Донтолт
Алхам 7: Төлөв Даруу Байдал


“Алхам 7: Төлөв Даруу Байдал,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), 41–46

“Алхам 7,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, 41–46

Алхам 7

Төлөв Даруу Байдал

Үндсэн Зарчим: Алдаа дутагдал, муу зуршлуудыг арилгахыг Тэнгэрлиг Эцэгээс даруухнаар гуй.

Бүх Алхам даруу байдлыг шаардцаг. Харин Алхам 7 үүнийг дээд зэргээр тодорхой байхыг: “алдаа дутагдлаа арилгаж өгөхийг Тэнгэрлиг Эцэгээс даруухнаар гуйхыг” шаарддаг. Алхам 6-д бидний хөгжүүлсэн даруу зүрх сэтгэл алдаа дутагдлаа арилгаж өгөхийг Их Эзэнээс гуйхын тулд Алхам 7-д биднийг өвдөг сөгдөн залбирахад хүргэсэн билээ. Бид энэ үе шат хүртэл өсч хөгжсөн болохоор, Тэнгэрлиг Эцэг болон Их Эзэн Есүс Христтэй зүрх сэтгэл, оюун ухаанаараа нэг болохыг хүсэхээс өөр ямарваа учир шалтгааныг бодолгүйгээр бид залбирахад бэлэн байдаг байлаа. Цаашид бид зуршил тэр ч бүү хэл амьдралын хэв маягт гарсан өөрчлөлтөд сэтгэл дундуур байхаа болив. Эцэст нь бид өөрсдийнхөө мөн чанарыг Бурханаар өөрчлүүлэхэд бэлэн болсон байлаа.

Алхам 7 ийнхүү Аврагчид өөрсдийгөө бүрэн даатгахыг бидний хүн нэг бүрд танилцуулсан бөгөөд биднээс олон хүн Алмагийн нэг адил, “Ай Есүс, Бурханы Хүү та, намайг нигүүлсээч” (Алма 36:18) хэмээн зүрх сэтгэлдээ хүчтэйгээр залбиран гуйхгүй байж чадаагүй юм. Жинхэнэ гэмшил бидний зүрх сэтгэлийг дүүр-гэж, бид зөвхөн өөрсдөө зовж байсан буюу бусдыг зовоож байсандаа төдийгүй мөн донтолтоос ангижрах үедээ алдаа дутагдлаа бас л арилгаж чадахгүй байсандаа харамсдаг байлаа.

Бид Бурханы хайрын нэг хэсгийг мэдэрснээр, Түүнийг илүү сайн мэдэхийн тулд бүх нүглээ орхих, тэр ч байгугай, аливаа нүглийг сонирхохоо ч болихыг хүсдэг болж билээ. Эцэст нь бид сайн дураараа, бүх зүрх сэтгэлээрээ, бие сэтгэл бүхнээ Бурханд зориулж, биднийг уучилж, бас биднийг Өөрийнхөө дүр төрхтэй болгохыг Түүнээс хүссэн юм. Бид эцэстээ нүглүүдээсээ бүрэн ангижрах боломжийг өгч чадах өөр нэр, өөр арга зам буюу арга хэрэгсэл байхгүйг ухааран ойлгосон. Бид огтхон ч эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр Тэрээр хязгааргүй нигүүлслээрээ бидний бүх бардамнал, зөрчил, алдаа дутагддыг өршөөхийг Эцэгээс гуйлаа. Түүгээр дамжуулан амьдралын энэ шинэ хэв маягийг хадгалж чадахын төлөө ач ивээлээ бидэнд соёрхохыг бид Түүнээс гуйдаг байв.

Бидний зан төлвийг бүхэлд нь хувьсган өөрчлөх боломжийг бид Түүнд олгох хүртэл Их Эзэн энэ ажлыг эхлээгүй юм. Алхам 7 бол бидний шийдвэр байлаа. Бид зорилго чиглэлтэйгээр өөрсдийгөө даруусгах шаардлагатай байв. Бардамналын аливаа илрэл бүрийг орхиж, өөрсдийгөө аврах бидний хүч чармайлт хангалтгүй байсныг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байсан. Бид бүгд Бурханаас гуйгчид бөгөөд өөрсдийнхөө хүч чармайлтаар авралд хүрэх ямар ч найдвар байхгүй, Есүс Христийн нигүүлсэл, ач ивээлээр (Мозая 2:21; 4:19–20-ийг үз) дамжиж авралыг олж авна хэмээн Хаан Бенжамины заасан үнэнийг бид мэдэрч, үүгээр амьдрах шаардлагатай болсон юм.

