Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 64


Хэсэг 64

1831 оны есдүгээр сарын 11-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сүмийн ахлагчдад өгөгдсөн илчлэл оршвой. Бошиглогч Миссурид байх үедээ хойш тавьсан байсан Библийн орчуулгын ажлаа сэргээхийн тулд Охайогийн Хайрам руу нүүхээр бэлтгэж байлаа. Сион (Миссури) руу аялал хийхээр зарлиг болгуулсан хэсэг ах нар аравдугаар сард явахаар бэлтгэлээ шаргуу хангаж байв. Ийм завгүй үед энэхүү илчлэл хүлээн авагджээ.

1–11, Илүү их нүгэл өөрсдөд нь үлдэхгүйн тулд гэгээнтнүүд бие биеэ уучлахаар зарлиг болгогдов; 12–22, Үл наманчлагч тэд Сүмийн өмнө авчрагдах ёстой; 23–25, Аравны нэгээ төлдөг тэрээр Их Эзэний ирэлтээр шатаагдахгүй байх болно; 26–32, Гэгээнтнүүд өр тавихын эсрэг сэрэмжлүүлэгдэв; 33–36, Эсэргүүцэгчид Сионоос тусгаарлагдах болно; 37–40, Сүм үндэстнүүдийг шүүх болно; 41–43, Сион цэцэглэн хөгжих болно.

1 Болгоогтун, ай миний сүмийн ахлагчид та нар, анхаарагтун та нар мөн сонс, мөн өөрсдийнхөө талаарх миний тааллыг хүлээн авагтун хэмээн та нарын Бурхан Их Эзэн ийн хэлж байна.

2 Учир нь үнэнээр би та нарт хэлж байна, дэлхийг та нар дийлээсэй хэмээн би хүсдэг; иймийн тул би та нарт өрөвч сэтгэлээр хандана.

3 Та нарын дунд нүгэл үйлдсэн тэд буй; гэвч үнэнээр би хэлнэ, энэ удаад л, өөрийн алдар суугийн төлөө, мөн бодгалиудын авралын төлөө би та нарт нүглүүдийг чинь өршөөсөн билээ.

4 Бибээр та нарт нигүүлсэнгүй байх болно, учир нь би хаант улсыг та нарт өгсөн билээ.

5 Мөн миний үйлчлэгч Бага Иосеф Смит миний ёслолуудыг дуулгавартай дагахын хэрээр, түүнийг амьд сэрүүн байхад, миний хаант улсын нууцуудын түлхүүрүүд миний өгсөн арга замуудаар дамжуулан түүнээс авагдахгүй байх болно.

6 Шалтгаангүйгээр түүний эсрэг бурууг эрэгч тэд буй;

7 Гэсэн хэдий ч, тэрээр нүгэл үйлдсэн билээ; гэвч үнэнээр би та нарт хэлнэ, нүглүүдээ миний өмнө тоочиж мөн өршөөлийг хүсдэг, үхэлд хүргэх нүгэл үйлдээгүй тэдэнд Их Эзэн бибээр нүглүүдийг нь өршөөдөг билээ.

8 Эрт дээр үед, миний шавь нар бие биеийнхээ эсрэг бурууг эрж мөн зүрх сэтгэлдээ бие биеэ уучлаагүй; мөн энэ хилэнцийн учир тэд зүдэрч мөн гашуунаар зэмлэгдсэн бөлгөө.

9 Иймийн тул, би та нарт хэлнэ, та нар бие биеэ уучлах ёстой; учир нь ах дүүгийнхээ алдааг үл уучилдаг тэрээр Их Эзэний өмнө буруутгагдан зогсох буюу; учир нь тэр илүү их нүгэлтэй үлддэг болой.

10 Их Эзэн бибээр өршөөх түүнийгээ өршөөх болно, харин бүх хүнийг уучлах нь та нараас шаардагддаг болой.

11 Бурхан чи бид хоёрын хооронд шүүг, мөн чиний үйлүүдийн дагуу чамайг шагнаг—хэмээн та нар зүрх сэтгэлдээ хэлэх ёстой.

12 Нүглүүдээсээ үл наманчилдаг мөн тэдгээрээ үл тоочдог түүнийг та нар сүмийн өмнө авчрах ёстой, мөн сударт, зарлиг юм уу илчлэлийн аль нэгээр та нарт өгүүлдгийн дагуу түүнд хандагтун.

