Донтолт
Алхам 3: Бурханд итгэх Итгэл


“Алхам 3: Бурханд итгэх Итгэл,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), 13–20

“Алхам 3,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, 13–20

Алхам 3

Бурханд итгэх Итгэл

Үндсэн Зарчим: Өөрийн хүсэл эрмэлзэл, амь амьЪралаа Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд даатга

Алхам 3 бол шийдвэр гаргах алхам юм. Эхний хоёр Алхамд бид өөрсдийнхөө төлөө юу ч хийж чадахгүйгээ болон Бурхан бидэнд яагаад хэрэгтэйг ухаарч, бидний төлөө Тэр юу хийж чадахыг ойлгосон билээ. Тэгээд Алхам 3-т, Бурханд зориулж бидний хийж чадах цорын ганц зүйлийг бидэнд танилцууллаа. Бид өөрсдийгөө Түүнд нээж, өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх амьдралаа, бас амьдралынхаа талаарх хүсэл бодлоо Түүнд даатгах шийдвэр гаргаж чадсан юм. Алхам 3 бол сонгох эрхийн үйлдэл байлаа. Энэ бол бидний урьд хожид гаргаж байгаагүй хамгийн чухал шийдвэр байв.

Энэхүү хамгийн чухал шийдвэрийн тухай Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл А.Максвелл дараах мэдэгдлийг хийсэн ажээ: “Хүн хүслээ захируулна гэдэг бол Бурханы тахилын ширээн дээр бидний тавих ёстой хувь хүний үнэхээр цорын ганц, давтагдашгүй өвөрмөц зүйл юм. Энэ бол хэцүү сургаал, гэхдээ энэ нь үнэн юм. Бурханд бидний зориулдаг бусад олон зүйл байдаг нь сайн хэрэг, гэвч эдгээр нь үнэн хэрэгтээ бидэнд Түүний аль хэдийн өгсөн зүйлүүд байдаг, мөн Тэрбээр эдгээрийг бидэнд зээлдүүлсэн юм шүү дээ. Гэвч бид өөрсдийн хүслийг Бурханы таалалд шингээн өөрсдийгөө захируулснаар эхлэх юм бол, дараа нь бид үнэхээр ямар нэг зүйлийг Түүнд өгч чадна” (“Insights from My Life,” Ensign, 2000 оны 8-р сар, 9).

Хүсэл бодлоо Бурханд захируулахаар хэрхэн шийдсэн болон эл шийдвэр өөрт нь эрх чөлөө олгосон тухай Арванхоёрын Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер дүрслэхдээ: “Эцсийн бүлэгт би сонгох эрхээ ямар ч албадлага, шахалт шаардлага, дарамтгүйгээр, зөвхөн өөрөө толгой мэдэж шийдэх онцгой боломж гэж үзэн, өөрөө, хуурмагаар бус, үүнийгээ Бурханд даатгах итгэл надад байлаа. Магадгүй энэ нь амьдралд маань байсан хамгийн агуу нээлт болсон байх. Зүйрлэсэн утгаар бол, хүний сонгох эрхийг авна гэдэг бол судруудад тодорхой өгүүлсэнчлэн, амьдралд нэн чухал шаардлагатай үнэт бэлгийг аваад, ‘Таны удирдсанаар би явах болно’ гэж хэлэхэд, хариуд нь, тэгвэл чи үүнээс хойш ийм замаар явж сурах юм бол улам их сонгох эрхтэй болно хэмээн хэлэхтэй агаар нэг юм” гэжээ (Obedience, Brigham Young University Speeches of the year [1971 оны 12-р сарын 7], 4).

Алхам 3-ыг хэрэгжүүлэх үед, донтолтоос ангижрах нь бидний өөрсдийн хүч чармайлтаас илүүгээр Их Эзэний хүч чармайлтын үр дүн мөн гэсэн үнэнтэй бид тулгарсан юм. Түүнийг бид амьдралдаа урьснаар Тэрээр гайхамшгийг үйлдсэн билээ. Алхам 3 бол биднийг эдгээх болон гэтэлгэх боломжийг Бурханд олгосон шийдвэр байлаа. Энэ бол бидний амьдралыг чиглүүлэх боломжийг Түүнд олгосон шийдвэр байв. Ингэхдээ мэдээжийн хэрэг, Тэрээр бидний сонгох эрхийг хүндэтгэдэг гэдгийг үргэлж санаж байлаа. Тийнхүү, бид амьдралаа Түүний гарт даатган, сүнслэг байдалд анхаарлаа төвлөрүүлэн энэ донтолтоос ангижрах хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн дагахаар шийдсэн юм.

