2023
Морин тойруулга дээр гаргасан найрсаг зан
2023 оны 3-р сар


“Морин тойруулга дээр гаргасан найрсаг зан,” Найз, 2023 оны 3-р сар, 28–29.

Морин тойруулга дээр гаргасан найрсаг зан

Дэмиэн дүү рүүгээ орилоогүй байсан ч болоосой гэж бодов.

Саваа бариад, морин тойруулгын морийг унаж тоглож байгаа залуу охин

Дэмиэн парк руу ороод, баяр хөөртэй дуу хөгжим эгшиглэж байгааг сонсов. Эмээ нь түүнийг дүү охин Адэлтай нь хамт дуртай морин тойруулга дээр нь тоглуулахаар авч ирсэн байв. Тэнд цагаригаар тоглодог зугаатай тоглоом байжээ. Дэмиэн Адэлд яаж тоглодгийг үзүүлэхээр догдолж байлаа.

Удалгүй тэд дараалалд зогслоо. Морин тойруулга маш том, өнгө өнгийн бас сийлж хийсэн олон одой морьтой байв. Инээмсэглэсэн хүүхдүүд морьдыг унаад, дахин дахин эргэлдэн тойрохдоо гараа даллаж байв.

“Хэрвээ чи захад нь байгаа морийг унах юм бол, цагаригтай тоглоом тоглож болно шүү” гэж Дэмиэн Адэлд хэлэв. “Хүүхдүүдийн барьж байгаа савааг харж байна уу? Бас тэр цагариг барьсан хүнийг харж байна уу?”

гээд Дэмиэн ажилтан руу заалаа. Ажилтан морин тойруулгын дэргэд цагариг барин зогсжээ. Хүүхдүүд морин тойруулга дээр сууж байхдаа, цагаригт саваагаа оруулж цагаригийг авахаар оролдож байв. Тэднийг цагаригийг авах болгонд ажилтан ахиад нэг цагариг гаргаж ирэн барьж байлаа.

Адэл алгаа ташин, “Би бүх цагаригийг авмаар байна” гэж хэллээ.

Удалгүй тэд дарааллын эхэнд хүрэв. Гэтэл морин тойруулга дээр ганцхан морь л эзэнгүй байлаа.

Эмээ нь “Адэл хэзээ ч тоглож байгаагүй юм чинь чи түүнийг тоглуулчихгүй юу? Чи дараагийнх дээр тоглож болно” гэж Дэмиэнд хэлэв.

“За” гэж Дэмиэн бувтнав. Нэг ажилтан Адэлд гялалзсан бор морийг унахад нь туслахыг тэр харлаа. Тэгээд тэр хүн Адэлд цагариг авах савааг бариулав.

Хөгжим эхэлж, морин тойруулга тойрон хөдөлж эхлэв. Дэмиэн эмээгийнхээ хажууд зогсоод Адэлыг харж байлаа. Гэтэл Адэл нөгөө саваагаа буруу үзүүрээс нь барьсан байв. Савааг том бариултай талаас нь барихын оронд, тэр үүнийг цагариг тогтоож авдаг урт, нарийхан талаас нь барьсан байв.

Орилж байгаа хүү

“Адэл, саваагаа эргүүлээд нөгөө талаас нь барь” гэж тэр хашхирлаа. Гэтэл их чимээтэй байснаас Адэл түүнийг сонсоогүй бололтой. Тэр цагаригийн хажуугаар өнгөрөхдөө саваагаараа цагаригт хүрэв. Гэхдээ бариул нь цагаригт багтахааргүй том байв.

“Адэл, чиний саваа!” гээд Дэмиэн дахин оролдон, “Чи ингэж барих юм бол ямар ч цагариг авч чадахгүй шүү!” гэж орилов.

Гэтэл Адэл түүнийг сонссонгүй. Тэр морин тойруулга эргэлдэх зуур инээмсэглэн, чанга инээж байв. Түүний саваа цагаригт олон удаа хүрсэн ч тэр ганц ч цагариг авч чадсангүй.

Дэмиэн санаа алдав. Адэл ээлжээ дэмий үрчихлээ! Хэрэв тэр өөрөө морин тойруулга дээр байсан бол бүх цагаригийг авах байсан гэж бодов.

Тойруулга зогсоход тэр Адэл руу гүйж очив.

“Би чамд савааг яаж барихыг хэлж өгсөн шүү дээ! Чи намайг яагаад сонсоогүй юм бэ? Чи бүр буруу хийчихлээ” гэж Дэмиэн хашхирав.

Адэл Дэмиэн руу буцааж хашхирсангүй. Тэр уйлсангүй. Тэр хөдөлгөөнгүй зогсоод, улам жижгэрэх мэт болов.

Дэмиэний зүрх түг түг цохилж, нүүр нь халуу оргиж байлаа. Адэл бүх цагаригийг авч чадаагүйг харах нь түүний уурыг хүргэсэн байв. Гэхдээ энэ нь Адэлын анх удаагийн оролдлого байлаа. Түүнээс гадна тэр хөгжилтэй байгаа мэт харагдсан. Яг энэ мөчийг хүртэл.

Дэмиэнд маш муухай санагдав. Тэр Адэл руу хашхираагүй байсан ч болоосой гэж бодов.

Тэр зөөлнөөр, “Уучлаарай. Би муухай зан гаргачихлаа” гэж хэлэв.

Адэл дээш харлаа.

“Би чамд цагариг барих арга зааж өгөх үү?” гээд, “Би морин тойруулга дээр чиний хажууд суугаад тусалъя” гэж Дэмиэн хэллээ.

Адэл толгой дохив.

Гар гараасаа хөтлөлцсөн ах, дүү хоёр

Тэгээд Дэмиэн эмээ рүүгээ эргэн, “Адэлыг ахиад тоглуулахын тулд хоёр билет авч болох уу? гэж асуув.

Эмээ нь инээмсэглэн, “Тэгэлгүй яах вэ” гэлээ.

Энэ түүх Францад болсон юм.

PDF түүх

Зураг чимэглэлийг Вайлэт Лимэй