2023
Хуваалцах асуудал
2023 оны 3-р сар


“Хуваалцах асуудал,” Найз, 2023 оны 3-р сар, 36–37.

Хуваалцах асуудал

“Хуваалцах нь хүмүүст санаа тавьдгаа харуулах нэг арга зам юм.”

Ах, дүү хоёр попкорн болон сүшигээ хуваалцаж байгаа нь

Шарр, шарр, шарр. Эндрю попкорноо идчихээд, ахиад атга дүүрнийг авав.

Түүний ах Калэб буйдан дээр хажууд нь палхийтэл суулаа. “Хүүе, би жоохон идэж болох уу?”

Эндрю зурагтаас нүдээ салгалгүйгээр “Үгүй” гэж хариулав.

“За алив ээ. Хуваалцчих л даа” гэж ах нь хэллээ.

Калэбыг таваг руу гараа дөхүүлтэл, тэр тавгийг гялс холдуулав.

“Үгүй ээ! Би чамд хэлсэн шүү дээ. Дахиж битгий гуйгаарай!”

“За, за!” гээд Калэб босон, өрөөнөөс гарав.

Маргааш нь Эндрю гал тогооны өрөө рүү орлоо. Калэб будаа, далайн байцаа болон лаазалсан гахайн махаар сүши хийж байв.

Эндрюгийн шүлс гоожиж эхлэв. “Би жоохныг идэж болох уу?”

“Үгүй ээ” гэж Калэб хариуллаа.

Энэ нь Эндрюгийн уурыг ихэд хүргэжээ. Тэр доод давхар руу аавдаа хэлэхээр гүйлээ.

“Калэб яагаад ийм аминч байгаа юм бэ?” гэж түүнийг асуутал

аав нь хөмсөг зангидан, “Би өчигдөр чамайг попкорноо хуваалцаагүйг харсан. Чи өөрөө хуваалцаагүй атал Калэб яагаад чамтай хуваалцах ёстой гэж?” гэв.

“Яагаад гэвэл тэр чинь миний ах!” гэж Эндрю хариулжээ.

“Тэгвэл чи яагаад хуваалцаагүй юм бэ?”

“Тэр бас надтай хэзээ ч хуваалцдаггүй шүү дээ! Тэгээд ч би үүнийг өөрөө хийсэн, тэр хийгээгүй” гэж Эндрю хэлэв. Гэхдээ түүнд муухай санагдаж байлаа. Ахтайгаа хуваалцаагүй нь буруу байсан байж магадгүй.

“Солонгост хуваалцах нь маш чухал гэдгийг чи мэдэх үү?” гэж аав нь асуулаа. Эндрюгийн гэр бүл Солонгосоос ирсэн байв. “Хуваалцах нь бусдад санаа тавьдгаа харуулдаг нэг арга зам. Тэгэхээр чи хуваалцахгүй бол, энэ нь тэдэнд санаа тавьдаггүй гэж хэлж байгаатай адил байдаг.”

“Гэхдээ би Калэбт санаа тавьдаг шүү дээ.”

Эндрю Есүс юу хийх байсан талаар бодов. Өөрт нь найрсаг бус хандсан хүмүүсийг хүртэл, хүн бүгдийг Есүс хэрхэн хайрладаг байсныг санав.

Тэр аавдаа “би маргааш Калэбтай хуваалцаад, яахыг нь харна аа” гэв.

Аав нь инээмсэглэн, “Наадах чинь маш зөв санаа гэж би бодож байна” гэлээ.

Эндрю тэр орой орондоо орохдоо Калэбын төлөө хийж болох өөр сайхан зүйлсийн талаар бодов. Тэр хуваалцаж эхэлнэ гэхээс догдолж байлаа!

Маргааш өглөө нь Эндрюг сэрэхэд гэнэтийн зүйл угтжээ. Калэб түүнд зориулан өглөөний унд хийсэн байв!

“Аав надтай хуваалцах талаар ярьсан” гээд, “Би илүү сайн болмоор байна. Би үүнийг чамд зориулж хийсэн юм” гэж тэр хэлжээ.

“Баярлалаа!” гэж Эндрю хариуллаа. “Би ч бас илүү сайн баймаар байна” гэж тэр нэмж хэлэв.

Тэр өдрийн орой нь Эндрю, Калэб хоёр кино үзлээ. Эндрю Калэбаар үзэх киног сонгуулав. Тэгээд тэр Калэбт зориулан попкорн хийлээ. Түүнийг таваг руу харахад, попкорн “намайг идээч” гэж хэлж байгаа мэт байв. Гэтэл Эндрю ганцыг ч авсангүй. Тэр Калэбт тавагтайг өгөөд “Чи бүгдийг нь ид. Намайг өмнө нь хуваалцаагүйд уучлаарай” гэв.

Долоо хоногийн турш Эндрю Калэбтай юмаа хуваалцжээ. Тэр Калэбт номоо уншуулав. Бас өнгийн харандаагаа хэрэглүүлэв. Тэр Калэбыг дуртай тоглоомоороо тоглуулсан. Тэднийг тоглоом тоглож байхад тэр Калэбт өөрийн тоглох илүү ээлжийг хүртэл өгч тоглуулсан.

Эндрюг Калэбтай хуваалцах тусам, Калэб түүнтэй хуваалцаж байв! Удалгүй тэр хоёр нэг нэгэндээ сайхан зүйлсийг үргэлж хийдэг болчихсон байлаа. Эндрюг ахтайгаа юмаа хуваалцахад Тэнгэрлэг Эцэг тусалж байгааг тэр мэдэж байв. Эндрю Есүстэй адил төгс байгаагүй ч өдөр бүр Түүнтэй илүү адил болохыг хичээж байлаа.

Энэ түүх АНУ-д болсон.

PDF түүх

Зураг чимэглэлийг Адам Хоулинг