“Тийн бүх хүн төрөлхтөн төөрөлдсөн бөлгөө; мөн болгоогтун, Бурхан өөрийнхөө хүмүүсийг төөрөлдсөн мөн унасан байдлаас нь гэтэлгээгүй сэн бол тэд төгсгөлгүйгээр төөрөлдөх байсан буйза” хэмээн Мозая 16:4-т заасан мөнхийн үнэнийг бид аливаа өөр шалт-гаангүйгээр эцэстээ ухаарч ойлгосон үед Алхам 7 хүн бүрийн хувьд чухал болсон юм. Алхам 7-г хэрэгжүүлэхэд бид өөрсдийнхөө хийх ёстой ажлаас чөлөөлөгдөх учиргүйг бидний туршлага бидэнд заасан билээ. Бид ч бас тэвчээртэй байж, “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх” (2 Нифай 31:20) хэрэгтэй байв.

Бид нүгэл үйлдэх хүслээс бүрэн чөлөөлөгдөөгүй л байлаа. Бид амьдралыг Бурханы нөхцөлүүдээр хүлээн авахад суралцаж, Их Эзэн Өөрийн зорилгыг хэрэгжүүлэх хийгээд туслах цагийг, тухайлбал бидний алдаа дутагдлуудыг арилгах цагийг Тэрээр мэдэж байсныг хүлээх шаардлагатай байлаа. Бид Алхам 7-г хэрэгжүүлэхийн тулд, ачаа нь хөнгөрсөн боловч тэднээс бүрмөсөн авагдаагүй үед, “Тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх таалалд захирагдсан болой” (Мозая 24:15) гэсэн Алма болон түүний ах дүүсийн харуулсан даруу байдал, Бурханд хандсан тэвчээрээр амьдарч сурах шаардлагатай байв. Бид өөрсдийнхөө хүчээр төгс болж чадна гэсэн санааг орхиж, Христэд ирэн, Түүний дотор төгөлдөржсөнөөр энэ амьдралд сул талуудаа ялан дийлэхийг Бурхан биднээс хүсэн хүлээдэг тэр үнэнийг бид хүлээн зөвшөөрсөн билээ. Бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзах боломжийг Тэрбээр бидэнд Өөрийн ач ивээлээр олгосныг, аврал бидний өөрсдийн хүчээр биш, Түүгээр ирдгийг бид мэдсэн юм (Моронай 10:32-ыг үз).

Гэвч алхам бүрт сэрэмжлэх зүйл байдаг ба Алхам 7 ч мөн адил юм. Энэ алхмыг золиослолгүйгээр хэрэгжүүлэхийг хүсэн хүлээх хэрэггүйг эдгээр зарчмуудыг баяртай хүлээн авч, дагасан бид та нарт сэрэмжлүүлэх ёстой. Энэ нь золиослолыг шаардах нь ч зүй ёсны юм. С ба Г 59:8-д, Их Эзэн, “Чи Их Эзэн Бурхандаа зөв шударга байдалд, бүр харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр золиослол өргөх ёстой” хэмээн зарлигджээ. Ийм золиослол бол Алхам 7-гийн гол утга учир юм. Та өөрийнхөө дахин төрөлтийн зовлон зүдгүүрийг мэдэрсэн үед, таных биш, харин Түүний зовлон таныг нүглээс гэтэлгэхийг баталгаатай болгодог. Таны золиослол бол Түүний “агуу их болоод эцсийн золиослолыг” (Алма 34:14) өөрийнхөө төлөө даруухнаар санах төдий зүйл юм.

Та юм бүхнийг Бурханы мутарт даатгасан үед, нүгэл тань өршөөгдсөнийг, өнгөрсөн үе тань жинхэнэ ёсоор үнэхээр өнгөрснийг гэрчлэх Түүний алдаа мадаггүй гэрчлэлийг хүлээн авахын тулд та эцэстээ чадах бүхнээ хийх болно. Мормоны Номон дахь хөрвүүлэгдсэн хүмүүсийн нэгэн адил, “Есүс Христэд [байдаг] Бурханы Сүнс болон хүчээр зочлогдсоноо” (3 Нифай 7:21) та гэрчилж чадна. “Мөн эдүгээ, болгоогтун, би үүнийг бодмогц, би өвчнөө цаашид санаж чадсангүй; тийм ээ, би нүглүүдийн санамжинд цаашид тарчлахгүй болов. Мөн ай ямар баясал, мөн ямар гайхамшигт гэрлийг болгоосон билээ би; тийм ээ, бодгаль минь ямархуу шаналалд байсан лугаа адил тийм үлэмжийн баяслаар дүүргэгдсэн байв!” (Алма 36:19–20) хэмээн та Алматай хамт дуу алдан өгүүлэх болно.

