Донтолт
Алхам 10: Өдөр Тутмын Хариуцлага


“Алхам 10: Өдөр Тутмын Хариуцлага,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), 59–64

“Алхам 10,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, 59–64

Алхам 10

Өдөр Тутмын Хариуцлага

Үндсэн Зарчим: Хувь хүний эрхэмлэвэл зохих жишгийг тогтоож, алдаа гаргасан тохиолдолд тэр дор нь залруулж бай.

Алхам 10-т хүрч ирэх үед, та шинэ хэв маягийн амьдралд бэлэн болсон байдаг. Сүнслэг зарчмууд дээр тулгуурласан амьдралын загварыг мэдэхэд эхний есөн Алхам танд тусаллаа. Эдгээр зарчмууд амьдралынхаа үлдсэн хэсгийг төлөвшүүлэхэд тань суурь болж өгнө.

Эхний Алхмуудыг хэрэгжүүлэх явцад та сайн мэдээний зарчмууд—Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл болон наманчлалыг амьдралдаа хэрэгжүүллээ. Та амьдралдаа гарсан гайхамшигтай өөрчлөлтүүдийг харлаа. Хайр, тэвчээрийг та биеэрээ мэдэрч, амар амгалангийн хүсэл эрмэлзлийг хөгжүүллээ. Донтолтыг хүсэх тань бүхэлдээ биш ч гэсэн ариллаа. Та уруу татагдсан үедээ донтдог зүйлээ хүсэх биш, харин үүнээс олонтаа жигшдэг боллоо. Та даруу байддыг мэдэрч, өөрөө ганцаараа хийж чадахгүй юмыг Тэнгэрлиг Эцэг хийсэнд бишрэн бахдаж байгаа.

Сүнслэг байдлаар тодорхойлогдсон амьдралын шинэ хэв маягийг цааш үргэлжлүүлэн бататгахад сүүлчийн гурван Алхам танд туслах болно. Тиймээс энэ гурван Алхмыг үргэлжлүүлэн вататгах алхмууд хэмээн нэрлэдэг.

Өөртөө үнэлэлт дүгнэлт өгч байх нь шинэ зүйл биш. Мормоны Номонд, зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийх нь хүч чармайлт шаарддагийг Алма заасан байдаг. Залбирч, шударгаар өөртөө үнэлэлт дүгнэлт өгч, тэр даруйд наманчилж байх нь амьдралын салшгүй хэсэг байх ёстойг тэрээр шүлэг бүхэнд харуулжээ (Алма 5:14–30-ийг үз). Олж авсан зүйлээ алдахгүй байхын тулд та сүнслэг байдлаа хэвээр нь хадаглах ёстой. Алмагийн зөвлөмж болгосноор бодол санаа, хүсэл эрмэлзэл, зан төрхийнхөө талаар эрэл хайгуулын шинжтэй асуултуудыг өөрөөсөө асууснаар та үүнийг хийж болно. Өдөр бүр өөртөө үнэлэлт дүгнэлт өгснөөр та үгүйсгэл, үглэн гомдоллоход халтиран орохоос өөрийгөө авч үлдэх болно.

Зүрх сэтгэлийн өөрчлөлт хийхэд зөвхөн зан авирын жишиг хангалтгүйг та Алхам 4, 5-аас мэдсэн билээ. Та бас бодол санаа, мэдрэмжээ шалгах ёстой. Энэхүү үнэн зарчмыг Алхам 10-т өгүүлсэн байгаа. Алхам 6, 7-д сурсныхаа дагуу бардамналын бүх хэлбэрүүдээс цаашид сэрэмжилж, сул талуудаа Тэнгэрлиг Эцэгтээ даруухнаар даатга. Хэрэв ямар нэг байдлаар санаа зовних, өөртөө харамсах, зовлон тохиолдох, түгшүүр төрөх, махан биеийн элдэв бодолд автах, эсвэл айх юм бол, та тэр даруй Эцэгт хандаж, эдгээр бодол санааг амар амгалангаар солих боломжийг Түүнд олго.

