“Алхам 2: Найдвар,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), 7–12
“Алхам 2,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, 7–12
Алхам 2
Найдвар
Үндсэн Зарчим: Бодол санаа, зүрх сэтгэлийн бүрэн эдгэрэлт буюу сүнслэг эрүүл мэндийг танд Бурханы хүч бүрэн төгсөөр сэргээж өгч чадна гэдэгт итгэ
Бид өөрсдийн донтолтоо даван туулахад хүчин мөхөс болохоо мэдрэх үед олонх нь найдвараа алдсан байдаг. Бурхан байдаг тухай ямар ч ойлголтгүй орчинд өссөн зарим маань аливаа тусламж авч болох бүхий л арга замыг оролдож үзсэн гэдэгтээ итгэлтэй байв. Үүний хамт бидний дундах Бурханд итгэдэг хүмүүс, Тэрээр бидэнд туслахаас урам нь хугарч, сэтгэл хөрсөн гэдэгт итгэдэг байлаа. Энэ хоёр тохиолдолд аль алинд нь, бидний ерөөсөө авч үзэж байгаагүй, эсвэл огт хайхардаггүй байсан хариу болох Бурханд хандаж, Есүс Христийн Цагаатгалд найдварыг олж болох тухай Алхам 2 бидэнд танилцуулсан юм.
Ийнхүү даруу болгогдсон бид тусламж авах хүсэлтэй болсон билээ. Найдварын өчүүхэн гэрэл лугаа адил бидэнд мэдрэгдсэн тэр зүйлийг даган, бид донтолтоос ангижрах цуглаануудад оролцож эхэлсэн юм. Цуглаанд анх ирэхэд бид эргэлзээ, айдсаар дүүрэн байлаа. Эвгүйцэн жийрхэж, айдсаар дүүрэн байсан ч цуглаанд ирсэн юм. Бид цуглаанууд дээр амьдрал нь ямархуу байсныг, тэднийг юу өөрчилсөнийг тэдэнд юу тохиолдсоныг, бас донтолтоос ангижирсан амьдрал нь ямар байгааг үнэнч шударгаар дүрслэн өгүүлэгч хүмүүсийн үгийг сонсдог байлаа. Тэдгээр хүмүүсийн олонх нь бидний адил итгэл найдвараа алдсан мэт байжээ. Харин одоо тэд инээлдэж, ярилцан, цуглаануудад оролцон, залбирч, судрууд уншин, донтолтоос ангижирсан талаараа тэмдэглэл хөтөлж явна.
Тэдний хуваалцаж, хэрэгжүүлж байсан зарчмууд алгуураар бидэнд нөлөөлж, ашиг тусаа өгч эхэлсэн билээ. Уулзалтад эргэж очих бүрдээ, олон жил мэдрээгүй нэгэн зүйл найдварыг бид мэдэрч эхлэв. Сүйрлийн ирмэг дээр тулж ирээд байсан тэр хүмүүст найдвар байсан юм бол, энэ найдвар бидэнд ч бас байж болно шүү дээ! Хэрэв бид Их Эзэнд хандах юм бол, “муу зуршилгүй, донтолтгүй, эсэргүүцэлгүй, зөрчилгүй, бас төгс өршөөлийн амлалтаас ангид зүйл үгүй” болохыг сонсоод бид баяртай байлаа (Боид К.Пакер, Conference Report, 1995 оны 10-р сар, 22; Ensign, 1995 оны 11-р сар, 19).
Энэ итгэл, гэрчлэлийн уур амьсгал дундаас бид Бурханы нигүүлсэл болон хүчийг ойлгоход туслах найдварыг олж авсан. Донтолтын боолчлолоос Тэрээр биднийг чөлөөлж чадна гэдэгт бид итгэж эхэллээ. Бид донтолтоос ангижирсан найз нарынхаа жишээг дагасан юм.Цуглаанууддаа оролцож, залбирч, Сүмдээ идэвхжин, судруудыг уншиж тунгаан бодож, хэрэгжүүлснээр, бидэнд гайхамшгууд тохиож эхлэх нь тэр. Өдөр өдрөөр муу зуршлаасаа татгалзаж чаддаг болсноор, Есүс Христийн ач ивээлээр адислагдсанаа ойлгосон юм. Алхам 2-ыг хэрэгжүүлснээр өөртөө итгэх итгэл болон донтолтоо Есүс Христийн хайр, хүчинд итгэх итгэлээр солих хүсэлтэй болсон билээ. Бид энэ Алхмыг оюун ухаан, зүрх сэтгэлдээ хэрэгжүүлснээр донтолтоос ангижрах үндэс суурь нь сүнслэг байдал гэдэг үнэнийг биеэрээ мэдэрсэн юм.