Хэрэгжүүлэх алхмууд

Ариун ёслолын залбирлуудыг тунгаан бодох замаар хувийн амьдралдаа үр ашигтай байхын тулд Аврагчийн Цагаатгалын хүчийг эрэлхийл

Тунгаан бодолтын үр ашигтай нэг хэлбэр бол судрын аль нэг шүлэг буюу өгүүлбэрийн утгыг ойлгож, амьдралдаа хэрэглэхийн төлөө залбирах үедээ уг шүлэг буюу өгүүлбэрийн тухай тунгаан бодох явдал мөн. Ариун ёслолын залбирлуудаар давтагддаг гэрээг бид хийдэг учраас та эдгээр залбирлуудыг эргэцүүлэн бодож болно.

Судруудыг амьдралдаа хэрэглэх тухай бошиглогчдын урилгын дараа, та Моронай 4:3, 5:2-ыг уншихыг хүсч болно. Мөн эдгээр ариун үгсийг өөрөөрөө төлөөлүүлэн даруухнаар уншиж болно: Жишээ нь, “Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, [өөрийнхөө бодгалийн тулд] би түүний Сүнсийг [өөртэйгөө] хамт байлгаж болохын тулд … өөр дээрээ таны Хүүгийн нэрийг авч, [надад] өгсөн түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ гэрчилж болохын тулд энэ талхыг адисалж мөн ариусгахыг таны Хүү Есүс Христийн нэрээр [би] танаас гуйж байна.”

Өөрийнхөө төлөө өөрөө хийж чадахгүй зүйлийг Бурханаар хийлгэхийн төлөө даруухан залбир

“Их Эзэн минь, та надаар юу хийлгэхийг хүсэхсэн бол?” эсвэл “Таны хүсэл биелэгдэх болно” гэх зэрэг энгийн залбирлыг зүрх сэтгэлдээ байнга байлгах нь Их Эзэнээс таны бүрэн хамааралтайг танд байнга сануулж байх болно. Бурханы хайр, Түүнийг хайрлах таны хайр мөн таныг хайрлах Түүний хайр, аливаа өөр санаагүйгээр өөрийгөө зориулах нэгэн харилцааг бий болгоход танд туслах болно. Донтолтонд урхидуулсан бүх жилүүддээ та энэ хайрыг эрэлхийлэх ёстой. Алхам 7-д, “Их Эзэний амралтад” (Моронай 7:3; Алма 58:11; Эзра Тафт Бенсон, “Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, 1988 оны 12-р сар, 2-ыг үз) орсноор та амар амгаланг олж авах арга замыг олох болно.

Судалж, ойлго

Танд Сүмийн удирдагчдын хэлсэн үгс болон судрууд Алхам 7-г хэрэгжүүлэхэд тусална. Тунгаан бодох, судлах, түүнчлэн бичихэд эдгээр судрууд болон асуултуудыг ашигла. Тэмдэглэл хөтлөхдөө үнэн зөв, шударга, товч, тодорхой бич.

Даруу байхаар сонгох нь

“Мөн эдүгээ, та нар даруу байхаар албадуулагдсан учир та нар адислагдсан хэмээн би та нарт хэлсэн, үгийн учир өөрсдийгөө үнэхээр даруусгах тэд илүү ихээр адислагдсан хэмээн та нар бодохгүй байна уу?” (Алма 32:14).

