Донтолт
Алхам 5: Буруугаа Хүлээх


“Алхам 5: Буруугаа Хүлээх,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), 29–34

“Алхам 5,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, 29–34

Алхам 5

Буруугаа Хүлээх

Үндсэн Зарчим: Алдаа дутагдлаа өөрийнхөө өмнө, Есүс Христийн нэрээр Тэнгэрлиг Эцэгийнхээ өмнө, мөн холбогдох санваартны эрх мэдэлтний өмнө, түүнчлэн өөр бусад хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөр

Донтолтоос болж зовж яваа олон хүмүүсийн нэг нийтлэг шинж бол зожиг ганцаардмал байдлын мэдрэмж юм. Олон хүн цугласан газар эсвэл бусад хүмүүс бие биетэйгээ ойртон нэгддэг үйл ажиллагаануудад оролцох үеэр бидэнд эвгүй санагддаг байлаа. Бид донтолтоос ангижрах цуглаануудад ирэх үед, ганцаардлаараа ялгардаг байв. Эхний үед биднээс олон нь зүгээр л суугаад сонсдог байсан боловч сүүлдээ ярьж, санаа бодлоо хуваалцдаг болж билээ. Гэсэн ч ичиж зовмоор гай зовлон авчирсан сэтгэл санааг маань эмзэглүүлдэг зүйлсийг хав дарсаар байв.

Алхам 4-т бид зан төлөвтөө үнэлэлт дүгнэлт өгөхөд шударга байлаа. Харин үүнийгээ нууц байлгадаг байв. Хийсэн алдаанаасаа болж бид ганцаардмал, зожиг хэвээрээ байв. Алхам 5-ыг хэрэгжүүлж эхлэн, өөрсдөдөө болон өнгөрсөн үедээ хэтийн төлвийг олох хүртэл өөрсдийг маань ганцаардуулагч нууц дөнгийг бид тас татан хаях боломжгүй байсан юм. Найз нөхөд, гэр бүл, бусад хүмүүст гэмшлээ илэрхийлж, тэдэнтэй хуваалцсан үед бидний нүүр хагарах үйл явц эхэлсэн билээ. Тасарсан харилцааг сэргээх буюу шинээр эхлэхийн тулд байнгын хүч чармайлт тавьж байсны нэг хэсэг нь энэ байлаа. Гэмшил нь залбирал, санваартны холбогдох удирдагчаар дамжуулан Их Эзэнээс уучлал гуйхыг багтаадаг байв.

Алхам 4-ийг дуусгангуут Алхам 5-ыг аль болох хурдан эхлэх нь нэн чухал болохыг бид мэдэрсэн билээ. Үүнийг хойшлуулах нь шархыг цэвэрлэхгүй бол халдвар авдагтай адил юм. Алхам 5 хэцүү юм шиг санагдаж болно. Гэвч биднийг Их Эзэнээс тусламж хүсэхэд Тэрээр бидэнд зориг, хүч чадлыг өгсөн билээ. Бид зан төлөвтөө өгсөн үнэлэлтээ хянан үзсэний дараа ариун сүмийн бичиг авахад саад болж байсан аливаа хууль бус үйлдэл буюу нүгэл, эсвэл гэм буруугаа бишопуудтайгаа ярилцсан юм. бишопдоо ийнхүү илчилсэн нь донтолтоос ангижрах болон эдгэрэлтийн нэн чухал хэсэг байв.

Бид хийсэн үйлдлийнхээ мөн чанарыг уудлан илчилж болох өөр нэг итгэмжлэгдсэн хүнийг сонгосон юм. Бид Алхам 4, 5-ыг амжилттай хэрэгжүүлсэн, сайн мэдээний суурь мэдлэгтэй хүнийг сонгохыг хичээж байлаа. Сүнсийг урих залбирлаар бид цуглаа-ныг эхэлж, дараа нь зан суртахууны жишгээ чангаар уншдаг байлаа. Бидний зан төлөвтөө өгсөн үнэлэлт дүгнэлтийг сонсдог хүмүүс бидэнд өөрийгөө хууран мэхэлж болзошгүй зүйлсийг олж харахад тусалдаг байв. Амьдралаа зорилго чиглэлтэй болгож, хариуцлагаа хэтрүүлэх буюу бууруулахаас зайлсхийхэд тусалдаг байсан юм.