Удирдамжид зөвлөмж болгосон эдгээр Алхмуудыг хэрэгжүүлснээр үнэнийг биеэрээ мэдрэх болно. Үүнд гаргасан хүч чармайлт бүхэн чинь үнэ цэнэтэй. Энэ бол сэтгэл санаанд нөлөөлөх хөтөлбөр, бас үйлдэл хийх хөтөлбөр. Хэрэв та эдгээр зарчмуудыг баримталж, амьдралдаа хэрэгжүүлэх аваас, Их Эзэнтэй шинээр тогтоосон харилцаагаараа дамжуулан сүнсний эрүүлжилтийг биеэрээ мэдрэх болно. Сонголтоо илүү шударгаар, илүү тод томруунаар олж харж эхлэхэд тань Түүний Сүнс танд туслах болно. Та сайн мэдээний зарчмуудад нийцүүлэн шийдвэр гаргадаг болно.
Бидний заримынх нь хувьд энэ гайхамшиг маш түргэн ирсэн юм. Бусдынх нь хувьд донтолтоос ангижрах нь аажим алгуур байлаа. Энэ нь танд ямар ч байдлаар тохиолоо гэсэн “Христэд тууштайгаар итгэх” замаар та донтолтоос аврагдаж, “найдварын төгс гэрлийг” (2 Нифай 31:20) эдлэх болсноо эцсийн эцэст бидэнтэй хамт хэлж чадах болно.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар бидэнд туслах Их Эзэний хүчний тухай сургасан нь:
“Их Эзэний өрөвч нигүүлслийн хүчийг бид дутуу үнэлэх юм уу, үл тоомсорлох ёсгүй. Их Эзэний өрөвч нигүүлслийн энгийн, аятай сайхан байдал, байнгын шинж чанар нь эдүгээ бидний амьдарч байгаа мөн ирээдүйд амьдрах ороо бусгаа цагт биднийг бэхжүүлж, хамгаалахад их үүрэг гүйцэтгэх болно. Бидэнд хэрэгтэй тайтгарлыг, эсвэл бидний мэдэрдэг байсан баяслыг тодорхойлох үг олдохгүй байгаа үед, тайлбарлаж болшгүй зүйлийг тайлбарлах оролдлого ердөө талаар болсон үед, амьдрал дахь шударга бус, тэгш бус байдлыг учир зүй болон шалтгаан зохих ёсоор ойлгож чадахгүй болсон үед мөнх бус байдлын туршлага болон үнэлгээ нь хүссэн үр дүнд хүрэхэд хангалтгүй байгаа үед, бас бид яалт ч үгүй ганцаараа байгаа юм шиг санагдсан үед, бид үнэхээр Их Эзэний өрөвч нигүүлслээр адислагдаж, чөлөөлөлтийн хүчээр бэхэжсэн байдаг (1 Нифай 1:20-ийг үз).
“Зарим хүмүүс өөрсдийнх нь амьдралд Их Эзэний өрөвч нигүүлсэл хүрч нөлөөлөхийг чухал биш гэж үзэх буюу үүнийг үл тоомсорлож болох юм. … Ийм адислалууд буюу бэлгүүд нь илүү шударга хүмүүст эсвэл Сүмийн нэн чухал дуудлагуудад үйлчилдэг хүмүүст зориулагдсан гэж бодох нь буруу юм. Их Эзэний өрөвч нигүүлсэл бид бүгдэд хүртээмжтэй бөгөөд Изриалын Гэтэлгэгч ийм бэлгүүдийг бидэнд өгөх хүсэлтэй байдгийг би гэрчилж байна” гэжээ (Conference Report, 2005 оны 4-р сар, 106–7; Ensign, 2005 оны 5-р сар, 100–101).
Их Эзэний өрөвч нигүүлслийг эрэлхийлж сурснаар та үүнийг амьдралдаа харах болно. Мөн донтолтоос ангижрахад Бурханы хүч үнэхээр тусалж чадна гэдэгт та итгэх болно.
