“Үнэнээс зууран барих,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.
Үнэнээс зууран барих
Би Сүмийн барилгыг анх харахдаа эмнэлэг байна гэж бодсон. Маш цэвэрхэн, нам гүм газар байв. Би сүмийн үйлчлэлд оролцож эхлээд л Есүс Христийн сайн мэдээг хайрлах болсон юм.
Номлогч эгч нар надад зааж эхэлсэн ба би баптисм хүртэхээр шийдэв. Энэ нь миний хувьд хамгийн сайхан өдөр байлаа.
Буцаж ирсэн номлогч хөрш маань надад сайн мэдээг танилцуулсан юм. Тэр нэг ням гаргийн өглөө над руу залгаад, түүнтэй болон гэрийнхэнтэй нь сүмд очих уу гэж асуув. Эхлээд ээж маань бидэнд автобусны мөнгө байхгүй тул намайг явж болохгүй гэлээ. Хөршдөө энэ тухай хэлэхэд, тэр намайг аваад явъя гэсэн бөгөөд ээж ч намайг явуулав.
Ганцаараа алхаж байхдаа ч
Баптисм хүртсэний дараа гэр бүлийн зүгээс надад олон асуудал үүсэж байв. Заримдаа тэд намайг ням гарагт гэртээ үлдэхийг хүсдэг байсан ч би сүмдээ явахыг илүүд үздэг байлаа. Ихэнх үед гэрээний зам дээр үлдэх амаргүй байсан.
Гэр бүлийн маань зарим гишүүн Сүмийг эсэргүүцэж, сүмд элсэх сонголтыг минь буруу байсан гэж байлаа. Тэднийг ингэж хэлэх үед “Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр амьд гэдгийг мэднэ. Сүм үнэн гэдгийг би мэднэ” гэх үгс санаанд минь орж ирдэг байв. Эдгээр бодол намайг үнэнээс зууран барихад тусалж байсан юм.
Бидний үйлдэл бусдын амьдралд нөлөөлж чадна
Аравны нэгээ хэрхэн төлөхөө мэдэхгүй байх үед хөрш маань хэрхэн төлөхийг надад харуулсан. Одоо ээжийг халаасны мөнгө өгөхөд би үргэлж аравны нэгээ төлдөг. Би ч, гэр бүлийнхэн маань ч үүний адислалуудыг харсан. Тэр ч бүү хэл гэр бүлийнхэн маань аравны нэгээ төлөөрэй гэж мөнгө өгдөг болсон! Ямар гайхалтай байсан гээч.
Ихэнхдээ би ганцаараа сүмдээ явдаг ч заримдаа ээж надтай хамт явдаг. Ээж сайн мэдээний талаар илүү ихийг суралцахаар шийдсэн. Тэр хараахан баптисм хүртээгүй байгаа ч энэ нь аз жаргалтай болгодгийг мэддэг болсон.
Залбирал болон итгэл зүрх сэтгэлийг өөрчилдөг
Би гэр бүлийнхээ төлөө залбирч, ариун сүмд тэдний төлөө залбирахыг хүмүүсээс гуйснаар гэр бүлийнхээ амьдралаас Их Эзэний мутрыг харж байсан. Гэр бүлийнхэн маань илүү их дэмжих болсон төдийгүй тэд одоо намайг сүмдээ явж, өөртөө үнэнч байхад урамшуулах болсон.
Өвөө маань саяхан нас барсан ба би гэр бүлийн түүхийн ажил хийж байхдаа түүний нэрийг олсон. Ааваасаа түүний ёслолуудыг ариун сүмд гүйцэтгэж болох эсэхийг асуухад тэр “Зөв гэж бодож байвал тэг” гэсэн.
Жинхэнэ баяр баясгалан, аз жаргал
Судраас уншиж, Есүс Христийн Цагаатгалын талаар мэдэх болсон маань надад баяр баясгалан, аз жаргал, амар тайван, тайтгарлыг авчирсан юм.
Аврагчийн цагаатгагч золиосоор дамжуулан би Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт байж чадна гэдгийг мөн хэрэв гэр бүл маань хэзээ нэг өдөр ариун сүмд лацдан холбогдох юм бол бид үүрд хамт байж чадна гэдгийг мэднэ.
Зохиогч нь Вануатугийнх ба Фижид амьдардаг.