Зан төлвийн үнэлэлтээ бичих нь амьдралынхаа олон зуун өөр өөр үйл явдлуудыг тэмдэглэхтэй адил байлаа. Алхам 5-д, бид нэг үйл явдлын дараа нөгөөг ил болгож, хүүрнэн өгүүлэх өнгө аясаар амьдралаа дэлгэн харах боломж олдсон билээ. Ингэснээр, бидний сонголтод нөлөөлсөн сул талыг ухааран ойлгож эхлэв. Бид сөрөг бодол санаа, сэтгэл хөдлөлд хүргэдэг харьцаа хандлагаа ойлгож эхэлсэн билээ (аминч үзэл, айдас, бардамнал, өөрийгөө чамлах, атаа жөтөө, өөрийгөө зөвтгөх, уур уцаар, дургүйцэл, жолоодлогогүй дур таашаал, хүсэл гэх мэт). Эдгээр сэтгэл хөдлөл нь бидний буруутай үйлдлүүдийн жинхэнэ эх сурвалж байлаа.

Алхам 5-ыг хэрэгжүүлэхдээ бид Бурханы өмнө, өөрсдийнхөө өмнө, бусдын өмнө шинэ амьдралдаа өгсөн бидний амлалт, үнэнээр амьдрахад бат бөх суурилсан байгааг харуулсан билээ. Хэдийгээр Алхам 5 нь хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү алхмуудын нэг байсан ч, Ерөнхийлөгч Спенсер В.Кимбаллын: “Хүн сэтгэл санаагаа цэвэршүүлж, үйлдлүүдээ аливаа шалтаг шалтгаан, зөвтгөлгүйгээр хүлээн зөвшөөрөхөөс нааш наманчлал хэзээ ч ирдэггүй. … Асуудлыг шийдэж, амьдралаа өөрчлөхөөр сонгосон хүмүүс эхний үед илүү хэцүү арга зам болох наманчлалыг олж болно, гэвч тэд наманчлалын үр жимсийг амталсан үедээ, энэ нь хязгааргүй хүсүүштэй болохыг мэддэг” (“The Gospel of Repentance,” Ensign, 1982 оны 10-р сар, 4) гэсэн зөвлөгөө бидэнд урам дэм өгч, зоригжуулсан юм.

Ерөнхийлөгч Кимбаллын сургасныг бид биеэрээ туулсан билээ. Алхам 5-ыг бид шударгаар, бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн болохоор бидэнд нууж хаах юм юу ч байсангүй. Бид Бурханы хайрын тухай илүү ихийг мэдэж, эргэн тойрондоо байсан олон сайн хүмүүсийн хайр, дэмжлэгийг хүлээн авахын тулд “бүх нүглүүдээ орхих” (Алма 22:18) хүслээ гадна төрх байдлаараа харуулж байлаа.

Хэрэгжүүлэх алхмууд

Уучлалыг эрж эхэл, шаардлагатай бол бишоптойгоо ярилц Бурханд, өөртөө, түүнчлэн өрөөл бусдад үнэнч шударга бай.

“Бүх нүглээ Их Эзэний өмнө хүлээн зөвшөөрөх нь бүх хүмүүний үүрэг [мөн]” (Судруудын Удирдамж, “Хүлээн зөвшөөрөлт,” 222). Илүү ноцтой зөрчлүүдийг санваартны холбогдох удирдагчид, ихэвчлэн бишопынхоо өмнө хүлээх ёстой. “Нүглийг зөвхөн Их Эзэн өршөөдөг боловч, санваартны эдгээр удирдагчид наманчлалын үйл явцад шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэдэг. Тэд таны гэмшлийг нууц байлгаж, наманчлалын үйл явцын бүх талд танд тусалдаг. Тэдэнтэй төгс шударга бай. Хэрэв та нүглээ зөвхөн заримыг нь хүлээж, алдаа дутагдлаа дутуу хэлдэг бол, илүү ноцтой, илрээгүй зөрчлийг шийдвэрлэх боломжгүй байх болно. Энэ үйл явцыг та аль болох түргэн эхлэх юм бол, уучлалын гайхамшгаар ирдэг амар амгалан, баяр баясгаланг төдийчинээ түргэн олох болно” (Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэл [2004], 134).