  • Донтолтоос ангижрах цуглаануудад бидний олонх нь цөхөрсөн байдалтай, донтолтынхоо үр дагавруудаар туугдаж ирсэн юм. Даруу байхад бид албадуулагдсан байлаа. Гэвч, Алхам 7-д дүрслэгдсэн даруу байдал өөр учир үндэслэлтэй байлаа. Энэ бол сайн дурын даруу байдал юм. Энэ бол өөрийгөө даруусгахаар сонсгосон өөрийн тань сонголтын үр дүн мөн. Донтолтоос ангижрахыг эхэлснээс хойш даруу байдлын мэдрэмж тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Баяр хөөрөөр дүүрэн

“Мөн тэд өөрсдийгөө зуурдын байдалд буйгаа бүр газрын тоосноос ч өчүүхнээ төсөөлсөн ажгуу. Мөн тэд бүгд нэгэн дуугаар чанга хашгирч, хэлсэн нь: Ай нигүүлсэж хайрла, мөн бид нүглүүддээ өршөөлийг хүлээж авч болохын тулд мөн зүрх сэтгэл маань ариуссан байж болохын тулд Христийн цагаатгагч цусыг нөлөөлүүлээч; учир нь бид Есүс Христэд тэнгэр ба газар, мөн бүх зүйлийг бүтээсэн Бурханы Хүүд, хүмүүний үрсийн дунд доош ирэх түүнд итгэдэг.

Мөнхүү улиран тохиох дор тэд эдгээр үгсийг ярьсны дараа Их Эзэний Сүнс тэдний дээр ирж, мөн тэд нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, улмаар тэд ухамсрын амар амгаланг хүлээн авсан учир, мөн тэд баяр хөөрөөр дүүргэгдсэн байв, хаан Бенжамины тэдэнд ярьсан үгсийн дагуу, ирэх ёстой Есүс Христэд итгэх үлэмж итгэл тэдэнд байсны учир бөлгөө” (Мозая 4:2–3).

  • Алхам 7-г хэрэгжүүлэх үедээ бидний хэлдэг залбиралтай адил залбирлыг Хаан Бенжамины хүмүүс хэлжээ. Их Эзэний Сүнс тэдэн дээр ирж, нүглүүдийнх нь ангижралыг өгсөн үед тэд амар амгалан, баяр баяслыг мэдэрсэн аж. Эдгээр мэдрэмжүүд өөрсдөд тань төрсөн үеийн туршлагуудаа тунгаан бод. Эдгээр мэдрэмжүүд хэрхэн амьдралын тань хэв маяг байж болох тухай бичнэ үү.

Бурханд итгэ

“Бурханд итгэ; тэр байдагт итгэ, мөн тэр, тэнгэрт болон газарт аль алин дээрх бүх зүйлийг бүтээсэнд итгэ; тэр бол тэнгэрт мөн газарт аль алинд нь бүх мэргэн ухааныг, мөн бүх хүч чадлыг эзэмшигч гэдэгт итгэ; Их Эзэний ухаарч чадах тэр бүх зүйлийг хүмүүн ухаардаггүйд итгэ.

Мөн үүнчлэн, та нар нүглүүдээ наманчилж мөн тэдгээрийг орхих ёстой, мөн өөрсдийгөө Бурханы өмнө даруусгах ёстойд итгэ; мөн тэрээр та нарыг уучлаасай хэмээн чин зүрхнээсээ гуй; мөн эдүгээ, хэрэв та нар эдгээр бүх зүйлд итгэвэл тэдгээрийг өөрсдөө үйлдэхэд анхаарагтун.

Мөн би урьд хэлснийхээ адил дахин та нарт хэлье, та нар Бурханы алдар суугийн мэдлэгт ирсэн шиг, эсвээс хэрэв та нар түүний сайн сайхныг мэдэж мөн түүний хайрыг амталсан, мөн та нарын бодгалиудад үлэмж агуу баясал авчрах, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсан бол, тэрчлэн Бурханы агуу ихийг, мөн өөрсдийнхөө юу ч биш болохыг, мөн түүний сайн сайхан хийгээд зохисгүй бүтээл болох та нарт хандсан тэсвэрийг нь та нар үргэлж дурсан санаасай хэмээнэ би, мөн та нар өөрсдийгөө бүр даруу байдлын гүнд даруусгаж, Их Эзэний нэрийг өдөр тутам дуудан, мөн тэнгэр элчийн амаар яригдсан тэрхүү ирэх зүйлд итгэх сүсэг бишрэлд гуйвшгүйгээр зогсоосой хэмээнэ.

Мөн болгоогтун, хэрэв та нар үүнийг хийвээс та нар үргэлж баясна, мөн Бурханы хайраар дүүргэгдэж, мөн нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалах болно хэмээн би та нарт хэлнэ; мөн та нарыг бүтээсэн түүний алдар суугийн мэдлэгт … та нар өсөх болно” (Мозая 4:9-12).

