Донтолт
Алхам 1: Шударга зан Чанар


“Алхам 1: Шударга зан Чанар,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), 1–6

“Алхам 1,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, 1–6

Алхам 1

Шударга зан Чанар

Үндсэн Зарчим: Таны амьдрал утга учиргүй болж, ганцаараа өөрийн донтолтоос салах хүч дутагдаж буйг хүлээн зөвшөөр

Бидний олон нь зүгээр л сониуч зангаасаа болоод донтолтонд автагддаг. Зарим нь эмчилгээнд жороор бичиж өгсөн эм хэрэглэсээр байгаад яваандаа дассан бол, зарим нь орчиндоо эсэргүүцлээ илэрхийлэх хэлбэр нь аль нэгэн донтолт болж хувирсан байлаа. Олон хүн бараг хүүхэд насандаа донтож эхэлсэн байв. Бидний донтолтонд автаж эхэлсэн шалтгаан нөхцөл нь ямар ч байсан удалгүй донтолт нь бие махбодийн зовиурыг арилгахаас илүү зүйл юм байна гэдгийг мэдэрсэн. Энэ нь сэргээх, эсвэл сэтгэл өвтгөсөн элдэв муу мэдрэмжээс, эсвэл сэтгэлийн зовлонгоос салгаж байгаа мэт. Мөн энэ нь биднийг элдэв асуудлаас хол байхад тусалж байгаа мэт санагдана. Хэсэг хугацаанд бид өөрсдийн айдас түгшүүр, ганцаардал, гутрал, харуусал, уйтгараас чөлөөлөгдөж чадсан мэт болно. Амьдралд эдгээр мэдрэмжүүд бий болох арга хэлбэр олон байдаг учир бид нөгөөх донтолт уруугаа улам бүр лав татагдан орсоор байлаа. Одоог хүртэл бидний ихэнх нь донтолтыг дангаараа эсэргүүцэх буюу үүнээс татгалзах чадвараа нэгэнт алдсан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Арванхоёрын Чуулгын Ахлагч Рассел М.Нелсон: “Донтолт хожим нь сонгох эрх чөлөөг булаан авдаг. Хүн химийн бодисуудын улмаас чухамдаа хүсэл бодлоосооо тасарч холддог” гэжээ (Conference Report, 1988 оны 10-р сар, 7; Ensign, 1988 оны 11-р сар, 7).

Хүмүүс муу зуршилдаа бүрэн автагдсан гэдгээ хүлээн зөвшөөрөх нь ховор байдаг. Бид өөрсдийгөө ноцтой байдалд орсноо үгүйсгэж, сонголтуудынхоо үр дагавруудыг илрэхээс эмээн, муу зуршлаа өмгөөлөн хаацайлах буюу нуухыг хичээдэг байлаа. Бид бусдыг болон өөрсдийгөө хууран мэхэлснээр өөрсдийн донтолтондоо улам гүнзгий шигдэж байгаагаа ойлгож ухамсарлахгүй байлаа. Бидний донтолтоо даван туулах хүч мохон мөхөсдөх тутам бидний ихэнх нь гэр бүл, найз нөхөд, Сүмийн удирдагчид, тэр ч байтугай Бурханаас дутагдал доголдол, өө сэв эрж, тэдгээрийг буруутгадаг байв. Өөрсдийгөө бусдаас, ялангуяа Бурханаас холдуулан тусгаарлаж, ганцаардлын гүнд гүнзгийгээр шумбан живж зожигорсоор байв.

Донтогчид бид өөрсдийгөө зөвтгөж, бусдыг буруутгахын тулд худал хэлж, хуурч мэхлэн сүнслэг байдлын хувьд сулран доройтож байв. Шударга бус үйлдэл хийх бүрт бид өөрсдийгөө “маалинган оосроор” чанга хүлж энэ нь хүчтэй гинж болон улам хүлсээр байв (2 Нифай 2б:22-ыг үз). Дараа нь бид яах ч аргагүй бодит байдалтай нүүр тулгарав. Цаашид бид худал ярьж, эсвэл “Энэ тийм ч муу юм биш л дээ!” гэж хэлэн өөрсдийн донтолтоо нуух боломжгүй болсон юм.

