадна. Хувийн тэмдэглэлийн ач холбогдлыг Их Эзэний бошиглогчид олонтаа заасан байдаг. Жишээ нь, Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл, “Олз гарзныхаа тухай, сэтгэлд гүнзгий шингэсэн бодол санааныхаа тухай, амжилт ололт, бүтэлгүйтлийнхээ тухай, холбоо харилцаа болон ялгуусан давшилт, сэтгэгдлүүд хийгээд гэрчлэлүүдээ … бич” хэмээн зөвлөжээ (“The Angels May Quote from It,” New Era, 1975 оны 10-р сар, 5).
Амьдралынхаа тухай та залбирч бичсэнээр, туршлага бүрээс тань ирдэг чухал сургамжуудыг харж, ойлгоход өөртөө туслах боломжийг Ариун Сүнс танд олгоно. Хэрэв та одоо тэмдэглэл хөтөлдөггүй бол, тэмдэглэл хөтөлж эхлэхэд бид таныг урамшуулан дэмжиж байна. Хэрэв та тэмдэглэл хөтөлдөг бол, Их Эзэн Өөрийн Сүнсээр дамжуулан танд зааж, ойлголтыг тань баяжуулахын тулд бичих үедээ улам илүү залбирч байхад бид таныг мөн урамшуулан дэмжиж байна.
Өнгөрсөн болон одоогийн амьдралынхаа талаар харьцуулан бич
Зан төлөвтөө өгөх дүгнэлтийг дуусгахад цаг хугацаа шаардагдах болно. Яарах шаардлагагүй, хамгийн гол нь эхлэх хэрэгтэй. Өнгөрсөн үеэ шинжихэд хаанаас эхлэх нь чухал биш, харин таны ой дурдатгал, Их Эзэний сүнсний нөлөө таныг аяндаа хөтлөх болно. Зөвхөн санаандаа орж ирсэн дурсамжуудыг л бич. Бичиж байгаа зүйл тань нууц бөгөөд Алхам 5-ыг хэрэгжүүлэх үед залбирч сонгож авсан, зөвхөн үүнийг дэмжих бүлгийн итгэмжлэгдсэн хүнтэй л та хуваалцах болно. Зан төлөвтөө өгөх үнэлэлт дүгнэлт бол таны тухай, өөртэйгөө, Бурхантай түүнчлэн бусадтай харилцах таны харилцааны тань тухай юм. Та өөрийгөө үнэхээр ямар хүн бэ гэдгээ харах зоригтой байх юм бол, Бурхан таны нүдийг нээх болно. Ингэснээр Тэр таныг бурханлиг өв залгамжлагч болох, Өөрийнхөө хүүхдүүдийн нэг гэж үздэг шиг, та өөрийгөө мөн тийм байдлаар харж эхлэх болно. Энэ Алхмыг хэрэгжүүл, өв залгамжлах энэ эрхийг хүлээн авахад үйл ажиллагаагаа чиглүүл.
Нүглээ дахин бүү сана
Зан төлвийн үнэлэлтээ бичиж дууссаны дараа, сөрөг буюу уур уцаар хүргэж мэдэх үг хэллэг, хувийн зөрчлүүдийн тухай болсон явдлууд, түүнчлэн бусад аливаа эмзэг асуудлууд бүхий хэсгүүдийг бусадтай хуваалцах буюу ирээдүй үеийнхэнд дамжуулах ёсгүй. Тиймээс цагийг нь олж эдгээрийг устгах хэрэгтэй. Эдгээр тэмдэглэлүүдийг устгах нь таны наманчлал, өнгөрсөн үеэсээ хагацах хүчирхэг арга замын бэлгэдэл болж чадна. “Би тэдний гэм бурууг уучилж. Тэдний нүглийг дахин санахгүй” (Иеремиа 31:34) хэмээн Их Эзэн Өөрийн хүмүүсийн талаар Иеремиад амласан юм. Бид өөрсдийнхөө нүглүүдийг бас өрөөл бусдын нүглүүдийг уучлахад Их Эзэний үлгэр жишээг дагах ёстой.
Судалж, ойлго
Эдгээр судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс Алхам 4-ийг хэрэгжүүлэхэд тань тусалж болно. Тэдгээрийг тунгаан бодох, судлах болон бичихдээ ашигла. Бичихдээ шударга, оновчтой тодорхой хандах ёстойг сана.
Амьдралаа эргэн хар
“Амьдралаа буурь суурьтай, хэрсүү ухаанаар эргэн харахад та бүгдийг би урьж байна. Аз жаргалыг авчрах болно гэж өөрийнхөө мэддэг жишгүүдээс та гажсан уу? Цэвэрлэж арилгах ёстой хар бараан зүйл байгаа юу? Буруу гэдгийг нь өөрөө мэддэг зүйлүүдийг та одоо хийж байгаа юу? Та оюун ухаанаа цэвэр ариун биш бодлуудаар дүүргэдэг үү? Анир чимээгүй үед тодорхой зүйлийг бодоход, ухамсар тань наманчлахыг танд сануулдаг уу?