Та бодол санаа, мэдрэмжүүддээ анхаарал тавьснаар, өөрт тань хадгалагдсаар байж мэдэх аливаа сөрөг санаа бодлыг илрүүлж чадна. Ийм санаа бодлыг зайлуулахыг Тэнгэр дэх Эцэгээсээ гуйж бай. Алхам 10-ыг хэрэгжүүлснээр, та өөрийгөө зөвтгөх, өөрийгөө өмгөөлөн хаацайлах буюу хэн нэгнийг эсвэл өөр бусад юмсыг буруутгахаа болино. Таны зорилго бол зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж, Аврагчийн заадаг сургамжууд дээр анхаарлаа төвлөрүүлэх явдал мөн.

Бидний олонх нь зан төлвийн үнэлэлтээ өдөр бүр мөрдсөнөөр Алхам 10-ыг баримталсан билээ. Өдөр бүрийг төлөвлөхдөө, хүсэл эрмэлзлээ залбиран шалгаж бай. Та хэтэрхий ихийг эсвэл хэтэрхий багыг хийж байна уу? Сүнслэг байдал, сэтгэл хөдлөл, бие бялдрынхаа үндсэн хэрэгцээнд та анхаарал тавьдаг уу? Та бусдад үйлчилдэг үү?

Өдөр бүр тэнцвэртэй байдал, амар амгаланг эрэлхийлэхдээ эдгээр болон бусад асуултуудыг өөрөөсөө асууж бай. Ингэж өдрийг эхэлснээр өөрт тань дарамт учруулахаар заналхийлж болох сөрөг бодол санаануудыг зогсоож чадна. Ялангуяа сэтгэл санаа тань ихэд бухимдсан үед хуучин зан авираасаа болон тэдгээрийн талаар бодохоос болгоомжил.

Зарим хүмүүс энэ зан төлвийн үнэлэлтийн үеийг богино амралтын үе гэж боддог. Энэ богино амралтын хугацаанд, хэдэн хормыг гаргаж, дараах алхмуудаас сурч мэдсэн зарчим бүрийг тэр даруйд нь хэрэгжүүл. Донтолтоос ангижрах бүхий л хүч чармайлтууддаа Их Эзэнд итгэл найдвар тавих нь хичнээн чухал болохыг та удахгүй санах болно. “Зан төлвийн ямар сул тал надаас салахгүй шигдсээр байна вэ? Энэ асуудлыг хүндрүүлэх ямар зүйлийг би хийсэн билээ? Надад болон нөгөө хүний хувьд асуудлыг нааштайгаар шийдэхэд хүргэх ямар нэг зүйлийг би дүр исгэлгүйгээр хэлэх буюу хийж чадах уу? Их Эзэнд бүх хүч байдаг. Би санаа зовохгүй байж, Түүнд итгэл найдвар тавья” хэмээн та хямралын үед өөртөө хэлж болно.

Хэрэв та өөр хүнд ямар нэг буруу зүйл хийсэн бол аль болох түргэн залруулга хийж бай. Бардамналыг орхиж, “Миний буруу” гэж чин үнэнээсээ хэлж байх нь харилцааг сэргээн хэвийн болгоход “Би танд хайртай” гэж хэлэхийн адил чухал байдгийг өөртөө сануулж бай.

Унтахынхаа өмнө өнгөрсөн өдрийг бүхэлд нь шинжин дүгнэ. Аливаа сөрөг бодол санаа, мэдрэмжүүдийн талаар Их Эзэнтэй зөвлөх хэрэгцээ өөрт тань байгаа эсэхийг өөрөөсөө асуу. Их Эзэнтэй зөвлөхөөс гадна, таны бодол санааг ойлгож бодит болгохын төлөө дэмжигч итгэл хүлээлгэсэн хөтөлбөрийн зөвлөгч, эсвэл найзтайгаа ярилцаж болно.

