“Нифай шиг уучил,” Найз, 2024 оны 1-р сар, 4–5.
Нифай шиг уучил
Аисэа Жошд байнга уурлаад байхыг хүсээгүй.
Энэ түүх АНУ-д болсон юм.
Аисэа гүйж, бөмбөгийг багийн тоглогч Тимот руу өшиглөв. Тимот бөмбөгийг эргэлдүүлэн өшиглөж хаалганд оруулах үед тэр түүнийг харж байлаа.
“Оноо!” Бөмбөг торыг оноход Тимот хашхирч,
Аисэа баярлав. Тэд хожлоо!
Тэр талбайгаас гарахдаа маш их баярлаж байв. Гэтэл нөгөө багийн Жош түүнийг муухайгаар хочилж дуудав.
Аисэа гайхахын зэрэгцээ мөн гомджээ. Тэр юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Тэр газар ширтсээр багийнхан дээрээ зугуухан алхан ирэв.
“Бид чадлаа” гэж Тимот хэлэв. “Сайхан дамжууллаа, Аисэа.”
Гэвч Аисэад сайхан санагдахгүй байлаа. Жошийн хэлсэнд тэр гунигласаар бас уур нь хүрч байлаа.
Аисэад өдөржин ямар нэг зүйлд даруулсан мэт санагдаж байв. Жош түүнд таалагдахгүй байв.
Аисэа тэр орой судрын цагаар гэрийнхэнтэйгээ хамтдаа сууж байлаа. Тэр эгчийгээ унших үед сонсохыг хичээж байв. Гэвч Жошийн хэлсэн үгийн талаар тэр бодохгүй байж чадсангүй.
Аисэаг Мормоны Номын хуудаснуудыг эргүүлж байтал 1 Нифай дээрх судар гарч ирэв. Нифайн ах нар Нифайд эелдэг бус хандсан байв.
Сударт “Мөнхүү улиран тохиох дор тэдний хийсэн бүгдийг би даруй уучлав”* гэжээ.
Нифай ах нараа уучилсан гэв үү? хэмээн Аисэа бодов. Тэднийг тийм бүдүүлэг байхад уучилсан гэж үү?
Аисэа Жошийн тухай бодов. Тэр Жошийн талаар байнга ийм муу мэдрэмж тээж явахыг хүссэнгүй. Тэр дөнгөж 10 настай!
Аисэа Нифай шиг болохыг хүсэж байв. Нифай ах нараа уучилсан шиг тэр ч бас Жошийг уучилж чадна. Хэрэв Жош дахин муухай зүйл хэлбэл түүнээс болихыг хүсэхэд л болно.
Түүний дотор дулаан, амар амгалан мэдрэмж төрөв. Яг л Ариун Сүнс “Чи зөв зүйл хийж байна” гэж байгаа мэт санагдав.
“Аисэа, чи эдгээр судраас юу сурав?” гэж ээж нь асуухад
Аисэа эгцлэн хараад, “Уучлаарай, би өөр судар уншиж байлаа” гэв. Тэр гэрийнхэндээ хөл бөмбөг дээр юу болсон тухай хэлэв.
Аав ээж хоёр нь Аисэаг тэврэн авахад аав нь “Жошийг чамд муухай хандсанд харамсаж байна.” “Түүний хэлсэн зүйл үнэн биш. Үүнээс болоод эмзэглэх чинь аргагүй” гэж аав нь хэлэв.
Аисэа инээмсэглээд, “Баярлалаа. Миний уур нэг хэсэг үнэхээр хүрсэн ч судраа уншсан болохоор түүнд уурламааргүй байна. Би түүнийг уучлахыг хүсэж байна. Би одоо арай дээрдсэн!” гэв.
“Гайхалтай! гээд ээж нь инээмсэглэв. “Уучлах үргэлж амаргүй байдаг. Гэхдээ чиний зөв. Энэ нь үнэ цэнтэй юм.
Аисэа судар луугаа харав. Түүнд судар тусалсан байв! Өнөөх хэцүү мэдрэмж алга болж, зүрх сэтгэл нь халуун дулаан, амар амгалан болсон байв.