Хэрэгжүүлэх алхмууд
Залбир. Судруудыг уншиж, тунгаан бод
Та бардамналаа хөөн зайлуулж, амьдралдаа Бурханыг авчрах талаар эргэцүүлэн бодож эхлэхэд, залбирлын талаар илүү их бодож эхлэх болно. Эцэстээ та өвдөг сөгдөн, чангаар залбирахад өөрийгөө бэлэн болсныг мэднэ. Бодол санаа, хэрэгцээгээ Бурханд илэрхийлэх нь хичнээн сайхан байдгийг та мэдрэх болно. Та үргэлж тийм ээ гэж хэлэхгүй боловч ямагт хайраар хариулахад бэлэн байх хэн нэгэнтэй ярилцдаг болсныг мэдэрнэ. Эцэст нь та өөрөө өөртөө бий болгосон зожигролтоос чөлөөлөгдөж донтолтоос ангижрахын үр дүнг биеэрээ мэдэрч эхэлнэ.
Таныг Бурхантай харилцах хүсэл нь өнөө үеийн болон эртний бошиглогчдын үгсийг судлахад хөтлөх болно. Судруудаас хариуг олдог хүмүүсийг сонссоноор, та ч бас хариуг хүлээн авч чадна гэсэн итгэл тань өсөн нэмэгдэнэ. Бодол санаагаа бичсэнээр та илүү олон сэтгэгдлүүдийг Сүнснээс хүлээн авах болно. Залбирч судал, тэгвэл Их Эзэн танд асуултууд болон хэрэгцээнд тань хариултуудыг өгөх болно.
Энэ удирдамжийн бүлэг бүрийн төгсгөл дэх шүлгүүд танд судрыг судалж эхлэх боломжийг олгодог. Донтолтоос ангижрах талаар сайтар бодож, шүлэг бүрийг сонгож авсан. Эдгээр шүлгийг амьдралдаа хэрэглэх нь танд туслах болно гэдэг найдварыг өөртөө бий болго. Тантай харилцах үед Их Эзэн танаас юу хүсдэгийг мэдэхийн тулд өдөр бүр залбирч бай.
Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ, түүнчлэн Ариун Сүнсэнд итгэ
Бидний ихэнх нь Бурханы тухай ямар нэг ойлголттойгоор өссөн хүмүүс бөгөөд Тэнгэрлиг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнсний тухай нэлээд мэдлэгтэй байлаа. Хэдийгээр бидэнд Тэдэнд итгэх энгийн итгэл байсан ч, хувийнхаа хичээл зүтгэлийг өөрсдийнхөө амьдрал дахь Бурханы хүчний хэрэгцээтэй холбож үздэггүй байлаа.
Алхам 2-т хэрэгжүүлэх шаардлагатай үйлдэл бол Тэнгэрлиг Эцэг, Есүс Христ хоёрын хайр нигүүсэлд итгэх итгэлтэй болж, Ариун Сүнстэй хамт байж адислалыг нь хүлээн авах хүсэл тэй болох явдал юм. Өөрсдийн болон өрөөл бусдын амьдрал дахь Бурхан тэргүүтний хайрын хүчний нотолгоог харж, Тэдний төгс, нэгдмэл хайрыг мэдсэнээр бидний гэрчлэл бий болдог.
Судалж, ойлго
Дараах судрууд Алхам 2-ыг хэрэгжүүлэхэд танд туслах болно. Эдгээр судрууд болон асуултуудыг хэлэлцэж ярилцахдаа тэмдэглэл бичихийг бид зөвлөмж болгож байна. Тэмдэглэл бичихдээ үнэн зөв, оновчтой, тодорхой бичнэ үү.
Бурханд итгэх итгэл
“Бурханд итгэ; тэр байдагт итгэ, мөн тэр тэнгэрт болон газарт аль алин дээрх бүх зүйлийг бүтээсэнд итгэ, тэр бол тэнгэрт мөн газарт аль алинд нь бүх мэргэн ухааныг, мөн бүх хүч чадлыг эзэмшигч гэдэгт итгэ; Их Эзэний ухаарч чадах тэр бүх зүйлийг хүмүүн ухаардаггүйд итгэ” (Мозая 4:9).
-
Тэнгэр, газар дээрх олон гэрчүүд Бурхан байдгийг гэрчилдэг. Та Бурхан болон Түүний хайрын тухай ямар нотолгоонуудыг биеэрээ мэдэрсэн бэ?
Есүс Христэд итгэх итгэл
“Наманчлал, мөн Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг тэдэнд номло; өөрсдийгөө даруусгаж мөн зүрх сэтгэлдээ даруу, номхон байхыг тэдэнд заа; чөтгөрийн уруу таталт болгоныг, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээрээ сөрөн зогсохыг тэдэнд заа” (Алма 37:33).