Донтолтоос ангижрах цуглаануудад бид анх оролцох үед сэтгэлд нэг л дарамттай ч юм шиг, бусдаар албадуулж энд ирсэн ч юм шиг санагдаж байв. Гэвч Алхам 3-ыг хэрэгжүүлэхийн тулд бид өөрсдийнхөө төлөө ажиллахаар шийдэх хэрэгтэй байлаа. Амьдралаа өөрчлөх нь үлэмж хэмжээгээр бидний өөрсдийн шийдвэр байх ёстойг бид ухаарч ойлгосон юм. Энэ бол эцэг эхийн маань хийсэн буюу одоо хийж байгаа, эсвэл тэдний хүсдэг байсан зүйл биш байв. Энэ нь бас бидний эхнэр буюу нөхрийн, бидний гэр бүлийн, эсвэл найз нөхдийн маань мэдэрч, хийж байсан буюу хийгээгүй зүйл ч биш байлаа.Өөр хэн нэгний санал бодол эсвэл сонголтоос хамааралгүйгээр цэвэр ариун, эрүүл саруул байх хүсэл бидэнд байх хэрэгтэйг бид ойлгосон юм. Бидний хүсэл бол донтолтоос ангижрах тэнцвэртэй байдлын бат бөх суурь байлаа. Бид Мормоны Номыг уншаад, Алхам 3-ын хүчирхэг үр нөлөөний талаар Алма 5:13-т: “Тэд өөрсдийгөө даруусган мөн үнэн болоод амьд Бурханд найдлагаа тавьсан бөлгөө” хэмээн өгүүлснийг олж үзсэн билээ.

Бид энэ Алхамыг хэрэгжүүлэх үед, үл мэдэгдэх зүйлээс айх айдсын мэдрэмж бидэнд төрж байв. Хэрэв бид өөрсдийгөө даруусгаж, амьдрал, хүсэл бодлоо Бурханы анхаарал халамжинд бүрэн даатгавал юу болдог бол оо? Биднээс олных нь хувьд хүүхэд ахуй үе нь хатуу бэрх нөхцөлд өнгөрсөн бөгөөд дахиад л балчир хүүхдүүд шиг эмзэг болохвий гэж айж байв. Энэ дэлхийд биднийг хүрээлсэн галзуурлын улмаас тодорхой амлалт баталгаа гаргана гэдэг бараг боломжгүйг өнгөрсөн үеийн туршлага маань бидэнд итгүүлж байлаа. Үй олон амлалт баталгаа нурж бүтэлгүйтсэнийг бид харсан юм. Бидний заримынх нь хийхийг хичээдэг байсан зүйл бол хамгийн сайндаа л: “Донтдог зүйлээ бүү хэрэглэ. Цуглаанд оч. Тусламж хүс” хэмээн эдгэрсэн найз нарын маань өгдөг зөвлөгөө байв. Биднээс өмнө донтолтоос ангижрах Алхмуудыг хэрэгжүүлсэн хүмүүс амьдралын энэ шинэ хэв маягийг туршин үзэхэд биднийг урьдаг байсан. Бурханыг амьдралдаа бага ч гэсэн оролцуулах хүсэлтэй болохыг тэд биднээс хүсдэг байсан юм.

“Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно” (Илчлэлт 3:20) гэсэн энэ урилгыг Их Эзэн бас өгдөг.

Эхний үед бидний хүч чармайлт сэтгэл зовнисон, тасалданги байдалтай байлаа. Бид итгэлээ Их Эзэнд өгснөө дараа нь эргүүлэн авдаг байв. Тэрээр бидний зохисгүй байдалд уурлаж, дэмжлэг, хайраа биднээс татан авах болов уу гэж бид санаа зовдог байлаа. Гэвч Тэр тэгээгүй юм.

Их Эзэнд бидэнд эдгээх хүчийг, мөн Өөрийнх нь замыг дагахын аюулгүйг харуулах боломжийг аажим аажмаар олгож байлаа. Зөвхөн донтолтоо хаях төдийгүй, бас хүсэл бодол, амьдралаа бүхэлд нь Бурханд хандуулах хэрэгтэйг бид бүгд эцэстээ ухааран ойлгосон юм. Ингэхийн хэрээр бид Түүний тэвчээртэйг, бас өөрсдийнхөө эргэлзэж тээнэгэлзсэн хүч чармайлтуудыг Түүнд даатган өгснийг Тэрээр хүлээн авсныг бид хардаг байлаа.

