2023
Дуртай зүйлээ хуваалц
2023 оны 7-р сар


“Дуртай зүйлээ хуваалц,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.

Дуртай зүйлээ хуваалц

Сайн мэдээг болон бусдыг мөн Их Эзэнийг хайрлах нь танд сайн мэдээг хуваалцах хүслийг төрүүлдэг.

Зураг
Есүс Христ, оригами, ухаалаг утас, зүү, утас, гүүр, Мормоны Ном

Ийм нэг зорилгоор, Ёнсанг Ким, Havenlight.com

Би Британийн номлолд залуу номлогчоор үйлчилж байхдаа, Английн Престоны ойролцоо байдаг Риббл голд анх удаа очиж үзэж билээ. Тэнд 1837 оны 7-р сард төлөөлөгч, номлогч Хэбэр С.Кимбалл Хойд Америкаас өөр оронд амьдардаг хамгийн анхны хөрвөгчдийг Есүс Христийн сэргээгдсэн Сүмд баптисм хүртээсэн юм.

Би гүүрэн дээрээс гол руу ширтэн, тэнд өрнөсөн үйл явдлыг бодож байхдаа Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаар асар хүчтэй гэрчлэл хүлээн авч билээ.

Миний номлол гайхалтай сайхан, амьдралыг маань тодорхойлсон үйл явдал байсан. Амьдралынхаа хэсэг цаг хугацааг Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад зориулсан маань ямар их баяр баясгалан болохыг би өнөөдөр байнга эргэцүүлэн боддог. Үүнээс чухал зүйл байдаг гэж бодохгүй байна.

Сайн мэдээг хуваалцах хэрэгцээ

Та Есүс Христийг амилах үед өөрийгөө Түүний шавь байсан гэж төсөөлөөд үз дээ. Түүнийг харах, захиасыг нь сонсох хэчнээн гайхалтай байх байсан бол?

Амилсан Их Эзэний гол захиас бол Түүний сайн мэдээг хуваалцах урилга буюу зарлиг байв. Тэр “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” (Матай 28:19), “Бүх ертөнцөөр явж, сайн мэдээг хамаг бүхэлд тунхаглагтун” (Maрк 16:15) хэмээн хэлсэн.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Есүс Христийн сайн мэдээ урьд өмнөхөөс ч илүү хэрэгтэй байна. … Бурханыг сонсож, амьдралдаа Түүнийг ялуулах боломж олгох бүх хүнтэй бид Есүс Христийн хүч чадал, амар амгаланг хуваалцах ариун нандин үүрэгтэй”1 гэж тунхаглажээ.

Та одоо Их Эзэнд хэрэгтэй

Та нар Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх сүүлчийн эрин үед буюу онцгой, чухал цаг мөчид амьдарч байна. Бошиглогч Иосеф Смит Их Эзэнийг дахин ирэхээс өмнө “Ямар ч бохир гар энэ ажлыг зогсоож чадахгүй; Бурханы үнэн тив бүрд, улс орон болгонд хүрч, хүн бүрд сонсогдох хүртэл Бурханы зорилго гүйцэлдэж, аугаа Иехова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл зоригтойгоор мөн ялгууснаар, юунаас ч үл хамааран урагш ахих болно”2 хэмээн бошиглосон.

Үүнийг хийхэд хэн туслах вэ? Та нар!

Сайн мэдээг хуваалцахын тулд та бүрэн цагийн номлогч байх албагүй. Их Эзэний баяр баясалтай, мөнхийн ач холбогдолтой сайн мэдээг өөрсдийн байгаа байдал болон амьдралаар үг, үйлдлээрээ хуваалцахад одоо та нар Түүнд хэрэгтэй байна.

Хайр дээр төвлөр

Сайн мэдээг хуваалцах хамгийн чухал шалтгаан нь Их Эзэн биднээс ийн хуваалцахыг хүссэнд оршино. Заримдаа энэ нь хэцүү байж болох ч та нар Их Эзэн Есүс Христэд мөн Тэр та нарыг, та нар Түүнийг хэчнээн их хайрладагт төвлөрснөөр, гаргасан хүчин чармайлтыг тань удирдан залах болно гэдгийг би амлаж байна.

Зураг
Есүс Христийн зурган дээрх томруулдаг шил

Тэр амилсан, Грэг Олсэн

Сайн мэдээг, бусдыг мөн хамгийн чухал нь Их Эзэнийг хайрлах хайр нь Түүний сайн мэдээг хуваалцах тэнгэрлэг урилгыг нь хүлээн авахад таныг хүчирхэгжүүлнэ.