Донтолт бидний амьдралыг сүйтгэж байгааг, үүнийг үгүйсгэж чадахгүйг биднийг хайрладаг нэгэн, эмч, шүүгч, буюу шашны удирдагч хэлсэн юм. Бид өнгөрсөн үеэ шударгаар эргэж харснаар өөрсдөө бие даан ганцаар юу ч хийж чадахгүйгээ хүлээн зөвшөөрсөн юм. Донтолтонд гүн орсныг ойлгосон. Донтолт дотнын нөхөрлөл харилцааг маань, бидэнд байсан сайн сайхан бүхнийг хичнээн их гэмтээж, биднээс тэр бүгдийг дээрэмдэж авсныг ойлгосон юм. Энэ бүгдийг ухаарснаар донтолтоос ангижрах эрх чөлөөг олохоор анхны “Алхам”-ыг хэрэгжүүлж, бидэнд зөвхөн төвөгтэй асуудлууд, муу зуршил байдаг биш гэдэг зүрх зоригийг олсон. Эцэст нь бид үнэнийг хүлээн зөвшөөрч, амьдрал маань яагаад ч зохицуулагдашгүй болсныг, бас донтолтоо даван туулахад бидэнд тусламж хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Ялагдсанаа ийнхүү шударгаар ухааран ойлгосон тэр гайхамшигтай зүйл нь эцэстээ донтолтоос ангижрахыг эхлүүлсэн.

Эцсийн эцэст бид өөрсдөдөө шударга хандсанаар үнэнийг нээж олдгийг Мормоны Номын бошиглогч Аммон тодорхой нотолсон байдаг.

“Би өөрийн хүч чадалд, бас өөрийн мэргэн ухаанд ч бардамнан сагсуураагүй байна; гэвч болгоогтун, миний баясал дүүрч, тийм ээ, зүрх сэтгэл минь баяслаар халгинам, мөн би Бурхандаа баярлах болно.

“Тийм ээ, би юу ч биш гэдгээ мэднэ; чадлынхаа хувьд би сул дорой; тиймийн тул би өөрөөрөө бардамнахгүй, харин би Бурханаараа бардамнах болно, учир нь түүний хүч чадалд би бүх зүйлийг хийж чадна” (Алма 26:11–12).

Хэрэгжүүлэх алхмууд

Татгалзах хүсэлтэй бол

Хэдийгээр хүмүүсийн донтолт өөр өөр байдаг ч гэсэн, хувь хүний өөрийнх нь бүхнийг өөрчлөх хүсэл зориггүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Өчүүхэн төдий хүсэл байхад л донтолтоос эрх чөлөөтэй болж, цэвэрших эхлэл тавигддаг. Хувь хүмүүс асуудлыг шийдэхэд төвөгтөй болж дордсон үед л донтолтоосоо татгалзах хүсэлтэй болдог гэж ярьдаг. Та хэзээ нэгэн цагт ийм байдалд орж байсан уу? Хэрэв та ийм байдалд ороогүй бөгөөд донтолтоо цаашид үргэлжлүүлсээр байх юм бол, донтолт улам даамжирч дорддог тул та зайлшгүй ийм байдалд хүрэх болно. Донтолт нь улам мууддаг өвчин лугаа адил, таны хэвийн ажиллах чадварыг үлэмж сулруулдаг.

Донтолтоос ангижрахыг эхлэх цорын ганц шаардлага бол донтолтоо зогсоох хүсэл юм. Хэрэв танд өчүүхэн хүсэл байгаад энэ нь өнөөдрийн шаардлагатай нийцэхгүй байлаа ч гэсэн, санаа бүү зов. Энэ хүсэл тань улам өсөн нэмэгдэх болно.