Буруутай үйлдлээ уудлан илчлэх, санваартны удирдагчаас өөр хэн нэгнийг сонгож авахдаа их болгоомжтой, ухаалаг ханд. Зан төлвийн үнэлэлтээ хуваалцах хүн тань үг хэл, үйл хэрэг аль алинаар нь дээд зэргийн итгэл хүлээсэн хүн байх ёстой.

Таны амьдралд амар амгалан ирэг

“Ариун ёслолын цуглаан дээр үг хэлнэ үү гэж ах нараас хүсдэг л дээ. Ингэхдээ хэрэв тэд хөршөө гомдоосон бол буруугаа хүлээ гэдэг, гэвч өөрөөс тань өөр хэн ч мэдэхгүй, аль нэг утга учиргүй хэрэг явдлынхаа тухай та ярих хэрэггүй. Олон нийтэд хамаатай зүйлийг олон нийтэд нь, хүмүүсийн эсрэг нүгэл үйлдсэн бол хүмүүст нь, гэр бүлийн болон хөршийнхөө эсрэг нүгэл үйлдсэн бол, та тэдэн дээр очиж буруугаа хүлээ. Хэрэв та тойргийнхоо эсрэг нүгэл үйлдсэн бол, тойрогтоо, хувь хүний эсрэг нүгэл үйлдсэн бол түүнтэй нүүр тулан буруугаа хүлээ. Хэрэв та Бурханыхаа эсрэг, эсвэл өөрийнхөө эсрэг нүгэл үйлдсэн бол, Бурханд нүглээ хүлээ, харин асуудлыг өөртөө чандлан хадгал, учир нь энэ тухай ямар нэг юмыг би мэдэхийг хүсэхгүй байна” (Discourses of Brigham Young, эмхтгэсэн Жон А.Видцөү [1954], 158) хэмээн нүглээ олны дунд илчлэхгүй байх талаар Ерөнхийлөгч Бригам Янг гишүүдэд анхааруулсан байдаг.

Донтолтоос ангижрах цуглаанууд дээр эсвэл өөр нөхцөлд, нүгэл, алдаа дутагдлынхаа тухай эсвэл өөрсдийнх нь эсрэг бусад хүмүүсийн үйлдсэн нүглийн тухай улиглан ярьдаг хүмүүсийг та хааяа хардаг байж болох юм. Тэд үргэлж нүглээ хүлээдэг боловч амар амгаланг хэзээ ч олдоггүй.

Алхам 5-ыг сөрөг зүйлс дээр төвлөрөхөд чиглэсэн улигт хүсэл гэж бүү эндүүр. Алхам 5-ын зорилго бол үүний эсрэг юм. Бид нүглээ хүлээсэн зүйлсийг хэвээр нь үргэлжлүүлэхийн төлөө биш, харин өөрсдийнхөө төлөө мууг сайнаас ялгаж, сайныг сонгож эхлэхийн тулд Алхам 5-ыг хэрэгжүүлдэг билээ.

Судалж, ойлго

Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс Алхам 5-ыг хэрэгжүүлэхэд тань тусалж болно. Тунгаан бодох, судлах, бичихэд эдгээрийг ашигла. Тэмдэглэл хөтлөхдөө шударга, оновчтой товч тодорхой хандахыг сана.

Бурханы өмнө буруугаа хүлээх нь

“… Нүглүүдээ миний өмнө хүлээж мөн өршөөл хүсдэг, үхэлд хүргэх нүгэл үйлдээгүй тэдэнд Их Эзэн бибээр нүглүүдийг нь өршөөдөг билээ” (С ба Г 64:7).

  • Бурханы өмнө нүглээ хүлээх нь амьдралдаа нааштай сайн өөрчлөлтүүд гаргахад тань хэрхэн тусалдаг вэ?

  • Бидний олонх нь Алхам 5-ыг хэрэгжүүлэхээс айдаг эсвэл хүсэлгүй байдаг. Бурханы өмнө нүглээ хүлээх нь өөр хүний өмнө нүглээ хүлээхтэй харьцуулахад зориг, хүч чадлыг танд хэрхэн өгч болох вэ?

Бусдын өмнө буруугаа хүлээх нь

“… Бие биенийхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой” ( Иаков 5:16).

  • Өөрийн тань бүх сул тал, алдаа дутагдлыг үнэхээр сайн мэддэг хүн өөртэй тань хамтран ажиллахаас татгалзах байх гэж та айж болно. Гэвч санваартны удирдагч буюу донтолтоос ангижрах үйл явцыг ойлгодог, итгэл хүлээсэн найз тань ихэвчлэн таныг ойлгож, өрөвч сэтгэлээр хариулдаг. Ийм хариулт эдгэрэхэд тань хэрхэн тусалж чадах вэ?