Уруу таталтыг тэсэн гарах бидний чадвар эдүгээ Их Эзэний таалалд байнга захирагдах явдал дээр суурилагдах болов. Аврагчийн Цагаатгалаар дамжин ирдэг тэр хүч бидэнд хэрэгтэй байгааг илэрхийлэхийн хамт уг хүч бидний дотоод сэтгэлд, дараагийн уруу таталтын эсрэг бэхжүүлж байсныг мэдэрдэг байв. Бид амьдралыг Их Эзэний бий болгосон нөхцөлүүд дээр хүлээн авч сурсан юм.

Их Эзэнд ийнхүү захирагдах нь хэцүү сургаал гэдгийг Ахлагч Максвелл тэмдэглэсэн байдаг. Биднээс өөрсдийгөө Түүний таалалд өглөө бүр, заримдаа цаг тутамд, тэр ч байтугай хором бүрд дахин дахин зориулахыг шаарддаг билээ. Бид ийм хүсэлтэй байх юм бол, өөрсдийнхөө төлөө өөрсдөө хийж чадахгүй зүйлийг хийх буюу нигүүлслийг, эсвэл боломж олгогч хүчийг олдог.

Бурханы таалалд байнга захирагдах нь сөргөлдөөнийг бууруулж, бидний амьдралыг илүү утга учиртай болгодог. Замын хөдөлгөөний түгжрэл мэт өчүүхэн зүйлүүд цаашид уур уцаар, бухимдлыг төрүүлэх шалтгаан байхаа больдог. Бид мөнгө зээлдүүлэгчдээсээ цаашид айхаа больсон. Бид үйл хэргийнхээ төлөө хариуцлагыг өөрсөд дээрээ хүлээн авдаг болов. Бидэнд яаж хандаасай гэж хүсдэг шигээ бусдыг хүлээн зөвшөөрч, Аврагч бид бүгдтэй яаж харьцах байсан шиг, тийм байдлаар тэдэнтэй харьцдаг болов. Мөнх бус байдал бол бэрхшээл сорилттой бөгөөд энэ нь бидэнд уй гашуу, харууслыг мөн түүнчлэн аз жаргалыг ч авчирч болно гэдэг үнэнд бидний мэлмий, бидний оюун ухаан, бидний зүрх сэтгэл нээгдсэн билээ.

Өдөр бүр бид Их Эзэнд болон Түүний таалалд захирагддагаа шинэчилдэг. Энэ бол “Өдөр өдрөөр” гэж бидний олонх нь хэлдэг тэр зүйл юм. Донтолтоос үүдэлтэй хувиа хичээсэн, аминч үзлээс эгнэгт ангижрахаар бид шийдэж, Бурханд итгэх итгэлээс, Түүний нинжин сэтгэл, амар амгалан, хүч чадал хайраас ирэх дараагийн 24 цагийг тэсч ядан хүлээдэг болсон.

Хэрэгжүүлэх алхмууд

Ариун ёслолын цуглаанд оролцон баптисмын гэрээгээ эргэн харж, шинэчил

Алхам 3-ыг эхэлж, бүх зүйлд Бурханд итгэх нь нүдний шинэ шил зүүж, юм бүхнийг шинэ нүдээр харахтай адил байж болно. Хүсэл бодлоо Бурханд хандуулах шийдвэр гаргаснаар, Тэнгэрлиг Эцэгийн хүслийг эрэлхийлж, хэрэгжүүлснээс ирдэг тайтгарал, баяслыг та биеэрээ мэдэрч эхэлнэ.

Баптисм болон ариун ёслол нь Есүс Христийг хайрлах таны хайр, Түүнд бие сэтгэлээ зориулахын бэлгэдэл болдог. Түүний нэрийг өөр дээрээ авч, Түүнийг үргэлж дурсан санаж, Түүнийг даган, зарлигуудыг нь сахиж, “түүний Сүнсийг [өөртэйгөө] үргэлж хамт байлгах” (Моронай 4:3; Моронай 5:2; мөн С ба Г 20:77, 79-ийг үз) гэрээг [та] хийдэг билээ.