Донтолтоос ангижрах хэрэгтэйг зарим хүмүүс хүлээн зөвшөөрдөг ч гэсэн, үүнийг эхлэх хүсэл хараахан байдаггүй. Хэрэв та ийм байдалд байгаа бол, өөрийнхөө хүсэлгүй байгаагаа болон донтолтынхоо үнэ төлөөсийг ухааран хүлээн зөвшөөрснөөр эхэлж болно. Өөрт тань юу илүү чухал вэ гэдгийг та бичиж болно. Өөрийн гэр бүл, нийгэм дэх байр сууриа, мөн Бурхантай харьцах харилцаа болон сүнслэг хүч чадал, бусдад тусалж, тэднийг адислах чадвараа, эрүүл мэндээ эргэн нэг сайн хар. Тэгээд өөрийн итгэл үнэмшил, найдвар болон зуршлын хоорондох эсрэг тэсрэг зөрчилдөөнийг эрж ол. Таны үйлдэл эрхэмлэн дээдэлдэг зүйлсийг тань хэрхэн муутган дордуулж байгааг анзаар. Та өөрт байгаа бүх Тэнгэрлэг зөнгөөрөө, хэрэв донтолтоо үргэлжлүүлсээр байх юм бол танд ямар эрсдэл учирч болохыг, мөн өөрийгөө болон өөрийн амьдралаа ямар байгааг Бурханы нүдээр харж ойлгохын тул Их Эзэнээс тусламж хүсэн залбирч болно.

Та донтолтондоо шигдсээр байх юм бол, юуг алдахаа ухааран ойлгох нь донтолтоо зогсоох хүсэлтэй болоход тусалж чадна. Хэрэв танд өчүүхэн ч атугай хүсэл байх юм бол, Алхам 1-ийг эхлэх орон зай сэтгэл зүрхэнд тань байх болно. Энэ хөтөлбөрийн Алхмуудаар дамжуулан та өсч дэвжихийн хэрээр, амьдралд тань тохиож байгаа өөрчлөлтүүдийг харснаар, донтолтоос ангижрах хүсэл тань улам өсөн нэмэгдэх болно.

Бардамналаас зайлсхийж, даруу байдлыг эрэлхийл

Бардамнал, шударга зан хоёр зэрэгцэн оршиж чаддаггүй. Бардамнал бол хий үзэгдэл, бүх төрлийн донтолтын гол суурь мөн. Бардамнал юмсын байгаа байдал, байсан байдлын болон байх ёстойн үнэн мөнийг мушгин гуйвуулдаг. Бардамнал нь таныг донтолтоос ангижрахад учирдаг гол саад тотгор юм. Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон бардамналыг тодорхойлж хэлэхдээ:

“Бардамнал бол маш буруугаар ойлгогддог нүгэл юм. …

“Бидний ихэнх нь бардамналыг амин хувиа бодох, их зан, сагсууран сайрхах, биеэ ихэд тоох, ихэмсэг зан гэж боддог. Эдгээр нь бүгд нүглийн суурь бүрдэл бөгөөд зүрх сэтгэл болон чин үнэн хүсэл бардамналд огтхон ч байдаггүй.

“Бардамналын үндсэн шинж нь дайсагнал, Бурханд, бас найз нөхдөдөө өширхөх дайсагнал юм. Дайсагнал нь ’үзэн ядалт, өширхөлт, эсвэл эсэргүүцэл.’ Энэ бол Сатаны биднийг ноёрхохыг хүсдэг хүч юм.

“Бардамналын жинхэнэ мөн чанар нь зайлбаргүй өрсөлдөгч юм. Энэ тохиолдолд бид өөрсдийн хүслийг Бурханы хүсэл таалалд сөргүүлэн тавьдаг. Бид бардамналаа Бурханы эсрэг чиглүүлснээр, ‘Таны хүсэл биш харин миний хүсэл биелэгдэг’ гэсэн нөхцөлд сүнсийг оруулдаг …

“Бид өөрсдийнхөө хүслийг Бурханы таалалтай өрсөлдүүлснээр, бидний хүсэл, дур таашаал, дур хүсэл хазаарлагдашгүй болдог (Алма 38:12; 3 Нифай 12:30-ийг үз).