Бусдаас сайныг олж харахыг хичээх нь

“Хэн ч өөрийн зөв шударгыг бүү сурталчлаг… ; тэрээр нүглээ аль болох түргэн хүлээг, тэгвэл тэр уучлагдах болно, тэгвэл тэр илүү их үр жимсийг авчрах болно” (Иосеф Смит, in History of the Church, 4:479).

  • Донтолттой тэмцэж байгаа хүмүүсийн толгойноос гардаггүй нэг бодол бол бусдад сайнаар харагдах гэсэн тэдний агуу хүсэл юм. Ийм хүсэл сайжрах болон “илүү их үр жимсийг” (эсвэл сайн үйлсийг) авчрахад танд хэрхэн саад болох вэ?

  • Хэрэв та зөвхөн Бурхандаа сайнаар харагдахын төлөө санаа тавих юм бол таны зан авир хэрхэн өөрчлөгдөж болох вэ?

Чин сэтгэл

“… Мөн миний эсрэг зөрчил үйлдэх хэнийг боловч, түүнийг үйлдсэн тэр нүглүүдийнх нь дагуу та нар шүүх болно; мөн хэрэв тэр чиний мөн миний өмнө нүглүүдээ тоочиж, мөн чин зүрхнийхээ угаас наманчлах аваас, түүнийг та нар уучлах болно, мөн түүнчлэн би түүнийг өршөөх болно” (Мозая 26:29).

  • Нүглээ хүлээж байгаа үед та чигч шударга байх ёстой. Нүглээ хүлээхийг хойш тавих нь чин сэтгэлийн хүч чармайлтуудыг сулруулдгийг анхаар. Таны ямар зан төлөв чинь муу үйлийг нуухад таныг уруу татдаг вэ?

  • Өөрийн зан төлвийнхөө энэ хэсгийг нуусан хэвээр байвал юунд хүрч болох вэ? Та юуг алдахад хүрэх вэ?

Нүгэл үйлдсэнээ мэдэнгүүтээ хүлээ

“… Мөнхүү онд тэд өөрсдийнхөө алдааны мэдлэгт авчрагдаж мөн буруугаа хүлээцгээв” (3 Нифай 1:25).

  • Энэ шүлэг бол алдаа дутагдлаа нэгэнт мэдсэн л бол буруугаа хүлээхийг хойш тавиагүй хүмүүсийн жишээ юм. Алхам 4-ийн дараа Алхам 5-ыг аль болохоор түргэн хэрэгжүүлэхийн ач тус юу вэ?

  • Алхам 5-ыг хойш тавихын муу үр дагавар нь юу байж болох вэ?

Бухимдлыг тайлж, амар амгаланг олох нь

“… Хэрэв энэ нь чиний тусын тулд байгаагүй сэн бол, би гэмт үйлүүдийг чинь нуршин, сэтгэлийг чинь шаналгахгүй сэн” (Алма 39:7).

  • Алхам 4, 5-ыг хэрэгжүүлснээр бид амьдрал дахь сөрөг зүйлүүд дээр хэтэрхий төвлөрч, улмаар энэ нь бидний бухимдлыг нэмэгдүүлж мэднэ гэж зарим хүмүүс хэлж болно. Дутагдлаа хүлээн зөвшөөрч арилгах нь бидэнд сайныг авчирдаг болохоос, бидний сэтгэлийг “шанал-гадаггүйг” (эсвээс бухимдуулдаггүйг) энэ шүлэг бидэнд заадаг. Танд Алхам 4, 5 ямар замаар бухимдлыг тань хөнгөвчилж, илүү их амар амгаланг авчирч болох вэ?

Нүглийг орхих нь

“Хүн нүглүүдээ наманчилдаг эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно—болгоогтун, тэрээр тэдгээрийг хүлээж мөн орхих болно” (С ба Г 58:43).

  • Ямар нэг зүйлийг орхих гэдэг нь үүнийг бүрмөсөн хаях буюу түүнээс бүрэн салахыг хэлдэг. Та Алхам 5-ыг хэрэгжүүлснээр хуучин муу зуршлуудаас салах хүсэлтэй байгаагаа харуулж чадаж байна уу?