“Амлалтуудаа сахисан нь,” Найз, 2023 оны 3-р сар, 10–11.
Тэр амлалтуудаа сахисан нь
Би дөнгөж сая аавд худал хэлчихсэн. Одоо яах вэ?
Энэ түүх Ганад болсон юм.
“Баптисмын өдөр хүртэл зургаан өдөр дутуу байна” гэж Хаппинэс хэллээ. Тэр өдөр маш дөхсөн байв!
Аавыгаа “чи бэлэн үү?” гэж асуухад
Хаппинэс “Тийм гэж бодож байна” гэж хариулжээ.
“Хүн баптисм хүртэх үедээ гэрээ байгуулдаг. Энэ нь юу гэсэн утгатайг чи санаж байна уу?” гэж аав нь хэлэхэд,
“Энэ бол амлалт, тийм биз дээ?”
Аав нь толгой дохин, “Тийм ээ! Чи Есүс Христийг дагаж, Түүний зарлигуудыг сахих болно гэж амладаг. Тэнгэрлэг Эцэг чамайг адисалж, чамд туслахаа амладаг” гэж хэлэв.
Хаппинэс инээмсэглэв. Тэр энэ нь чухал амлалт болохыг мэдэж байлаа. Тэр гэрээ байгуулахаар догдолж байв!
Эцэст нь түүний баптисмын өдөр болов. Хаппинэс хувцсаа солин, цагаан хувцас өмслөө. Өөр хоёр хүүхэд бас баптисм хүртэж байв. Тэд бүгдээрээ баптисмын санг усаар дүүргэхийг харж байлаа.
Түүний ээлж болоход, Хаппинэс аавынхаа хамт усан сан руу оров. Аав нь баптисмын залбирлыг хэлэв. Дараа нь Хаппинэс хамраа чимхэн, аав нь түүнийг усан доор бүрэн умбуулав.
Хаппинэс уснаас гарч ирэхдээ, маш сайхан мэдрэмжтэй байв! Тэр Есүсийг дагах амлалтаа сахихыг хүсэж байсан. Тэр мөнхөд ийм цэвэр ариун, аз жаргалтай байдлыг мэдрэхийг хүсжээ. Тэр ахиж хэзээ ч бурууг сонгохгүй байхыг хүсэж байв.
Хэдэн өдрийн дараа Хаппинэс өглөө босоод, усанд орохын тулд ус халаагчаа асаав. Ус халах гэж нэлээд уджээ. Тиймээс Хаппинэс зурагтаа асаав. Тэр хүлээх зуураа хүүхэлдэйн кино үзэхийг хүсэв.
Хаппинэс дэлгэцэн дээрх ярьж байгаа амьтдыг харан инээв. Тэр нэвтрүүлэг маш инээдтэй байсан. Удалгүй тэр ус халаагчийн талаар мартаж орхив.
Цагийн дараа аав нь өрөөнд орж ирэв. “Ус халаагч хэр удаан асаалттай байгаа юм бэ?” гэж аав нь асуулаа.
Хаппинэс дээш харав. Тэр бодсоноосоо илүү удаан зурагт үзчихсэн байв.
Хаппинэс “Нэг их удаагүй. Хэдхэн минут” гэж хариулав. Тэр зурагтаа унтраан, усанд орохоор гүйв.
Гэхдээ тэр өдрийн турш, дотор нь эвгүй оргисоор байв. Тэр баптисмынхаа дараа хэзээ ч буруу сонголт гаргахгүй байхыг хүссэн. Гэхдээ тэр дөнгөж сая аавдаа худал хэлчихлээ шүү дээ!
Хаппинэс санаа алдав. Тэр юу хийх ёстойгоо мэдэж байлаа.
Хаппинэс “Аав аа, би худал хэлсэн. Би ус халаагчаа удаан хугацаагаар асааж орхисон. Би уг нь ингэх гээгүй байсан юм. Уучлаарай” гэж хэллээ.
“Зүгээр ээ, хэлсэнд чинь баярлалаа” гэж аав нь хариулав.
Хаппинэс “би баптисмынхаа амлалтыг зөрчсөн учраас надад маш муухай санагдаж байна” гэв.
Аав нь Хаппинэстай хамт буйдан дээр суулаа. “Чи баптисм хүртэхдээ төгс төгөлдөр байна гэж амлаагүй. Чи Есүсийг дагахаар чадахаараа хичээнэ гэж амласан.
Хаппинэс толгой дохив. Түүний сэтгэл дээрдэв.
“Чи буруу сонголт хийх үедээ юу хийж болохоо мэдэх үү?” гэж аав нь асуув.
“Наманчлах уу?” гэж Хаппинэс хариулав.
“Зөв! Биднийг наманчлах үед Тэнгэрлэг Эцэг биднийг өршөөдөг. Тэгээд баптисм хүртсэн өдрийнх шигээ цэвэр ариун байж чадна. Наманчлах нь баптисмын амлалтаа сахих явдлын нэг хэсэг юм.”
Хаппинэс инээмсэглэв. “Би залбиран, Тэнгэрлэг Эцэгээс намайг өршөөхийг гуйна.” Тэр баптисмынхаа амлалтыг сахиж чадна гэдэгтээ баяртай байв.