“Амьдралд нь чиглүүлэл өгдөг Бурханы эрх мэдлийг бардамнагчид хүлээн зөвшөөрч чаддаггүй (Хиламан 12:6-г үз). Тэд үнэний тухай өөрсдийн үзэл бодол, өөрсдийн чадвар, өөрсдийн амжилт ололтыг Бурханы агуу мэдлэгийн эсрэг Түүний санваарын хүчний эсрэг, хүчирхэг ажлынх нь эсрэг сөргүүлэн тавьдаг” (Conference Report, 1989 оны 4-р сар, 3–4; Ensign, 1989 оны 5-р сар, 4).

Та донтолтоосоо татгалзах хүсэлтэй болж, өөртөө учирсан асуудлуудыг хүлээн зөвшөөрөхийн хэрээр бардамнал тань даруу зангаар алгуурхан солигдох болно.

Асуудлыг хүлээн зөвшөөр. Тусламж эр. Цуглаануудад оролц.

Бид донтолтоо өөгшүүлсээр байсан үедээ, бид өөртөө болон өрөөл бусдад худал хэлсээр л байлаа. Гэвч бид өөрсдийгөө хуурч үнэхээр чадаагүй. Бид дажгүй байгаа юм шиг дүр эсгэн, зориг маань цээжинд багтаж ядан, хэлэх шалтаг шалтгаан зөндөө байсан ч, сэтгэлийн мухарт нэг л юм байгааг мэддэг байлаа. Христийн Гэрэл бидэнд үргэлж сануулсаар байсан юм. Улам илүү их уй гашуу уруу бид эргэлт буцалтгүй гулссаар байгаагаа мэдэж байлаа. Энэхүү үнэнийг үгүйсгэх нь нэгэнт хэцүү болсон бөгөөд бидэнд зовлонтой асуудал байгааг эцэстээ хүлээн зөвшөөрсөн нь том тусламж болсон юм. Гэнэт бидний зүрх сэтгэлд найдварын багахан оч гийсэн нь эхлэлийг тавьсан билээ. Бидэнд үнэхээр зовлонтой асуудал байгааг, дэмжлэг тусламж хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрөхөөр сонгосон нь эл найдварт өсч хөгжих боломжийг олгосон юм. Үүний дараа бид донтолтоос ангижрах цуглаанд оролцон, дараагийн Алхмыг хэрэгжүүлэхэд бэлэн болсон билээ.

Хүн бүрийн хувьд дэмжих бүлэгт буюу донтолтоос ангижрах цуглаанд оролцох нь боломжгүй байж болох юм. Хэрэв та донтолтоос ангижрах цуглаанд оролцох боломжгүй бол, Алхам бүрийг багахан өөрчлөлттэйгөөр даган баримтлахын хамт бишоптойгоо, эсвэл сонгож авсан мэргэжлийн зөвлөгчтэй хамтран ажиллаж болно.

Донтолтоос ангижрах цуглаанд оролцох нь боломжтой болсон үед энэ нь наанадаж хоёр шалтгаанаар ашиг тустайг та ойлгох болно. Нэгдүгээрт, сайн мэдээний холбогдох зарчмуудыг судалж хэрэглэснээр өөрийн зан төлвөө өөрчлөхөд тань туслах болно. Арванхоёрын Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер сургасан нь: “Зан төлвийг сайн мэдээний сургаалуудыг судалснаар илүү хурдан сайжруулж болно. Зохисгүй зан төлвийг өмгөөлөн хаацайлах нь зохисгүй зан төлөв уруу хөтөлдөг. Чухам иймээс бид сайн мэдээний сургаалуудыг өдий их хүч чармайлт гарган суддахад анхаарал төвлөрүүлдэг билээ” (Conference Report, 1986 оны 10-р сар, 20; Ensign, 1986 оны 11-р сар, 17). Хоёрдугаарт, эдгээр цуглаануудад донтолтоос ангижрахыг эрэлхийлж байгаа бусад хүмүүс, тэрчлэн энэ замыг аль хэдийн сонгож эдүгээ үр дүнг нь үзэж байгаа хүмүүсийн цуглардаг газар юм. Донтолтоос ангижрах цуглаануудад оролцож байгаа хүмүүс таныг ойлгож, танд дэмжлэг туслалцаа үзүүлж, итгэл найдвар хүлээлгэх болно.