Та бусадтай харьцах үед алдаа гаргасаар байх болно. Гэвч Алхам 10-ыг хэрэгжүүлэх шийдвэр төгс байдал нь алдаа дутагдлынхаа төлөө хариуцлага хүлээх баталгаа юм. Хэрэв та бодол санаа, үйлдлүүдээ өдөр бүр шалгаж, гарсан асуудлыг шийдэж байх юм бол, сөрөг бодол санаа, мэдрэмжүүд тань донтолтоос татгалзахад саад учруулахаар өсөн нэмэгдэхгүй. Та цаашид Их Эзэнээс эсвэл бусад хүмүүсээс тусгаарлагдмал зожиг амьдрахаа болино. Бэрхшээл тохиолдоход түүнийг даван туулах хүч чадал, итгэл танд байх болно. Та өсөлт дэвшил, итгэл бишрэлдээ баярлаж, дадлага туршлага, тэсвэр тэвчээр тань донтолтоос ангижрахыг цаашид үргэлжлүүлэх баталгаа болж өгнө.

Хэрэгжүүлэх алхмууд

Өөртөө үнэлэлт дүгнэлт өгөхийн нэг хэсэг болгон санваартны ярилцлагуудад оролц; Сүмийн бусад гишүүдтэй харилцах харилцаагаа бэхжүүл

Зан авираа шударгаар шинжин харахаас айсан үеийг бид санаж чадна. Ийм үеэс зайлсхийхийг хичээдэг нь Сүмд оролцох бидний оролцоог хязгаарладаг олон шалтгааны нэг юм. Гэвч, бид идэвхтэй бөгөөд шударга байж, энэ хөтөлбөрөөр цааш ахих тусам, өөртөө үнэлэлт дүгнэлт өгөхийн үнэ цэнийг ойлгож эхэлсэн юм.

Сүм дэх идэвхтэй байдлаар дамжин ирдэг өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх боломжуудаас одоо бид айхаа больсон. Арванхоёрын Чуулгын Ахлагч Жозеф Б. Вөртлингийн доорх сургаалын үнэнийг бид өндрөөр үнэлдэг билээ:

“Зохистой байдлын ярилцлага, ариун ёслолын цуглаан, ариун сүмд орох болон Сүмийн бусад цуглаанууд бол бидний бодгалийг хүмүүжүүлж, итгэлийн зам дээр байхын тулд үйл хэргүүдээ байнга шинжин шалгах эрүүл саруул зуршлыг хөгжүүлэхэд бидэнд тусалдаг Их Эзэний төлөвлөгөөний нэг хэсэг юм. Сэтгэл санааны байдалдаа тогтмол үнэлэлт дүгнэлт өгөх нь амьдралынхаа туршлагуудад амжилт олоход тусалдаг. …

… Шүтлэг бишрэл, залбирлын хүндэтгэлтэй мөчүүдэд бас ‘Миний зөв үү?’ гэсэн энгийн энэ асуултыг өөрөөсөө асуух мөчид зүрх сэтгэлийнхээ гүн рүү шагайн харж байх юм бол, бид бүгд … үүнээс ашиг тусыг олж болно.

Хэрэв бид дээрх асуултын хариуд туйлын шударга байх юм бол, мөн энэ нь биднийг итгэлийн зам дээр байлгах учиртай засч залруулах наманчлалд өдөөх юм бол, уг асуулт улам бүр ашиг тустай байх болно” (Conference Report, 1997 оны 4-р сар, 20; Ensign, 1997 оны 5-р сар, 17).

Та өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх эдгээр боломжуудад оролцох юм бол, Сүмийн нөхөрлөлөөр дамжуулан ах эгч дүүсээ хайрлах хайр тань өсөн нэмэгдэж байгааг та мэдэх болно.

Бодол санаа, үг яриа, үйл хэргээ өдөр бүр шинжин шалгаж бай. Аливаа буруу зүйлийг тэр дор нь засч залруулж бай

Та сүнслэг зарчмуудаар амьдрахаа үргэлжлүүлэх ёстой гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийг Алхам 10 авч үздэг. Хэрэв та эдгээр зарчмуудаас ухрах юм бол, тэр даруй наманчилж, Өөрийнхөө Сүнсээр дамжуулан амар амгаланг өөртөө дахин сэргээж өгөхийг Бурханаас гуй. Шударга, даруу байдал таныг бэхжүүлж чадна. Сүнслэг байдлын хувьд цэвэр ариун байхад өөртөө туслахыг Түүнээс гуйсан үед Тэнгэрлиг Эцэг амьдралд тань оролцдогийг та илүү ихээр ухамсарлах болно. Та өсөлт дэвшлийг үнэлж, өөрийнхөө болон өрөөл бусдын төгс биш байдлыг уучилж сурах болно. Та ямар нэг юмтай, эсвэл хэн нэгэнтэй зөрчилдөх хүслээ хаях болно. Айдсыг өөрөөсөө зайлуулж, уруу таталтуудыг нэг өдөр нэг удаа даван туулах юм бол, өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх нь амьдралын тань хэв маяг болно.