13 Мөн Бурхан алдаршиж болохын тулд—та нар өрөвч сэтгэлгүй байж эс уучлахын улмаас бус, харин та нар хуулийн нүдэнд зөвтгөгдөж болохын тулд, та нар өөрсдийн хууль тогтоогч түүнийг гомдоохгүй байж болохын тулд—үүнийг та нар хийх ёстой.

14 Үнэнээр би хэлнэ, энэ шалтгааны учир та нар эдгээр зүйлийг үйлдэх ёстой.

15 Болгоогтун, Их Эзэн бибээр өөрийн үйлчлэгч байсан Эзра Бүүф, мөн тэрчлэн өөрийн үйлчлэгч Исаак Морлейд уур хүрч байлаа, учир нь тэд хуулийг ч, бас зарлигийг ч сахиагүй билээ;

16 Тэд зүрх сэтгэлдээ хилэнцтийг эрэлхийлсэн, мөн Их Эзэн бибээр Сүнсээ татан авсан билээ. Хилэнц байгаагүй тэр зүйлийг хилэнц хэмээн тэд буруушаасан болой; гэсэн хэдий ч, бибээр өөрийн үйлчлэгч Исаак Морлейг өршөөсөн билээ.

17 Мөн тэрчлэн өөрийн үйлчлэгч Эдвард Партрижийг өршөөсөн, болгоогтун, тэрээр нүгэл үйлдсэн авай, мөн Сатан түүний сүнсийг устгахыг эрэлхийлж буй; гэхдээ эдгээр зүйл тэдэнд мэдүүлэгдсэн үед, мөн тэд хилэнцээс наманчилсан үед, тэд өршөөгдөх болно.

18 Мөн эдүгээ, үнэнээр би хэлнэ, миний үйлчлэгч Сидней Гилберт хэдэн долоо хоногийн дараа ажилдаа мөн Сионы нутаг дахь төлөөний хүний ажил үүрэгтээ эргэж очих нь миний хувьд зүйтэй байна гэдгийг буюу;

19 Мөн тэд мөхөхгүйн тулд түүний харсан болон сонссон тэрхүү зүйл миний шавь нарт мэдүүлэгдэж болох бөлгөө. Мөн энэхүү шалтгааны учир би эдгээр зүйлийг ярилаа.

20 Мөн түүнчлэн, би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Исаак Морлей, тэвчиж чадах зүйлээс илүүд уруу татагдахгүй байж болохын тулд мөн та нарт хохирол болох буруу зүйлийг зөвлөхгүй байж болохын тулд түүний эдлэн зарагдах ёстой хэмээх зарлигийг би өгсөн.

21 Миний үйлчлэгч Фредерик Г.Виллямс эдлэнгээ зарахыг би үл хүснэ, учир нь Их Эзэн бибээр, Көртландын нутагт таван жилийн хугацаанд хүчирхэг хамгаалалттай үлдэхийг хүснэ, энэ хугацаанд би заримыг нь аварч болохын тулд би ёс бусыг үйлдэгчдийг унагаахгүй байх болно.

22 Мөн тэрхүү өдрийн дараа Их Эзэн бибээр, Сионы нутаг өөд явах зүрх сэтгэл нь нээлттэй аливаа хүнийг гэмтэн хэмээн үзэхгүй; учир нь Их Эзэн бибээр хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлийг шаарддаг.

23 Болгоогтун, Хүний Хүүгийн ирэлтийг хүртэл эдүгээ энэ нь өнөөдөр хэмээн нэрлэгддэг бөлгөө, мөн үнэнээр энэ нь тахилын өдөр, мөн миний хүмүүсийн аравны нэгийг төлөх өдөр бөлгөө; учир нь аравны нэгээ төлдөг тэрээр түүний ирэлтээр шатаагдах нь үгүй.

24 Учир нь өнөөдрийн дараа тэрхүү шатаалт ирэх болой—энэ бол Их Эзэний маягаар ярих нь буюу—учир нь үнэнээр би хэлнэ, маргааш бүх бардамнагч мөн ёс бусаар үйлдэгч тэд тарианы ёзоор адил байх болно; мөн бибээр тэднийг шатаах болно, учир нь бибээр Түмний Их Эзэн билээ; мөн Вавилонд үлдсэн хэнийг ч би амь хэлтрүүлэх нь үгүй.

