“Хуваалцах долоо хоног,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.
Хуваалцах долоо хоног
Чи сайн мэдээг энгийн бөгөөд эвтэйхэн хуваалцаж болно. Та энэ урилгад нэгдэхэд бэлэн байна уу?
Бид гэрчлэлээ хуваалцах тухай ярихдаа ихэвчлэн ариун ёслолын цуглаан дээр юм уу өөр албаны орчинд гэрчлэлээ хуваалцах талаар боддог. Гэвч биднийг “итгэл үнэмшлийнхээ талаар эвтэйхэн, энгийн байдлаар харилцан ярилцах арга замыг үргэлж хайхад”1 урамшуулж байна.
Та доорх долоо хоногийн урилга дээрх долоо хоногийн өдөр бүр өөр өөр арга замаар гэрчлэлээ хуваалцаж болно. Та энэ бүхнийг аль ч дарааллаар хийж болох ба өөрийн санаагаа ч гаргаж болно. Та энэ урилгад нэгдэхэд бэлэн байна уу?
1 дэх өдөр: Сүм
Хэрэв чадна гэж бодож байвал сүмийн мацгийн болон гэрчлэлийн цуглаан дээр гэрчлэлээ хуваалцахыг бод. Хэрэв чадахгүй бол сүмийн ням гаргийн ангидаа эсвэл семинарт оролцож байхдаа гэрчлэлээ хуваалцаж болно. Тэнд таны хуваалцах зүйлс бусдад сэтгэлийн дэм өгч, тэдний болон таны гэрчлэлийг хүчирхэгжүүлнэ.
2 дахь өдөр: Найз нөхөд
Ням гарагт Сүм дээр та нар юу сурч мэдсэн бэ? Ариун ёслолын цуглаан дээр хэлсэн үг эсвэл ангийн хэлэлцүүлэг дээр хэн нэгний хуваалцсан зүйл танд таалагдсан уу? Магадгүй нээлтийн дуулал таны дуртай дуулал байсан байж магадгүй. Найздаа энэ талаар хэл. Тэдний амралтын өдрийн талаар бас асуу.
3 дахь өдөр: Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол сүнслэг зүйлсийг энгийн бөгөөд эвтэйхэн арга замаар хуваалцаж болох гайхалтай газар юм. Урилгын энэ өдөр дараах зүйлсийн талаар нийтлэл оруулахыг бод. Үүнд :
-
Дуртай судрын шүлэг
-
Ерөнхий чуулганы урамшуулсан эшлэл
-
Сүнслэг бодол эсвэл туршлага
-
Аврагчийн талаар дуртай эсвэл талархаж явдаг зүйл
-
Тэр хамгийн сүүлд танд хэрхэн тусалсан бэ, Түүний ямар зан чанарыг та биширдэг вэ, яагаад?
4 дэх өдөр: Видео эсвэл бичвэр
Бичвэр юм уу видеогоор дамжуулан найздаа урамшуулсан зурвас илгээ. Тэдэнд таалагдаж магадгүй гэж бодсон чуулганы үгээ хуваалцаад, талархаж явдаг ямар нэг зүйлээ хэлэх юм уу Есүс Христэд итгэх итгэлийнхээ талаар хуваалц. Жишээ нь: Тэнгэрлэг Эцэг тэдэнд хайртай гэдгийг мэдэх хэрэгтэй байж болох юм. Та бас өөрөө хэлсэн ч болно шүү дээ!
5 дахь өдөр: Үйлчлэл
Бусдад үйлчлэх нь хэрхэн гэрчлэлээ хуваалцах арга зам байж болох талаар та бодож байж болох юм. Төлөөлөгч Паул Тимотод ‘Чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол’ (1 Тимот 4:12) хэмээн хэлсэн. Та итгэл үнэмшлээ өөрийн үлгэр жишээгээр, Аврагчийн бусдад үйлчлэх байсантай адил үйлчилснээр харуулж болно.
6 дахь өдөр: Урлаг соёл
Заримдаа хүмүүс урлагийг өөрийн бодол, мэдрэмжийг өвөрмөц өөр арга замаар хуваалцах хэрэгсэл болгон ашигладаг. Та Есүс Христ, Түүний сайн мэдээний талаар бодлоо хуваалцахдаа зураг, уран баримал, яруу найраг, дуу хөгжим болон урлагийн бусад төрлийг ашиглаж болно.
7 дахь өдөр: Энгийн яриа
Ямар ч сэдвээр бодол санаагаа чөлөөтэй хуваалцдаг шигээ энгийн үед ч гэсэн та итгэл үнэмшлээ дурдахаас бүү эмээ.
Та Сүмийн үйл ажиллагаа, сүүлд уншсан судрынхаа талаар ярьж болох нь ойлгомжтой ч үүнээс ч энгийн зүйл ярьж болно. Жишээлбэл:
-
Хэрэв та байгаль хараад сэтгэл хөдөлсөн бол Бурханы бүтээлүүдэд талархаж явдгаа хэн нэгэнтэй хуваалцаж болно.
-
Магадгүй танд саяхан гайхалтай сүнслэг үйл явдал тохиолдсон байж болох юм. Хэт хувийн чанартай зүйл биш бол үүнийгээ найздаа хэл.
-
Өөрийн дуртай ном эсвэл киноноос сайн мэдээний зүйрлэлүүдийг олоод, санаа бодлоо хуваалц.
Энгийн бөгөөд эвтэйхэн
Итгэл үнэмшлээ хуваалцаж болох өөр арга замуудыг олох тусам ийн үйлдэх нь танд улам амар хялбар болох болно. Эхлээд сонин санагдаж болох ч зүгээр шүү! Гэрчлэл тань таны хувьд аль хэдийн энгийн зүйл болж, одоо өөрийн тань нэгэн хэсэг болсон. Гэрчлэлээ хуваалцах нь ч мөн адил энгийн зүйл болж болно. Ердөө өдөр бүр бага багаар хуваалцах хэрэгтэй.
Та өнөөдөр гэрчлэлээ хэрхэн хуваалцах вэ?