“Одоогийнхоо амар амгалангийн төлөө бас үүр-дийн аз жаргалын төлөө наманчлагтун. Зүрх сэтгэлээ Их Эзэнд нээж, туслахыг Түүнээс хүс. Уучлал, амар амгалангийн адислалуудыг, тэрчлэн өөрөө цэвэршиж, эрүүл саруул болсноо мэдсэнээс ирдэг адислалуудыг та хүртэх болно. Яг одоо наманчлах хүч чадлыг Их Эзэнээс гуйх зоригтой бай” (Ричард Г.Скотт, Conference Report, 1995 оны 4-р сар, 103; Ensign, 1995 оны 5-р сар, 77).
-
Алхам 4 бол Ахлагч Скоттын зөвлөгөөг дагах нэг арга зам юм. Амьдралаа эргэн харж шинжихдээ чиглэл, зоригийн төлөө залбирах нам гүм цагийг ол. Өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх, Ахлагч Скоттын асуултуудыг анхааралдаа авсан үед санаанд тань орж ирсэн бодлуудыг тэмдэглэх цагийг залбирч ол.
Өнгөрсөн үеийг хүлээн зөвшөөрөх нь
“… Нүглүүдээсээ салцгаа; та нарыг бөх гэгч нь хүлэх хүсэлтэй түүний гинжийг сэгсрэн хая; авралын тань хад болох Бурханд ирцгээ” (2 Нифай 9:45).
-
Нүглүүдээсээ эргэж, донтолтын гинжийг таягдан хаяхыг нүглүүд болон ийм гинж байгааг өөрөө хүлээн зөвшөөрөх хүртэл эхэлж болдоггүй. Өнгөрсөн үеийнхээ талаар төгс шударга байхыг хичээсэн үед өөрт тань мэдрэгддэг эсэргүүцлийн тухай бич.
Үгүйсгэлийг үнэнээр солих нь
“Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга” (1 Иохан 1:8).
-
Донтолтын нэг гол шинж бол хувь хүн асуудалтай байгаагаа үгүйсгэх үүнээс үүдэн үгүйсгэл буюу өөрийгөө хууран мэхлэдэг явдал юм. Үгүйсгэлийг үнэнээр сольсноор эдгээлтийн ямар үр дүн гарч болох вэ?
-
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Алхам 4 танд хэрхэн тусалж чадах вэ?
Донтолтоос ангижрах найдвар
“… Би өөрийн бүх нүглүүд мөн алдсуудыг санаж байв, үүний учир би тамын өвдөлтөөр тарчлагдаж байлаа; тийм ээ, би Бурханыхаа эсрэг тэмцсэнээ, мөн би түүний ариун зарлигуудыг дагаагүйгээ ойлгосон юм” (Алма 36:13).
-
Нүглүүдээ санах нь танд сэтгэл эмзэглэм байж болох юм, гэвч энэ нь таныг амар амгалангийн шинэ амьдрал өөд урагш хөтөлж чадна (Алма 36:19–21-ийг үз). Энэ Алхмыг бүрэн хэрэгжүүлсэн хүнээс уг алхам түүнд хэрхэн тусалсныг асуу. Гэмшил харууслын эмзэглэлээс уучлалын баяр баясгаланд хүрэхэд донтолтоос ангижрах найдвар танд хэрхэн тусалж чадах вэ?
Үнэн
“Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Моронай 10:5).
-
Өнгөрсөн үеийнхээ сэтгэл эмзэглэм үнэнийг санах буюу хүлээн зөвшөөрөх нь зарим хүмүүст хэцүү байдаг хэдий ч, та Алхам 4-ийг хэрэгжүүлснээр өнгөрсөн үеийнхээ тухай санахад Ариун Сүнс танд тусалж, таныг тайтгаруулж чадна. Бүр Ариун Сүнсний бэлэг танд байхгүй байлаа ч гэсэн, та эдгээр адислалуудыг хүлээн авч чадна. Зан төлөвтөө үнэлэлт өгөх явцад Ариун Сүнс таныг хэрхэн удирдаж болох тухай бичнэ үү.
-
Танд яагаад одоогийнхоо нөхцөл байдлын тухай үнэнийг мэдэх нь чухал вэ?
-
Та бол Бурханы хүүхэд гэдэг үнэнийг мэдэх нь яагаад чухал вэ?
Сул тал 6а хүч чадал
“Хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг, мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би сул дорой зүйлүүдийг нь тэдэнд хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27).
-
Энэ шүлгийг хуулж авахдаа Их Эзэн шууд танд хандан ярьж байгаагаар өөрийнхөө нэрийг энд оруулж, шүлгийг амьдралдаа хэрэглэ. Энэ судрын талаар мөн үүнийг өөртөө хэрэглэх тухай санаанд тань орж ирсэн бодлуудыг бич.
“Үнэн та нарыг чөлөөлнө”
“Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө” (Иохан 8:32).
-
Өөртөө болон “үнэний Сүнс”(С ба Г 93:9) гэгддэг Их Эзэнд үнэнч шударга байх нь өөрийг тань боолчилдог худал хуурмаг зүйлээс эрх чөлөөтэй байх гол зарчим мөн. Та Түүнийг, Түүний хүчийг мөн амьдралд тань Тэрээр оролцдогийг мэдэх нь таныг донтолтоос чөлөөлөх болно. Үнэнийг ухаарч ойлгох нь Есүс Христтэй харилцах харилцааг тань хэрхэн сайжруулж чадах вэ?