Сайн мэдээг хайрла

Их Эзэн “Надаас сурагтун” (Сургаал ба Гэрээ 19:23; Матай 11:29) хэмээн хэлсэн. Та сайн мэдээг судалж, Есүс Христээс болон Аврагч, Гэтэлгэгчийнх нь хувьд Түүний ариун үйл хэргээс суралцахын хэрээр сайн мэдээг хайрлах хайр тань өсөн нэмэгдэнэ.

Та сайн мэдээний дагуу амьдарснаар сайн мэдээг хайрладаг хайраа түгээдэг. Төлөөлөгч Паул ‘Чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол’ (1 Тимот 4:12) гэж заасан. Ихэнхдээ хүмүүс Сүмийн гишүүдээс эерэг хандлага олж харсан учраас сайн мэдээг хүлээн авдаг. Сүнслэг өнгөлөн далдлалтын доор бүү амьдар. “Та нарын гэрэл тийнхүү гэрэлтэж” (Матай 5:16), сайн мэдээ та нарын хэн болоход болон юу хийж байгаад чухал үүрэг гүйцэтгэж байгааг бусдад харуул.

Бусдыг хайрла

Найзуудынхаа талаар бод. Та найзуудтайгаа дуртай кино, дуу хөгжим, хоолоо хуваалцдаг уу? Та өөрийн авьяас чадвар, хоббиг хуваалцдаг уу? Та тэдэнтэй сайн мэдээг хуваалцвал хүлээн авах болов уу гэж бодож байсан ч байж магадгүй. Хуваалцахаас нааш та үүнийг мэдэх боломжгүй. Ерөнхийлөгч Нэлсон “Хүн бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар мэдэж авах боломжийг хүртэх эрхтэй”3 хэмээн заасан.

Найз нөхөд, гэр бүлийнхэн, хөршүүд, ангийнхан болон бусдыг өөрийн ах эгч дүү мөн тэнгэр дэх Эцэгийн хайрт хүүхдүүд гэдгийг санаж, тэдэнд хүрч үйлчлэх нь сайн мэдээг хуваалцах ажлыг улам хялбар болгож байгааг та мэдэх болно.

Их Эзэнийг хайрла

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид Есүс Христ амьд гэсэн захиасыг дэлхийнхэнд хүргэх хэрэгтэй. Тэр бидний хүн нэг бүрд аврал, өргөмжлөлийг хүртэх боломжтой болгосон.

Та Их Эзэний таны төлөө хийсэн бүхнийг тунгаан бодсоноор Түүний таныг гэсэн хайрыг мэдрэх болно. Таны бодгаль Түүнийг хайрлах хайраар дүүргэгдэж, Түүнээс хүлээн авсан гайхамшигт үнэнүүдээ хуваалцахгүй байж чадахгүй.

Та нарын баяр хөөр агуу байх болно

Залуу номлогч байхад Риббл голын гүүрэн дээр болсон сүнслэг үйл явдал маань сайн мэдээг хуваалцдаг хүмүүст амласан мөнхийн баяр баясгаланг надад өгсөн юм (Сургаал ба Гэрээ 18:15-ыг үзнэ үү).

Өнөөдөр би Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд сайн мэдээг хуваалцах нь баяр баясгалан бөгөөд сэргээгдсэн сайн мэдээг төдийгүй Бурханы хүүхдүүдийг мөн Их Эзэнийг хайрлах хайрын маань гүн гүнзгий илэрхийлэл гэдгийг хэзээ хэзээнээс илүү мэдэх болсон.

Зураг
Квинтин Л.Күк залуучуудтай хамт

Ахлагч Күк 2020 оны 1-р сарын 20-нд Филиппинийн Батангаст Таал галт уулын дэлбэрэлтээс нүүлгэн шилжүүлсэн залуучуудтай ярилцаж байгаа нь.

Та нар Их Эзэний урилгыг хүлээн авч, дуртай зүйлээ хуваалцсанаар Түүнд Сүмээ барьж байгуулан, “хаадын Хаан, эздийн Эзэний хувьд удирдах”-аар ирэхэд нь зориулж дэлхийг бэлтгэхэд тусалж буй хэрэг юм.4 Та нар Түүнийг дагаж, амьдралынхаа турш Түүний сайн мэдээг хуваалцах болтугай хэмээн би залбирч байна.

Хэвлэх