“Лиллиан ганцаараа,” Найз, 2023 оны 3-р сар, 40–41.
Лиллиан ганцаараа
Лиллиан Залуу эмэгтэйчүүдийн ангид ганцаархнаа байхыг хүссэнгүй.
Өнөөдөр Лиллианы хувьд Хүүхдийн хэсэгт явах сүүлчийн өдөр байв. Лиллиан Хүүхдийн хэсгийн бусад хүүхдийг санах байх даа. Тэнд зөвхөн гурван хүүхэд буюу хоёр жоохон охин болон түүний дүү Майкл гурав л байдаг байв.
Хүүхдийн хэсгийн багш нь “Залуу эмэгтэйчүүд рүү ороход ямар санагдаж байна? гэж асуулаа.
Би арай том охидтой хамт нэг ангид байхыг тэсэн ядан хүлээж байна! гэж Лиллиан хариулав.
Багш нь “Чамайг догдолж байгаад би баяртай байна. Залуу эмэгтэйчүүдэд өөр хэн чамтай хамт байх юм бэ?” гэв.
Лиллиан тойргийн арай том охидын талаар бодов. Саммэр, Кова хоёр сая ахлах сургууль төгссөн. Мөн Мэлвинагийн гэр бүл нүүсэн. За байз. Тэгэхээр энэ чинь Лиллиан ганцаараа байна гэсэн үг.
Түүний Залуу эмэгтэйчүүдийн анги ямар байх бол? Зөвхөн багш нар нь, тэгээд Лиллиан? Энэ нь эвгүйгээс гадна ганцаардмаар сонсогдов. Энэ талаар бодох нь Лиллианы сэтгэлийг түгшээжээ. Тэр хөмсгөө зангидлаа. Тэр Залуу эмэгтэйчүүдийн ангид ганцаараа байхыг хүссэнгүй.
Өдрийн турш Лиллиан цорын ганц залуу эмэгтэй байх талаараа бодов. Оройн хоолны үеэр тэр тавган дээрх хоолоо нааш цааш түлхэн, идсэнгүй. Гэр бүлээрээ судраас унших ээлж нь болоход тэр бувтнаж байв.
Ээж нь судраа доош тавиад, “Юу болов?” гэж асуулаа.
Лиллиан санаа алдан “Би Залуу эмэгтэйчүүдийн ангид ганцаараа байх нь ээ!”
Ээж нь Лиллианы хажууд ирж суугаад, түүнийг тэвэрлээ. “Чамд амаргүй байна байх. Бид чамд яаж туслах вэ?” гэж лавлав.
Лиллиан хэсэг бодолхийлэв. “Өөр охин тойрогт нүүж ирээсэй гэж бид залбирч болох юм. Бас аав надад адислал өгч болно.”
Аав нь инээмсэглэн, “Маш сайхан санаанууд байна” гэв.
Гэр бүлийнхэн нь залбирахаар өвдөг сөгдөцгөөлөө. Лиллиан “Тэнгэрлэг Эцэг минь, би Залуу эмэгтэйчүүдийн ангид орох гэж байгаадаа баяртай байна. Би ганцаараа баймааргүй байгаа ч энэ нь Таны хүсэл юм бол, зүгээр дээ. Надад илүү дээр санагдаж болохын тулд юу хийхээ мэдэхэд минь туслаач. Мөн Та миний насны охинтой гэр бүлийг манай тойрог руу нүүхийг сүнсээр өдөөхийг хүсвэл, энэ нь ч бас маш сайхан байх болно” гэж залбирлаа.
Залбирлын дараа аав нь гараа түүний толгой дээр тавиад, “Би чамайг Залуу эмэгтэйчүүдийн анги руу дэвших тухайд айж түгшихгүй байхаар адисалж байна. Тэнгэрлэг Эцэгээс чамайг тусламж гуйх үед Тэрээр чамайг адислах болно” гэж хэлэв.
Лиллиан амар амгаланг мэдрэв. Тэр Залуу эмэгтэйчүүдийн анги руу дэвших үйл явцыг амархан болгохын төлөө юу хийхээ сайн мэдэхгүй байсан. Гэхдээ тэр Тэнгэрлэг Эцэг өөрт нь тусална гэдгийг мэдэж байлаа.
Ням гарагт Лиллиан санаа зовсон хэвээр байв. Гэхдээ аавыг нь адислал өгсний дараа амар амгаланг мэдэрснээ тэр санажээ. Тэр өөрийгөө сайн байна гэдгийг мэдэж байв.
Ариун ёслолын цуглаан дээр бишоп нь Барнс эгчийг Залуу эмэгтэйчүүдийн шинэ ерөнхийлөгчөөр дуудаж буйг зарлав. Барнс эгч нэрийг нь дуудахад босож зогслоо. Лиллиан түүнийг сайн танихгүй ч тэр найзархаг хүн шиг харагдав.
Ээж нь өөрийг нь Лиллианы насан дээр байхад, Залуу эмэгтэйчүүдийн удирдагч нь түүний хамгийн сайн найз болсон тухай ярьсан байв. Магадгүй, Лиллиан, Барнс эгч хоёр найзууд болж болох юм! Энэ нь түүний залбирлын хариулт байлаа.
Ариун ёслолын цуглааны дараа Лиллиан шинэ анги руугаа явж очив. Арай том охин коридорт зогсож байсан.
Лиллиан “Сайн уу? Чи энд зочилж байгаа юу?” гэв.
Өнөөх охин толгойгоо сэгсрэн, “Үгүй ээ. Манай гэр бүл саяхан энд нүүж ирсэн” гэлээ.
Лиллиан инээмсэглээд, “Манай тойрогт тавтай морил. Өнөөдөр Залуу эмэгтэйчүүдийн ангид суух миний эхний өдөр” гэж хэлэв. Тэрээр уг охины хамт ангид орж суув. “Нээрээ, миний нэрийг Лиллиан гэдэг” гэхэд,
шинэ охин “Үгүй байлгүй дээ! Намайг ч гэсэн Лиллиан гэдэг шүү дээ” гэж гайхав.
Лиллиан инээв. Тэнгэрлэг Эцэг түүний залбиралд дахин хариулсан байлаа! Эцсийн эцэст тэр Залуу эмэгтэйчүүдийн ангид тэгтлээ ганцаардахгүй бололтой.
Энэ түүх Австралид болсон юм.