Донтолтынхоо тухай, Бурханы хүслийг дагах шийдвэрийнхээ тухай бишоп буюу салбарын ерөнхийлөгчтэйгөө ярилцаж бай. Долоо хоног бүр ариун ёслолын цуглаанд оролцохын тулд чадах бүхнээ хий. Шүтлэг бишрэлийн үед ариун ёслолын залбирлуyдыг анхааралтай сонсож, Тэнгэрлиг Эцэг танд санал болгодог бэлгүүдийг анхааралдаа ав. Хэрэв танай бишоп буюу салбарын ерөнхийлөгч танд зөвшөөрөл өгвөл, ариун ёслолоос хүртсэнээр, амьдралынхаа төлөө Түүний хүслийг хүлээн авч, дагах шийдвэр төгс байдлаа шинэчил.

Донтолтоосоо ангижрах явц тань өсөн хөгжих тусам, Аврагчийн золиослолыг дээдлэн хүндэтгэдэг хүмүүсийн дунд байх хүсэл тань улам их болно. “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) гэдэг бодит үнэнийг та биеэрээ мэдэрч эхлэх болно.

Бурханд итгэж, түүнийг дуулгавартай дагахаар шийд, өөрчилж чадах юмаа өөрчил өөрчилж чадахгүй юмаа хүлээн зөвшөөр

Рейнолд Ниебурын залбирлаас хялбаршуулан авсан, “Амар тайвны залбирал” хэмээн нэрлэгддэг дараах үгс Бурханд итгэж, Түүнийг дуулгавартай дагахаар шийдэхэд тань тусалж чадна. “Бурхан минь, миний өөрчилж эс чадах юмсыг хүлээн зөвшөөрөх амар тайвныг, миний өөрчилж чадах юмсыг өөрчлөх зоригийг, мөн ялгааг мэдэх мэргэн ухааныг надад соёрхоно уу.”

Өөрт тань туслах Бурханы чадварт итгэсэн үед та одоогийнхоо үнэн байдлыг амар тайвнаар хүлээн зөвшөөрч чадна. Хэдийгээр та бусдын сонголт, үйлдлүүдийг хянаж чадахгүй ч гэсэн, үүнийг амар тайвнаар хүлээн зөвшөөрч чадна, өөртөө тохиолдсон нөхцөл байдал бүрд та хэрхэн ажиллахаа шийдэж чадна.

Та Тэнгэр дэх Эцэгтээ итгэж, Түүний тааллын дагуу ажиллах зоримог шийдвэр гаргаж чадна. Та хүсэл бодол, амь амьдралаа Түүний анхаарал халамжинд даатгаж болно. Та Түүний хүсдэгийг хийхээр, Түүний зарлигуудыг сахихаар шийдэж чадна.

Амьдралынхаа зарим зүйлийг өөрчлөх нь танд боломжгүй байж болох юм, гэвч Бурханд итгэх, Түүнийг дуулгавартай дагах хүсэл эрмэлзлээ та өөрчилж чадна.Та Түүнд итгэх хэрэгтэйг мэдсэнээр, “аз жаргалын агуу төлөвлөгөө” (Алма 42:8) хэмээн Алмагийн нэрлэсэн Түүний төлөвлөгөө танд зориулагдсан бөгөөд та үүнийг дагах ёстойг ойлгох болно. Тэр ч байтугай гай зовлонгийн болон хүндрэл бэрхшээлийн цагт “Бурханыг хайрладаг хүмүүст сайны төлөө бүх зүйл хамтдаа ажилладгийг” (Ром 8:28) та мэдэх болно. Энэ нь бас Түүний зарлигуудыг сахидаг хүмүүсийн хувьд ч нэгэн адил юм (мөн С ба Г 90:24; 98:3; 100:15; 105:40-ийг үз).

Судалж, ойлго

Дараах судрууд Алхам 3-ыг хэрэгжүүлэхэд танд тусалж болно. Тунгаан бодох, судлах, тэмдэглэл бичихэд эдгээр судрууд болон асуултуудыг ашигла. Тэмдэглэл хөтлөхдөө үнэн зөв, оновчтой, тодорхой байхыг санагтун.