-
Биднээс олон нь зөвхөн өөрсдийнхөө сэтгэлийн тэнхээгээр эсвэл аль нэг найз юм уу эмчид хандсанаар донтолтоосоо ангижрахыг оролддог байв. Бид удалгүй өөрсдөдөө эсвэл өрөөл бусдад итгэх итгэл донтолтыг бүрэн даван туулах боломжийг олгож чадахгүйг ойлгосон юм. Таны донтолтоос ангижрах чармайлтанд тань өөрийгөө даруу байлгаж, Христ болон Түүний сайн мэдээнд хандах хүсэлтэй дээрх бусад олон эх сурвалжууд хэрхэн тусалсан талаар сэтгэгдлээ бичнэ үү.
Аврагчийн өрөвч сэтгэл
“Хүүгийн эцэг тэр дороо хашгирч, би итгэж байна, (ЭЗЭН минь,) итгэлгүй байгаад минь туслаач” гэж нулимс асгаруулан хэлэв (Марк 9:24).
-
Энэ хүн Аврагчаас тусламж эрж, үүнийг олж авчээ. Эргэлзсэнийх нь төлөө Есүс түүнийг зэмлэсэнгүй. Аврагчийн өрөвч сэтгэл, тэвчээрийн талаар бичнэ үү.
-
Та бодол санаагаа Их Эзэнтэй хуваалцах талаар юу гэж боддог вэ?
Нигүүлслийн бэлэг
“… Бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё” (Еврей 4:16).
-
Судруудын Удирдамжид нигүүлслийг “Есүс Христ өөрийн цагаатгалын хүчээр дамжуулан үзүүлдэг” “өрөвч зөөлөн энэрэнгүй сэтгэл, өршөөлийн сүнс” хэмээн тодорхойлжээ (“Нигүүлсэл,” х.140). Бурханлиг хүч чадлын энэ бэлэг нь, ганцаараа хийх боломжтойгоос тань илүү ихийг хийх боломжийг танд олгодог. Аврагч танд зориулж таны хийж чадахгүй байгаа зүйлийг хийх болно. Түүний нигүүлслээр та наманчилж, өөрчлөгдөж чадна. Нигүүлслийн бэлгийг та амьдралдаа ямар байдлаар мэдэрдэг вэ?
-
Бурханлиг хүч чадлын бэлэг нь танд донтолтоос ангижрахыг тууштай үргэлжлүүлэх боломжийг хэрхэн олгож болох вэ?
Эдгээлт
“Авралд хүргэх Христийн хүчинд та итгэдэг үү? … Хэрэв та Христийн гэтэлгэлд итгэдэг бол та эдгээгдэж чадна” (Алма 15:6, 8).
-
Бид эдгэрэлт гэхээр ихэвчлэн бие махбодийнхоо тухай боддог. Өөр юунд Есүс Христийн эдгээлтийн хүч шаардлагатай байж болох вэ?
-
Христийн гэтэлгэгч (чөлөөлөгч, өөрчлөн хувиргагч) хүчийг ухааран ойлгох хэрэгцээнийхээ тухай бичнэ үү.
Сэргээх нь
“Хэрэв та нар бүр миний үгсийг туршин, сэрж мөн чадвараа сэргээх аваас, мөн итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болговол, тийм ээ, бүр та нарт итгэх хүслээс илүү нь та нарт байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсдөдөө хөгжихийг, бүр та нар миний үгсийн нэгэн хэс-гийг өөртөө байрлуулж чадахаар итгэтлээ зөвшөөр” (Алма 32:27).
-
Өөрийн чадвараа сэргээх нь итгэж сурах үйл явцын нэг чухал хэсэг юм. Өнөөдөр та ямар арга замуудаар өөрийн амьдралдаа Есүс Христ болон Түүний хүчийг өнгөрсөн долоо хоногоос илүү ихээр мэддэг болж сэргээгдсэн бэ? (өнгөрсөн сар? өнгөрсөн жил? байснаасаа илүү)
Боолчлолоос чөлөөлөгдөх нь
“… Тэд боолчлолд байв, мөн Их Эзэн тэднийг өөрийн үгний хүчээр дарангуйллаас дахин чөлөөлсөн болой …” (Алма 5:5).
-
Таныг боолчлолоос чөлөөлөхөд Бурханы үг хүчтэй нөлөөлөх болно. Бурханы үгийг та судруудаас, чуулганаас, түүнчлэн Сүмийн сэтгүүлүүдийг унших замаар олж авч болно. Бурханы үгийг Ариун Сүнсээр дамжуулан шууд хүлээн авч болно. Өөрт тань хандсан Түүний үгийг хүлээн авахын тулд хийхийг хүсч байгаа зүйлсийнхээ талаар бичнэ үү.