2023
Бусдын сонголт чамайг шархлуулах үед
2023 оны 7-р сар


“Бусдын сонголт чамайг шархлуулах үед,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.

Бусдын сонголт чамайг шархлуулах үед

Бусад хүн чамайг шархлуулах замаар сонгох эрхээ ашиглах үед дараах зүйлийг санавал зохино.

Сөрөг сэтгэгдэлтэй залуу эмэгтэй

Зураг чимэглэлийг Шэйна Кийган

Танд өдөр бүр юу өмсөх, өглөөний цайндаа юу идэж уух, аль найзтайгаа гадуур гарах гээд түм буман сонголт байдаг. Сонгох эрх буюу сонгох, үйлдэх эрх чөлөө нь Бурханы бидэнд өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг юм.

Бидний сонголтууд бас үр дагавартай байдаг ба заримдаа бусдын сонголт биднийг шархлуулж болно. Хэрэв та дүүгийнхээ хийсэн зүйлээс болж шийтгүүлж байсан бол бусад хүн сонгох эрхээ танд таалагдахгүй байдлаар ашиглах нь ямар хэцүү гэдгийг мэднэ.

Гэвч заримдаа хүмүүс сонгох эрхээ бүр муу муухай зүйлд ч ашиглаж болзошгүй. Сургууль дээр хүүхдүүд чамайг дээрэлхэж эсвэл гэр бүлийн тань хэн нэгэн Сүмийг орхих шийдвэр гаргаж болох юм. Амьдрал шударга бус санагдах үе зөндөө. Эцсийн эцэст чамайг сонгох эрхээ ашиглан зөв сонголт хийх гэж хичээж байхад тэд яагаад ийн хийхгүй байна вэ?

Мэдээж, чи бусдыг хянаж чадахгүй. Гэхдээ нэг таатай мэдээ нь юу вэ гэвэл, чи өөрөө өөрийгөө өөрчилж чадна. Гол нь анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлэх, бусад нь тэгэхгүй байсан ч өөрөө сайн зүйлийг сонгох явдал юм.

Бусад хүн сонгох эрхээ ашиглан чамайг шархлуулж байсан ч итгэлээрээ урагшлах талаар дараах зүйлсийг санаарай.

  1. Сатан сонгох эрхийг устгахыг эрэлхийлсэн (Мосе 4:3-ыг үзнэ үү). Хэдийгээр хүмүүсийг муу зүйлийг хийхээр сонгохыг харах хэцүү ч та Есүс Христийг дагаж, Түүнтэй илүү адилхан болох сайн зүйлүүдийг хийхээр сонгох эрхтэй.

  2. Таны үйлдлүүд үр нөлөөтэй. Санаж яв. “Бид сонгох эрх чөлөөтэй ч, үр дагаврыг нь сонгож чадахгүй.”1 Бусдын сонголт танд хэрхэн нөлөөлдгийг харах нь өөрийгөө болон бусдыг шархлуулахгүй байхаар сонгохыг танд сайтар сануулна.

  3. Хүн бүр сонголтынхоо өмнө хариуцлага хүлээнэ (Сургаал ба Гэрээ 101:78-ыг үзнэ үү). Та бусдыг эсвэл тэдний сонголтыг өөрчлөх ёстой гэж үзэн, хариуцлага үүрэх шаардлагагүй. Харин та эерэг шийдвэр гаргаж, Есүс Христийг дагахад анхаарлаа хандуулж чадна.

  4. Бид эелдэг байхыг сонгож чадна. Хэн нэгэн танд муухай хандсан ч та тэдэнд сайхан хандаж болно. Хүмүүсийг танд муухай хандахад сайхан хандаж, уучлахад зориг шаардагддаг ч Есүс ингэх л байсан (Лук 23:34-ийг үзнэ үү).

  5. Та хянаж чадах зүйлс дээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Жишээ нь: Та эцэг эхийнхээ салалтыг болиулж чадахгүй ч гэрээний зам дээрээ үлдэж, ах дүү нартаа тусалж, эрүүл харилцааны талаар суралцаж мөн ирээдүйн гэр бүлийнхээ талаар зорилго тавих зэрэг дээр анхаарлаа хандуулахыг сонгож болно. Сорилт бэрхшээлээ өсөж хөгжих, сурч боловсрох боломж болгохоор сонго.

  6. Та бурханлаг шинж чанар, зорилготой. Та Бурханы хүүхдийн хувьд өөрийн мөн чанарыг санаж, амьдралын зорилго дээрээ дахин анхаарлаа хандуулах үедээ илүү том дүр зургийг олж харах болно. Зорилго дээрээ төвлөрч, эдгээр сорилт бэрхшээл таны амьдралын түүхийн ердөө өчүүхэн жижигхэн хэсэг гэдгийг ойлгох нь итгэлээр урагшлахад танд тусална.

  7. Эргэн тойронд тань аливаа зүйлс амар амгалан бус байсан ч Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан та хувь хүнийхээ хувьд амар амгаланг олж чадна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “бид урт удаан үргэлжлэх амар амгалан, баяр баясгаланг хүнд хэцүү цагт ч мэдэрч чадна” хэмээн хэлсэн.2 Амьдрал бол шуурч буй далай бөгөөд Бурханаас эдгээр шуургыг намжааж өгөхийг хүсэх нь амархан. Харин заримдаа Тэр далайг намжаахын оронд биднийг буюу далайчдыг тайтгаруулдаг. Зовлон тохиоход Түүнд ханд. Тэр танд тусална.

Залуу эмэгтэй

Бурхан танд Түүнийг дагаж, тэгснээр Түүнтэй адилхан болохыг сонгож болохын тулд сонгох эрхийг өгсөн билээ. Та ингэснээр яваандаа өөрийн сонголт болон алдаанаас мөн бусдын сонголтоос суралцах болно. Хэдийгээр хүмүүс таныг шархлуулах сонголт хийхийг харах хэцүү ч та эдгээр туршлагаас суралцан, зорилготой, итгэлтэй, баяр баясгалантай урагшилж чадна.

Эх сурвалж

  1. Дэйл Г.Рэнланд, 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган (Лиахона, 2022 оны 5-р сар).

  2. Рассэлл М.Нэлсон, “Нээлтийн захиас,” (Ensign, May 2020, 6 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 4).