Судалж, ойлго

Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгсийг судал. Тунгаан бодох, судлах, бичихийн тулд эдгээр судрууд, хэлсэн үгс, асуултуудыг ашигла. Шударга байж, тодорхой ханд.

Бодол санаа, үг яриа, үйл хэргээ шинжин хяна

“… Хэрэв та нар өөрсдийгөө, мөн бодлуудаа, мөн үгсээ, мөн үйлүүдээ хянаж, мөн Бурханы зарлигуудыг мөрдөж, бас Их Эзэний маань ирэлтийн талаар сонссон түүндээ үргэлж итгэлтэй байж, бүр амьдралынхаа эцсийг хүртэл ингэхгүй аваас, та нар мөхөх ёстой болно. Мөн эдүгээ, Ай хүмүүн, санагтун, мөн бүү мөхөгтүн” (Мозая 4:30).

  • Машин барьж яваа үедээ юу хийж байгаагаа анхаарахгүй бол, энэ нь амь насанд тань аюул учруулж болно. Сонор сэргэг байж, амьдралдаа хаана яваагаа сайн мэдэхэд тань Алхам 10 танд хэрхэн туслах вэ?

  • Өөрийгөө ажиглан хянадаг байх талаар бич. Өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх нь донтолтондоо дахин орохоос (мөн мөхөж доройтохоос) зайлсхийхэд тань хэрхэн туслах вэ?

Даруу байдал ба өөртөө хяналт тавих нь

“Даруу байхыг албадуулалгүйгээр өөрсдийгөө даруу болгодог тэд адислагдсан болой” (Алма 32:16).

  • Сөрөг бодол санаанууд уршигтай зан авир болж хувирахаас өмнө эдгээрийг үгүй болгох нь албадлагагүйгээр өөрийгөө даруусгах нэг арга зам мөн. Өөрийгөө даруусгах хүслийнхээ тухай бичнэ үү. Сөрөг санаа бодлуудаа хязгаарлан нэг өдрийг туршиж үз. Ямар адислалууд танд ирэх вэ?

Цаг үедээ амьдрах нь

“Хүн хэдийчинээ гэгээрсэн байх тусам, наманчлалын бэлгийг төдийчинээ ихээр эрэлхийлдэг, бурханлиг хүсэл түүнд хэдийчинээ хомс байна, нүглээс өөрийгөө чөлөөлөхийг тэрээр төдийчинээ бага чармайдаг.… Үүнээс үүдэлтэйгээр Бурханаас эмээдэг хүмүүсийн нүгэл түүнчлэн зөв шударга хүмүүсийн нүгэл байнга арилдаг, учир нь тэд наманчилж, Их Эзэнийг өдөр бүр, цаг тутам шинээр эрэлхийлдэг” (Брус Р.МкКонки, Doctrinal New Testament Commentary, 3 боть. [1966–73], 3:342–43).

  • Эдгээр алхмуудад дүрсэлсэн зарчмуудаар оюун санаа, сэтгэл хөдлөл, сүнслэг байдлын хувьд амьдрахын хамгийн ашигтай үр нөлөөний нэг нь та цаг үеэрээ амьдарч сурдаг явдал мөн. Шаардлага гарсан үед нэг цагт нэг удаа амьдралаа зохицуулахад Алхам 10 танд хэрхэн туслах вэ?

  • Эдгээр зарчмуудаар та өдөр бүр амьдрах ёстойг мэдэх нь танд хэрхэн тусалдаг вэ?

Байнгын наманчлал ба өршөөл

“Тэд үнэн сэтгэлээсээ наманчилж мөн өршөөлийг эрэлхийлэх болгондоо өршөөгддөг байлаа” (Моронай 6:8).