Судалж, ойлгох нь

Судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгсийг судлах нь танд донтолтоос ангижрахаа эхлэхэд туслах болно. Энэ сургалт нь таны ойлголтыг нэмэгдүүлж, сурч мэдэхэд тань тусална.

Та залбиралтайгаар хувиараа суралцахад, бичихэд болон бүлгийн хэлэлцүүлэг хийх үед судрууд, хэлсэн үгсийг болон асуултуудыг ашиглаж болно. Бичих тухай бодох үед танд сүрдмээр санагдаж болно, гэвч тэмдэглэл бичих нь донтолтоос ангижрах хүчирхэг хэрэгсэл юм. Энэ нь эргэцүүлэн бодох цагийг танд гаргаж өгөх болно. Энэ нь таныг бодол санаагаа төвлөрүүлэхэд тань туслах болно. Өөрийнхөө донтолттой холбоотой асуудлууд, бодол санаа, зан төлвийг ойлгож ухаарахад тусална. Та бичсэнээр бас өөрийн бодол санааны тэмдэглэлтэй болно. Та Алхмуудаар дамжуулан өсч хөгжсөнөөр өсөлт дэвшилтээ хэмжих боломжтой болно. Одоо та өөрийн бодол санаа, мэдрэмж, сэтгэгдлээ бичихдээ гагцхүү шударга байж, чин сэтгэлээсээ хандагтун.

Уруу таталтуудаар бүслэгдсэн нь

“Би хүрээлэгдсэн нэгэн, намайг туйлын амархнаар хавчих тэр уруу таталтууд болон нүглүүдийн улмаас болой.

“Мөн намайг баясахыг хүсэхээр миний нүглүүдийн учир зүрх минь ёолно. гэсэн хэдий ч, би хэнд итгэснээ мэдэж байна.

“Миний Бурхан миний дэмжлэг байсан тэрээр аглаг буйд дахь зовлонгуудын минь дундуур намайг удирдсан; мөн тэрээр гүн далай дээр намайг хамгаалсан билээ.

“Тэрээр намайг хайраараа дүүргэв, бүр бүх бие минь төөнөгдтөл буюу” (2 Нифай 4:18–21).

  • Бүслэгдсэн буюу урхидуулсан юм шиг танд санагддаг уу? Хэзээ та ийм байдлыг илүү их мэдэрдэг вэ?

  • Таныг ямар нөхцөл байдал, ямар мэдрэмжүүд сулран доройтож донтолтынхоо эрхшээлд ороход хүргэсэн бэ?

  • Нифай аргаа баран цөхрөхдөө хэнд итгэлээ хүлээлгэсэн бэ? Их Эзэнд илүү их итгэл хүлээлгэхийн тулд та юу хийж чадах вэ?

“Хүмүүн юу ч бишийг би мэднэ”

“Мосе өөрийн ердийн хүчин чадлыг хүмүүний адилаар хүлээн авахын өмнө энэ нь олон цагийн хугацаа байлаа; мөн тэрээр өөртөө хэлжээ: Эдүгээ, энэ шалтгааны учир хүмүүн юу ч биш, миний хэзээ ч төсөөлж байгаагүй тийм зүйл гэдгийг би мэднэ” (Мосе 1:10).