Бурханы таалалд нийцүүлэх нь

“… Бурханы таалалд өөрсдийгөө эвлэрүүл, харин чөтгөрийн болон биеийн таалалд бус; мөн та нар Бурханд эвлэрүүлэгдсэнийхээ дараа, та нар аврагдана, энэ нь зөвхөн Бурханы ач ивээлд мөн үүний дагуу байна гэдгийг санагтун” (2 Нифай 10:24).

  • Бурханы таалалд нийцсэн амьдралаар амьдрах гэдэг нь юу гэсэн утгатайг бодож үз. Таныг Бурханд хандсан үед боломж олгогч Түүний хүч амьдралд тань хэрхэн ирж болох тухай бод. Амьдралаа чиглүүлэх боломжийг Бурханд олгох тухайд та юу гэж боддог вэ?

  • Амьдралаа чиглүүлэх боломжийг Түүнд олгоход танд юу саад болдог вэ?

Бурханы таалалд захирагдах нь

“… Алма болон түүний ах дүүсийн дээр тавигдаж асан ачаанууд хөнгөлөгдсөн байлаа; тийм ээ, тэд ачаагаа амархан дааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар бас тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсан болой” (Мозая 24:15).

  • Алма болон түүний хүмүүсийн ачаа дарамтыг Их Эзэн тэдэн дээрээс зайлуулахын оронд “тэд ачаагаа амархан” даахын тулд тэднийг Тэрээр хүчирхэгжүүлсэн ажээ. Тэд гомдоллосонгүй, харин Их Эзэний таалалд баяртайгаар бас тэвчээртэйгээр захирагджээ. Хөнгөвчлөлийг авчирдаг даруу байдлын тухай эсвэл ачаа дарамтыг алгуураар хөнгөвчлөх хүслийн тухай бичнэ үү.

  • Бурханд захирагдах гэж юу гэсэн үг вэ? Та яаж захирагддаг вэ?

  • Та хүслээрээ захирагдах болон Их Эзэний цаг хугацааны өөрчлөлтөд тэвчээртэй байх талаар юу гэж боддог вэ?

  • Та ачаа дарамтаасаа чөлөөлөгдөх хүртэл өөрт тань байх ёстой зориг тэвчээрийг хэрхэн олж авч болох вэ?

Мацаг ба залбирал

“… Сэтгэл оюун нь баясал хийгээд тайтгарлаар дүүрэх хүртлээ, тийм ээ, зүрх сэтгэлээ Бурханд зориулсны учир ирэх ариуслаар зүрх сэтгэл нь бүр ариусаж мөн цэвэрших хүртлээ, тэд ойрхон ойрхон мацаг барьж, мөн залбирч, мөн даруу байдалдаа улам улам хүчирхэг мөн Христийн бишрэлд улам бүр гуйвшгүй бат болж байв” (Хиламан 3:35).

  • Зүрх сэтгэлээ Бурханд зориулсан хүмүүсийг энэ шүлэг дүрсэлж байна. Зүрх сэтг-лээ Бурханд зориулах, донтолтоос татгалзах чадварыг тань мацаг барилт хэрхэн бэхжүүлж чадах вэ?

  • Уруу таталтын үед залбирахын ач холбогдлыг авч үзэн, даруу байдал болон Христэд итгэх итгэлийг тань залбирал хэрхэн бэхжүүлэх тухай бичнэ үү.

  • Уруу таталтын үед донтолтыг хүсэхийн оронд зүрх сэтгэлээ Бурханд зориулах хүсэл тань хэр зэрэг хүчтэй байдаг вэ?

Бурханы өмнө өөрийгөө даруусгах нь

“… Тэд өөрсдийгөө түүний өмнө даруусгасны учир тэднийг тэрээр чөлөөлсөн юм; мөн тэд түүнд хүчтэйгээр гуйж залбирсан учир тэрээр тэднийг боолчлолоос чөлөөлсөн юм; мөн найдлагаа түүнд тавих тэдний зүг Их Эзэн нигүүслийн мутраа сунгаж хүмүүний үрсийн дунд бүх нөхцөлд ийн ажилладаг” (Мозая 29:20).

  • Түүний хүслийн дагуу чөлөөлөлтийн төлөө Бурханд хандан “хүчтэйгээр гуйж залбирахад” тань юу саад болдог вэ?

  • Өнгөрсөн үед чөлөөлөлтийн энэ хэлбэрийг эрж хайхад тань юу саад болж байсан бэ?

  • Бурханд итгэх итгэлийг та ямар арга замуудаар мэдэж болох вэ?

