2023
Бутаргагч бус цуглуулагч бай
2023 оны 7-р сар


“Бутаргагч бус цуглуулагч бай,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.

Ирээд, Намайг дага

Үйлс 10

Бутаргагч бус цуглуулагч бай

Бурхан хүмүүст тал засдаггүй бөгөөд бид ч тэгэх ёсгүй.

Олон янзын хүмүүс

Зураг чимэглэлийг Травис Константин

Германд номлогчоор ирээд хэдэн долоо хоног болсны дараа манай сургагч бид хоёр нэг настай эмэгтэйн хаалгыг тогшив. Тэр биднийг өөрт нь заахыг зөвшөөрсөн юм.

Эхний хичээл дээр бид түүнээс судраас чанга уншихыг хүсэв. Тэр зузаан шилээ зүүгээд, түгдрэн байж их л хэцүү уншлаа. Бидний асуултад ч гэсэн маш товч хариулж байлаа. Түүний хэр сайн ойлгосныг бид мэдэхгүй байв.

Бид түүнээс дараагийн удаа ирэхэд Мормоны Номоос хэдэн шүлэг уншихыг хүсэв. Биднийг дахин ирэхэд тэр шүлгүүдээ уншсан байсан ч ойлгоогүй янзтай байлаа. Бид түүнийг суралцахад бэрхшээлтэй юм болов уу, заах ёсгүй ч юм болов уу гэж бодсон ч заасаар л байв.

Дараагийн уулзалтаар баптисм хүртмээр байна гэхэд нь бид гайхсан. Дараа нь түүнд зааж байхад уншиж байгаа нь үнэхээр сайжирсныг анзаарлаа. Бидний асуултад товч хариулдаг хэвээр байсан ч сайжирч, өөртөө илүү итгэлтэй болсон байв.

Удалгүй би өөр хот руу шилжсэн ч манай сургагч дараа нь тэр эмэгтэйг баптисм хүртэж, салбарын гишүүд түүнийг дэмжиж байгаа тухай надад захидал бичсэн байв. Хэрэв хэдхэн долоо хоногийн өмнө бидний холбоо барьж буй хүмүүсээс хэн нь баптисм хүртэж, Сүмийн гишүүн болох магадлалтай байгааг асуусан бол тэр лав жагсаалтын эхэнд байхгүй байх байсан.

Тиймээс бид “Бурхан нүүр тал хардаггүй” (Үйлс 10:34) гэсэн төлөөлөгч Петрийн олон жилийн өмнө авсан эртний нэгэн сургамжийг авсан бөгөөд цаашид ч авсаар байх ёстой.

Том өөрчлөлт

Петр Сүмийг эгзэгтэй цаг мөчид тэргүүлж байв. Аврагч төлөөлөгчдөдөө “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун” (Марк 16:15) хэмээсэн. Гэвч тэд зөвхөн иудейчуудад номлож, тэдэнд баптисм хүртээж байв.

Дараа нь олон гайхамшигтай зүйл тохиолджээ. Ромын зуутын дарга, иудей бус харь хүн, Есүс Христийг цовдолсон хүмүүсийн адил хувцасласан цэрэг Корнел гэгч нь тэнгэр элчийг үзэгдлээр харсан юм. Тэнгэр элч Корнелд Петр гэдэг заах хүн рүү явуулна гэв. Петр удалгүй үзэгдэл харсан ба уг үзэгдлээр иудейчуудын хуулиар хориглогдсон хоолыг харсан ч Бурхан үүнийг цэвэршүүлсэн тул ид гэсэн байлаа. Петрийг энэ үзэгдлийг харсан даруйд Корнелын зарц нар ирж, тэдэнтэй хамт явахыг хүсэв. Сүнс Петрийг яв гэв.

