“Айлиштай Ариун Сүнсний талаар ярилцсан нь,” Найз, 2024 оны 1-р сар, 40–41.
Айлиштай Ариун Сүнсний талаар ярилцсан нь
Айлиш 12 настай ба Сингапурын Зүүн бүсэд амьдардаг. Бид түүнээс Ариун Сүнс өөрт нь хэрхэн тусалдаг тухай асуусан юм.
Өөрийнхөө талаар бидэнд хэлнэ үү.
Би үнэхээр ном унших, волейбол тоглох дуртай. Миний хамгийн дуртай хичээл бол математикийн хичээл. Миний дуртай хоол лазанья. Миний дуртай өнгө бол улаан өнгө. Би том болоод хуульч болоод, шүүхэд ажиллана гэж боддог.
Ариун Сүнс чамд яаж мэдрэгддэг вэ?
Миний хувьд Ариун Сүнс миний дотны найз мэт санагддаг. Би Тэнгэрлэг Эцэгтэй байгуулсан гэрээнүүдээ сахиж мөн зарлигуудыг дагаж байгаа үедээ Түүнийг найдаж болох Нэгэн гэж үздэг. Би Түүнийг миний хөтөч, хамтрагч гэж боддог. Тэр надад сайн сонголтууд хийхэд маань тусалж чадна.
Ариун Сүнсийг мэдэрч байсан эсэхдээ эргэлзэж буй хүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?
Заримдаа би ч бас Ариун Сүнсийг мэдэрч байгаа эсэхдээ эргэлздэг. Гэвч хэрэв та энэ тухай үнэхээр бодож үзэн, судраас уншиж мөн залбирч, энэ талаар сайхан мэдрэмж төрж байвал энэ нь Ариун Сүнс юм. Заримдаа Ариун Сүнсийг сонсоно гэдэг нь зүгээр нэг мэдрэмж биш юм. Энэ нь бас бодол, санаа ч байж болно. Хэрэв чи эргэлзсэн хэвээр байвал үргэлж залбирч мөн Их Эзэнээс дахин тусламж хүсэж болно.
Та Ариун Сүнсийг хэзээ мэдэрч байсан бэ?
Өнгөрсөн жил би волейболын тэмцээнд тоглосон юм. Багийн ихэнх гишүүдийн нэгэн адил би ч бас сандарч байсан. Намайг тоглож эхлэхэд манай баг аль хэдийн эхний хоёр тоглолтод хожигдсон байсан бөгөөд бид сэтгэлээр унав. Тоглолт үзэж байсан хүмүүс эвгүй үгс хэлж, бидний сэтгэл санаа улам дордов. Бид хожигдов.
Ээжийг надаас тоглолт ямар болсныг асуухад би уйлж эхэлсэн. Би маш их сэтгэлээр унасан. Өрөөндөө явж ороход өрөө нам гүм, сайхан байв. Тэгээд би залбирсан. Залбирсны дараа би илүү тайвширч, зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдэрсэн. Ариун Сүнс намайг тайтгаруулсныг, Тэр надад байнга тусална гэдгийг би мэддэг болсон. Энэ жилийн өөр нэг тэмцээнээр Тэр надтай хамт байх болно гэдгийг би мэднэ.
Ариун Сүнс танд өөрөөр хэрхэн тусалж байсан бэ?
Ариун Сүнс Хүүхдийн хэсгээс Залуу эмэгтэйчүүдийн анги руу шилжин ороход тусалж байсан. Би Залуу эмэгтэйчүүдийн анги руу шилжиж байгаадаа догдолж байсан ч тухайн үедээ жаахан эмээж байсан. Би Хүүхдийн хэсгээс явж байгаадаа жаахан гуниглаж байв.
Эхний хичээлдээ орохоос өмнө би залбирч, Тэнгэрлэг Эцэгээс Залуу эмэгтэйчүүдийн ангид цагаа сайхан өнгөрүүлэхэд туслаач гэж гуйсан. Би шинэ ангидаа явж орохдоо зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдэрсэн. Би сурахад бэлэн болсон байсан. Энэ нь Ариун Сүнс надад туслахад үргэлж бэлэн байдгийг санахад тусалсан юм.