  • Хаан Бенжамины хэлсэн бидний хийх ёстой гэсэн зүйлсийг залбирч, жагсаан бич. Эдгээр зүйлс Алхам 7-г хэрэгжүүлэхэд хэрхэн холбогдох вэ?

  • Хаан Бенжамины зааварласны дагуу ажилласнаас ямар адислалууд ирдэг вэ? (Сүүлчийн шүлгийг үз.)

  • Хэрэв та эдгээр адислалуудыг хүлээн авах юм бол, амьдралд тань ямар өөрчлөлт гарч болох вэ?

Хууль зарлигуудыг дуулгавартай дагах нь

“Өөрөөр хэлбэл, ийм зорилгоор уг хууль өгөгдсөн юм; иймийн тул уг хууль бидэнд үхмэл болсон, мөн итгэлийнхээ учир бид Христээр амьд болгогддог; гэсэн ч зарлигуудын учир бид уг хуулийг дагадаг бөлгөө” (2 Нифай 25:25).

  • Бид Түүнд итгэх “итгэлийнхээ учир Христээр амьд болгогдсон” билээ. Бидэнд үхмэл хууль гэж юу гэсэн үг вэ? Яагаад бид хуулийг сахихаа үргэлжлүүлэх буюу зарлигуудыг дуулгавартай дагадагвэ?

  • Өнөөдөр та хуулийг сахих тухайд ямар бодолтой байдагвэ?

  • Зарлигуудыг сахих нь хэрхэн Бурханыг хайрлах таны хайрын илэрхийлэл байдаг вэ?

Бурханы хайр

“Бид Бурханыг нэгдүгээрт тавьсан үед, бусад бүх зүйл зохих байрандаа тавигдаж эсвэл бидний амьдралаас алга болдог. Их Эзэнийг хайрлах бидний хайр, дур хүслийг маань хянаж, цаг завандаа тавьдаг шаардлагуудыг зохицуулж, бидний сонирхдог болон нэн тэргүүнд баримталдаг зүйлсийг чиглүүлэн зохицуулах болно” (Эзра Тафт Бенсон, Conference Report, 1988 оны 4-р сар, 3; Ensign, 1988 оны 5-р сар, 4).

  • Бурханы нигүүлсэл, нинжин сэтгэлийг мэдсэнээр та Бурханыг хайрлах хайрыг, лавтай мэдэрч эхэлсэн байгаа. Алхмуудаар дамжуулан ажиллах үедээ өсөн нэмэгдсэн аливаа хайрын талаар тунгаан бодож, бичнэ үү.

  • Алхам 7 хэрхэн таны хайрын хамгийн агуу илэрхийлэл болсон бэ?

Христийн нэрийг өөр дээрээ авах нь

“Мөнхүү улиран тохиох дор үүнийг хийсэн нь Бурханы баруун гар талд олдох болно, учир нь тэрээр өөрийн нэрлэгдсэн нэрээ мэдэх болно; учир нь тэрээр Христийн нэрээр нэрлэгдэх болно” (Мозая 5:9).

  • Бидний олонх нь Баптисм болон ариун ёслолын үеэр л Христийн нэрийг бид өөрсөд дээрээ авдаг гэж боддог. Христийн нэрээр нэрлэгдэх нь мөн Түүний нэр хүндийг өөрийнх шигээ үзэх нь ямар утга учиртай байж болохыг тунгаан бодно уу.

  • Бурханы баруун гар талд байхын тулд та юу хийх хэрэгтэй вэ? Баптисм хүртэхдээ бас ариун ёслолоос хүртэхдээ та юу хийхээр гэрээ хийдэг вэ?

  • Таны бүх алдаа дутагдлын төлөө Өөрийнхөө нэр буюу нэр хүндийг танд өгөх Түүний хүслийн тухай бодох үед өөртөө төрдөг бодлын тухай бичнэ үү.

Сул талуудаа даатгах нь

“Бүх зүйлээр золиослол хийхийг шаарддаггүй шашинд амьдрал, авралд шаардагдах итгэлийг бий болгох хангалттай хүч хэзээ ч байдаггүй” (Иосеф Смит, comp., Lectures on Faith [1985], 69).

  • Зарим хүмүүс эдгээр үгсийг уншаад “бүх зүйл” гэдгийг эд хөрөнгө гэж боддог. Бүх сул талаа Их Эзэнд даатгаснаар бүх зүйлээ золиослох гэдэг нь ямар утгатайг ойлгох ойлголтыг тань хэрхэн нэмэгдүүлсэн бэ?