  • Хэрхэн Мосе өөрийгөө Бурхантай харьцуулж дүрсэлсэн бэ?

  • Яагаад балчир хүүхэд хэмжээлшгүй үнэ цэнэтэй атлаа эцэг эхтэй нь харьцуулахад өчүүхэн байдаг вэ?

  • Бурханы тусламжгүй бол ямар утгаар та юу ч биш байдаг вэ?

  • Ямар утгаар та хэмжээлшгүй үнэ цэнэтэй вэ?

  • Хэрхэн өөрийнхөө юу ч биш болохыг ойлгон донтолтоо өөрөө даван туулахад та хүчин мөхөсдсөн балчир хүүхэдтэй адил болохыг хүлээн зөвшөөрсөн тухайгаа бичнэ үү.

Өлсгөлөн ба цангалт

“Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно” (Матай 5:6).

“Мөн бодгаль минь өлссөн байв; мөн намайг Бий Болгогчийн өмнө сөхөрсөн би, мөн хүчит залбирлаар мөн бодгалийнхаа төлөө гуйлтаар түүнээс гуйсан; мөн бүхэл өдрийн турш би түүнээс гуйв; тийм ээ, мөн шөнө ирэхэд би дуугаа өндөрсгөн үргэлжлүүлсээр байсан учир энэ нь тэнгэрт хүрсэн бөлгөө” (Инос 1:4).

  • Бидний бодгаль өлсөж болдгийг бид энэ хоёр судраас мэдлээ. Гэдэс тань цатгалан хэрнээ дотор тань хоосон юм шиг санагдах үе танд байсан уу? Яагаад ийм хоосролд хүрдэг вэ?

  • Хэрхэн сүнслэг зүйлсийн төлөөх таны өлсгөлөн илүү шударга байхад тань тусалж болох вэ?

Шударга зан чанар

“Зарим хүмүүс шударга ёс хэмээн нэрлэгддэг зан төлвийн шинж чанарыг хамгийн энгийн сэдэв гэж үздэг. Харин хэрэг дээрээ энэ бол сайн мэдээний амин чухал үндэс мөн гэдэгт би итгэдэг. Шударга ёсгүйгээр бидний амьдрал … муу муухай, зовлонт байдал болж уруудан доройтох болно” (Гордон Б.Хинкли, “We Believe in Being Honest,” Ensign, 1990 оны 10-р сар, 2).

  • Та ямар байдлаар худал хэлж, донтолтоо өөрөөсөө болон өрөөл бусдаас нуухыг оролдож байсан тухайгаа бичнэ үү. Ийм зан авир хэрхэн “муу муухай болон зовлонт байдалд хүргэсэн бэ?”

Даруу байдал

“Та нар даруу байхаар албадуулагдсан учир та нар адислагдсан болой; учир нь хүн заримдаа, хэрэв тэрээр даруу байхаар албадуулагдсан аваас, наманчлалыг эрэлхийлдэг; мөн эдүгээ наманчилсан хэн боловч нигүүлслийг олох нь гарцаагүй; мөн нигүүлслийг олсон хийгээд эцсийг хүртэл тэвчих тэр нь аврагдах болно” (Алма 32:13).

  • Өөрийг тань даруу байдалд мөн наманчлалыг эрэлхийлэхэд албадсан нөхцөл байдлын тухай бичнэ үү. Алма танд ямар найдварыг төрүүлэв? Тэрхүү найдварыг та хэрхэн олох буюу хүлээн авч болох вэ?

Их Эзэний баясал

“Худалч уруул ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг бол итгэлтэйгэр үйлдэгсэд Түүний таалалд нийцдэг” (Сургаалт Үгс 12:22).

  • Эдгээр асуултуудын хариуг бичих нь өөрийнхөө талаар дээд зэргээр шударга байхад таныг уриалан дуудна. Судрын дээрх хэсэг шударга зан чанарт хэрхэн холбогдох вэ? Та Их Эзэнийг хэрхэн баярлуулж чадах вэ?