25 Иймийн тул, хэрэв та нар надад итгэх аваас, өнөөдөр хэмээн нэрлэгдэж байхад та нар хөдөлмөрлөх болно.

26 Мөн миний үйлчлэгчид, Ньюел К.Витней мөн Сидней Гилберт эндэх өөрсдийн дэлгүүр болон эзэмшлүүдээ зарах нь зүйд үл нийцэх бөлгөө; учир нь энэ газарт үлдсэн сүмийн үлдэгсэд Сионы нутаг руу явах хүртэл энэ нь мэргэн ухаан биш болой.

27 Болгоогтун, дайснууддаа өр тавих нь миний хуулиудад хориглогдсон буюу хэлэгдсэн бөлгөө;

28 Гэвч болгоогтун, Их Эзэн өөрөө таалах үедээ авахгүй, мөн түүнд сайн санагдсанаар төлөхгүй хэмээн ямар ч үед хэлэгдээгүй болой.

29 Иймийн тул, та нар төлөөний хүмүүс учраас та нар Их Эзэний ажилд байгаа бөлгөө; мөн Их Эзэний тааллын дагуу та нарын хийсэн юу ч Их Эзэний ажил бөлгөө.

30 Мөн тэд Сионы нутагт өв олж авч болохын тулд тэрээр та нарыг энэ эцсийн өдрүүдэд гэгээнтнүүдийнхээ төлөө хангуулахаар томиллоо.

31 Мөн болгоогтун, Их Эзэн бибээр та нарт тунхаглана, мөн миний үгс лавтай бөгөөд биелэгдэхгүй байх нь үгүй, тэд үүнийг олж авах болно.

32 Гэвч бүх зүйл өөрсдийн цаг үед тохиох ёстой.

33 Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн өчүүхэн зүйлсээс агуу их болох тэрхүү зүйл гарч ирдэг.

34 Болгоогтун, Их Эзэн зүрх сэтгэл болон дагахад бэлэн оюуныг шаарддаг билээ; мөн бэлэн болон дуулгавартай тэд энэ эцсийн өдрүүдэд Сионы нутгийн сайн сайхныг зооглох болно.

35 Мөн эсэргүүцэгчид Сионы нутгаас тусгаарлагдах болно, мөн алсад илгээгдэх болно, мөн уг нутгийг өвлөх нь үгүй.

36 Учир нь, би үнэнээр хэлнэ, эсэргүүцэгчид Ефраимын цусных биш бөлгөө, иймийн тул тэд суга татан хаягдах болно.

37 Болгоогтун, Их Эзэн бибээр эдгээр эцсийн өдрүүдэд өөрийнхөө сүмийг үндэстнүүдийг шүүхээр толгод дээр буюу өндөр газарт суугаа шүүгчийн адил болгосон болой.

38 Учир нь улиран тохиох дор Сионы оршин суугчид Сионд хамаарах бүх зүйлийг шүүх болно.

39 Мөн худал хэлэгчид бөгөөд хоёр нүүртнүүд тэднээр нотлогдох болно, мөн төлөөлөгчид болон бошиглогчид биш тэд мэдэгдэх болно.

40 Мөн шүүгч болох бишоп ч, мөн түүний зөвлөхүүд ч, хэрэв тэд ажил үүрэгтээ үнэнч биш аваас буруутгагдах болно, мөн тэдний оронд бусад нь тавигдах болно.

41 Учир нь, болгоогтун, би та нарт хэлж байна, Сион цэцэглэн хөгжих болно, мөн Их Эзэний сүр жавхлан түүн дээр байх болно;

42 Мөн тэр нь хүмүүст туг байх болно, мөн тэнгэрийн доорх үндэстэн бүрээс түүнд ирэх болно.

43 Мөн дэлхийн үндэстнүүд түүний улмаас дагжин чичрэх тэрхүү өдөр ирэх болно, мөн түүний айлгам хүмүүсийн улмаас эмээх болно. Их Эзэн үүнийг ярьсан болой. Амен.

Хэвлэх