Корнелтой уулзаж, түүний хэчнээн сайн, үнэнч хүн болохыг мэдсэний дараа Петр үзэгдлийнхээ учрыг ойлгосон юм. Сайн мэдээ Корнелтой адил харийнханд ч хүрэх хэрэгтэй байв. “Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэнээр ойлгов” (Үйлс 10:34–35) хэмээн Петр хэлжээ. Петр Корнелд Есүс Христийн талаар заасан ба түүнийг болон түүний гэрийнхнийг баптисм хүртэхэд урив. (Үйлс 10-ыг үзнэ үү.)

Харийнханд сайн мэдээг хүргэх нь эртний Сүмийн хувьд томоохон өөрчлөлт байв. Зарим хүн энэ өөрчлөлтийг хүлээн авч чадахгүй байсан ч энэ нь зөв зүйл байсан төдийгүй Бурханы болон бусад хүний тухай суурь үнэнийг заасан.

Нүүр тал засдаггүй

Бурхан хүүхдүүдээ адислахдаа үндэс угсаа, арьс өнгө, хүйс, эд баялаг, боловсрол, чадвар, гадаад төрх эсвэл хүмүүсийг хуваадаг өөр бусад зүйл дээр үндэслэн нүүр тал засдаггүй. 1 Тэр “бүх биесийг адилтган үзнэ; зөв шударга байгч тэрээр Бурханы ээл хишгийг хүртдэг” (1 Нифай 17:35). Бүгд Түүнд ирж болно, учир нь “Бурханд бүгд адил” (2 Нифай 26:33). Тэр “зүрхийг нь хардаг” (1 Самуел 16:7). Тэр “зөвийг үйлддэг, энэрлийг хайрладаг, даруухнаар алхдаг” (Мика 6:8) тэдгээрийг хүлээн авдаг.

Хэн ч Есүс Христэд ирж, Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулж мөн Тэдний арга замыг дагахыг сонгож чадна. Энэ үнэн Их Эзэний сайн мэдээг болон Түүний хайрыг хэрхэн хуваалцах удирдамж болох ёстой.

Бид зүгээр л хэн нэгний гадаад үзэмжийг хараад, сайн мэдээг сонсох “төрлийн” хүн биш гэж бодож болохгүй. Бид зүгээр л дэлхийн шошгыг хүмүүс дээр наагаад, тэдгээр шошго тэднийг Сүмд байх эрхгүй болгодог гэж бодож болохгүй. Зүгээр л биднээс өөр улс төрийн үзэл бодол, хоббитой эсвэл сонирхолтойгоос нь болоод бид хүмүүст үйлчлэхгүй гэсэн шийдвэр гаргаж болохгүй.

Бурхан хүмүүсийг янз бүрийн бүлэг, шинж чанарыг илтгэх шошгын цуглуулга гэж хардаггүй. Тэр хувь хүн бүрийг Өөрийн хүүхэд гэж хардаг. Бид ч бас хүн бүрийг Бурханд ирэх эн тэнцүү боломж, чадавхтай онцгой хувь хүн гэж харах ёстой.

Цуглуулагч бай

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг Израилын цугларалтад оролцохыг уриалсан.2 Гэвч бид Бурхантай адилгүй байж; сайн мэдээг хуваалцах, хүмүүсийг сүмд хамруулах тал дээр “нүүр тал харагч байхыг” сонгох аваас цуглуулж, нэгтгэхээс илүүтэй тарааж, бутаргах болно.

Дахин тарааж бутаргахгүй байх амлалт өгцгөөе. Цуглуулагч бай. Хайрла, хуваалц, урь.

Хамтрагч бид хоёр Германд өөрсдийн зааж байсан эмэгтэйг баптисм хүртэх эсэхэд эргэлзэж байв. Бид түүний зүрх сэтгэлийг мэдэхгүй байсан ч Бурхан мэдэж байлаа. Түүнд үргэлжлүүлэн заах сүнслэг өдөөлтийг мэдэрсэндээ би баярладаг.

Та Сүнсийг дагаж, нүүр тал харахгүй байхыг хичээснээр хүмүүс танаас өөр байсан ч эргэн тойрныхондоо Христэд ирэхэд туслахаар чиглүүлэгдэнэ.