  • Өөрийгөө даруусгах нь таны гаргах ёстой шийдвэр юм. Бурхан хэдийгээр бусдад тусалдаг ч гэсэн, та бол арчаагаа алдаж, ямар ч найдваргүй болсон учраас Тэрээр танд туслахгүй гэдэгт таныг итгүүлэх гэж Сатан чармайж болно. Ийм зүйл бол худал гэдгийг ухаарч ойлго. Та бол Бурханы хүүхэд гэдэг нь үнэн юм. Өөрийгөө даруусгахад энэ мэдлэг танд хэрхэн тусалж болох вэ?

Донтолтоос ангижрахыг эхлэх сонголт

“… Би та нарыг даруухан, мөн хүлцэнгүй, бас эелдэг байгаасай хэмээнэ; харьцахад амархан, тэсвэр мөн тэвчээрээр дүүрэн; бүх зүйлд биеэ барьж ханддаг; Бурханы зарлигуудыг дагахдаа цаг үргэлж шаргуу; сүнсний бас биеийн аль алинд нь хэрэгцээтэй зүйлийг юуг боловч гуйдаг; өөрсдийн хүлээн авдаг зүйлүүдэд юуны төлөө боловч Бурханд талархлаа эргэн мэдүүлдэг байгаасай хэмээнэ” (Алма 7:23).

  • Алхам 3 бол сонголт юм. Донтолтоос ангижрах нь Бурханы хүчээр, зөвхөн Түүний тусламжийг та эрэлхийлсэн үед тохиодог билээ. Амьдралд тань Түүний хүч орж ирэх сувгийг таны шийдвэр нээдэг. Даруу байдал, тэвчээр, номхон дөлгөөн байдал гэхчилэн бүгдээрээ сонголт байдаг. Дээрх сударт жагсаасан сүүлчийн чанар бол талархал юм. Даруу байхад талархал танд хэрхэн тусалдаг вэ?

  • Энэ жагсаалтанд Алма өөр ямар чанаруудыг оруулсан байна вэ?

  • Танд эдгээр чанаруудаас аль нь байдаггүй вэ?

  • Та өнөөдөр ямар чанарууд дээр ажиллаж болох вэ? Та одоо эхлэхийн тулд юу хийж чадах вэ?

Хүүхэд шиг болох нь

“… Эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, мөн тэрээр Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэн түүнд ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн бус аваас үүрд мөн үргэлж тийм байх болно” (Мозая 3:19).

  • Эцэг эхчүүд буюу асран хамгаалагчдын хайр халамж дутагдсан олон хүмүүс байсан тул “балчир хүүхэд шиг” болох нь бэрхшээлтэй, тэр ч байтугай зүрхшээмээр байлаа. Хэрэв танд эцэг эхтэйгээ шийдээгүй асуудал байгаа бол, эцэг эхийнхээ тухай санаа бодлоо Бурханы тухай санаа бодлоос та хэрхэн зааглан салгаж болох вэ?

  • Дэлхийн эцэг эхтэйгээ хамтран шийдвэл зохих асуудал танд байж болох ч гэсэн, та төгс Эцэгүүд болох Тэнгэрлиг Эцэг болон Аврагчид итгэх итгэл танд байж болно. Яагаад та Тэнгэрлиг Эцэг Аврагч хоёрт өөрийн амьдралаа захируулж, Тэдэнд итгэж, болох вэ?

Бурхантай харилцах нь

“… [Есүс] өвдөг сөгдөөд ингэж залбирав, Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол, энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв” (Лук 22:41–42).

  • Энэ залбиралд, Эцэгт захирагдах хүслээ Аврагч харуулжээ. Тэрээр өөрийнхөө хүслийг илэрхийлсэн боловч Эцэгийнхээ хүслийг даруухнаар гүйцэлдүүлсэн юм. Өөрийнхөө мэдрэмжүүдийг Бурханд илэрхийлж хэлэх чадвараас ирдэг адислалыг анхааралдаа ав. Таны юунд дургүйг, бас өвчин эмгэгийг тань, эсвэл ямар тусламж өөрт тань хэрэгтэйг Тэрээр ойлгодгийг мэдэрсэн үед, “Таны хүсэл биелэгдэг” гэж хэлэх ёстойг та яаж мэддэг вэ, мөн энэ нь юу гэсэн утгатай вэ?

Хэвлэх