  • Үнэн хүсэлтэйгээр наманчилсан үед Их Эзэн таныг өршөөхөд бэлэн байдгийг мэдэх нь амьдралдаа алдах бүрт тань дахин оролдоод үзэх хүч чадлыг өгч чадна. Үнэн хүслээр наманчилж, уучлалыг эрэлхийлэх нь юу гэсэн утгатайг бичнэ үү.

Сүнслэг өсөлт хөгжилтөө үргэлжлүүлэх нь

“Мөн эдүгээ би та нарыг даруухан, мөн хүлцэнгүй бас эелдэг байгаасай хэмээнэ; харьцахад амархан, тэсвэр мөн тэвчээрээр дүүрэн, бүх зүйлд биеэ барьж ханддаг … байгаасай хэмээнэ” (Алма 7:23).

  • “Хэрэв бид ямар нэг зүйлийг хийх дадлагыг байнга хийх юм бол, үүнийг хийх төгс чадвартай болно” гэсэн хуучны үгийг зохиогч байнга дадлага хийхэд хичнээн их тэвчээр шаардагддагийг дурдаагүй аж. Та өөртөө өдөр бүр үнэлэлт дүгнэлт өгч, буруу зүйлийг залруулах нь даруу зан, сүнслэг байдлаа хөгжүүлэхийг хэрхэн баталгаатай болгох вэ?

“Гэвч, болгоогтун, эцсийн өдрүүдэд, … энэ газар дээр ирэх тэд мөн бусад газрууд дээр байх тэд аль аль нь, тийм ээ, бүр бүх дэлхийн нутгууд дээр, болгоогтун, тэд алдсуудад мөн бүх төрлийн жигшүүрт хэргүүдэд согтуурах бөлгөө—

Учир нь болгоогтун, алдсыг үйлдэгч та нар бүгд, зогсоцгоо мөн гайхацгаа, өөрөөр хэлбэл та нар хашгирцгаана мөн уйлах болно; тийм ээ, та нар согтох болно, харин дарсанд бус, та нар хөлчүүрэх болно, харин хүчит ундаанд бус” (2 Нифай 27:1,4).

“Мөн шөнө ирэхэд тэд уур хилэндээ, бүр дарсанд согтуурсан хүмүүний адилаар согтсон байв; мөн тэд дахин илдээ дэрлэн унтацгаав” (Ифер 15:22).

  • Дээрх шүлгүүдэд согтуурсан хүмүүсийг дүрсэлсэн байна. Гэвч тэд дарсанд согтоогүй ажээ. Донтолтоос ангижрах нь ийм төрлийн согтууралт буюу “согтууруулах ундаагаар биш,” харин “сэтгэл хөдлөлөөр согтуурах” нөхцөлд холбогддог. Уур хүрэх эсвэл өөрт тань тохиолддог сэтгэл хөдлөлийн хор уршигтай бусад хэлбэрийн тухай бичнэ үү.

  • Өдөр бүрийн төгсгөлд зан төлвийн үнэлэлтээ шинжин харах нь ийм хандлагыг даван туулахад танд хэрхэн туслах вэ?

Насан туршийн сайжралт

“Сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа, үйл хэрэгтээ, үг яриандаа, ерөөсөө хийдэг бүхэндээ заавал хэрэгжүүлдэг байхыг би Хожмын үеийн Гэгээнтнүүдээс хичээнгүйлэн хүсч байна. Мөн энэ нь Есүс Христэд байдаг үнэний мэдлэгт ирэхийн тулд сайжралтын төлөө бие сэтгэлээ зориулахыг бүх хүмүүнээс бүх амьдралынх нь туршид шаарддаг” (Бригам Янг, Discourses of Brigham Young, эмхтгэсэн Жон А.Видцөү [1954], 11).

  • Эдгээр алхмуудыг хэрэгжүүлэх нь сайн мэдээний зарчмуудыг “зайлшгүй хэрэглэх” явдал хэмээн тод томруунаар дүрсэлж болно. Өдөр бүр төвшин бүрээр –үйл хэрэг, үг хэл, бодол санаа, мэдрэмж, итгэлээр өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх хүсэлтэй байх нь насан туршийн сайжралтад өөрийгөө зориулахад танд хэрхэн тусалдаг вэ?